Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 136

 

МАГАДЛАЛ

 

2019.01.16                                                 Дугаар 136                                  Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Б-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03705 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Б-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б А ТӨХК-ийн ТУЗ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б А ТӨХК-ийн ТУЗ нь Б.Б-ыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 7 сарын 6-ны өдрийн 356 тоот Удирдамж болгох тухай тогтоолыг үндэслэн 2018 оны 8 сарын 3-ны өдрийн 7 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тогтоолоор ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Ажлаас чөлөөлж буй шалтгаанаа нэгэнт салбарын сайд санал өгсөн учир чөлөөлж байгаа гэж тайлбарласан. Гэтэл ЗТХЯ-ны сайдын саналд Б.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай болон чөлөөлөх болсон үндэслэлийг дурдалгүй Б.У гээчийг Б А ТӨХК-ийн ГЗ-аар томилж өгнө үү гэсэн байгаа болно.

Ажлаас чөлөөлсөн тушаал нь акт болохын хувьд дүрэмд тавигдсан шаардлагыг хангаж, халсан үндэслэл нь тушаалд баримталсан хуулийн заалттай тохирох ёстой. Б А ТӨХК-ийн ГЗ-аар ТӨХК-ийн ТУЗ-ын 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаар тогтоол нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-ийг баримтласан бөгөөд Зам тээвэр хөгжлийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 01/2572 тоот албан бичиг, Авилгатай тэмцэх газрын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 05/5736 тоот албан бичиг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 7 сарын 06-ны өдрийн 356 дугаар тогтоолоор ирүүлсэн удирдамжийг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Б.Б нь ТУЗ-тэй байгуулсан гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэж байсан. Ажилтан, ажил олгогч нарын хоорондын харилцаа нь хөдөлмөрийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гарсан дүрэм журмын дагуу явагдах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.7-д хөдөлмөрийн гэрээ, контрактыг ажил олгогч нь өөрийн санаачилгаар цуцлах, контрактыг цуцлах тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан байна. Ажил олгогчийн зүгээс контрактыг цуцлах гэж байгаа бол ямар хуулийн заалтыг баримталсан талаар тушаал дээр дурдах ёстой. Гэтэл ажлаас халсан тушаал зөвхөн Зам тээврийн хөгжлийн сайд болон ТӨБЗГ-ын албан бичгийг үндэслэн ажлаас халсан нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. ТУЗ нь ажилтанг ажилд томилж, чөлөөлөхдөө нэг хүний хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн байдал харагдаж байна. Иймд Хуульд нийцээгүй тогтоолоор ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, 8 дугаар сарын     22-ны өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн талаар бичигдсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд өвчтэй байгаа ажилтны ажлын байр хэвээр хадгалагдах тухай заасан байх бөгөөд Б.Б-ыг өвчтэй байхад 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4 хувьцаат болон төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь 9 буюу түүний дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй гишүүд нь хараат бус гишүүн байна гэж заасан. Үүнийг Б А ТӨХК-ийн ГЗ-аар ТӨХК дүрмийн 4.2-т тусгасан байна. Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлд ТУЗ-ийн хуралдааны талаар заасан байх бөгөөд Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн  80.5-д төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний дийлэнх олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж заасан. Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол ТУЗ-ийн хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно гэж заасан. Мөн хуулийн 89 дүгээр зүйлд төлөөлөн удирдах зөвлөлийн саналаар асуудлыг шийдвэрлэхэд нэг гишүүн нэг л саналын эрхтэй байна гэж заасан. Дийлэнх олонх гэж гуравны хоёр буюу 66 дээш хувийн саналаар шийдвэр гаргахыг хэлнэ. Гэтэл баримтаар ТУЗ-ын хуралд нийт 3 гишүүн оролцсон байна. Хурлын тэмдэглэлээс үзэхэд энэ хуралдаанаар 2018 оны үндсэн үзүүлэлт, зорилт, зөвлөгөөний хэрэгжилт, ТӨБЗГ-аас өгсөн албан даалгаврын хэрэгжилт, хөдөлмөрийн дотоод журмыг хэлэлцэхээр заасан. Харин гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, томилох талаар хэлэлцэх заалт огт байхгүй. Гэтэл хэлэлцэх асуудал дотор байхгүй гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна. Иймд Б.Б-ныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 396 530 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б А ТӨХК-ийн ГЗ-аар ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор Б А ТӨХК-ийн ГЗ-аар томилсон. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар компанийн захирлыг Төлөөлөн удирдах зөвлөл томилж, чөлөөлдөг. Б А ТӨХК-ийн ГЗ-аар ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 07 тоот ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тогтоолыг гаргахдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 356 дугаар тогтоолоор ирүүлсэн удирдамжийн дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд Зам тээврийн хөгжлийн сайдын ирүүлсэн саналыг үндэслэж гаргасан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. Иймд уг шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ны Б А ТӨХК-ийн ГЗ-аар ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг      бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Төлөөлөн удирдах зөвлөл бие даан хариуцлага хүлээх чадвартай биш гэдэг шалтгаанаар хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэх боломжийг нь хязгаарлаж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой гэж шийдвэртээ дурдсан атлаа зөвхөн үр дагаврыг хариуцахгүй гэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь буруу бөгөөд шүүхээс зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжтой байтал уг шийдвэрийг гаргаагүй нь буруу болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Б.Б нь Б А ТӨХК-ийн ТУЗ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахыг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.Б нь 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Б А ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан, түүнтэй байгуулсан контрактын гэрээний биелэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “сайн” гэж дүгнэж урамшуулал олгож байсан, тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 07 тоот тогтоолоор түүнийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 7 дугаар сарын   06-ны өдрийн 356 дугаар тогтоолоор ирүүлсэн удирдамжийг үндэслэсэн байна.

Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01/2572 тоотоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын /цаашид ТӨБЗГ гэх/ даргад ирүүлсэн бичигт дээрх компанийн гүйцэтгэх захирлаар Б.У-ыг томилж өгөхийг хүссэн, ТӨБЗГ-ын даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 356 тоот тогтоолоор Б.У-ыг хариуцагч Б А ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, контрактыг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулахыг тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж байгаа гишүүдэд удирдамж болгосон зэрэг үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт хуульд нийцээгүй гэж үзнэ. Дээрх яамны сайдын албан бичиг, түүнд үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн саналаар Б А компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан тогтоол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Ажилтантай байгуулсан гэрээг гагцхүү хуульд заасан үндэслэлээр цуцлах талаар шүүх дүгнээгүй нь буруу байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын дүнд маргаагүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/03705 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ыг Б А ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилж, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 396 530 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон хөдөлмөрийн дэвтэрт холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...хариуцагчаас 101 294 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай” гэсэн заалт нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний төлсөн 108 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ш.ОЮУНХАНД

 

                                              ШҮҮГЧИД                                                 С.ЭНХТӨР

 

                                                                                                                М.НАРАНЦЭЦЭГ