| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2017/02838/И |
| Дугаар | 101/ШШ2017/03359 |
| Огноо | 2017-10-25 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2017/03359
| 2017 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2017/03359 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххх нэхэмжлэлтэй
М.Бийн илүү хугацаагаар ял эдлүүлсэн 3 жил, 7 сар, 4 хоног буюу 1311 хоногийн 1 өдрийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тооцон 251.712.000 төгрөг, сэтгэл санаа, бие махбодийн хохирол 100.000.000 төгрөг, нийт 351.712.000 төгрөгийг төрөөс гаргуулан М.Бэд олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг,
Төрийг төлөөлж Баянзүрх дүүргийн прокурорын газрын ахлах прокурор П.Мөнхцэцэг,
Иргэдийн төлөөлөгч Ц.Жавзансүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хүний Эрхийн Үндэсний Комисст иргэн М.Б 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гомдол ирүүлсэн бөгөөд уг гомдолдоо Миний бие Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд ялаа эдэлж байх хугацаанд 2008 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж, шүүхээс надад оногдуулсан хорих ялын хэмжээг 10 жил хүртэл хугацаагаар багасгаж, хуулийн тэгшилгэлд хамруулах боломжтой болсон. Гэтэл Эрүүгийн хуульд оруулсан дээрхи нэмэлт өөрчлөлтийн дагуу намайг 2016 он хүртэл хуулийн тэгшитгэлд хамруулахгүй хохироосон. Өөрөөр хэлбэл 10 жил хорих ял эдлээд миний хорих ялын хугацаа дуусах ёстой атал 13 жил, 7 сар, 4 хоногийн хорих ялыг биечлэн эдэлсний дараа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 541 дугаар магадлалаар хуулийн тэгшитгэлд хамруулж хорих ангиас сулласан.
Миний бие 2008 оны Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хуулийн тэгшитгэлд хамрагдаж 10 жилийн хорих ялаа эдлээд хорих ангиас суллагдах байтал миний эрх зүйн байдлыг дордуулж халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж 3 жил, 7 сар, 4 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж бие махбодь, сэтгэл санааны хувьд ноцтой хохироосонд гомдолтой байгаа тул төрөөс хохирлыг барагдуулахад намайг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж өгнө үү. Сэтгэл санаа, бие махбодын хохиролд 100.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн байсан.
Комиссоос гомдлын дагуу холбогдох ажиллагааг явуулж эрх бүхий байгууллагаас лавлагаа, баримт материал гаргуулан авч судлахад Хөвч овогт Мадаагийн Бийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу иргэн Мадаагийн Бэд учирсан хохирлыг төрөөс гаргуулахаар түүнийг төлөөлөн дараахь нэхэмжлэлийг гаргаж байна.
М.Б нь 2003 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороонд оршин суух, С.Чулуунцэцэгийг онц харгис хэрцгий аргаар олон удаагийн үйлчлэлээр биед нь хүндэвтэр гэмтэл учруулан санаатай алахыг завдсан гэмт хэрэгт Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дах хэсгийг журамлаан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн байна.
М.Б нь Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 157 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 24 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 гэснийг нэмж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, М.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд Улсын Дээд Шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 250 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Ийнхүү ялтан М.Б нь 2004 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2004 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа чанга дэглэмтэй Хорих 409 дүгээр ангид, 2005 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяах чанга дэглэмтэй Хорих 413 дугаар ангид, 2008 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баян сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа чанга дэглэмтэй Хорих 415 дугаар ангид, 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа чанга дэглэмтэй Хорих 409 дүгээр ангид тус тус нийт 13 жил, 7 сар, 4 хоногийн ял эдэлсэн байна.
2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын гуравны хоёроос хэтрэхгүй байна гэсэн заалтыг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээг тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна гэж нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа чанга дэглэмтэй Хорих 409 дүгээр ангийн саналыг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Л.Цогтхүү нь ялтан Хөвч овогт Мадаагийн Бийн ялыг хулийн тэгшитгэлд хамруулах тухай дүгнэлтийг 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байх боловч тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 21 дүгээр захирамжаар ялтан М.Бэд оногдуулсан хорих ялыг хуулийн тэгшитгэлд хамруулах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 21 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн прокурор, төрийн хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Амгаланбаатар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна гэж нэмэлт өөрчлөлт оруулсан талаар захирамжид дурьдсан атлаа 2005 онд буюу өөрөөр хэлбэл 2008 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлт ороогүй байх үед шийдвэрлэсэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүдийн шийдвэрийг үндэслэлээ болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.4 дэхь хэсэгт Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг багасгасан тохиолдолд урьд нь үүнээс дээгүүр ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шүүх уг доод хэмжээнд нийцүүлэн хасна гэсэн заалтыг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэглээгүй байна гэх үндэслэлээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 8 тоот эсэргүүцэл бичжээ.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 541 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 21 дүгээр захирамжийн 1 дэх заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар ялтан М.Бэд оногдуулсан хорих ялыг хуулийн тэгшитгэлд хамруулах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.4, 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дахь хэсгүүдэд зааснаар М.Бэд оногдуулсан хорих ялыг 10 жил хорих ял болгон өөрчилж, хуулийн тэгшитгэлд хамруулж, 13 жил, 7 сар, 4 хоног хорих ялыг биечлэн эдэлсэн байх тул нэн даруй суллах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. Үүнийг үндэслэн ялтан М.Бийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 409 дүгээр ангиас суллажээ.
Ийнхүү Хөвч овогт Мадаагийн Бийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу хуулийн тэгшитгэлд хамруулаагүйгээс түүнийг 3 жил, 7 сар, 4 хоног хууль бусаар илүү хугацаагаар ял эдлүүлж түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг ноцтойгоор зөрчсөн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т ... иргэн нь бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх ажилллагааны явцад хэрэгт бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийг хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах талаар тус тус заасан байна.
Иргэн М.Б нь 15 жилийн хорих ялын гуравны хоёр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээг тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна гэж зааснаар 10 жил болж биеэр 13 жил, 7 сар, 4 хоног чанга дэглэмтэй хорих ангид ялыг эдэлсэн байх ба хууль бусаар илүү хугацаагаар 3 жил, 7 сар, 4 хоног ял эдэлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт цагдан хоригдсон этгээдэд торгох буюу тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг үндсэн ялын чанартай оногдуулсан бол цагдан хоригдсон хугацааг харгалзан шүүх уг ялыг хөнгөрүүлэх буюу ял эдэлсэнд тооцож болно. Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж торгох ялаас хасч тооцно гэж заажээ.
Иймд М.Бийн илүү хугацаагаар ял эдэлсэн 3 жил, 7 сар, 4 хоног буюу 1311 хоногийн 1 өдрийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тооцож нийт 251.712.000 төгрөг, сэтгэл санаа, бие махбодийн хохиролд 100.000.000 төгрөг, нийт 351.712.000 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн нь М.Бийн илүү хугацаагаар ял эдлүүлсэн 3 жил, 7 сар, 4 хоног буюу 1311 хоногийн 1 өдрийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тооцон 251.712.000 төгрөг, сэтгэл санаа, бие махбодийн хохирол 100.000.000 төгрөг, нийт 351.712.000 төгрөгийг төрөөс гаргуулан М.Бэд олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор М.Бийг бусдыг санаатай алахыг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дахь хэсгүүдэд зааснаар 15 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7, 52.10 дахь хэсгүүдэд зааснаар М.Бэд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар М.Бээс 593.900 төгрөг гаргуулж хохирогч С.Чулуунцэцэгт олгож, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар М.Бийн 455 хоног цагдан хоригдсоныг эдэлсэн ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтгүй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 157 дугаар магадлалаар Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахв заалтад Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 гэснийг нэмж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 250 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 157 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба М.Б нь уг хорих ялаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 409 дүгээд ангид эдэлж байгаа гэжээ.
Нийслэлийн прокурорын газраас Хорих 409 дүгээр ангиас ирүүлсэн саналыг үндэслэн ялтан М.Бийг хуулийн тэгшитгэлд хамааруулах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр прокурорын тогтоол үйлдэж материалыг шүүхэд хүргүүлсэн ба Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 21 тоот захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар ялтан М.Бэд оногдуулсан хорих ялыг хуулийн тэгшитгэлд хамруулах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон байна.
Дээрхи захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаар эсэргүүцлийг үндэслэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт Гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна гэж өөрчлөлт орсон ба уг өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ нь 10 жил байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг багасгасан тохиолдолд урьд нь үүнээс дээгүүр ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шүүх уг доод хэмжээнд нийцүүлэн хасна гэж заасан тул ялтан М.Бэд оногдуулсан хорих ялыг 2008 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр хуулийн тэгшитгэлд хамааруулах үндэслэлтэй гэж үзэн ялтан М.Б нь 13 жил, 7 сар, 4 хоног хорих ялыг биечлэн эдэлсэн тул түүнийг нэн даруй суллах нь зүйтэй гэж үзжээ.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 541 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 21 дүгээр захирамжийн 1 дэх заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар ялтан М.Бэд оногдуулсан хорих ялыг хуулийн тэгшитгэлд хамруулах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.4, 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дахь хэсгүүдэд зааснаар М.Бэд оногдуулсан хорих ялыг 10 жил хорих ял болгон өөрчилж хуулийн тэгшитгэлд хамруулсугай гэж өөрчлөн М.Бийг нэг даруй суллажээ.
/ХХ-ийн 12-27, 45-49 дүгээр тал/
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй батлагаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэгт бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасан тул М.Бэд учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
М.Б нь гэмт хэрэгт холбогдох үед эрхэлсэн ажилгүй байсан тул түүний 3 жил, 7 сар, 4 хоног буюу 1311 хоногт ногдох орлогыг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох үндэслэлтэйгээс гадна М.Бэд сэтгэл санааны хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй тул сэтгэл санааны хохирлыг мөн 3 жил, 7 сар, 4 хоног буюу нийт 1311 хоногт тооцон, хохирлыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 1142.85 төгрөг буюу сард 192.000 төгрөгөөр тогтоосон байх тул М.Бэд учирсан хохирлыг 1 сард 192.000 төгрөгөөр тогтоон нийт 16.512.000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж М.Бэд олгох үндэслэлтэй.
1311 хоног /30 хоног=43 сар
43 сар*192.000 төгрөг=8.256.000 төгрөг
8.256.000 төгрөг+8.256.000=16.512.000 төгрөг.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 16.512.000 төгрөг гаргуулан М.Бэд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 335.200.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 16.512.000 төгрөг гаргуулан М.Бэд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 335.200.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.9. 41.1.11-т зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ
Д.ЦЭРЭНДОЛГОР