| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/0021/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/20 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгч С.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.От холбогдох 2524000000012 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ш овгийн С.О, регистрийн дугаар,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.О нь хохирогч Н.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч С.О нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр З..................... байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Гтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг гэрийн баганын дэр модоор толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд зүүн чамархайн урд, дунд, ар дээд хэсгүүдэд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- Хохирогч Н.Г “...2025 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө би Оын гэрт хоносон. Өглөө 09 цагийн үед Оын ах Б тэдний гэрт ороод ирэхээр нь О ахаасаа 50.000 төгрөг бэлнээр авсан. Ах нь удалгүй гэрээс нь гараад явсан. Удалгүй Оын эхнэр Б мөн эмнэлэг рүү явсан. Бид хоёр дэлгүүр орж 0.75 литрийн хэмжээтэй Хараа архи 2 шилийг авчраад Оын гэрт уусан. Өдөр Оын эхнэр ирэхээр нь бид гурав халуун усанд очиж орсон. Усанд орчхоод О бид хоёр гэр рүүгээ яваад үлдсэн 1 шил архиа уусан. Тэгтэл О унтаад өгсөн. Би ганцаараа нөгөө архинаас уугаад сууж байсан. Тэгтэл Б гаднаас орж ирэхээр нь түүнд 3-4 хундага архи хийж өгсөн. Тэгтэл О сэрэхээр нь түүнтэй архиа хувааж уусан. Тухайн үед эхнэр нь тамхи татаж үзнэ гээд байхаар нь би загнасан. Тэгтэл О эхнэрээ өмөөрөөд надтай маргалдсан. Би тухайн үед гэрийн баруун талд баганын хажууд сууж байсан. О миний өөдөөс буюу гэрийнхээ зүүн талд сууж байсан. Тэгээд О эхнэрийгээ өмөөрөөд надтай барьцалдаж авахаар нь бид хоёр ноцолдоод гэрийн баганын баруун талд унасан. Тэгтэл О надтай ноцолдож байхдаа гэрийн баруун талын баганан эвүүр модоор миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд бид хоёр салаад би гэрээс нь шууд гараад явсан. О гэртээ ганцаараа үлдсэн. Бид хоёр маргалдаад барьцалдаж эхлэхэд Б айгаад гэрээс гараад явсан. Дахиж орж ирээгүй. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Гэхдээ яаж зодуулж байснаа санаж байна. Би тэдний гэрээс гарч яваад өөр хүн амьтантай маргалдаагүй, зодолдоогүй. О миний толгой руу баганын эвүүр модоор цохисны дараа миний толгойноос цус гарч байсан. Ийм асуудал болсон. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёрын хэн хэн нь архи уусан болохоор согтуу байсан. Би Оын эхнэрийг загнасан. Түүнээс болоод л зодоон эхлэх шалтгаан болсон. Бид хоёр өмнө нь бол хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаагүй, их л сайхан эвтэй байсан. Архинаас болоод л ийм зүйл боллоо... Би эмнэлэг ороод толгойдоо 3-4 газарт оёдол тавиулсан. Дээрх гэмтлийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны орой О нь өөрийнхөө гэрт гэрийн баруун талын баганын эвүүр модоор миний толгой руу хэд хэдэн удаа цохиж дээрх гэмтлийг учруулсан. Би Оаас өөр хүнтэй хэрэлдэж маргалдаагүй. Оыг цохиж зодоогүй. Зодоон болохоос өмнө Б байсан. Бид хоёрыг барьцалдаад эхлэхээр гэрээс гараад явсан. Тэгээд О бид хоёр л гэрт үлдсэн. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 17-18-р хуудас/,
- Гэрч Ж.Б “...2025 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө манай нөхөр О, Г хоёр модонд яваад ирсэн. Өглөө нь би босоод галаа түлээд байж байхад Б ах манайд ирсэн. Тэгээд түүнээс архины мөнгө аваад манай нөхөр О, Г ах 2 шил 0.75 литрийн Хараа аваад намайг өглөө 10 цагт гэрээс гарах гэж байхад тэр хоёр уугаад үлдсэн. Б ах тэр хоёрыг модонд авч явна гэж байснаа болиод орхиод явсан. Би өдөр 12 цагийн үед гэртээ очиход тэр хоёр эхний 1 шил архи талаас нь нэлээн доошоо оруулсан байсан. Би тэр хоёртой юм ярьж байснаа 14 цагийн үед халуун усанд бид гурав явж орсон. Тэр хоёр усанд орчхоод гэр рүүгээ явсан. Би гадуур явж байгаад орой 16 цагийн үед гэртээ ирэхэд О унтчихсан, Г ах үлдсэн 1 шил архиа задлаад ганцаараа ууж байсан. Г ах ганцаараа ууж байснаа Оыг татсаар байгаад сэрээсэн. Г ах үлдсэн архиныхаа талыг нь ганцаараа уусан. Би тэр архинаас нь 3-4 хундага л уусан. Тэгээд орой 18 цагийн үед бид гурав дэлгүүр ороод 0,75 литрийн хэмжээтэй Агар архи худалдаж авсан. Архи ууж байхдаа Г намайг ийм нөхөртэй сууж байгаадаа баярлаж яв, жиймаа минь, жижигхэн пизда минь гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь О та одоо болиоч яах гэж хүүхэн шиг шалчигнаад байгаа юм бэ? гээд уурласан. Тэгээд намайг хоол хий гэхээр нь би хийхгүй гэсэн. Тэгтэл арчаагүй гээд намайг дахиад хэл амаар доромжлоод байхаар нь О арчаагүй пизданууд би Гоо дагуулаад яв зайл гэсэн. Тэгтэл Г дуугүй болохгүй намайг хэл амаар доромжлоод байсан. Би тэр үед цуйван хийгээд эхлээд От аягалаад өгтөл О гэнэтхэн уурлаад аягатай хоолоо шидээд хагалсан. Тэгээд намайг өмөөрөөд Г ах руу би өдөржингөө тэвчлээ, та одоо болиоч гээд түүнтэй барьцалдаад авсан. Тэгтэл Г ах Отай гэрийн баруун талын баганын хажууд ноцолдож байснаа доороо хийгээд дээр нь гараад суусан. Тэр үед гэрийн багана тулаас модноосоо салсан. Би тэр хоёрын зодолдлоо гэж бодоод айгаад гэрээс гарсан. Би гэрээс гараад гудамжинд хэсэг байж байгаад буцаад ороход Г ах гэрээс гараад явсан. Манай нөхөр О гэрийнхээ зүүн талын орон дээр гар утсаа бариад сууж байсан. Тэгснээ намайг би боолгуулж байхад чи салгалгүй хаяад гараад явлаа гээд уурлаад байсан. Би нөхрөөсөө тухайн үед юу болсон талаар нь айгаад асуугаагүй. Ямар ч байсан тогоотой хоол асгарчихсан байхаар нь асгарсан хоолыг нь цэвэрлээд хогийн саванд хийсэн. Нөхөр гэрийнхээ хоёр баганын тулаас моднуудыг нь хийсэн. Тэгээд бид хоёр орондоо ороод унтсан. Би Г ахыг буцаж хэзээ гэрт орж ирснийг бол мэдэхгүй. Манай нөхрийн биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Харин тухайн үед өмссөн байсан хувцас нь урагдсан байсан. Гэрт бол ямар нэгэн цус нөж болсон зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 20-21-р хуудас/ ,
- Гэрч П.Ц “... 2025 оны 01-р сарын 20-ны өдөр 22-23 цагийн үед байх нөхрийгөө айлаас авах гээд явж байхад зүс таних Г хүнд зодуулсан байдалтай гудамжинд тааралдсан. Тэгээд түүнээс юу болсон талаар асуухад Оын гэрт түүнтэй хамт архи уусан. Тэгээд хоорондоо маргалдаад миний толгойг хагалсан гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Тэгтэл очих айл байхгүй хүргээд өгөөч гэхээр нь би хүүхэдтэйгээ хамт Оын гэрт хүргэж өгөөд гэрт нь оруулах гэсэн боловч О хаалгаа тайлж өгөөгүй. Тэгэхээр нь түүнийг гэрийнх нь үүдэн дээр үлдээгээд цагдаад дуудлага өгсөн. Өөр надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Н.Г нь согтуу байсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 24-26-р хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Ц “...Хохирогч Н.Г / / нь эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авч байсан эсэхийг программаас шалгаж үзэхэд 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 127.072 төгрөгийн тусламж үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас 1 удаа түүнд олгосон байгаа. Н.Г гэх хохирогчид өнөөдрийн байдлаар эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний зардалд 127.072 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан боловч дээрх иргэн өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрөө буцааж төлөөгүй байна...Гэм буруутай этгээдээс хохирогчийн эмчилгээний зардалд гарсан дээрх төлбөрийг буцааж гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгомоор байна...” гэх мэдүүлэг / хавтас хэргийн 109-11-р хуудас/
- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Сэргэлэнбаярын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0000000064 дугаартай “... 1. Н.Г эрүүл мэндэд зүүн чамархайн урд, дунд, ар дээд хэсгүүдэд шарх хохирлууд тогтоогдлоо.
2. Учирсан хохирлууд нь хатуу мохоо зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хохирол байна. Тухайн хохирлууд нь дан дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.
3. Н.Г эрүүл мэндэд учирсан хохирлууд нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хохирлууд байна.
4. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Н.Г эрүүл мэндэд учирсан хохирлууд нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 02-07-р хуудас/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч С.О нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Хайрхан” багт байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.Гтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг гэрийн баганын дэр модоор толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд зүүн чамархайн урд, дунд, ар дээд хэсгүүдэд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.О нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч С.О нь эрүүл мэндийн даатгалын санд 127,072 төгрөгийг төлсөн баримт, хохирогч Н.Г нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлэг, тайлбар өгсөн байна. Мөн хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар өгсөн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүх шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй тул холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, мөн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 0,75 литрийн “Хараа” архины шил 1 ширхэг, дотроо шингэн агууламжтай 0,75 литрийн “Агар” архины шил 1 ширхэг, 12х6,5х4,5 хэмжээтэй шар өнгийн будагтай дөрвөлжин мод 1 ширхэг, хар өнгийн фудболк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч С.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 0,75 литрийн “Хараа” архины шил 1 ширхэг, дотроо шингэн агууламжтай 0,75 литрийн “Агар” архины шил 1 ширхэг, 12х6,5х4,5 хэмжээтэй шар өнгийн будагтай дөрвөлжин мод 1 ширхэг, хар өнгийн фудболк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч С.От өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ