| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/0018/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/18 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 19.14.2.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхүү,
Улсын яллагч М.Алтангэрэл,
Шүүгдэгч Ц.С, Ц.Б, О.Б,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Гомборагчаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С, Ц.Б, О.Б нарт холбогдох 2524000130021 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х овогт ЦС, регистрийн дугаар,
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ш овогт Ц Б, регистрийн дугаар,
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, А Х овогт О Б, регистрийн дугаар
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.С, Ц.Б, О.Б нар чоно авлах зорилгоор бүлэглэн, морин уналга ашиглан 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийн 270 дугаар тэмдгийн баруун талаар 300 метр газраар Оросын Холбооны Улсын тал руу хил нэвтэрч, улмаар Монгол Улсын хилийн 266 дугаар тэмдгийн чиглэлээр буцаж Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Ц.С, Ц.Б, О.Б нар нь чоно авлах зорилгоор бүлэглэн, морин уналга ашиглан 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийн 270 дугаар тэмдгийн баруун талаар 300 метр газраар Оросын Холбооны Улсын тал руу хил нэвтэрч, улмаар Монгол Улсын хилийн 266 дугаар тэмдгийн чиглэлээр буцаж Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Иргэний нэхэмжлэгч Ц.Бын “..Тус зөрчилтэй холбоотойгоор хил зөрчигч этгээдийг саатуулах хойшлуулшгүй шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад ланд крузер 105 маркийн авто машинаар Тэс сумаас Баянтэс сумын Хачиг баг цэргийн гол чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. Энэ бүлэг нийт 235 км зам туулсан ба 78 л АИ92 бензин зарцуулсан. Манай суманд 1 литер АИ92 бензин 3030 төгрөг гэдэг энэ тээврийн хэрэгсэлд 236.340 төгрөгийн бензин зарцуулсан, дараагийн бүлэг нь ланд крузер 76 маркийн 15-30 ХЦА улсын дугаартай авто машинаар хилийн цэргийн 0271 дүгээр салбараас цэргийн гол, Баянтэс, Хатгуурантаа Баянтэс сумын чиглэлд үүрэг гүйцэтгэхэд 92 л Дизель түлш хийж 470 км зам туулсан. Манай суманд дизель түлш 1 л 3730 төгрөгийн үнэтэй байдаг. Ингээд 343.160 төгрөг болж байна. Түүний дараа хоолны зардалд саатуулсан иргэдийг хооллох, бүлгийг хооллоход нийт 18 хоол өгсөн. Нийт хоолны материалын зардал нь 67088 төгрөг. Манай нэг удаагийн хоолны материалын зардал 3727.01 гардаг. Үүнд 200 гр мах 1000 төгрөг, цагаан будаа 92 гр 380 төгрөг, 40 гр төмс 80 төгрөг, давс 1.2 гр 20.1 рег. бусад жинсний чанамал талх 1.207 төгрөг нийт 3727,1 төгрөг болж байна. Манай ангиас нийтдээ түлш 92 л, АИ92 бензин 78 л, хоолны зардал гээд гээд нийт 646.588 төгрөгийн зардал гарсан тул гэмт буруутай этгээдүүдээс гаргуулах хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл дээрх зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг хавтас хэргийн 91-92-р хуудас
- Гэрч Ч.Бын “...Би 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хилийн 263-269 дүгээр тэмдгийн чиглэлд харуулын дарга Ө.Мын хамтаар хилийн манааны үүрэг гүйцэтгэх тушаал хүлээн авсан. Өгөгдсөн үүргийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хилийн харуулын байрлалаас хөдөлгөөн үйлдэж хилийн манааны үүрэг гүйцэтгэж цасан зурвас тогтоож явсаар байгаад оройны 17 цаг 30 минутын үед хилийн 266 дугаар тэмдэгт дээр ирэхэд Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын тал руу хил нэвтэрсэн 2 тооны адууны ул мөр илрүүлсэн. Тэгээд харуулын дарга заставд мэдэгдэх гэхээр сүлжээгүй байсан учраас харуулын байрлалд ирж заставд холбоогоор мэдэгдсэн. Тэгээд буцаад ул мөр илэрсэн хилийн 266 дугаар тэмдэгт дээр ирээд байж байтал заставын дарга ахлах дэслэгч Амарбат ирээд хилийн 266 дугаар тэмдгийн зүүн талаар 300 метр газраар хил давж орж ирсэн 2 тооны адууны ул мөрийг үзэж шалгаад ангийн төвд холбоогоор мэдэгдсэн. Орой нь ангиас бүлэг ирээд хэргийн газарт ажиллаж эхэлсэн. Би харуулын даргын хамтаар хаалт манаанд үүрэг гүйцэтгэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42-р хуудас/,
- Гэрч Б.Аын “...2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хилийн 263-269 дүгээр тэмдгийн чиглэлд хилийн манааны үүрэг гүйцэтгэсэн харуулын ахлах ахлагч Ө.М байлдагч Ч.Б нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа 17 цагийн үед ОХУ-ын талаас Монгол Улсын тал руу 2 тооны адууны ул мөр илрүүлсэн. Тэгээд надад мэдэгдэхдээ 19 цагийн үед “Хилийн 266 дугаар тэмдгийн чиглэлээр ОХУ-ын талаас Монгол Улсын тал руу 2 адууны мөр хил давж орж ирсэн ул мөр илрүүллээ гэсэн. Тэгээд өгсөн мэдээллийн дагуу 19 цаг 10 минутад хөдөлгөөн үйлдэж хилийн 266 дугаар тэмдэг дээр очиход ОХУ-ын талаас 3 адууны ул мөр улсын хил давж орж ирээд нутгийн гүн талдаа ороод ирэнгүүтээ 2 адууны ул мөр нь хилийн ойролцоо байгаа айл руу чиглэсэн, нөгөө нэг адууны ул мөр нутгийн гүн рүүгээ чиглээд явсан байсан. Тэгээд хилийн ойролцоо байгаа айлаас тодруулж асуухад өнөөдөр буюу 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр оройны 18 цагийн үед тус сумын иргэн С, Б нар ирсэн. Хаанаас ирсэн талаар нь мэдэхгүй байна ирээд цай уугаад хоол идээд явсан гэж хэлсэн. Уг мэдээллийн дагуу Сын гэрт очиход С гэртээ байгаагүй Тэс сум руу явсан гэхээр нь Б руу залгахад Баянтэс суманд байна гэж хэлсэн. Баянтэс суманд ирээд уулзахад хил давснаа хүлээн зөвшөөрсөн. Эхлээд хэлэхдээ Стой хоёулаа хамтдаа явсан гэсэн дараа нь шалаад асуугаад байсан болохоор Бтой хамт гурвуулаа гарсан гэж хэлсэн. Сыг Тэс суманд байхад уулзахад хил нэвтэрснээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээд маргааш нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн хэмжээний уулзалт зохион байгуулагдсан энэ уулзалтаар хил зөрчигч нарын ул мөрийг хүлээлцсэн. Эдгээр 3 иргэн Монгол улсын талаас Оросын Холбооны Улсын тал руу хил нэвтрэхдээ хилийн 270 дугаар тэмдгийн баруун талаар 300 метр газраар инженерийн байгууламж муутай, тор нь унасан хэсгээр хил нэвтэрч ороод Оросын Холбооны Улсын талдаа 2 км орчим гүн явсан байна гэж Оросын Холбооны Улсын хилчид мэдэгдсэн. Тэгээд орж ирэхдээ хилийн 266 дугаар тэмдгийн зүүн талаар 300 метр газраар Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын тал руу хил нэвтэрсэн байсан ба уулзалтаар ул мөрийг ямар нэгэн маргаангүй хүлээлцсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44-р хуудас/,
- Гэрч П.Б “...2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09.00 цагт хилийн 270 дугаар тэмдгийн чиглэлээр Монгол Улсын талаас Оросын Холбооны Улсын тал руу Монгол Улсын 2 иргэн улсын хил зөрчин хилийн 266 дугаар тэмдгийн чиглэлээр Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын тал руу буцаж орж ирсэн гэх гомдол мэдээллийн дагуу уг зөрчилд хойшлуулшгүй шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хилийн 4 дүгээр застав руу хөдөлгөөн үйлдсэн. Тэр өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр холбогдогч Ц.С Завхан аймгийн Тэс суманд байсан ба уг холбогдогчийг ангийн байрлалд дуудан мэдүүлэг авахад 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрийнхээ ойролцоо хавх тавьсан байсныг эргэх гээд очиход чоно орсон бололтой чирээд явсан байсан. Тэр үед Ц.Б манай гэрт ирсэн байсан ба бид 2 чоно чирээд явсан хавхны мөрийг дагаад явтал Цэргийн гол гараад хилийн зүг явсан байхаар нь араас нь мөрдөөд явж байтал улсын хил давснаа мэдсэн. Тэгээд бид 2 шууд Арын буудалд өвөлжиж байсан Н.Рийнд орж дулаацаад гэр гэртээ харьсан гэх мэдүүлгийг өгсөн. Хилийн 4 дүгээр заставт Ц.Б байсан ба уг холбогдогчоос мэдүүлэг авахад 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө гэрийн ойролцоо хавх тавьсныгаа эргэх гээд очтол чоно ороод чирээд явсан. Тэр өдөр Ц.С манайд адуугаа өгөх байсан болохоор нь утсаар ярьж дуудаад уг чононы мөрөөр хөөхөөр шийдээд цааш явтал улсын хил зөрчсөнөө мэдээд Арын буудалд өвөлжиж байсан Н.Р Хорж дулаацаад гэр гэртээ харьсан гэх мэдүүлгийг өгсөн. Дээрх мэдүүлгийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 10.00 цагийн орчим холбогдогч Ц.Сын гэрт очин хавх тавьсан газар нь очиж шалгахад хавх тавьсан гэх хуучин мөр байхгүй байсан ба хавх тавьсан байж болзошгүй хэсгийг зааж өгснийг зургаар баримтжуулан авсан. Үргэлжлүүлэн Ц.Бн гэрт очин хавх тавьсан гэх газрыг шалгахад үхсэн байдалтай адууны сэгэн дээр хавх тавьсан гэж мэдүүлсэн. Уг 2 холбогдогчоос улсын хилийн шугам, инженерийн байгууламж хаагуур байдаг, тэр талаар мэддэг эсэхийг асуухад 2-лаа мэддэг гэж хариулсан ба улсын хил зөрчсөнөө мэдээд хилийн заставт мэдэгдэх боломж байсан талаар тодруулахад байсан гэж хариулсан. Дээрх холбогдогч нарын мэдүүлэг зөрүүтэй байсан тул улсын хил зөрчсөн гэх хилийн 270 дугаар тэмдгийн чиглэлд очиж хэргийн газар үзлэг шалгалт хийхэд улсын хил зөрчсөн байж болзошгүй 3 тооны ул мөрийг илрүүлсэн. Түүний дараа ахмад Д.З ахлагч Ө.Мын хамт хилийн 270 дугаар тэмдгийн чиглэлээр улсын хил зөрчсөн ул мөрний дагуу сөрөг мөрдөлт хийхээр явсан. Үүний дараа холбогдогч Ц.Бгаас улсын хилээр та 2 биш гуравдагч этгээд зөрчсөн эсвэл хөтөлгөө морьтой явсан байна учир нь улсын хилээр улсын хил зөрчсөн 3 тооны адууны ул мөр байна гэж асуухад Ц.Б 1 хүүхэд цуг явсан гэж хариулсан. Ц.Соос мөн дээрх асуултыг асуухад харин манай нэг ядарсан нутгийн дүү байдаг юм аа. Тэр нөхрийг дагуулаад явсан юм. Ямар нэгэн асуудал гарвал тэр залууг оролцуулаад яах вэ ядарсан айлын хүүхэд энд айлын мал хариулдаг юм гэж хариулсан. ...Уг хилийн зөрчилтэй холбогдуулан хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулахад хилийн 270 дугаар тэмдгийн чиглэлээр Монгол Улсын талаас Оросын Холбооны Улсын тал руу улсын хил давсан 3 тооны адууны ул мөр хилийн 266 дугаар тэмдгийн чиглэлээр Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын тал руу буцаж орсон 3 тооны адууны ул мөрийг баримтжуулан акт үйлдэн хүлээлцсэн. Уулзалтын дараа 2 биш 3 хүн хил нэвтэрсэн байна гээд тодруулахад Цагаан ус нэртэй газар Батлхагва гэдэг айлд мал харж байгаа талаар мэдүүлсэн. Уг мэдүүлгийн дагуу холбогдогч О.Боос мэдүүлэг авахад 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө Ц.Бнд очиход Ц.Б цахилгаан хөрөө аваад Дэлгэрийнд хүргэж өгье цуг явах уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд гэрээс нь гараад явж байгаад Ц.Б Дэлгэрийн гадаа очиж хөрөөгөө өгчхөөд Зүрхийн шил дагуу уруудаж явж байтал Ц.С ирсэн. Тэгээд тэр 2 чононы мөр дагаад байгаа бололтой явахаар нь би дагаад явсан. Тэгээд нэг мэдсэн хил давсан байна гэж ярихаар нь би дүү нартай хоолыг нь хийж өгөх ёстой гэж хэлээд шууд гэрлүүгээ явсан. Тэр 2 Н.Рийн руу явсан гэж мэдүүлсэн. О.Боос хилийн шугамын явалт, инженерийн байгууламж хаагуур явдаг талаар мэддэг эсэхийг тодруулахад би сайн мэдэхгүй ээ гэж хариулсан. Улсын хил зөрчсөн талаар мэдсэн эсэх талаар асуухад тэр 2 улсын хил давчихсан байна одоо буцъя гэж ярьж байхаар нь би энэ асуудалд нь чинь хамаагүй шүү гэж хэлээд гэр лүүгээ явсан гэж хариулсан “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103-106-р хуудас/,
- Гэрч Д.Зын “...Хилийн цэргийн 0277 дугаар ангийн 0271 дүгээр салбарын харуулын дарга, ахлах ахлагч М байлдагч Б нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа хилийн 266 дугаар тэмдгийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа хилийн 0266 дугаар тэмдгийн зүүн талаар 300 метр газраас ОХУ-ын талаас Монгол Улсын тал руу 2 адууны ул мөр орж ирснийг 21 цагт илрүүлж хилийн заставд мэдэгдсэн. Хилийн 0271 дүгээр салбараас салбарын захирагч ахлах дэслэгч А, жолоочийн хамтаар очиж хилийн зөрчил гарсан ул мөрөнд үзлэг хийсэн. Тус үзлэгийн хүрээнд хилийн 266 дугаар тэмдгийн чиглэлд хилийн зөрчил гарсныг баталгаажуулаад мөрөөр мөрдөхөд Улсын хилээс 4 км зайтай Арын Буудал гэх газарт өвөлжиж байгаа Баянтэс сумын Хачиг багийн иргэн Р хот руу орсон. Р гэх айлаас ул мөрийг тодруулахад Хачиг багийн иргэн С, Б нар ирээд хоол цай уугаад явсан талаар хэлсэн. Түүний дагуу Сын гэрт очиход төрсөн эгч Ариунаа нь 4 хүүхдийн хамт байсан бөгөөд Сыг эхнэрийн хамт Тэс сум руу явсан, Б хаана байгааг нь мэдэхгүй гээд гар утасны дугаар өгсөн. Тэр дугаар луу залгахад Баянтэс суманд байна гэж хэллээ гэхээр нь ангийн төвөөс миний бие Баянтэс суманд очиж Бтай уулзахад “гэрийнхээ гадаа чононд хавх тавьсан. Хавх тавьсан өдрөөсөө хойш 2 хоногийн дараа шалгахад байгаагүй гэсэн. Тэгээд чононы мөр их байсан болохоор мөрдөөд явахад уул даваад модруу орсон тэгээд мөрийг нь хэрчээд /боогоод/ уулын доогуур явж байхдаа Сыг дуудаж хамт зүрхэн шилээр давж хилийн торны хажууд ирэхэд тор унасан хэсгээр чонын мөр голын чиглэлд явчихсан байсан болохоор араас мөрдөж мөсөн гол дээгүүр гараад модны шугуй руу орсон мөрөө алдсан. Энэ үед хил давснаа мэдээд Арын Буудалд байгаа Рийнд гэр лүүгээ явсан гэж хэлсэн. Тэгээд улсын хил хууль бусаар нэвтэрснээ хүлээн зөвшөөрсөн. ...Хилийн 266 дугаар тэмдгийн чиглэлд улсын хилийн шугам нь инженерийн торон саадыг даваад Цэргийн голоор ОХУ-ын талтай хиллэдэг. Дараа нь С гэгчийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орой цагаа санахгүй байна. Ангийн байрлалд дуудаад асуухад “би Бтай хамт явсан нь үнэн гэхдээ улсын хил зөрчөөгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр оройгоо ул мөр балрахаас сэргийлж хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Бг авч явсан газар орныг заалгахад улсын хилийн 270 дугаар тэмдгийн баруун талаар 300 метр газраар хил зөрчсөн ул мөрийг үзүүлээд энэ хэсгээр явсан гээд хилийн 266 дугаар тэмдгийн чиглэлд ОХУ-ын талаас орж ирсэн 2 ул мөрийг зааж үзүүлээд энэ хэсгээр хил нэвтэрч орж ирснээ хэлсэн. Сыг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дуудаж хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд мэдүүлэг авахад улсын хил хууль бусаар нэвтэрснээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нутгийн гүний чиглэлд сөрөг мөрдөлт хийхэд Улаан хад нэртэй газарт Сын гэрийн чиглэлээс 1 адууны мөр ирээд, Бн гэрийн чиглэлээс 2 адууны ул мөр ирж нийлээд Зүрхэн Шилийн зүг буюу улсын хилийн зүг явсан ул мөр илрүүлсэн. Бн зүгээс ирсэн 2 адууны ул мөрийг мөрдөхөд Дэлгэр гэх айлын хотонд ирсэн ба уг адууны мөр ямар учиртай талаар асуухад Б, Б нар манай хөрөөг авч ирчхээд цэргийн голын айлуудаар орно гээд явсан гэж хэлсэн. Тэгээд заставын байрлалд ирсэн. Намайг сөрөг мөрдөлт зохион байгуулж байх үед ОХУ-тай ул мөр хүлээлцэж байсан энэ үед ОХУ-ын талд 3 адууны ул мөр илэрч түүнийг хүлээлцсэн талаар сонссон. Түүнээс хойш манай уулзалтад оролцсон алба хаагч нар Б, С нараас мэдүүлэг авахад хамт явсан Б гэх хүний нэрийг хэлсэн.” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 109-111-р хуудас/,
- Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 40-р хуудас/,
- Эрх бүхий албан тушаалтны хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын бүдүүвч зураг /хавтаст хэргийн 57-58-р хуудас/,
- Улсын хилийн дэглэм зөрчигчдийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 65-72-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримт болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын явцад иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Монгол Улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.” мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д “хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн этгээдийг хил зөрчигч гэнэ” гэж тус тус заажээ.
Монгол Улсын хилээр орох, гарах журмыг зөрчих, боомтгүй газраар сэм /нууцаар/ орох, гарах үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгч Ц.С, Ц.Б, О.Б нар нь чоно авлах зорилгоор бүлэглэн, морин уналга ашиглан 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийн 270 дугаар тэмдгийн баруун талаар 300 метр газраар Оросын Холбооны Улсын тал руу хил нэвтэрч, улмаар Монгол Улсын хилийн 266 дугаар тэмдгийн чиглэлээр буцаж Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ц.С, Ц.Б, О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.С, Ц.Б, О.Б нар нь өөрсдийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан иргэний нэхэмжлэгчид шүүгдэгч Ц.С, Ц.Б, О.Б нар нь 646.588 төгрөг төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон иргэний нэхэмжлэгч Ц.Бодо шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...хохирол төлбөр бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч Ц.С, Ц.Б, О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.С, Ц.Б, О.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй тул холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нарт прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Ц.С, Ц.Б, О.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүр 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.С, Ц.Б, О.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан “Ширээтэй од” тамгатай хүрэн зүсмийн морь 1, “Галтай дөлөн” тамгатай хүрэн зүсмийн морь 1, “Ширээтэй дором” тамгатай цавьдар зүсмийн гүү 1, нийт 3 тооны адууг тус тус улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 3 ширхэг хуучин орос эмээл, 4 ширхэг хуучин тохом, 3 ширхэг хуучин хазаар зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож,
Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт .Ц С, Ш овогт Цгийн Б, А овогт О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.С, Ц.Б, О.Б нарыг тус бүр 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С, Ц.Б, О.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С, Ц.Б, О.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Ц.С, Ц.Б, О.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, тэднээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 3 ширхэг хуучин орос эмээл, 4 ширхэг хуучин тохом, 3 ширхэг хуучин хазаар зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.С, Ц.Б, О.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга ашигласан Ширээтэй од” тамгатай хүрэн зүсмийн морь 1, “Галтай дөлөн” тамгатай хүрэн зүсмийн морь 1, “Ширээтэй дором” тамгатай цавьдар зүсмийн гүү 1, нийт 3 тооны адууг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С, Ц.Б, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ