| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/0020/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/19 |
| Огноо | 2025-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо,
Улсын яллагч М.Алтангэрэл,
Шүүгдэгч М.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мт холбогдох 2524000060014 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .,
Д овогт М.М, регистрийн дугаар:,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Мыг хохирогч Б.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч М.М нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Завхан аймаг, Тосонцэнгэл сум, Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд хохирогч Б.Дыг заамдаж, улмаар тонгорч унагаж түүний биед баруун хөмсөгний дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал шарх, баруун хацрын төвгөр, хүзүүний баруун урд, нурууны баруун ар хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун мөрний дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал үүсгэн, хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хохирогч Б.Дын “...Би 2024 оны 12 дугаар сарын 07-ны оройн 20 цагаас 21 цагийн үед 4 найзынхаа хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрлах “...” гэх нэртэй баар луу орсон. Тэндээ найзуудтайгаа архи, пиво уусан. Тэгээд надтай цуг явж байсан гэх найзууд маань “явлаа” гэж хэлж байсан. Тэр үед би “аан за” гэж хэлээд би хэсэг байж байгаад гэр рүүгээ явна гэж хэлээд найзуудаа гаргаж өгсөн. Тэгтэл баарны коридор хэсэгт тухайн баарны ажилтан залуу нэрийг би сайн мэдэхгүй байна. Тухайн залуу нь коридорын хэсгийг арчиж байсан. Тэгээд намайг энүүгээр явж болохгүй гээд хэлж байсан. Тэгээд бас намайг тооцоогоо хийгээрэй та нэлээн согтсон байна гэж хэлсэн. Түүнээс өөр зүйл би санахгүй байна. Тэр үед би их согтсон байсан учир хүн амьтантай маргалдаж, барилцаж авснаа санахгүй байна. Тэгээд намайг баарны гадаа манай найз Ганчимэг миний нүүр хэсэгт цус болсон байсныг нойлын цаасаар арчиж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/,
- Гэрч П.Г “...Тухайн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 01 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт үйл ажиллагаа явуулдаг “....” гэх нэртэй бааранд үйлчлүүлж байсан гэх найз над руу яриад “ирээд аваач” гэхээр нь би тухайн баарны гадаа очсон. Тэгтэл тухайн баарны хаалганы үүдээр текний залуу заамдчихсан аваад гараад ирсэн. Тэгсэн чинь Д текний залуу нааш нь цааш болгож байгаад текний залуу тонгороход Даваажаргал газарт унаад босож ирэхэд нүдний хэсэгт нь улаан зураас гарсан байсан. Тэгээд нэлээн сайн хартал тухайн газраас нь цус гараад байхаар нь би баарны нойл руу ороод нойлын цаас авч гарч ирээд Д өгсөн. Тэгээд би буцаж ороод найзыг авч гарч ирэхэд нөхөр нь ирсэн байсан болохоор тэндээсээ шууд гэр лүүгээ явсан. Тэр үед Д цусыг арилгана гээд баар луу нэг залуу аваад орсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-р хуудас/,
- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Сэргэлэнбаярыг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0000000020 дугаартай “... 1. Б.Дын эрүүл мэндэд (баруун хөмсөгний дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал шарх, баруун хацрын төвгөр, хүзүүний баруун урд, нурууны баруун ар хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи) баруун мөрний дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал хохирол тогтоогдлоо.
2. Учирсан хохирол нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ хохирол байна.
3. 2024 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой хохирол байна.
4. Иргэн Б.Дын эрүүл мэндэд учирсан хохирол нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ хохирол байна. Баруун хөмсөгний дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал шарх, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал хохирол нь дан дангаараа болон нийлээд хохирлын хөнгөн зэрэгт бусад хохирол нь хохирлын зэрэгт хамаарахгүй.
5. Тухайн хохирлууд нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/,
- Завхан аймаг, Тосонцэнгэл сум, Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” баарны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч М.М нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Завхан аймаг, Тосонцэнгэл сум, Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” бааранд хохирогч Б.Дыг заамдаж, улмаар тонгорч унагаж, түүний биед баруун хөмсөгний дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал шарх, баруун хацрын төвгөр, хүзүүний баруун урд, нурууны баруун ар хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун мөрний дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал үүсгэн, хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.М нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
-Хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч М.М нь хохирогч Б.Дд 500,000 төгрөг бэлнээр өгсөн, эрүүл мэндийн даатгалын санд 42,375 төгрөгийг төлсөн баримт, хохирогч Б.Д нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлэг, тайлбар өгсөн байна. Мөн хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар өгсөн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй тул холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, мөн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хэрэгт хавсарган ирүүлсэн СД дискийг хэргийн хамт хадгалж,
түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн СД дискийг хэргийн хамт хадгалсугай.
6. Шүүгдэгч М.Мт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ