| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 203/2021/0011 |
| Дугаар | 2021/ДШМ/11 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 27.10.4., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ДШМ/11
Л.Н-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор: Б.Амармөрөн /онлайнаар/,
Яллагдагчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.С /онлайнаар/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Т.У /онлайнаар/,
Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/39 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Л.Н-д холбогдох 2029001700129 дугаартай эрүүгийн хэргийг хяналтын прокурор Б.А-гийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, “Toп Дриллинг” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Л.Н.
Шүүгдэгч Л.Н нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар багийн нутаг Цогтцэций сумаас баруун хойш 7 км зайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Даювүү” загварын тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7 дугаар заалтуудыг зөрчсөний улмаас С.П-ийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.А нь яллагдагч Л.Н-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “Яллагдагч Л.Н-д холбогдох эрүүгийн 2029001700129 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Л.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Л.Н-ы №798177 дугаартай В. С ангилалттай жолооны үнэмлэх 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн таван хошуу зураглал бүхий хөх өнгийн дотоож 1 ширхэг, цэнхэр өнгийн уяа 1 ширхэг, CD 1 ширхэгийг хэрэгт нь хавсарган хүргүүлж” шийдвэрлэжээ.
Прокурор Б.А нь давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Шүүх хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-гийн өмгөөлөгч Т.У-ээс гаргасан хүсэлтээр хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж, шүүгчийн 2021/ШЗ/39 дугаартай захирамжаар яллагдагч Л.Н-д холбогдох эрүүгийн 2029001700129 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны заавар журам зөрчих гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоолгохоор мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хууль зүйн үндэслэлгүй буцааж байна гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд:
Шүүгч захирамждаа “...Үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоолгох, түүнээс үүсэх хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн улсын байцаагчийг шинжээчээр томилуулах хүсэлт гаргасныг хангаж, амь хохирогч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нас барсан эсэх, үйлдвэрлэлийн осол мөн эсэх, аюулгүй ажиллагааны зааварчилгаа хэн, хэзээ өгсөн, ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль дүрэм зөрчсөн эсэх, хөдөлмөрийн гэрээгүй хүнээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь зөв эсэх зэрэг асуултад дүгнэлт гаргуулах” гэжээ. Амь хохирогч С.П нь 2015 оноос 2020 оны хооронд “Топ дриллинг” ХХК-нд туслахын ажил гүйцэтгэдэг байсан. С.П-тэй ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч байгаагүй, хийсэн ажлын үр дүнгээр нь цалинжуулдаг байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй гэж иргэний хариуцагч Р.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хэлсэн. Ямар нэгэн бичиг баримт байхгүй тохиолдолд үйлдвэрлэлийн осол мөн биш эсэх талаар шинжээч дүгнэлтийг үнэн зөвөөр гаргах нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйл 1 дэх хэсэг ...Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ.
Харин уг хэрэг учрал нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шөнө амралтын цагаар архидан согтуурч байгаад хоорондоо маргалдан тээврийн хэрэгсэл жолоодон нэгнийхээ амь насыг хохироосон үйлдэл байх тул үйлдвэрлэлийн осол гэж үзэх үндэслэлгүй юм.
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал. ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны заавар журам зөрчсөн талаар гаргасан мэт хүсэлтэд автаж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, хэргийг шийдэх бүрэн боломжтой байхад үндэслэлгүйгээр прокурорт буцаасан байна.
Иймд шүүгдэгч Л.Н-д холбогдох эрүүгийн 2029001700129 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/39 дугаартай захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.У нь давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.А шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/39 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаалгахаар эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй байна.
Прокурор нь эсэргүүцэлдээ: ... Амь хохирогчид Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэдэгтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй учраас үйлдвэрийн осол мөн эсэх талаар шинжээч дүгнэлтийг үнэн зөвөөр гаргах нь эргэлзээтэй нөхцөл үүснэ. Уг хэрэг учрал нь шөнө амралтын цагаар архидан согтуурч байгаад хоорондоо маргалдан нэгнийхээ амь насыг хохироосон үйлдэл тул үйлдвэрлэлийн осол гэж үзэх үндэслэлгүй юм гээд огт хамааралгүй тушаалын талаар дурджээ.
Уг эрүүгийн хэргийг хянах үүрэг нь хяналтын прокурорт байсан. Хяналтын прокурор нь мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсныгаа хаацайлж байна. Тусгай мэдлэг бүхий шинжээчээр үйлдвэрийн осол мөн эсэхийг тогтоолгох шаардлагатай байхад прокурор өөрийгөө шинжээчийн байр суурин дээр тавьж энэ бол үйлдвэрийн осол биш, Хөдөлмөрийн гэрээ байхгүй юм чинь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарна гэж урьдчилан дүгнэх боломжгүй юм.
Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргахаа больсон гэх боловч тухайн газарт дүгнэлт гаргадаг хөдөлмөрийн улсын байцаагчийн, орон тоо хэвээрээ байгаа бөгөөд энэ асуудлаар мэргэшсэн шинжээчийн дүгнэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь 2019, 2020 онд гаргасаар байгаа болно” гэжээ.
Прокурор Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хохирогчийн өмгөөлөгч Өмнөговь аймагт гардаг хэргүүд ихэнхдээ Хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагаатай холбоотой үйлдвэрлэлийн осол байдаг гэж байна. Тухайн амь хохирогч маань “Топ дриллинг” ХХК-д ажилладаг гэсэн боловч ямар ч хөдөлмөрийн гэрээ байдаггүй.
Үүнийг нь нотлох баримт байхгүй. Тийм учраас шинжээчийн дүгнэлт гаргуулахын тулд тухайн шинжээчид баримт бичиг шаардлагатай байгаа юм. Тухайн хэрэг маргаан нь зам тээврийн ослын гэмт хэрэг учир үүнийг хөдөлмөрийн маргаантай солихгүй байя. Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргасан гэж үзэж байна. Үүнийг эс зөвшөөрч прокуророос эсэргүүцэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ямар ажиллагаа хийлгэхээ шүүгч захирамждаа тодорхой дурдсан. Хийлгэх ёстой ажиллагаануудаас ямар нэгэн бичиг баримт, нотлох баримт байхгүй тохиолдолд үйлдвэрлэлийн осол мөн, биш эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргах нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна гэж прокурор эсэргүүцлээ тайлбарлалаа.
Тэгэхээр нэгэнт прокурор эргэлзээтэй нөхцөл байдал байна, үүнийг заавал шалгах шаардлагагүй гэж тайлбарлаж байгаа боловч нэг талдаа миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймээс эсэргүүцэл үндэслэлгүй юм. Үнэхээр эргэлзээтэй байна гэвэл тусгай мэдлэг бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулж, шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх эрх зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчид иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа нэхэмжлэх эрх нь хуулиар олгогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүх хуралдаан мэтгэлцээний үндсэн дээр явагддаг. Мөн эрх бүхий албан тушаалтан хийх ёстой ажиллагааг бүрэн, дүүрэн шалгаагүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн санал хэвээрээ. Улаанбаатараас орон нутагт худаг, ус гаргаад явахад ажлын цаг гэж байдаггүй. Тиймээс үйлдвэрийн осол болсон гэж үзэж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа байна. Прокурор гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг шалгахыг хүсэхгүй байна. Өмнөговьд гарсан авто тээврийн осол ихэнхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар зүйлчилдэг жишигтэй болсон байна.
Гэхдээ амь насаараа хохирсон хүмүүсийн ар гэр хохирол төлбөр л нэхэмжилдэг. Ингэхээр тухайн хэргийг үйлдвэрлэлийн осол мөн, биш эсэхийг тогтоох шаардлага гарна. Гэтэл прокуророос эрхээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлэхгүй байна. Практик тогтоогүй байж болох ч хэргийг нэг мөр шалгаж, тогтоох үүрэгтэй. Шаардлагатай нотлох баримт гаргуулахгүйгээр гэм буруугийн асуудал шийдвэрлэгдэх боломжгүй.
Мэргэжлийн хяналтын газрын албан тоот байхгүй. Үйлдвэрлэлийн ослыг тусгай мэдлэг бүхий мэргэжлийн хүн дүгнэлт гаргах шаардлагатай байдаг. Шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байж яагаад үйлдвэрлэлийн осол биш гэж үзээд байна вэ? Прокурор та бид 2 үүнийг тогтоодог субъект биш.
Иймээс шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Хамгийн гол нь тэжээн тэтгүүлэх асуудал. Дүгнэлт гарсан эсэхээс шалтгаалаад Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дундаж цалинг тогтоох хэрэгтэй байна.
Ажлын хөлсөндөө 60 000 000 төгрөг бүхий орон сууц авсан байдаг. Үүнийг нь хувааж үзэхээр сарын дундаж цалин нь 1 500 000 байдаг. Тэгээд оршуулгын зардал гээд 20 гаруй сая төгрөг нэхэмжлэхээр иргэний хариуцагч манайх 6 000 000 төгрөг өгсөн гэдэг. Эсэргүүцэл үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаар дүгнэлт гаргуулах хэрэгтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.А-гийн бичсэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтас хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ",
2 дахь хэсэгт "Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтас хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ”,
3 дахь хэсэгт “Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ”,
5 дахь хэсэгт “Оролцогч хүсэлт гаргавал хавтас хэргийн материалаас шүүхээр хэлэлцүүлэх төрийн нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах боломжоор хангана” гэсэн хуулийн заалтуудыг зөрчиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.У, иргэний хариуцагчийн төлөөлөгч Р.Б нарт хавтас хэргийн материалтай танилцах хугацааг тогтоож, тэдэнд хэргийн материалтай танилцах боломж нөхцөлийг бүрдүүлээгүй, хэргийн материалыг танилцуулаагүй нь тэдний баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээллийг авах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, мөрдөгч, прокурорын ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, нэмэлт ажиллагаа хийлгэх, шинжээчийг татгалзан гаргах, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлтүүдийг гаргах гэх мэт эрхүүдийг эдлүүлэхийг хассан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2029001700129 дугаартай прокурорын тогтоолд /1хх-1-3/ “...Л.Н нь ... тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн хийхдээ” гэж бичсэн байх бөгөөд Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаанд ... DAEWOO маркийн, 2005 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ж.О, /1хх-128/ гэж бичигдсэн байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.О-ийг хэргийн оролцогчоор тогтоогоогүй, түүнээс дээрх тээврийн хэрэгслийн талаар тодруулж асуугаагүй байна.
Хяналтын прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй тул “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/39 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Г.ТЭГШСУУРЬ