Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/28

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

  Нарийн бичгийн дарга                  П.Янжмаа

  Улсын яллагч                                  Ц.Мөнх-Эрдэнэ

  Шүүгдэгч                                            Ц....

  Хохирогч                                           Л....

  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.... холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 06-ны өдөр                    .... төрсөн, 42 настай, эмэгтэй, .... боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа  амьдардаг, .... .... дүүрэг .... дугаар хороо .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... овогт ... /регистрийн дугаар: ..../

 Шүүгдэгч .... нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны .... дугаарын дансанд “.....” гэсэн гүйлгээний утгаар орж ирсэн 2,545,500 төгрөгийн алдаатай гүйлгээг завшсан үйлдлийн улмаас хохирогч Л.... 2,545,500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд                                                    

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

Хохирогч Л.... нь Завхан аймгийн .... суманд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр .... хотод үйл ажиллагаа явуулдаг .... Худалдаа хөгжлийн банкны .... дугаарын данс руу гүйлгээ хийхдээ дансны нэг тоог алдаж бичин Худалдаа хөгжлийн банкны .... дугаарын дансанд “....” гэсэн гүйлгээний утгаар мөнгөн шилжүүлгийн гүйлгээ хийсэн байна. 

Шүүгдэгч .... овогт .... нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийнх нь эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны .... дугаарын дансанд “....” гэсэн нэртэйгээр хийгдсэн 2,545,500 төгрөгийн  гүйлгээг алдаатай хийгдсэнийг мэдсээр байж бэлнээр гарган авч өөртөө завшсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Тухайлбал: Шилжүүлэх дансныхаа дугаарыг алдаж бичин алдаатай гүйлгээ хийсэн  тухайгаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Л.... “...Би .... захирал ажилтай. Манай байгууллага Завхан аймгийн .... сумын .... багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг. Би 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хамтран ажилладаг байгууллага болох “....” ХХК-ний төлбөр болох 2,545,500 төгрөгийг тухайн байгууллагын данс болох .... дугаарын Худалдаа хөгжлийн банкны дансруу шилжүүлэх үедээ санамсаргүйгээр алдаа гаргаж .... дугаарын Худалдаа хөгжлийн банкны дансруу буюу .... дансруу шилжүүлсэн байсан. ...Би Худалдаа хөгжлийн банкны .... дугаарын дансруу 2,545,500 төгрөгийг андуурч шилжүүлсэн. Энэ данс нь .... гэх хүний эзэмшлийн данс байсан...” гэсэн мэдүүлгээр,

Х...., Л.... нарын хамтран эзэмшдэг Хаан банкны .... харилцах дансны гүйлгээний баримтад  2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлийн “...Хаан банкны .... тоот данснаас 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд хийгдсэн гүйлгээнүүдээс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цаг 38 минутад 2,545,500 төгрөгийн зарлага хийгдсэн байх ба “....” гэсэн утга бичигдсэн болох нь үзлэгээр тогтоогдов. Уг гүйлгээг Худалдаа хөгжлийн банкны .... дугаарын данс руу шилжүүлсэн болохыг үзлэгийн тэмдэглэлд тусгав.” гэсэн хэсгээр, 

шүүгдэгч Ц.... эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны .... дугаарын дансанд 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр  үзлэг хийсэн тэмдэглэлийн “....... дугаартай дансны 2024 оны 11 сарын 20-ны өдрөөс 12 сарын 31-ний өдрийн хооронд хийгдсэн гүйлгээнүүдээс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хаан банкны .... дугаарын данснаас 2,545,500 төгрөгийн орлого хийгдсэн байх ба “....” гэсэн утга бичигдсэн болох нь үзлэгээр тогтоогдов. ...Мөн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 100,000 төгрөгийн зарлага 1 удаа, 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 500,000 төгрөгийн зарлага 2 удаа, 200,000 төгрөгийн зарлага 1 удаа, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийн зарлага 1 удаа, 1,000,000 төгрөгийн зарлага 1 удаа, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 45,000 төгрөгийн зарлага 1 удаа хийгдэж нийт 7 удаагийн гүйлгээгээр 2,545,500 төгрөгийн зарлага тухайн данснаас гарсан байна.” гэсэн хэсгээр,

шүүгдэгч Ц.... мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2024 оны 11 сарын орчимд миний худалдаа хөгжлийн банкны хугацаагүй хадгаламжийн ....  дугаарын дансанд 2,545,500 төгрөгийн орлого орж ирсэн байхаар нь  надад өртэй хүн өрөө өгсөн юм байх гэж бодоод хэрэглэсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  харьцуулан шинжлэн судлах,  бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Мөн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэж санхүү, төлбөр тооцооны гүйлгээ хийж мөнгийг шилжүүлэхдээ дансны дугаарыг алдаатай бичсэнээс өөр хүн рүү шилжүүлснийг ойлгох ба тухайн алдаатай гүйлгээг мэдсээр байж өөртөө авахыг завшсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.... нь өөрийнх  нь данс руу шилжүүлэх ёсгүй өөрөөр хэлбэл хохирогчийн дансны дугаарыг андуурч шилжүүлсэн мөнгийг бусдынх гэдгийг, өөрөө авах эрхгүйг,  буцааж өгөх ёстой гэдгийг мэдсээр байж өөртөө авах нь хууль бус гэдгийг ухамсарлан ойлгосон атлаа, ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.... шууд санаатай үйлдлээр төлбөр тооцооны алдаатай гүйлгээгээр дансанд орж 2,545,500 мөнгийг захиран зарцуулж завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг, шүүгдэгчийн үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш буюу 2,545,500 төгрөгийн  хохирол учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Ц.... эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс 2,545,500 төгрөгийг гаргуулж хохирогч Л.... олгож шийдвэрлэлээ.

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:         

Шүүгдэгч Ц.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял  оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан   төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.... 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.... оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.... нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгчид 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.... 2,545,500 төгрөгийг гаргуулж хохирогч Л..... олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.           

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

                   

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ