| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 164/2024/0040/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/68 |
| Огноо | 2025-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар ахлах прокурор Б.Түвшинтөр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Шүүгдэгч З.Х, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч З.Х-т холбогдох 2416001010004 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: З-ын Х.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч З.Х нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Д.Э-тай Х-ын эхнэр Н-ыг пизда гэж хэлснээ өөрийн зөв гэх байдлаар шалтаглан маргалдаж улмаар Х-ын гэрээс гарч Д.Э-ыг газарт унаган дээрээс нь дэвсэж, цохиж түүний биед зулай, дух хэсгийн хуйханд цус хуралт, духны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун далны доод хэсэг, баруун ташаан толгойн ар дээд хэсэг, баруун тохой, зүүн тохой, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.Х нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Д.Э-тай Х-ын эхнэр Н-ыг пизда гэж хэлснээ өөрийн зөв гэх байдлаар шалтаглан маргалдаж улмаар Х-ын гэрээс гарч Д.Э-ыг газарт унаган дээрээс нь дэвсэж, цохисны улмаас хохирогч Д.Э-ы эрүүл мэндэд зулай, дух хэсгийн хуйханд цус хуралт, духны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун далны доод хэсэг, баруун ташаан толгойн ар дээд хэсэг, баруун тохой, зүүн тохой, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн өглөө манай хүүгийн шүд өвдөөд байсан тул эмнэлэг дээр очиж дугаар авч эмчид үзүүлчхээд гэртээ очоод 12 цаг 30 минутын үед манай байгууллага зугаалгад явах гээд байна. Би явлаа гээд машинаа хашаанд тавьчхаад гэрээс ажлын газрын хүн болох Балсан гэх хүн ирээд аваад явсан. Тэр өдрийнхөө 20 цагийн үед би утас руу нь залгасан чинь бид нар одоо зуухан дээр орж ирж байна гэж хэлсэн. Би 21 цагийн үед залгаад чи ирэх болж байна уу гээд асуухад одоо очлоо гээд гэртээ ирсэн. Талийгаач гэртээ орж ирээд цай уучхаад байгууллагынхаа шилдэг ажилтан боллоо гээд цом авч ирсэн. Манай хүн гэртээ сууж байтал ажлынх нь газрын хүмүүс бололтой хэзээ ирэх гэж байна, чи гарах болж байна уу гээд залгаад байсан болохоор ажлын хүмүүстэйгээ уулзлаа, жоохон сууж байгаад ирье гэж хэлээд гараад явсан. 23 цаг 30 минутын үед нөхрийнхөө утас руу залгаад хаана явж байна гээд ярихад цаана нь хүмүүсийн дуу дуулах чимээ сонсогдож байсан. Манай нөхөр би гадаа тамхи татаж байна. та 3 унтаж бай би удахгүй яваад очно гээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 53-54-р хуудас/,
2. Гэрч Д.Х-ын 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х-ын гэрт нь очиход Б, түүний эхнэрийн хамт Г караокед очсон. Бид 3-г Г караокед очиход тэнд Х түүний эхнэр Б, А, Д, Э, Б, түүний эхнэр Б, Б, Б-ийн эхнэр гээд хүмүүс байсан. Тэндээ 0.75 литрийн соёрхол нэртэй архи аваад манай эгч Б, ээс бусад нь уусан. Нэмж 3 ширхэг 0.5 литрийн соёрхол архи аваад тэрийгээ уусан. Караокеноос гараад Х-ын гэрт алхаж очсон. Тэнд очсон чинь Х гэрээсээ ногоон шилтэй архи гаргасан бөгөөд тэр архийг ууж байтал Х, Э нар муудалцаад Х босож ирэхдээ айлын баруун дээд талын 2 ширхэг унийг татаад хугалчихсан. Би тэр айлаас Х ахыг тэврээд гарсан. Гадаа гараад ирэхэд Э гараад ирчихсэн байсан. Гадаа гарч ирээд Х, Э 2 зодолдоод Х ах Э-ыг унагаад дээрээс нь цээж хэсэг рүү нь 2 удаа дэвссэн. Тэгээд Э ах газар уначхаад босож ирэхгүй байсан. Х дээрээс нь зодох гээд байсан болохоор Б , эхнэртэйгээ.Х эхнэртэйгээ талийгаачийг гэрийн хойд талд авч очсон. Гэрийн хойд талд авч очиход миний бие өвдөөд байна гээд босож ирэхгүй байсан. Х айлд агсам согтуу тавьж байгаад явсан. Би Х, А, Б, , Б, Б-ийн эхнэр нарыг гаргаж өгчхөөд буцаад ирсэн чинь Э ахыг Х-ын гэрт оруулсан байсан. Тэгээд унтаж байгаад 03 цаг өнгөрч байхад Б, эгч Х ах гайгүй байна уу гээд асуухад унтаж байна гэж хэлсэн. Бид нарыг унтаж байтал Х гээд талийгаач намайг дуудаад байхаар нь яасан бэ гээд асуусан чинь миний цээж өвдөөд байна, гар хөл бариадах гэхээр нь би гар хөлийг нь барьж өгсөн. 06 цаг өнгөрч байхад талийгаач чимээгүй болчихоор нь харсан чинь нүүр нь хөв хөх болчихсон байсан. Тэгээд Х-ын хүүгийн найз нь дуудлага дуудаад 103-ын эмч ирээд энэ хүн чинь нас барчихсан байна гэсэн. Тэгээд өчигдөр гэрч байсан бүх хүмүүсийн дугаарт залгаж дуудаад цагдаа ирсэн. Зодоон болох үед тэр гэрт байсан хүмүүс бүгд байсан. Хаалтын зугаалган дээр Х ах, Б, Д, зуухны хүмүүстэй архи уугаад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-141-р хуудас/,
3. Гэрч Д.Х-ын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...талийгаач миний хэвлий хэсгээр өвдөөд байна гээд баруун гар нь хөдлөхгүй хөшөөд байна гээд байхад нь би гарыг нь барьж өгсөн. Тухайн зодоон шөнийн 02 цагийн үед болсон 5 минут үргэлжилсэн. Тухайн цаг хугацаанд дуудлага дуудах гээд залгаж байсан тэгээд тухайн талийгаачийн регистрийн дугаарыг асуухад мэдэхгүй байсан тэгэхэд 103-ийн сувилагч яасан хүн бэ гээд байх шиг байсан 103-ийн сувилагчтай Нямбаяр ярьсан учир сайн мэдэхгүй байна. Яг өвдсөн цаг хугацаанд ирээгүй. Талийгаач З.Х ахтай зодолдоод салгахад багтраад байна гээд алхаж чадахгүй байсан тэгээд гэрийн ард Х, Н, бид 3 гэрийн ард авч очиж гэр налуулаад суулгасан. Хашааны гадаа гарахад сүүлд шөнийн 03 цагийн үед хашааны гадаа гарахад талийгаачийн гар цээж нь өвдөөд байна гээд ахалж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143-р хуудас/,
4. Гэрч Н-ын 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр Х байгууллагын хөдөлмөрийн аварга боллоо гээд гэртээ архи уугаагүй эрүүл ирсэн. 2023 оны 05 сарын 20-нд шилжих шөнийн 01 цагийн орчим манай гэрийнхэн унтаж байхад шөнө Х руу М.Г ХХК-нд хамт ажилдаг хүмүүс очлоо гээд залгасан. Тэгээд удалгүй Х, Х гэж авгайлдаг Э, Х-ын дүү Х, өөр гурван танихгүй хүмүүстэй гэрт ирсэн. Тухайн ирсэн хүмүүс бүгд согтуу байсан. Манай нөхөр Х ногоон шилтэй архи задалж тэнд байсан хүмүүс бүгд уусан. Х, Х гэж авгайлдаг Э нар хоорондоо маргалдаад гэрээс гарахад хажууд нь байсан хүмүүс дагаад гарсан. Гэрийн баруун урд талд хоорондоо зодолдоод байгаа дуу чимээ гарч байсан. Удалгүй хажууд нь байсан хүмүүс салгаад болиулж байх шиг болсон. Манай дүү С гаднаас орж ирээд Х буюу Э ах гэрийн хойно ухаан алдаад унасан байна гэхээр нь шөнийн 02 цагийн орчим *** дугаарын утаснаас 7048103 дугаар руу залгаад зодолдож байгаад хүн ухаан алдаад уначихлаа гээд регистрийн дугаарыг нь хэлээд өгнө үү гэж миний өмнөөс хэлэхээр нь би мэдэхгүй гэхэд үнэртэй ус үнэрлүүлээд үз гэж хэлэхээр гэрт байсан үнэртэй ус аваад гэрийн хашааны гадна талд гарахад Х буюу Э газарт хэвтэж байхаар нь үнэртэй ус үнэрлүүлэхэд сэргээд ирсэн. Х буюу Э-ыг манай нөхөр Х, манай хүү **, ** гэх нэртэй хойд хашааны хүүхэдтэй хамт өргөөд гэрт оруулж ирэхэд Э бие зүгээр байна гээд хэлж байсан. Тэгээд Э манай гэрийн хойморт унтаад өгсөн. Өглөө 06 цаг өнгөрч байхад Х гэх залуу Э сонин болоод байна дуудлага дуудаад өгнө үү гэхэд манай хойд талын хашаанд байдаг Жижгээ гэх нэртэй залуу дуудлага дуудсан. Тэр үед Э гар өвдөөд байна гээд орилоод хажууд байсан Хүрэлээг гар бариад өг гээд хэлж байснаа удалгүй Э-ы царай нь хөхрөөд унасан. Тэр үед эмнэлгийн дуудлагын эмч ирээд Э-ыг үзэхэд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-146-р хуудас/,
5. Гэрч Л.Х-ын 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х юм ярьж сууж байгаад манай эхнэрт нэг юм хэлсэн, тэгсэн чинь Э тэгж болохгүй, энэ айлыг хүндлэх ёстой гээд маргалдаад эхэлсэн. Тэгж байж байгаад Х, Э нар гараад явсан. Араас нь манай гэрт байсан хүмүүс бүгд гарсан. Гэрийн гадаа Х орилоод байсан. Хэсэг байж байсан чинь манай хүү С гэрт орж ирээд Э ах ухаан алдчихлаа гэж хэлсэн. Гараад харахад Э хашааны баруун талд хэвтэж байсан. Э миний гар даагдахгүй байна гээд байсан. Талийгаачийг Б эхнэртэйгээ өргөөд гэрийн ард авч очсон. Тэгээд Х, түүний эхнэр А, Б, түүний эхнэр нар яваад өгсөн. Тэр явсан хойгуур нь С, манай хүүгийн найз, эхнэр бид нар гэрийн ард талаас өргөж, гэрийн баруун хойморт оруулж ирээд газарт гудас засаад хэвтүүлсэн. Гэрт оруулж ирээд хэвтүүлсэн чинь хурхираад унтаад өгсөн. Үүрээр ёо ёо гар гар гээд байсан. Баруун талын орон дээр сууж байсан манай хүүгийн найз энэ хүний царай сонин болоод байна гээд тэр хүүхэд 103-т залгаж ярьсан. 103-ны тусламжийн эмч орж ирээд энэ хүн нас барсан байна гэж хэлээд гараад явсан...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 150-151-р хуудас/,
6. Гэрч А.Б-ийн 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х Х-ын гэрт архи уугаад сууж байгаад айлын авгайг пизда гээд дуудсан. Тэгээд тэр хоёр маргалдаад гэрээс гарсан. Тэр хоёрыг дагаад гэрт байсан хүмүүс гараад явсан. Би гэрт сууж байхад гадаа хүмүүс Х, Э хоёрыг зодолдож байгаа гэсэн. Гараад ирэхэд Х, талийгаач хоёр барилцалдчихсан байсан. Би Х-ыг боль гээд хойноос нь татсан чинь хөлөөрөө биеийнх нь аль нэг газарт өшиглөх шиг болсон. Тэгээд цаашаа дагуулаад явж байтал буцаагаад алдчихсан. Х эргэж очоод талийгаачийг газарт унагаагаад дэвссэн, тэгээд би очоод салгаж болиулаад буцаагаад аваад явсан. Х-ын эхнэр манай эхнэр бид нар Х-ыг авч явах гэсэн боловч дийлэхгүй байсан. Бид нарын араас А ирээд арай гэж авч явсан... Өглөө гэртээ унтаж байтал Х-ын эхнэр залгаад Э нас барчихсан байна гэж хэлээд би өөрийн машинаар Х-ын гэрт Х-ын эхнэртэй нь яваад очсон...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-156-р хуудас/,
7. Гэрч Г.Б ын 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э, Х хоёр маргалдаад гарсан, араас нь бид нар бүгд салгана гээд гарсан. Э Х 2 зодолдож ноцолдоод газар уначихсан дээр доороо ороод байсан. А Х-ыг аваад урагш чиглээд явсан. Х буюу Э газар уначихсан байж байхаар нь би очоод яаж байна гэж асуухад миний бие өвдөөд байна гар даагдахгүй байна гэж байсан. Би Х-ын эхнэрт хэлээд Х-ын хүү, наана нь банди нар өргөөд гэрийнх нь араар оруулсан. Би Х дээр очиход над руу янхан, гичий, архи аваад ир гээд орилоод байсан. Тэгсэн чинь манай эхнэр Х аягүй бол чамтай зодолдоод унах юм байна хоёулаа явъя гэсэн...Х-ын хашаанаас би эхнэртэйгээ, Х түүний эхнэр, А, Б, түүний эхнэр бид нар гарч явсан. Өглөө унтаж байтал манай гэрт нэг банди орж ирээд таныг Хасаа ах дуудаж байна гээд ирсэн. Би хувцсаа өмсөөд сууж байтал Х орж ирээд Э өнгөрчихсөн байна гэсэн. Х-ын яваад очиход эмнэлгийн машин ирсэн байсан...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-161-р хуудас/,
8. Гэрч Д.Б, ий 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э-ыг гэрийн ард байхад нь очиход тамхи татаад сууж байсан тэгээд хэсэг хугацааны дараа хашааны ард хэвтэж байхад нь А ахтай цуг очоод би за яаж байна ахаа юм өвдөж байгаа зүйл байна уу 103 дуудах уу гэж асуухад талийгаачийн амнаас нь тунгалаг өнгөтэй зүйл гоожчихсон байсан тэгээд талийгаач 103 дуудаад хэрэггүй ээ ах нь зүгээр огих гээд байна гэж хэлсэн. Тэгээд А-тай Х-ыг аваад явлаа шүү гэхэд тэг тэг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 170-р хуудас/,
9. Гэрч Г.О-ын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 20-ны өглөөний 06 цаг ** хороо ** тоотод дуудлагаар очсон их яаралтайгаар очоод үзэхэд амин үзүүлэлт хэмжигдэхгүй байсан хоёр хүүхэн хараа өргөсөн хөшсөн байдалтай дээшээ харсан байдалтай байсан. Тухайн газарт хүн ухаан алдчихлаа гэсэн дуудлага мэдээлэл өгсөн байсны дагуу очсон. Тэнд байсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг анзаараагүй. Талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Архи согтууруулах ундааны зүйл ханхалж байсан...”гэх мэдүүлэг /1-р хх- ийн 173-174-р хуудас/,
10. Гэрч ***-гийн 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х **-тэй маргалдаад гэрээс гарахад гэрт байсан хүмүүсийн хамт би гарахад Х **-г газарт унгаасан дэвсэж харагдаж байсан. Манай нөхөр *** ***-ыг салгах гэтэл түлхээд ойртуулахгүй байсан. Х би ***-г гүйцээдэхье гээд хоёр дахин дэвсэж харагдсан. Тэр үед харанхуй байсан гэхдээ гудмын хойд талд байх гэрэл бүдэгхэн харагдаж байсан. ***-ыг тэнд байсан хүмүүс бүгд бариад салгахад талийгаач Х ухаангүй өөдөө хараад гэрийн баруун талд хэвтэж байхаар нь бид нар дуудлага дуудъя гэхэд Х-ын эхнэр дуудлага дуудаж байсан. ***-г өөр хүн цохиж зодоогүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 182-183-р хуудас/,
11. Гэрч ***-ын 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүлжүүлэхэд орсон ах Х ахын эхнэр Н-ыг пизда гэж хэлэхэд талийгаач ах чи айлд орж ирчхээд айлын эхнэрийг тэгж болохгүй гэж хэлэхэд эрүүлжүүлэхэд орсон ах талийгаач хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Би гадаа бие засчхаад гэр рүү орох гэхэд миний өмнөөс талийгаач ах эрүүлжүүлэхэд орсон ахын шуунаас барьсан гарч ирээд тэр хоёр гэрийн баруун урд талд хоорондоо хэрэлдэж, барилцаж аваад дээр доороо орж бие биенийгээ цохих үед манай найз С болон 3 ах тэр хоёрыг салгаж байсан. С бид 3 талийгаач ахыг хашааны гадаа бөөлжөөд хэвтэж байхаар нь өргөж гэрт оруулж ирсэн. Талийгаач ах унтаж байгаад С гэж дуудахаар нь очиход ахынх нь гар мэдээгүй байна ахынхаа гарыг бариад өгөөч гэж хэлэхэд С гарыг нь барьж өгчхөөд утсаа бариад сууж байтад Х гэж дуудахад Х ах яасан ах гээд очиход нь ахынхаа гарыг бариад өг ахыгаа доош нь харуулж хэвтүүлээд өг гэж хэлэхэд нь Х ах намайг ахын дүү доош нь харуулаад өг гэж хэлсэн. Доош нь харуулж хэвтүүлэхэд бөөлжих гээд байна гэхээр нь хажуу тийш нь харуулж хэвтүүлсэн чинь тогтох байхаар нь дээш нь харуулж хэвтүүлээд дэр өндөрлөж тавьж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 193-194-р хуудас/,
12. Насанд хүрээгүй гэрч Н.С-ын 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х ах Э ахыг түрүүлээд гараараа цохих шиг болсон Э ах бас цохих шиг болсон тэгсэн чинь Х ах Э ахыг тонгороод унагаачихсан. Тэгэхээр нь би араас очоод бариад авсан. Талийгаач унасныхаа дараа гар даагдахгүй миний бүх юм мэдээгүй болчихлоо гээд хэвтээд байсан. Э ахыг хэвтэж байгаа газраас нь манай найз Т, Х 2 гэрийн хойд талд аваачсан гэсэн...Намайг гэрт сууж байхад Хүрэлтулга ах гэрт орж ирээд хоёулаа гарах уу, Э-ыг үзэх үү гэхээр нь тэгье гээд гарсан. Тэгээд гараад гэрийн хойд талд гарсан чинь Э ах, Б ын эхнэртэй хамт зогсож байсан...Гэртээ сууж байхад Х ах болон манайд ирсэн хүмүүс яваад өгсөн. Тэр хойгуур нь Э-ыг хашааны ард талаас Т 2 хөлийг нь өргөөд, цээжнээс нь Д гэх хүн өргөөд би гэрэл тусгаа гэрт оруулж ирсэн. Э ахыг гэрийн баруун дээд хэсэгт газарт ор засаад унтуулсан. 06 цагийн үед Хүрэлтулга ах талийгаачийн хажуугаар орж хэвтэх гэснээ С энэ амьсгалахгүй байна гэсэн тэгсэн чинь ээж босож ирээд эмнэлэг дууд гээд эгчийн гар утсыг аваад Т-д өгсөн чинь Т ярьж эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 209-210-р хуудас/,
13. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Алтайбаатарын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “...1.2. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зулай, дух хэсгийн хуйханд цус хуралт, духны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун далны доод хэсэг, баруун ташаан толгойн ар дээд хэсэг, баруун тохой, зүүн тохой, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн цогцост дээд уруулын дээд хэсэг болон эрүүнд сорви гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Талийгаачийн цогцост учирсан гэмтлүүд нь нас барахад нөлөөлөхгүй. 5. Талийгаач нь архины цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ. 6. Талийгаач шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэх 22 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх- ийн 234-244-р хуудас/,
14. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Алтайбаатарын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “...1. Талийгаач Д.Э-ы цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зулай, дух хэсгийн хуйханд цус хуралт, духны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун далын доод хэсэг, баруун ташааны толгойн ар дээд хэсэг, баруун тохой, зүүн тохой, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдсон ба зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Дээрх цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаач Д.Э-ы цогцсын хүүрийн толбоны өнгө сэргэх хугацаагаар /Н.П.Туровецын аргаар/ нас барсан хугацааг тогтооход 2023 оны 05 сарын 20-ны 04 цагаас 06 цагийн хооронд нас барсан байх боломжтой байх ба нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 4.9. Талийгаачийн цогцост учирсан зулгарал, цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй. 5.6. талийгаач нь нас барах үедээ цусанд нь хөнгөн зэргийн согтолт буюу 1,4% промиллийн спирт илэрсэн ба нас барахаас өмнө талийгаачийн цусанд хэр хэмжээтэй спирт байгааг тогтоох боломжгүй. Хөнгөн зэргийн согтолт бол цусанд илэрч байгаа спиртийг промиллээр хэмжих зэрэг тогтоож байгаа аргачлал юм. харин эд эсийн шинжилгээгээр бүх эд эрхтэн хордлогын улмаас дутагдалд орсон нь харагдаж байна. 7. Эд эсийн шинжилгээгээр эд эрхтэнд хордлогын өөрчлөлт гүн илэрсэн байгаа тул амь насыг авах боломж багатай. 8. Талийгаачийн цогцост учирсан зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь ухаан алдахад нөлөөлөхгүй...” гэх 31 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт, /1-р хх-ийн 247-250-р хуудас, 2-хх-ийн 1-р хуудас/,
15. Монгол улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “...1. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын гаргасан 2023.06.23-ны өдрийн 22 тоот, 2023.08.11-ний өдрийн 31 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2. Талийгаач Д.Э-ы биед зулай, духны хуйханд голомтлог цус хуралт, дух, баруун дал, баруун ташаа, баруун зүүн тохой, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, унах нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. 5. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд байх үед нас барахаас өмнө 6 цагийн доторх хугацаанд үүссэн байх боломжтой байна. 6. Эд эсийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин болон үхэлд хүргэх гэмтлийн өөрчлөлт тогтоогдохгүй байна. 7. Урьд гаргасан шинжээчийн дүгнэлт болон цогцосны гадна үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтээс харахад талийгаач нь 2023 оны 05 сарын 20-ны 04.00-06.00 цагийн хооронд нас барсан байх боломжтой байна. 8. Цусанд 1.4% этилийн спиртийн агууламж илэрсэн нь талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсныг илэрхийлэх ба эд эсийн шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлтэд спиртийн цочмог хордлогын шинжүүд илэрсэн байна. 9. Хэргийн материалд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт болон цогцост хийгдсэн шинжилгээнээс үзэхэд талийгаачид үхэлд хүргэх боломжтой амь насанд аюултай гэмтлийн шинжүүд илрээгүй байна. Талийгаач нь спиртийн цочмог, хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан байх тул эмнэлгийн туслам үзүүлсэн ч амь насыг аврах боломж муутай байжээ...”гэх 826 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /2-р хх-ийн 5-16-р хуудас/,
16. Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “...1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №22, нэмэлт шинжилгээний № 31, материалаар хийсэн № 826 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Шүүх эмнэлгийн цогцсын шинжилгээгээр хүний дотор эрхтнүүдээс шүүх эд эсийн шинжилгээний дээж авч эд эсийн түвшинд гарсан өөрчлөлтүүдийг дүгнэж үхлийн шалтгаан болон архаг хууч өвчнийг тогтоодог. Амь хохирогчийн цогцсоос тархи, уушги, зүрх, нойр булчирхай, элэг, дэлүү, бөөр гэх цуллаг эрхтнүүдээс дээж авсан байна. 2. Шинжээч эмч нь цогцост задлан шинжилгээг хийж эд эрхтнүүдэд гарсан макро өөрчлөлт болон шүүх эмнэлгийн онош буюу амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоодог. 3.4. Шүүх эд эсийн шинжилгээгээр тархи, уушгины хаван, уушгины голомтлог цус харвалт, гуурсан хоолойн жигд бус авчилт, зүрхний булчингийн чичирхийлэл, нойр булчирхайн үхжил, цус харвалт, элэгний өөхөн хувирал, бөөрний сувганцрын үхжил зэрэг өөрчлөлтүүд нь амь хохирогчийг спиртийн цочмог хордлогын улмаас нас барсныг илэрхийлж байна. 5.6. Хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед цусанд спиртийн агууламж хамгийн өндөр түвшинд эсвэл биеэс ялгарч буй үед болон биеэс ялгарч дууссаны дараа спиртийн цочмог хордлогод орж нас бардаг. 7. Амь хохирогчид үхэлд хүргэх боломжтой амь насанд аюултай гэмтлийн шинжүүд илрээгүй байна...” гэх 148 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 46-52-р хуудас/
17. Шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “......Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг,
18. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хуралдаанд мэдүүлсэн: “...З.Х гэдэг хүн орой нь дуудаж аваад гарсан. Би энэ хүнээс л нөхрийнхөө амь насыг авна. Эд нар 11-лээ явсан байгаа. Тэгж их уусан юм бол чи ч гэсэн яагаад архины хордлого болж үхдэггүй юм. Ганцхан тэр хүнийг нь архины хордлого гээд байна. Чи ч гэсэн юмаа санахгүй байгаа биз дээ. Одоо би хоёр хүүхэдтэйгээ амьдардаг өрх толгойлсон эмэгтэй болчихлоо. З.Х-аас, М-ын хүмүүсээс болж би ийм болчихлоо. Би хохирлоо энэ хүмүүсээр барагдуулж авна. Хувцас, утсыг нь олж авмаар байна. Одоог хүртэл байхгүй. Дуудаж аваад гарсан, би энэ хүнээс л амь насыг нь авна. Ийм учраас би энэ хүнд маш их гомдолтой байна. 1,000,000 төгрөг өгсөн. Тэр хүн чинь 1,000,000 төгрөгийн амьтай хүн юм уу, 1,000,000 төгрөг өгчихөөд хохирол барагдуулсан гэдэг зүйлийг хэлж байна. Би хоёр хүүхдийг нь 18 нас хүртэл нь тэр 1,000,000 төгрөгөөр хооллох юм уу. Би хохирлоо барагдуулж авна. Одоо 2 жил болох гэж байна. Хүнд хэцүү байна...” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд дээр дурдсан шалтгаант холбоотой байхыг шаарддаг.
Хохирогч Д.Э-ы нас барсан шалтгааныг Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Алтайбаатарын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт, Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Алтайбаатарын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт, Монгол улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 826 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 148 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр “архины цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд” орж нас барсан гэж тогтоосон байх бөгөөд дээр дурдсан шинжээчийн нэмэлтээр болон дахин хийсэн дүгнэлтүүд нь өмнө гарсан амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоосон дүгнэлтүүдийг бататган нотолсон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг үнэлсэн болно.
Үүнээс үзэхэд шүүгдэгч З.Х-ын санаатай хийсэн үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь амь хохирогч Д.Э-ы нас барсан шалтгаантай хамааралгүй, уг гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй хөнгөн зэргийн гэмтэл байх бөгөөд шүүгдэгч З.Х-ын согтуурсан үедээ Д.Э-ыг газарт унаган дээрээс нь дэвсэж, цохисон үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч З.Х-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н-т 1,000,000 (Нэг сая) төгрөг төлсөн байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс оршуулгын зардалд 31,161,551 (Гучин нэгэн сая нэг зуун жаран нэгэн мянга таван зуун тавин нэг) төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, хор уршгийг тус тус нэхэмжилдэг бөгөөд шүүх тус нэхэжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж,
511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” тус тус гэм хорыг арилгах хуулийн зохицуулалтууд тусгагдсан.
Шүүгдэгч З.Х нь хохирогч Д.Э-ы биед хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд түүний амь нас хохирсонтой шалтгаант холбоогүй учир тухайн нэхэмжилсэн оршуулгын зардлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж дүгнэсэн.
Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн тухайд Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүхийн шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заажээ.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцааж хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд үүний цаад зорилго нь нийгмийн харилцааны тогтвортой байдлыг хангахад чиглэнэ.
Шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн илүү тааламжтай журмыг тогтоосон бол Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх боломжтой байна. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэхээр заагаагүй тул 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд шинээр батлагдсан хууль буцаж үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй юм.
Иймд шүүгдэгч З.Х-ын үйлдсэн хэрэг нь 2023 оны 05 дугаар сарын 19-20-ны шилжих шөнө үйлдэгдсэн тул Иргэний хуулийг буцааж хэрэглэхгүй бөгөөд сэтгэцийн хор уршгийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн оршуулгын зардал 31.161.551,97 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг хохирлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасны дагуу шүүгдэгч З.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/, шүүгдэгчийн 4 хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, хохирол 1,000,000 төгрөг төлсөн баримт зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч З.Х-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас: “...520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс “прокурорын саналыг дэмжиж”, харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгох ял оногдуулах саналыг тус тус гаргаж оролцлоо.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч З.Х нь тогтсон ажилгүй, орлогогүй байх бөгөөд түүнд торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирохгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.
Тиймээс шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч З.Х-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурор, өмгөөлөгч нарын гаргасан санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 400 (дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид З.Х-т анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч З.Х-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Х-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н-т 1,000,000 (Нэг сая) төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овгийн ***-ын ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х-ыг 400 (дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч З.Х-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлий 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн оршуулгын зардал 31,161,551.97 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг хохирлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Х-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н-т 1,000,000 (Нэг сая) төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оролцогчид шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР