Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2017/03805

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2017/03805

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  И ХХК 

Хариуцагч:  А 

16,372,224 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ш, хариуцагчийн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Т.Ш нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ХХК-ийн менежер Г.Б болон иргэн М.А нар нь 2016 оны 1 сарын 20-ны өдөр амаар харилцан тохиролцож 10.914.816 төгрөгөөр Паркет худалдах худалдан авах гэрээ-г байгуулсан. Манай И ХХК нь паркетыг гэрээ байгуулсан буюу тохиролцсон өдрөө нийлүүлсэн боловч худалдан авагч тал нь төлбөрийг байр хүлээлцэхээр өгнө, тендерийн мөнгө орж ирэхээр өгнө гэж удаа дараа хуурсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг төгрөг ч өгөхгүй чирэгдүүлсээр байна. 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр худалдан авагч М.А нь "И ХХК-ийн менежер Г.Батдэлгэртэй уулзан паркет худалдах, худалдан авах гэрээний төлбөрөө 2017 оны 06 дугаар сарын 01-ны дотор төлж барагдуулахаар бичгээр харилцан тохиролцсон. Ийнхүү тохиролцохдоо заасан хугацаанд төлөхгүй бол алданги тооцохоор тохиролцсон бөгөөд алдангийг 50 хувиар тооцсон. Алдангид 5,457,408 төгрөг, нийт 16,372,224 төгрөг нэхэмжилж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний үүргээ биелүүлэн мөнгөө өгөөгүй байна. Иймд иргэн М.А-ээс Паркет худалдах худалдан авах гэрээ-ний үүрэгт 16,372,224 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М.А-ийн төлөөлөгч Д.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд И ХХК-ний гаргасан М.Аээс паркет худалдах худалдан авах гэрээний үүрэгт 10,914,816 төгрөгийг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь паркетин шал чанарын шаардлага хангахгүй байсан. Тухайн шалыг иргэний хувьд аваагүй. Компаний гүйцэтгэх захирлы хувиар худалдаж аваад компаний барилгад хэрэглэсэн. Тухайн үед тооцоо нийлсэн акт үйлдэх үед тамга тэмдэггүй байсан тул гарын үсэг зурсан. Ингэхдээ компанийг төлөөлөөгүй тул зөвшөөрөхгүй. Анзыг шүүх багасгаж болно. Компани нь хямралд орсон, дээд хэмжээгээр нь тогтоогдсон тул хэт өндөр тогтоогдсон тул багасгаж өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 16,372,224 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.А нь худалдах худалдан авах гэрээний дагуу паркетин шал нийлүүлсэн эсэх талаар маргаагүй боловч шал нь чанарын доголдолтой байсан, мөн гэрээг иргэний хувьд биш харин компанийг төлөөлөгч байгуулсан тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсч, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10,914,816 төгрөний үнэ бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн паркет худалдах худалдан авах гэрээний актаар тогтоогдож байна. /хэргийн 6 дугаар тал/ Уг актад худалдан авагч иргэн М.А гэж гарын үсэг зурсан байх тул хариуцагчийг иргэний хувьд иргэний эрх зүйн харилцаанд оролцсон гэж үзнэ. Хариуцагч нь компанийг төлөөлж гэрээ байгуулсан, мөн нийлүүлсэн паркетан шал нь чанарын доголдолтой байсан гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иймд хариуцагчид хүлээн авсан эд хөрөнгөний үнийг төлөх үүрэг үүссэн байна.

Хэдийгээр дээрх актад дурдсанаар зохигчдын хооронд анх худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсэхэд алдангийн талаар бичгээр гэрээ байгуулаагүй байх боловч төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 01-ны өдөр төлөхөөр тохиролцсон акт үйлдэх үедээ хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. Ийнхүү тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцсэн байх тул нэхэмжлэгчид алданги шаардах эрх үүссэн гэж үзлээ.

Улмаар 2017 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 118 хоног хэтэрсэн. Иймд үндсэн төлбөр болох 10,914,816 төгрөгнөөс алдангийг тооцвол хоногт 54,574.08 төгрөг, 118 хоногт 6,439,741.44 төгрөг тооцогдох боловч нэхэмжлэгч нь алдангид 5,457,408 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцэж байна.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөрт 10,914,816 төгрөг, алдангид 5,457,408 төгрөг, нийт 16,372,224 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М.А-ээс худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 16,372,224 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291,857 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239,811 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас 52,046 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр гарсанаас хойш 7 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД