| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2025/0063/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/71 |
| Огноо | 2025-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/71
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Н,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-,
Шүүгдэгч Г.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Г-ий Е-т холбогдох эрүүгийн 2513000000047 дугаар хэргийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 39 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны .. дүгээр сарын ..-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .. дугаар /Ховд гол/ баг, .. дүгээр байрны ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, У овогт Г-ий Е-, регистрийн дугаартай: ...............;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Е- нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд тус аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт "Тирлик" зах дотор байрлах дэлгүүрт бараа үзэж байгаа хүмүүсийг өдөөн хатгаж, өөр тийшээ явуулсан гэх шалтгаанаар хохирогч Х.Н-ыг зодож, түүний эрүүл мэндэд баруун зүүн доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд шалбарсан шарх, зүүн дээд зовхинд цус хуралт хаван хавдартай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Я.Д-гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн нь нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдож байгаа учраас шүүгдэгч Г.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. ...Хохирол хор уршгийн хувьд бол улсын яллагчийн зүгээс бол дараах дүгнэлтийг гаргаж байна. Энэ 458,848 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн 2,083,710 төгрөгийг мөн гаргуулж иргэний нэхэмжлэгч байгууллагад холбогдох эрүүл мэндийн даатгалын санд бол төлж барагдуулах нь үндэслэлтэй. ...Сэтгэцэд учирсан хор уршгийг бол арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал байгаа. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг бол нөхөн төлүүлэх жишиг аргачлалын хүснэгтийн дагуу бол гаргуулах бүрэн боломжтой гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. Улсын яллагчийн зүгээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хохирол хор уршиг, хохирогчид учирсан гэмтэл зэргийг харгалзан үзээд сэтгэцэд учирсан хохирлыг бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулж олгох саналыг шүүхэд гаргаж байна. Өөрөөр хэлбэл 3,960,000 төгрөг гаргуулж олгох саналыг гаргаж байна. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хохирогчийн зүгээс бол би нэг сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүйн улмаас худалдагч ажиллуулсан. Тухайн худалдагчийн цалин хөлс болох 1,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Үүнийг үнэлэх боломж алга ямар шалтгаанаар өгсөн нь тодорхой бус. Хэрэв тухайн хүнд цалин олгох гэсэн бол гэрээ байгуулах хэрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл худалдагч ажиллуулсан талаарх нотлох баримт байхгүй байна гэж үзнэ тухайн нэхэмжлэлийн хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар нь нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдэх санал гаргаж байна” гэв.
2. Шүүгдэгч Г.Е- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Зодоон гарах болсон шалтгаан нь энэ хүний өөрөөс нь болсон. Худалдан авагч нарыг өөртөө дуудсан. Гар хүрсэн явдал бол үнэн, хүлээн зөвшөөрч байна. Хэрүүл маргаан гарах болсон шалтгаан нь энэ хүн надад юу ч хийж чадахгүй гэж өдөж байсан. Бас би энэ хүнд тав зургаан жилийн хугацаанд хүн дуудаж наймаа хийхээ болиоч ээ гэж .хэлж ирсэн. Гарсан хохирлыг төлж өгөөгүй байгаа. Энэ хүнтэй хоорондоо тохиролцъё гэсэн боловч заавал шүүхээр шийдүүлнэ гэсэн” гэв.
3. Хохирогч Х.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид Тирлик захын урьд худалдаа наймаа эрхэлдэг. Миний футик Г.Е-ийн футикийн доор байдаг, ирсэн хүмүүс түрүүлж надаас бараа сонирхдог. Тухайн үед нэгэн эхнэр нөхөр хоёр ирээд надаас малгай сонирхоод таны найманд малгайны сонголт цөөн байна гэсэн болохоор нь шинэ захад 13.4 гэсэн футикт очоорой тэнд манай шинэ салбарт бүх төрлийн малгай сонголт ихтэй байгаа гэсэн. Тухайн эхнэр нөхөр хоёр явсны дараа Г.Е- хүрч ирээд чи хүн дуудаж наймаа хийлээ гээд намайг хараасан. Тэгэхээр нь би гурван удаа түүнийг түлхсэний дараа тэр намайг нүдэн тус газар маань цохиод авсан. Цохисоны улмаас би хойшоо унасан, унасны дараа ч В- ирж салгах хүртэл намайг цохиод байсан болохоор нүүрэн хэсэгтээ гэмтэл авсан. Энэ нь анх удаагаа болж байгаа хэрүүл маргаан биш ээ, өнгөрсөн найман жилийн хугацаанд Г.Е- болон түүний ээж нь бидний худалдаа наймаа эрхлэлтэд саад болдог, хэл амаар доромжилдог ээж нь бидний барааг шиддэг, таягаар цохидог. Г.Е-ийн хувьд манай эхнэртэй хэрэлддэг. Өмнө нь хэрүүл маргаан гарангуутаа би өөр тийшээ явчихдаг байсан. Энэ жил манай эхнэр шинэ захын байр луу нүүсэн болохоор би өөр тийшээ явах боломжгүй болсон болохоор ийм явдал болон юм. Тархиндаа гэмтэл авсны улмаас систем залгуулсан. 10 хоног хэвтэн эмчлүүлсэн, Ховд аймагт очиж хамраа үзүүлсэн хугарсан гэсэн оношилгоо гарсан. Нэг сар гэрээс гараагүй, нүд хөхөрсөн, толгой хавдсан байсан болохоор захад ч очоогүй найр цайлганд ч очоогүй.. Энэ бүгдийн баримтуудыг өгсөн. Би хотод очиж хагалгаанд орно, тэр нь хэр их мөнгө гарахыг мэдэхгүй байна. Хамрын хагалгааны зардал 5,000,000 сая төгрөг. 1,000,000 төгрөг бол би нэг сар гэртээ эмчилгээ хийлгэсэн хугацаандаа худалдагч ажилд авсан тэр хүний цалин байгаа. Сэтгэл санааны хохирол гэж 6,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэв
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа боловч хохирлын асуудал байгаа. Хохирогчийн зүгээс арван хэдэн сая төгрөг нэхэмжилж байна. Үүнээс бодит хохирол улсын яллагчийн танилцуулсан 458,848 төгрөг байгаа. Бодит хохирлыг хохирогч өөрөө нотлох үүрэгтэй. Өөрөө нотлоогүй байж ийм байдлаар хохирол нэхэх нь буруу. Бодит хохирлын асуудал бол мөрдөн байцаалтын явцад яригдсан, гэхдээ бодит биш их дүнтэй хохирол шаардсан, тохиролцож чадаагүйн улмаас төлөх боломж байгаагүй. Иргэний нэхэмжлэгчийн хохирлыг бүрэн барагдуулж өгнө. Сэтгэцэд учирсан хор уршгийг бол улсын яллагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулж олгох саналыг шүүхэд гаргаж байгаа юм байна. Үүнийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулж өгнө үү хэмээн хүсэж байна. Цалин хөлстэй холбоотой 1,000,000 төгрөг дээр бол бүрэн нотлогдоогүй. Нийгмийн даатгал, гэрээ зэрэг нотлох баримт байхгүй тул төлөх боломжгүй. Харин дараа нь эмчилгээнээс үүдэлтэй хохирол гарах юм бол нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болно. Тийм учраас гэм буруутайд тооцож бодит хохирол болох 458,848 төгрөгийг төлнө. 2,882,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг нь төлнө, сэтгэл санааны хохирлыг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирлыг төлж өгнө гэсэн хүсэлтийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргаж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2513000000047 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
5. Зөрчлийн талаар амаар болон хаирлцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
6. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 34-37 дахь тал/,
7. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 38 дахь тал/,
8. Хяналтын камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 39 дэх тал/,
9. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Х.Е-ын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 136 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
10. Хохирогч Х.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/,
11. Хохирогч Х.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/,
12. Гэрч А.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,
13. Гэрч Х.В-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/,
14. Яллагдагч Г.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/,
15. Иргэний нэхэмжлэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/,
16. Хохирогч Х.Н-ы эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хавтаст хэргийн 85 дахь тал/ зэргийг,
17. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-гаас: “Шүүгдэгч Г.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
18. Шүүгдэгч Г.Е-, хохирогч Х.Н- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
19.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгд
эгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
20. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Е-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
21. Шүүгдэгч Г.Е- нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд тус аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт "Тирлик" зах дотор байрлах дэлгүүрт бараа үзэж байгаа хүмүүсийг өдөөн хатгаж, өөр тийшээ явуулсан гэх шалтгаанаар хохирогч Х.Н-ыг зодож, түүний эрүүл мэндэд баруун зүүн доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд шалбарсан шарх, зүүн дээд зовхинд цус хуралт хаван хавдартай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
22. Зөрчлийн талаар амаар болон хаирлцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
23. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 34-37 дахь тал/,
24. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 38 дахь тал/,
25. Хяналтын камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 39 дэх тал/,
26. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Х.Е-ын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 136 дугаартай “... Иргэн Х.Н-ы биед баруун зүүн доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд шалбарсан шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, хаван хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
27. Хохирогч Х.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр Бүркит багт байрлах "Тирлик" зах дотор бараагаа зарж байх үед худалдан авагч үл таних эмэгтэй эрэгтэй хүн ирж надаас малгай асуусан. Тэр үед би “шинэ баригдсан худалдааны төвд манай нэг хэсэг байгаа тэндээс очиж малгай үзэж болно” гэж хэлж 13-04 тоотод бүх төрлийн малгай байна гэж хэлсэн. Тэр үед нөгөө хоёр хүн явж байх замдаа ижил төрлийн бараа зардаг Г.Е-ээс бас сонирхсон малгайгаа асууж хамт явж байгаа эрэгтэй хүн надаас дахиж хаягыг тодруулж асуух үед хамт малгай зардаг Г.Е- нь над дээр хүрч ирээд чи дандаа худалдан авагчийг өөртөө дууддаг гэж хэрүүл маргаан гаргаж намайг төмөр лангуун дээр түлхэж унагааж аваад миний нүдэн тус газар цохиж зодсон. Тэр үед би ч өөрийгөө хамгаалж Г.Е-ийг хариу нүүрэн тус газар цохиж зодсон. Тэр үед бид нартай хамт бараа зардаг Х.В- нь бид хоёрыг салгасан ба хэсэг хугацааны дараа бид хоёр дахин хэрэлдэж нэг нэгнийгээ нүүрэн тус газар цохиж зодолдсон болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/,
28. Хохирогч Х.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...энэ гэмт хэргийн улмаас нийт 458,848 төгрөгийн зардал гарсан. ...удахгүй Улаанбаатар хотод хамрын мэс засалд орно, тухай бүр гарсан зардлаа иргэний хэргийн шүүхээр нэхэмжилж авах болно. ...сэтгэл санааны хохирол нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/,
29. Гэрч А.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед би өдрийн хооронд ороод ирж байх үед хамт наймаа хийдэг Х.Н-, Г.Е- нар нь хоорондоо зодолдож байсан. Тэр үед Г.Е- нь Х.Н- руу дахин дайрах үед би Г.Е-ийн араас нь нуруун тус газар тэвэрч авсан. Тэр үед бидний хажууд бараа зардаг н.М- Х.Н-ыг салгах үед тэр хоёр нэг нэг руу дайрч салахгүй хоорондоо зодолдож нэг нэгнийхээ нүүрэн тус газар цохиж зодсон болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,
30. Иргэний нэхэмжлэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.Н- нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,083,710 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг гаргуулсан байна. Дээрх мөнгийг эрүүл мэндийн даатгалын сангийн тоот дансанд тушаах шаардлагатай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/,
31. Гэрч Х.В-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед би бараагаа хурааж авч байх үед хамт наймаа хийж бараа зардаг Х.Н-, Г.Е- нар хоорондоо маргалдаж, улмаар нэг нэгнийгээ заамдаж аваад гараараа нүүрэн тус газар цохиж зодолдсон тэр үед би тэр хоёрыг салгаж болиулсан болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/,
32. Яллагдагч Г.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/,
33. Хохирогч Х.Н-ы эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хавтаст хэргийн 85 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
34. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
35. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
36. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
37. Шүүгдэгч Г.Е- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
38. Шүүгдэгч Г.Е-ийн үйлдлийн улмаас хохирогч Х.Н-ы биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
39. Шүүгдэгч Г.Е-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.
40. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хуулийн мэдлэггүй байдал, үл ойлголцол шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
41. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
42. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заасан байна.
43. Шүүгдэгч Г.Е-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Н-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Х.Н- нь толгойн томографын оношилгоо 330,000 төгрөг, компьютер томографын оношилгоо 36,000 төгрөг, Ховд аймаг руу явж ирэх үеийн авто машинд хийсэн бензиний үнэ 92,848 төгрөг, нийт 458,848 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэж, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
44. Хохирогч Х.Н- нь сэтгэл санааны хохиролд 6,000,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн 2 дугаар зэрэгт хамаарч байх тул Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу прокурорын “хохирогчид учирсан гэмтэл зэргийг харгалзан үзээд сэтгэцэд учирсан хохирлыг бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулж олгох” санал, хохирогчийн “сэтгэцэд учирсан хор уршгийн хувьд бол улсын яллагчийн санал болгосон мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй. Би 10 хоног эмнэлэгт, 20 хоног гэрт эмчлүүлсэн. Ажил хөдөлмөр эрхлээгүй, найзуудтайгаа уулзаагүй, найр цайллаганд очоогүй, гэрт хүн амьтан ирэхэд уулзаж чадалгүй зугтдаг байсан. Тиймээс улсын яллагчийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх мөнгөн дүнгийн саналыг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэх хүсэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Сэтгэцэд учирсан хор уршгийг бол улсын яллагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн “6,000,000 төгрөг төлөх боломжгүй байна, их байна, би ч гэсэн амьдралын төлөө явж байна харж үзнэ үү” гэх хүсэлт зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг /тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ/ 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,960,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт тооцож шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
45. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Е-ээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 2,082,630 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгов.
46. Хохирогч Х.Н-ы 1 сар гэртээ эмчилгээ хийлгэсэн хугацаандаа худалдагч ажилд авсан ажиллуулсны хөлс болох 1,000,000 төгрөг нэхэмжилсэн ба энэ талаарх нотлох баримтаа шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
46. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүгдэгч Г.Е-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,
47. Хохирогчийн өмгөөлөгч С.А-гаас: “Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч танилцуулсан нь боломжийн ял гэж үзэж байна. Учирсан хохирлыг барагдуулахын тулд мөнгөн хохирол оногдуулахгүйгээр хоёр сарын хугацаатай хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ял оногдуулах ялыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг гаргасан болно.
48. Шүүгдэгч Г.Е- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
49. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
50. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Е-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
51. Шүүгдэгч Г.Е- урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
52. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Е-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулаагүй байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
53. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Е-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
54. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:
Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.
55. Шүүгдэгч Г.Е-т оногдуулсан 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.
56. Тодруулбал, шүүгдэгч Г.Е- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 2 /хоёр/ сарын хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаас оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
57. Хэрэв шүүгдэгч Г.Е- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй.
58. Шүүгдэгч Г.Е-т оногдуулсан 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
59. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Е- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
60. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
61. Шүүгдэгч Г.Е-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Г-ий Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Е-ийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Е-т оногдуулсан 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Е- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Е-т оногдуулсан 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Г.Е- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Е-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 458,848 /дөрвөн зуун тавин найман мянган найман зуун дөчин найм/ төгрөг, сэтгэцэд учирсан хохирол, хор уршигт 3,960,000 /гурван сая есөн зуун жаран мянган/ төгрөг гаргуулж хохирогч Х.Н-д олгож, илүү нэхэмжилсэн 2,040,000 /хоёр сая дөчин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Е-ээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 2,082,630 /хоёр сая наян хоёр мянган зургаан зуун гучин/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х.Н-ы 1 сар гэртээ эмчилгээ хийлгэсэн хугацаандаа худалдагч ажилд авсан ажиллуулсны хөлс болох 1,000,000 төгрөг болон цаашид гэмт хэргийн улмаас эрүүл мэндээ эмчлүүлэхэд гарах хохирол, төлбөр байна гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Е-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК