Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0873

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар, 

Гомдол гаргагч: “С***” ХХК /РД:5***/,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х***,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Д***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г***,

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Д***ын 2022 оны 8 дугаар сарын 30**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х***, хариуцагч улсын байцаагч М.Д***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин нар оролцов.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “С***” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Д***ын 2022 оны 8 дугаар сарын 30**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан.

2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас “Супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Засгийн Газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоод нийцэж байгаа эсэхийг” шалгахаар зорилгоор  2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01/20 дугаар  Хяналт шалгалтын удирдамжийг баталсны дагуу тус газрын  улсын байцаагч нар 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “С***” ХХК-ийн “И***” салбар дэлгүүрт шалгалт хийн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчлийг илрүүлэн, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 30**** дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогчид таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулсан.

3. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Д*** нь С***ХХК-ийн үйл ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хийсэн шалгалтын дүнд илэрсэн зөрчилтэй холбогдуулан ШӨХТГ/2022-32 дугаар зөрчлийн хэрэг нээн, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2022 оны 8 дугаа сарын 22-ны өдрийн 30**** дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч “С***” ХХК-д торгох шийтгэл оногдуулсан.

Холбогдогчоос тус шийдвэрийг эс зөвшөөрч, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01/311 дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, улсын ерөнхий байцаагчид хандан гомдол гаргасныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1527 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн тул 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд хандсан.

4. Гомдол гаргагч “С***ХХК-иас хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Д***ын 2022 оны 30**** дугаар шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус хэмээн маргаж байна. Үүнд:

4.1.1 Шийтгэлийн хуудас нь хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу үйлдсэн огноо бүрэн бус бичигдсэн,

4.1.2 Шийтгэлийн арга хэмжээ авахаас өмнө алдаа дутагдлыг арилгуулах арга хэмжээг авах, хугацаатай үүрэг даалгавар өгч болох байсан ч харгалзан үзээгүй,

4.1.3 Уг зөрчил нь санаатай, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх зорилгогүй байсан” зэрэг үндэслэлээр маргаж байна.

4.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Манай компанийг 5,000,000 төгрөгийн шийтгэл хүлээх зөрчил үйлдсэн гэж үзэж Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 30**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүлээлгэн өгсөн. Уг шийдвэртэй холбогдуулан түүнийг хүчингүй болгуулах тухай гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга С.М***д 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1527 тоот албан бичгээр гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй гэх хариуг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн болно.

Шийтгэлийн хуудас нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй буюу 30**** дугаартай шийтгэлийн хуудаст тухайн шийтгэлийн хуудсыг үйлдсэн огноог бүрэн бус бичигдсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх заалтад “захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх” гэж заасныг зөрчсөн.

 Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь заалтад улсын байцаагч нь "хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах эрхтэй” мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна” хэмээн тус тус заасан байхад эдгээр арга хэмжээг хэрэглэлгүй шууд торгох шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь заалтад “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасны дагуу ажиллаж гүйцэтгэлийн шалгалт хийн хяналт тавьж ажиллах бүрэн боломжтой байсан. Гэвч тухайн улсын байцаагч энэ талаар огт харгалзан үзэлгүй шууд зөрчилд тооцож шийтгэл оногдуулах шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Цаашлаад, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13 дах хэсэгт "Шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг үндэслэн ногдуулсан торгуулийн хэмжээг багасгах, эсхүл тухайн арга хэмжээг хүчингүй болгож болох бөгөөд энэхүү шийдвэрийг дээд шатны улсын байцаагч гаргана" хэмээн заасан бөгөөд манай компани өөрийн ажилтны санамсаргүй гаргасан алдааг газар дээр нь залруулсан байхад улсын байцаагч М.Д*** үүнийг огт харгалзан үзээгүй.

Дээрх алдааг бид санаатай үйлдэгдээгүй буюу барааны лангууны болон кассын үнэ зөрсөн гэх алдааг санаатайгаар хэрэглэгчдийг төөрөгдүүлэх зорилгоор үйлдээгүй, тухайн цаг үед компанийн ажилтнуудын хүрэлцээ дутмаг, ачаалал ихтэй байснаас үүссэн. Тухайн бүтээгдэхүүний үнэ байрласан гурван лангууны хамгийн доод талын зөвхөн нэг ширхэг үнэ л шинэчлэгдээгүй үлдсэн байсан гэх нөхцөл байдлыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Иймд энэ бүх тайлбарыг үндэслэн “С***" ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын улсын байцаагч М.Д***ын үйлдсэн 30**** дугаартай “Шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Д***ын 2022 оны 8 дугаар сарын 30**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

5. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Тус газраас агентлагийн даргын 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01/20 дугаартай удирдамжийн дагуу Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалтад “өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах” Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дах хэсэгт “хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон асуудлаар хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран үзлэг шалгалт явуулах, мэдээлэл, сурталчилгаа хийх, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдэнд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх” гэж тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 199 дугаар тогтоолд нийцэж байгаа эсэхэд 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтаар "С***" ХХК /РД:5***/-ийн "И***" сүлжээ дэлгүүрийн "И***" салбарт худалдаалагдаж буй бүтээгдэхүүнүүдээс түүврийн аргаар 2440 төгрөгийн үнэ /лангуун дээрх үнэ/ бүхий "А***" ХХК-ийн Дээдийн дээд гурилыг сонгож кассад бичүүлэх замаар үнийн мэдээллийг шалгахад кассад 2560 төгрөгөөр бичигдсэн буюу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж худалдагч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон тул зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд” олон нийтийн цагдаа Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.5 дугаар зүйл, 6.1 дүгээр зүйлийн 7.2 дахь заалт, 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэг, 14.7 дугаар зүйлийн 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 44, 46, 47, 50, 53 дахь хэсэгт заасан зөрчил”  гэж заасныг үндэслэн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр "С***" XXK /РД:5811651/-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах” заасны дагуу таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дуусгаж "С***" ХХК-ийн шийтгэлийн хуудсыг тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б***ад биечлэн танилцуулсан бөгөөд шийтгэлийн хуудасны холбогдогчид гардуулах хувьд шийтгэлийн хуудасны огноо бүдэг гарсан нь тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Иймд "С***" ХХК-д 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 30**** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах” заасны дагуу таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: “Тухайн шийтгэлийн хуудас Захиргааны ерөнхий хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэж маргаж байгаа. “С****” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Б*** нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гарын үсэг зураад шийтгэлийн хуудсаа авсан. Тухайн шийтгэлийн хуудас нь Засгийн газрын 2021 оны 145 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан маягт байгаа. Засгийн газрын 2020 оны 135 дугаар тогтоол болон шийтгэлээс чөлөөлөх журмын 2.5 дах хэсэгт “эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг 3 хувь үйлдэж эх хувийг материалд хавсаргаж хувийг холбогдогчид өгч, үлдэх хувийг албан тушаалтанд өгч тооцоо хийнэ” гэж заасан байгаа. Эрх бүхий албан тушаалтнаас холбогдох журамд заасны дагуу шийтгэлийн хуудасны эх хувьд бичвэрийг бичээд, эх хувийг эрх бүхий төлөөлөгчид нь танилцуулаад 2 дах хувийг холбогчид өгсөн байгаа. Холбогдогч тухайн шийтгэлийн хуудас хэзээ гарч байгаа, хаанаас оногдуулж байгаа, тухайн албан тушаалтны гарын үсэг болон тамга тэмдэгтэй биечлэн танилцсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан учраас Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх заалтад “захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх” гэж заасны дагуу хэлбэрийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Тухайн зөрчлийг илрүүлсний дараа албан шаардлага өгөхгүйгээр шийтгэл оногдуулсан гэж нэхэмжлэгч талаас маргаж байгаа. Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дах хэсэгт “Улсын байцаагч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, захиргааны шийтгэл ногдуулах”, “судалгаа, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, тайлан, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, аж ахуй эрхлэгчээс үнэ төлбөргүй гаргуулан авах”, “хийсэн хяналт шалгалтын үнэн зөвийг бүрэн хариуцах”, “хяналт шалгалтын явцад зөрчлийн ул мөр, нотлох баримт олох, зөрчлийн талаарх ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор шалгагдаж байгаа этгээдийн бие, албан тасалгаа, үйлдвэрийн газар, агуулах болон бичиг баримт, компьютер, эд зүйлд үзлэг хийх, шаардлагатай баримт материал, эд зүйлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр хураан авах”, “захиргааны шийтгэл ногдуулах тухай өөрийн болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах”, “өөрийн болон гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд нь шууд тулгарсан гэнэтийн халдлагын аюулаас хамгаалахын тулд бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх”, “хяналт шалгалтын явцад холбогдох этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх”, “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” гэж заасны дагуу улсын байцаагчийн шийтгэл оногдуулахыг тус хуулиар зохицуулна. Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжид аливаа зөрчил илэрсэн тохиолдолд зөрчлийг арилгах талаар албан шаардлага хүргүүлээд тухайн шийтгэл шат дараатай явна гэсэн зүйл хуульд заагаагүй. Зөрчлийг илрүүлсний дараа улсын байцаагчаас албан шаардлага хүргүүлэх үү, шийтгэл оногдуулах уу гэдэг нь улсын байцаагчийн эрх хэмжээний асуудал юм. Тийм учир улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Тухайн үед хяналт шалгалт хийхэд илэрсэн зөрлийн хувьд түүврийн  аргаар 10 бараа, бүтээгдэхүүнээс 1 бараанаас зөрчил илэрсэн байдаг. Ийм учир “С***” ХХК-ийн тайлбарыг зөвтгөж үзэх үндэслэл байхгүй. Лангууны үнээс кассын үнэ нэмэгдсэн байгаа. Хэрэглэгчийн зүгээс кассын үнэд өөрчлөлт оруулсан эсэхийг мэдэхгүй. Худалдаа авалт хийж байгаа тохиолдолд өөр гурилын үнэ ямар байгааг харьцуулж харахгүй. Хэрэглэгч тухайн үед авах гэж буй барааны үнийг л харна. Доод талд байгаа лангууны үнийг харахгүй. Ийм учир шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь үндэслэлгүй юм” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх гомдол гаргагчийн гомдол үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаар,

2.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01/1138 дугаар албан бичгээр Худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдэд хандан “...в/ бараа, бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн талаар хэрэглэгчдэд үндэслэл бүхий мэдээлэл өгч хэвших...” талаар болон “...хууль тогтоомж, гэрээний хэрэгжилтийг хангах хүрээнд тус газраас хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа бөгөөд зөрчил илэрсэн тохиолдолд түрээслэгч, түрээслүүлэгчдэд хуулийн дагуу хариуцлага тооцох болохыг” мэдэгдсэн.

Улмаар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын  2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Засгийн Газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоод нийцэж байгаа эсэхийг” шалгах 01/20 дугаар  Хяналт шалгалтын удирдамжийг баталсны дагуу тус газрын  улсын байцаагч нар 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр  “С***” ХХК-ийн “И***” салбар дэлгүүрт шалгалт хийсэн.

Хяналт, шалгалтын ажлын хүрээнд хариуцагчаас 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр С***ХХК-ийн “И***” салбар дэлгүүрт зарагдаж буй бүтээгдэхүүнээс түүврийн аргаар 10 бүтээгдэхүүнийг сонгон авч кассын болон лангууны үнийг тулган шалгах явцад “А***” ХХК-ийн дээдийн дээд гурил лангуун дээр 2440 төгрөг, кассад бичүүлэхэд 2560 төгрөгийн үнэтэй буюу зөрүүтэй байсан болох нь,

2.2. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Д*** нь С***ХХК-ийн “И***” салбар дэлгүүрийн үйл ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хийсэн шалгалтын дүнд илэрсэн зөрчилтэй холбогдуулан 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” тэмдэглэлийг үйлдэн, ШӨХТГ/2022-32 дугаар зөрчлийн хэрэг нээн, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч болох “И***” салбар дэлгүүрийн захирал Н.Б***аас мэдүүлэг авч, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлийг үйлдэн, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчид танилцуулан, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 30**** дугаартай шийтгэлийн хуудсаар “С***” ХХК-д торгох шийтгэл оногдуулсан.

Ингэхдээ тухайн 30**** дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсын холбогдогчид гардуулах  хувь дээр тухайн шийтгэлийн хуудсыг үйлдсэн болон холбогдогчид танилцуулсан огноог бичээгүй болох нь,

2.3. Гомдол гаргагчийн үйлдсэн зөрчил болох 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний лангуу болон кассын үнэ зөрүүтэй гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй” гэх зөрчлийн бүрэлдэхүүнтэй  болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан ШӨХТГ/2022-32 дугаартай зөрчлийн хэрэг, тухайн хэрэгт авагдсан холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөс авсан мэдүүлэг болон холбогдох бусад баримтаар  тус тус тогтоогдож байна.

3. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т " хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх”, 7 дугаар зүйлийн 7.1-т “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй”, 7.2.4-т “барааны нэр төрөл, үнэ” хэмээн,

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” хэмээн, 10.2 дугаар зүйлийн 1.1-т “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах”, 2 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгонохэмээн тус тус хуульчилсан.

4. Үүнтэй холбогдуулан шүүх, гомдол гаргагч С***” ХХК-ийн “И***” салбар дэлгүүр нь  “Алтан тариа” дээдийн дээд гурилын лангууны болон кассын үнийг зөрүүтэй бичсэн үйл баримт нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.4 дэх хэсгийг зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасан зөрчлийн бүрэлдэхүүнтэй байх тул тухайн зөрчлийг илрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шийтгэлийг холбогдогчид хүлээлгэсэн хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Д***ын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 30**** дугаартай шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчийн гомдлыг шаардлагын үндэслэл болох “шийтгэлийн хуудаст огноо бичигдээгүй”, “зөрчлийг газар дээр нь залруулах боломжтой байсан” гэх үндэслэлээр хүчингүй болгох нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй хэмээн үзэж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Д***ын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 30**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан С***” ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХТУЛГА