Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0830

 

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0830

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Г*******,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Г.Ж******,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*********, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж***********, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц******, өмгөөлөгч Б.Б********, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******, гэрч С.А******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...1/ Нэхэмжлэгч Г.Г******* миний аав С.Г*****нь Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 565 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 500 мкв газрыг амины орон сууц барих зориулалтайгаар эзэмшиж эхэлсэн.

Газар эзэмшигчийн хувьд аав С.Г*****нь газар эзэмших эрх үүссэн 2002 оны 12 дугаар сараас хойш газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж газар эзэмших харилцаатай зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд аав С.Г*****нь 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өвчний учир нас барсан.

Улмаар 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчаас С.Г***** эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 11-1 тоот хаягт байршилтай 500 мкв газар эзэмших эрхийг өв залгамжлалын дагуу хүү Г.Г******* надад өвлөгдөж байгааг гэрчилсэн 334 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд тухайн цаг хугацаанаас эхлэн хууль ёсны өвлөгч Г.Г******* миний бие аав С.Г***** эзэмшилд байсан 500 мкв газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл дараах маргаан бүхий асуудал үүссэн.

Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 565 дугаартай захирамжаар олгогдон С.Г*****ын эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 11-01 тоотод хаягт байршилтай амины орон сууц барих зориулалт бүхий 500 мкв газрыг Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 51 дугаартай захирамж гарган иргэн Г.Ж******* давхардуулан олгосон байсан.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 51 дугаартай захирамж гарган иргэн Г.Ж******д 800 мкв газар олгохдоо С.Г***** эзэмшлийн 500 мкв газартай давхцуулан олгох шийдвэр гаргасан талаар Нийслэл, дүүргийн ямар ч байгууллага албан тушаалтнаас С.Г*****болон манай гэр бүлд мэдэгдэж байсан зүйл байхгүй бөгөөд аав С.Г*****2013 онд нас бархынхаа өмнө газар эзэмших эрхийн 0312/**** дугаартай гэрчилгээгээ гээгдүүлсэн тул Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүсэлт гарган тус газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/281 дугаартай тушаалаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн авч байсан бөгөөд энэ үед ч газрыг бусад этгээдэд давхардуулан олгосон талаар ямар ч үйл баримт бидэнд мэдэгдээгүй.

Цаашлаад Нийслэлийн зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд С.Г***** эзэмшлээс нэхэмжлэгч Г.Г******* надад өвлөх эрхийн дагуу шилжсэн 500 мкв газартай холбоотой ямар нэгэн маргаан бүхий асуудал байхгүй нэхэмжлэгчээс газрын төлбөрийг хуульд заасны дагуу төлж, Нийслэлийн Газрын алба төлбөрийг хүлээн авч газар эзэмших харилцаа хэвийн үргэлжилсээр байдаг.

Гэсэн ч хууль ёсны дагуу өвлөх эрх үүсэж газар эзэмших эрх өвлөн авсан Г.Г******* миний бие нийслэлийн Газрын албанд аав С.Г***** эзэмшилд байсан 500 мкв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахыг хүсэж удаа дараа хандсан боловч хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай захирамжтай холбон тайлбарлаж эзэмших эрхийг шилжүүлэн өгөхийг удаа дараа хойшлуулсаар байсан тул нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 01 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж гомдол гаргасан бөгөөд гомдлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ХЭГ/463 дугаартай албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад шилжүүлж Хууль зүй дотоод хэргийн яамны 2019 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 1-4/1090 дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид тус тус шилжүүлсэн байдаг.

Нийслэлийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгч Г.Г******* миний гаргасан гомдлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад шилжүүлэн улмаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын тушаалаар "...Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Г***** эзэмшиж байсан газрыг өв залгамжлалаар шилжүүлэн авах, тус газрыг бусдад давхцуулан олгож, эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр удаан хугацааны туршид төрийн байгууллагад гаргаж буй гомдлыг хянан шийдвэрлэж эцэслэн хариу өгөх зорилго бүхий..." ажлын хэсэг байгуулж гомдлын дагуу асуудлыг судалж газар нь дээр нь шалгах, шаардлагатай тохиолдолд хэмжилт хийлгэх, тус маргаанд хамаарал бүхий иргэн хуулийн этгээдээс тайлбар санал авах ажлыг удирдан зохион байгуулж ажиллахаар үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон.

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шалгалтын ажлын үр дүнг хэлэлцээд "... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн Г.Ж******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн С.Г***** Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж байсан 500 мкв газрыг иргэн Г.Г*******д хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэн шийдвэрлэх ..." дүгнэлт гаргасан бөгөөд тус дүгнэлт, шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03-06/545 дугаартай албан бичгээр Газар зохион байгуулалтын албаны даргаас даалгасан.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын зүгээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллалгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 13/970 дугаартай шийдвэр хүргүүлэх тухай албан бичгийг иргэн Г.Ж******д хүргүүлснээс өөр өнөөдрийг хүртэл ямар ч ажиллагаа хийгээгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэр, дүгнэлтийг хэрэгжүүлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн иргэн Г.Ж******д 800 мкв газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгож аав С.Г***** эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 1-11 тоот хаягт байршилтай 500 мкв газрыг хууль ёсны өв залгамжлагч Г.Г******* надад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг 2020 оны 01 дүгээр сараас эхлэн хүлээсээр байгаа болов ч хариуцагчийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлт шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх ямар ч алхам хийхгүй байгаа тул дээрх зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хууль заасан эрхийн хүрээнд Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М**********шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын "...Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлт шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай захирамжийн Г.Ж******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, С.Г***** эзэмшлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 1-11 тоот хаягт орших 500 мкв газрыг хууль ёсны өв залгамжлагч Г.Г*******д шилжүүлэн эзэмшүүлэх..." шийдвэр гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоолгохоор ажлын хэсгийн дүгнэлт гаргасны дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Засаг даргад тус тус хандаж урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ авсан бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 02-06/3934 дугаартай албан бичгээр "...Ажлын хэсгээс шалгалтын ажил явуулж дүгнэлт гаргасан талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр "...Иргэн Г.Г*******ийн өргөдлийг шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллан хариу мэдэгдэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгдэж..." тус тус шийдвэрлэсэн.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны хуралдаж тус хуралдаанаар "... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн Г.Ж******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Г***** Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг Т.Г*******хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэх.... гэсэн шийдвэр гаргаж тухайн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн "Ажлын хэсгийн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай" 03-06/545 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн байдаг. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь "Ажлын хэсгийн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай" 03-06/545 дугаартай албан бичгийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 13/970 дугаартай албан бичгээр гуравдагч этгээд Г.Ж******д ...дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн Г.Ж******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Г***** Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг Г.Г*******д хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэн шийдвэрлэх дүгнэлт гарсан... дүгнэлттэй холбогдуулан уг асуудлаар тайлбар санал байгаа иргэн тохиолдолд 2020 оны 03 дугаар сарын 10-ны дотор ирүүлнэ үү... гэх албан бичгийг хүргүүлсэн байдаг бөгөөд тухай уйл баримт нь ажлын хэсгийн шийдвэр, дүгнэлттэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр захиргааны актыг батлан гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны Шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах буюу сонсгох ажиллагааг иргэн Г.Ж******д холбогдуулан явуулсан болохыг нотлон харуулна.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэгэнт ажлын хэсгийн хурлаас гарсан шийдвэрийн хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан сонсгох ажиллагааг иргэн Г.Ж******д холбогдуулан явуулсан бол иргэн Г.Ж****** нь мэдэгдэлд дурдсан 2020 оны 03 дугаар сарын 10-ны дотор тайлбар, саналаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлэх үүрэгтэй бөгөөд тухай хугацаанд багтааж тайлбар, санал ирүүлээгүй бол сонсгох ажиллагаа бүрэн явуулсанд тооцож захиргааны актыг бичгээр гаргах хууль зүйн зохицуулалттай.

Гэтэл иргэн Г.Ж******агийн зүгээс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 13/970 дугаартай мэдэгдэлд дурдсан хугацаанд тайлбар, саналаа ирүүлээгүй байхад Баянзүрх дүүргийн Засаг дарга нь ажлын хэсгийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэн дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн иргэн Г.Ж******д xoлбoгдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж буй иргэн С.Г***** эзэмшил бүхий 500 мкв газрыг иргэн Г.Г*******д хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэх тухай захиргааны акт гаргахгүй байгаа үйлдэл нь хууль бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар ....Даалгах..." шаардлагын хууль зүйн үр дагаврыг үүсгэсэн байна.

Нөгөө талаар ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр нь тухайн захиргааны байгууллагын хувьд маргаан бүхий асуудлын талаар хууль зүйн болон бодит байдалд тулгуурлан гаргасан дүгнэлт бөгөөд хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт захиргааны актын хууль зүйн шинжийг хангаж байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас харьяалуулж шилжүүлж очсон гомдлыг Нийслэлийн Засаг дарга Газар зохион байгуулалтын албанд шилжүүлж улмаар ажлын хэсэг томилогдон дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг хариуцагч байгууллага биелүүлэх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Гэтэл дүгнэлт 2020 оны 1 дүгээр сард гараад 2 дугаар сард Нийслэлээс Газрын алба руу мэдэгдээд 3 дугаар сарын 02-ны өдөр сонсох ажиллагааны хүрээнд Г.Ж******д мэдэгдэл хүргүүлсэн гэж байна. Гэтэл нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сард гарсан дүгнэлт хэрэгжих хуульд заасан 30 хоногоо хүлээгээд дараа нь Баянзүрх дүүргийн Засаг даргаас эхлэн гомдол гаргах процесс шинээр эхэлсэн.

Тэгээд 2020 оны 9 дүгээр сард Захиргааны хэрэг үүссэн. Дүгнэлтийг хэрэгжүүлэх боломжгүй давхар шүүхээр маргаж байсан үйл баримт байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Ажлын хэсгийн хуралд оролцоогүй гэж хэлж байна. Энэ асуудлаар удаа дараа очиж мэдэгдэж байсан юм билээ. 3 дугаар сараас эхлэн хуульд заасан үндэслэлгүй захиргааны процессын ажиллагаагаа зогсоосон шүүхээс ямар шийдвэр гарах эсэхийг харж байн гэх тайлбарыг мөн үндэслэлгүй гэж үзэж байна.

Г.Ж****** газар эзэмших эрх хөндөгдөж байна гэх боловч Г.Г*******ийн зүгээс нийт газар эзэмших эрхтэй нь холбогдуулж маргаагүй гэдгийг хэлмээр байна. С.Г*****1997 оноос, С.А****** 2001 оноос эхлэн тус тус газар эзэмших эрх үүссэн. Сүүлд хийгдсэн кадастрын зураг, шинжээчийн дүгнэлтэд авагдсан үйл баримтуудыг бодитой дүгнэж аль алиныхаа эрх ашгийг хамгаалж мэтгэлцэх шаардлагатай. гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж*********** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...

Анх иргэн Г.Ж******д дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай" 162 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 801 дүгээр ангийн зүүн талд 550 мкв газрын эзэмших эрхийг Тээвэр хөгжлийн банкнаас Г.Ж******д шилжүүлж шийдвэрлэсэн. Улмаар 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Г.Ж****** Баянзүрх дүүргийн газрын албанд /тухайн үеийн нэрээр/ "Баянзүрх дүүргийн 2-р хороо Б.Д*** гудамж Цагдаагийн Ерөнхий газрын 801-р ангийн зүүн талд байрлах Капитал банкны Эд хөрөнгийн эрхийн 0000****** дугаар бүхий гэрчилгээтэй 308 мкв талбай бүхий амины орон сууцыг худалдаж авсан тул газрын кадастрыг баталгаажуулж миний нэр дээр газрын гэрчилгээ шилжүүлэн өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 61 дүгээр захирамжаар өмнөх эзэмшиж байсан газартай нь нэгтгэж нийт 800 мкв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

Мөн 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Г.Ж****** "Тээвэр хөгжлийн банкнаас 550 м.кв газрыг үл хөдлөхийн хамт худалдан авч, үл хөдлөхөө өөрийн нэр дээр гаргуулах гэтэл үл хөдлөх хөрөнгийн газар М.Наранцэцэгийн 700 м.кв газрын өмчлөх ... эрхийг хүчингүй болгосон тул энэ газар дээр ерөнхий төлөвлөгөөг хийлгэсний дагуу төлөвлөж байгаа 34, 35 дугаар байрны байрлах 800 м.кв газрыг миний нэр дээр болгож, кадастр газар эзэмших гэрээг 800 м.кв болгож өгнө үү гэж хүсэлт гаргасны дагуу 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжаар газрын хэмжээг 800 м.кв болгон 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Г***** эзэмшиж байсан газрыг өв залгамжлалаар шилжүүлэн авах тус газрыг бусдад давхцуулан олгосон талаарх гомдлыг хянан шийдвэрлэж хариу өгөхөөр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн Г.Ж******д холбогдох ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн Г.Ж******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Г***** Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг иргэн Г.Г*******д хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэн шийдвэрлэх гэсэн дүгнэлт гарсан бөгөөд тус дүгнэлтийн дагуу зохих арга хэмжээг авч шийдвэрлэлтийн талаар эргэн хариу мэдэгдэх тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03-06/545 дугаартай Ажлын хэсгийн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай" албан бичгийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн.

Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 13/970 дугаартай Шийдвэр хүргүүлэх тухай албан бичгээр иргэн Г.Ж******д дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулан сонсох ажиллагаа явуулсан боловч иргэн Г.Ж****** ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус гэж маргаан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хариу тайлбар гаргасан.

Хариу тайлбарт С.А******гийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай" 51 дугаартай захирамжийн Г.Ж******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0436 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн талаар дурдсан тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын дүгнэлтийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 13/4613 дугаартай Зөвлөмж авах тухай" албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандсан бөгөөд одоогоор тодорхой хариу ирээгүй байна. гэжээ.

Гуравдагч этгээд Г.Ж****** шүүхэд бичгээр ирүүлсэн бие даасан шаардлагадаа: ...Г.Ж****** миний бие Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэхэмжлэгчийн маргаж буй газрыг анх Тээвэр хөгжлийн банкаас худалдан авсан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 тоот захирамжаар газар эзэмших эрхтэй болсон.

Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын А/69 тоот тушаалаар байгуулагдсан маргаан эцэслэн шийдвэрлэх зорилго бүхий ажлын хэсгийн дүгнэлтээ миний эзэмшил газрыг хүчингүй болгож байгаад нь гомдолтой байгаа бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан аль үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь тодорxoйгүй бaйнa.

Нөгөөтэйгүүр газар эзэмших эрхийг тухайн сум, дүүргийн Засаг даргаас захирамж гаргах хүчингүй болгох ёстой атал маргаан шийдвэрлэх зорилго бүхий ажлын хэсгээс дүгнэлт гаргаж байгаа нь тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Г.Г*******ийн ээж С.А****** нь надад газар эзэмших эрх олгосон захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0436 тоот шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 0636 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 462 тоот тогтоолоор нэхэмжлэгчийн шийдвэрлэсэн. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Тус захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ .... миний газрын залгаа байрлалтай миний нөхөр С.Г***** нэр дээр байсан газраас 300 м.кв газрыг хууль бусаар авсан" хэмээн маргасан бөгөөд надад олгосон захирамжуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж 3 шатны шүүхээс дүгнэсэн.

Иргэн С.Г***** олгосон захирамжийн талаар миний бие урьд өмнө нь мэдэгдэж байгаагүй бөгөөд төрийн захиргааны байгууллагуудаас надад мэдэгдсэний дагуу анх олж мэдсэн. С.Г*****нь өөрийн эхнэр болох С.А******гийн хамтаар эзэмшил газруудаа банкны барьцаанд алдсан байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд газраа зарахад татгалзах зүйлгүй талаар хүсэлт гаргасан тул уг газруудыг миний бие худалдан авсан.

Гэтэл өнөөдрийг хүртэл С.Г*****эзэмших эрх олгосон захирамж нь хүчин төгөлдөр хэвээр байгаад гайхширал төрүүлж байгаа бөгөөд 2008 оноос С.Г*****нь газар эзэмших эрхээ 1 ч удаа хэрэгжүүлээгүй байсаар байна. Тодруулбал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.

Түүнчлэн хэрэгт хавсаргасан баримтуудыг судлан үзэхэд газрын төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн гүйцэт төлж байсан үйл баримт харагддаггүй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл мөн бүрдсэн байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 тоот захирамжийн С.Г*****холбогдох хэсгийг болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан даргын А/69 тоот тушаалаар байгуулагдсан маргаан эцэслэн шийдвэрлэх зорилго бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгож зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь сэргээж өгнө үү. гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц****** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын А/69 тоот тушаалаар байгуулагдсан маргаан эцэслэн шийдвэрлэх зорилго бүхий ажлын хэсгийн тэмдэглэлээр миний эзэмшил газрыг хүчингүй болгож байгаад нь гомдолтой байгаа бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан аль үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй байна.

Нөгөөтээгүүр газар эзэмших эрхийг тухайн сум, дүүргийн Засаг даргаас захирамж гаргах хүчингүй болгох ёстой атал маргаан шийдвэрлэх зорилго бүхий ажлын хэсгээс тэмдэглэл гаргаж байгаа нь тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт ул хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэл болж байна. Түүнчлэн нэхэмжлэгч Г.Г*******ийн ээж С.А****** нь надад газар эзэмших эрх олгосон захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0436 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 0636 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 Нэхэмжлэгчийн ОНЫ 11 дүгээр сарын 13-ны өдрийн 462 тоот тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тус захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ ... миний газрын залгаа байрлалтай миний нөхөр С.Г***** нэр дээр байсан газраас 300 м.кв газрыг хууль бусаар авсан хэмээн маргасан бөгөөд надад олгосон захирамжуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж 3 шатны шүүхээс дүгнэсэн. Гэтэл хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр шүүхийн дүгнэсэн асуудлаас хальж, миний газар эзэмших эрхийг эрхгүй этгээдүүд хүчингүй болгосон гэж тэмдэглэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д "хуульд үндэслэх, 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6- д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гэж захиргааны үйл ажиллагааны зарчмыг хуульчилсан. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн ба Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулахгүйгээр тус маргаантай холбоотой ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар надаас тайлбар, гомдолтой байна.

Санал гаргах боломжийг алдагдуулсанд тушаалаар байгуулагдсан маргаан эцэслэн шийдвэрлэх зорилго бүхий ажлын хэсгийн Түүнчлэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан даргын А/69 тоот тэмдэглэлийн талаар урьд өмнө нь гуравдагч этгээд Г.Ж******д огт мэдэгдэж байгаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа шаардсаны эцэст олж мэдсэн болно.

Харин "Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 тоот захирамжийн С.Г*****холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлагын тухайд урьд өмнө нь бичгээр гаргасан үндэслэлээ бүрэн дэмжиж байгаа болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б******** шүүхэд хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Шүүхийн асуулт хариултын явцад Баянзүрх дүүргийн Засаг даргад 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэг л удаа хандсан, дахин дахин хандах шаардлагагүй гэж тайлбарладаг.

Гомдол хүсэлт гаргахдаа А/69 дугаар тушаалыг биелүүлээд өгөөч гэж яагаад хандаагүй юм бэ? С.Ганбатыг 2004 он хүртэл амьдарсан гэж гэрч С.А****** тайлбарлалаа. Магадгүй өв залгамжлалын хувьд 2014 оноос хойш тооцож үзэхээр хөөн хэлэлцэх хугацаа хоцорсон.

Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа хариуцагчийн нөлөө нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байгаа зэргийг харахад энэ хөөн хэлэлцэх хугацааг завших байдлаар А/69 дүгээр тушаалыг гаргасан гэж хардаж байна.

Эцсийн зорилго нь Г.Ж****** газар эзэмших эрхийг хүчингүй болгох байсан юм бол яагаад С.А******тай хамт нэхэмжлэл гаргаж болоогүй юм бэ? Баянзүрх дүүргээс захиргааны акт хурлын дүгнэлт юм уу, аль эсвэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гаргаад байгаа юм уу? Нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан үр дагаврыг түүнийг томилсон этгээд хариуцлага ба өөрөөр хэлбэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга хариуцна.

Өнөөдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч талаас өөрийгөө бүрэн төлөөлүүлэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулсан гэтэл хэзээ мэдэгдсэнээс мэддэггүй, ямар шийдвэр гаргаснаа мэдэхгүй байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 02-063855 тоот албан бичгээр Г.Ж****** гэх хүнд мэдэгдэхдээ таны газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, энэ газрыг хууль ёсны дагуу өв залгамжлалаар Г.Г******* гэх хүнд шилжүүлэхээр шийдвэрлэсэн гэж мэдэгдсэн. Ажлын хэсгийн гишүүд хуралдаанд бүгд оролцоогүй. н.Д********* гэх хүн хуралдаанд яагаад оролцоогүй шалгаан тодорхойгүй. Хуралдаан даргалагч гарын үсэг зурж уралдааны тэмдэглэлд тэмдэглэлийг албажуулаагүй. Албан бичгийн наад захын стандартыг хангаагүй тэмдэглэлийг нэхэмжлэгч биелүүл гэж тайлбарлаж байна. Баянзүрх дүүргийн Засаг даргаар ямар дүгнэлт гарсан гэдгийг мэдэгдээгүй. Өмнөх шүүх хуралдаан дээр дүгнэлтийн тэмдэглэлийг олж мэдсэн. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагаагаар гаргасан гомдлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 07/6220 тоот албан бичгээр хариу өгсөн. Үүний дагуу хуульд заасан хугацаандаа хандсан. Бидний зүгээс 8 дугаар сараас тооцохоор хөөн хэлэлцэх хугацаа алдаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа огт дурдаагүй. 2008 оны захирамжийн тухайд гуравдагч этгээдийн зүгээс тухайн үед энэ нөхцөл байдлыг С.А****** гэх хүн С.Г***** өмнөөс газар эзэмших хугацааг сунгуулах өргөдөл гаргасан гэх агуулгаар тайлбарласан. Энэ дээр шүүх дүгнэлтээ хийгээд шийдвэрээ гаргах байх.

Гуравдагч этгээд Г.Ж****** эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна. Шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тул газар эзэмших эрхийн хугацаа тодорхой байх ёстой газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон. Хөөн хэлэлцэх хугацааг 2014 оноос одоог хүртэл сунгаагүй. Эс үйлдэхүй гэж 2020 оны 2 дугаар сард мэдсэн боловч 2020 оны 2 дугаар сараас буюу 7 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М****** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Иргэн С.Г*****нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 565 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 500 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2008 оны 188 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгаж шийдвэрлэсэн.

Гуравдагч этгээд Г.Ж****** нь Тээвэр хөгжлийн банкнаас 395.38 м.кв ул хөдлөх хөрөнгийг худалдан авсан тул тус үл хөдлөх хөрөнгө байрлаж буй Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 550 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 162 дугаар захирамжаар Тээвэр хөгжлийн банкнаас шилжүүлж, Г.Ж******д эзэмшүүлсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжаар талбайн хэмжээг 800 м.кв болгон нэмэгдүүлсэн байна. Газар эзэмших эрхийн хувьд иргэн С.Г*****2002 онд түрүүлж үүссэн бөгөөд газар эзэмших эрхийн хугацааг сунгасан 2008 оны 188 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан илт хууль бус байх шинжийг агуулахгүй байх тул гуравдагч этгээд Г.Ж****** бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай давхацсан тул нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны А/69 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн Г.Ж******д холбогдох хэсгийг хүчингүй болгох гэсэн дүгнэлт гарсан.

2017 оны Улсын дээд шүүхийн 436 тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн захиргааны хэргийн хувьд гэвэл нэхэмжлэлийн шаардлага нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн Г.Ж******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжийн Тээвэр хөгжлийн банканд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох байсан. Ажлын хэсгийн хувьд дээрх шийдвэрийн талаар дүгнэлт гаргаагүй, харин 2011 оны Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий юм. Тиймээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Г.Г*******ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Г.Ж****** гаргасан бие даасан шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Г.Г******* тус шүүхэд хандаж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлт, шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус Ажлын хэсгийн дүгнэлтэд заасны дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлт, шийдвэрийн дагуу ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн иргэн Г.Ж******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн С.Г***** Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг иргэн Г.Г*******д хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэх тухай захиргааны акт гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах-аар нэмэгдүүлсэн, харин Гуравдагч этгээд Г.Ж******ас Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 тоот захирамжийн С.Г*****холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын А/69 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргасан, эдгээр үндсэн нэхэмжлэл болон бие даасан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

-Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 565 дугаар захирамжаар иргэн С.Г*****/нэхэмжлэгч Г.Г*******ийн аав/ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 500 мкв газрыг амины орон сууц барих зориулалтаар эзэмшүүлсэн, /хавсралтын Баянзүрх дүүрэг хэсгийн 243-т/ Газар эзэмшүүлэх гэрээг 2003 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулж, улмаар Нийслэлийн Засаг даргын, 2003 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3012/0143 дугаар бүхий Аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрчилгээ-г 5 жилийн хугацаагаар олгосон,

-Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар захирамжаар иргэн С.Г***** эзэмшиж буй Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 805 дугаар ангийн зүүн талд байрлах, 500 мкв газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгасан,

-Нийслэлийн тойргийн нотариатчийн 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 334 дүгээр Өвлөх эрхийн гэрчилгээ-нд Г***** овогтой Г******* д Иргэн С.Г*****нь 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өвчний учир нас барсан тул өвлүүлэгчийн өмчлөлд байсан Нийслэлийн засаг даргын 2001 оны 3-6ны өдрийн 18А/281 тоот шийдвэртэй 500 мкв газар эзэмших эрхийг гэж, уг гэрчилгээний арын нүүрэнд Нийслэлийн засаг даргын 2001 оны 3 сарын 6-ны өдрийн А/281тоот шийдвэртэй 500 мкв газар эзэмших эрхийг гэж шийдвэрийн дугаарыг өөр өөр бичсэн,

-Гуравдагч этгээд Г.Ж******д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай" 162 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 801 дүгээр ангийн зүүн талд 550 мкв газрын эзэмших эрхийг Тээвэр хөгжлийн банкнаас Г.Ж******д шилжүүлж шийдвэрлэсэн,

-2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Г.Ж****** нь Баянзүрх дүүргийн газрын албанд /тухайн үеийн нэрээр/ хандаж "Баянзүрх дүүргийн 2-р хороо гудамж Цагдаагийн Ерөнхий газрын 801-р ангийн зүүн талд байрлах Капитал банкны Эд хөрөнгийн эрхийн 0000***** дугаар бүхий гэрчилгээтэй, 308 мкв талбай бүхий амины орон сууцыг худалдаж авсан тул газрын кадастрыг баталгаажуулж миний нэр дээр газрын гэрчилгээ шилжүүлж өгнө үү гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргасны дагуу Дүүргийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 61 дүгээр захирамжаар өмнөх эзэмшиж байсан газартай нь нэгтгэж нийт 800 мкв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн,

-2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Г.Ж****** "Тээвэр хөгжлийн банкнаас 550 м.кв газрыг үл хөдлөхийн хамт худалдан авч...энэ газар дээр ерөнхий төлөвлөгөө хийлгэсний дагуу төлөвлөж байгаа 34, 35 дугаар байрны байрлах 800 м.кв газрыг миний нэр дээр болгож өгнө үү гэж хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжаар Г.Ж******д 800 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон,

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар иргэн С.Г***** эзэмшиж байсан газрыг өв залгамжлалаар шилжүүлэн авах, тус газрыг бусдад давхцуулан олгосон талаарх гомдлыг хянан шийдвэрлэж хариу өгөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, дарга Г.Б********* /орлогч дарга/, гишүүн 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан,

-Тус Ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн Г.Ж******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Г*****, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг иргэн Г.Г*******д хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэн шийдвэрлэх гэх дүгнэлт гаргасан,

-Уг дүгнэлтийн дагуу зохих арга хэмжээг авч шийдвэрлэлтийн талаар эргэн хариу мэдэгдэх тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03-06/545 дугаар албан бичгийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн,

-Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 13/970 дугаар Шийдвэр хүргүүлэх тухай албан бичгээр иргэн Г.Ж******д дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулан сонсох ажиллагаа явуулсан байх ба иргэн Г.Ж******ас нэхэмжлэгч С.А******гаас /иргэн С.Г***** эхнэр/ Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн Г.Ж******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0436 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн-г дурдаж тайлбар гаргасан үйл баримтууд тус тус тогтоогдов.

Нэг. Нэхэмжлэгч Г.Г*******ээс гаргасан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлт шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч уг шаардлагын үндэслэлээ ...Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Ажлын хэсгийн хурлаас гарсан шийдвэрийн хүрээнд сонсох ажиллагаа явуулсан, иргэн Г.Ж****** нь тогтоосон хугацаанд тайлбар, санал ирүүлээгүй байхад...захиргааны акт гаргахгүй байгаа үйлдэл нь хууль бус гэж тодорхойлсныг хариуцагч ...шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлан маргав.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтууд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн Г.Ж******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Г***** Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг иргэн Г.Г*******д хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэн шийдвэрлэх гэх дүгнэлт гаргасныг Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 13/970 дугаар албан бичгээр иргэн Г.Ж******д танилцуулсан, Г.Ж****** нь ...өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн маргаан гэх үндэслэлээр эс зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ тохиолдолд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Засаг дарга нь иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэхүйц үйлдэл гаргасан нь тогтоогдоогүй, тухайлбал Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03-06/545 дугаар албан бичгийг дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлснээр тус алба нь иргэн Г.Ж******д Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулж сонсох ажиллагаа явуулсан, энэ үйл ажиллагаанд тус дүүргийн Засаг дарга оролцоогүй байна.

Нөгөө талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн Г.Ж******д холбогдох хэсгийг хүчингүй болгох, цаашлаад С.Г***** эзэмшиж байсан гэх газрыг иргэн Г.Г*******д өв залгамжлалаар шилжүүлэн шийдвэрлэх асуудал нь гуравдагч этгээд Г.Ж****** эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхүйц асуудал болохын хувьд тухайн асуудлаар шууд шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн нь түүний тайлбараар тогтоогдсон, түүнчлэн Ажлын хэсэг дүгнэлтдээ тус Дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийг хүчингүй болгох шалтгаан нөхцлийг хангалттай тогтоогоогүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргыг эс үйлдэхүй гаргасан, уг эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэхгүй.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дүгээр зүйлийн 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга...өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан нь тухайн Засаг даргын захирамж алдаатай болсон гэж үзвэл өөрөө засах боломжийг илэрхийлсэн ба энэ нь өөр этгээдийн дүгнэлт шаардлагаар засах, хүчингүй болгох тухай ойлголт биш.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны актбатлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж заасан ба нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй ...сонсох ажиллагаа явуулсан боловч тогтоосон хугацаанд тайлбар, санал ирүүлээгүй гэх үндэслэлээр шүүх холбогдох захиргааны акт гаргахыг хариуцагчид шууд даалгах боломжгүй, энэ нь мөн хуулийн 4 дүгээр зүйлд Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх; 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлт шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн, ...Ажлын хэсгийн хурлаас гарсан дүгнэлт, шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн Г.Ж******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Г***** Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг иргэн Г.Г*******д хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэх захиргааны акт гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан зохицуулалтын агуулга нь хариуцагч захиргаанаас эс үйлдэхүй гаргасан байх, уг эс үйлдэхүй нь хууль бусын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх холбогдох захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх явдал.

Нэхэмжлэгчийн гаргасан уг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, шүүхийн энэхүү шийдвэрээр хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн Г.Ж******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Г***** Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг иргэн Г.Г*******д хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэх захиргааны акт гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах хууль зүйн боломжгүй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг шүүхээс хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Гурав. Гуравдагч этгээд Г.Ж******ас гаргасан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 тоот захирамжийн С.Г*****холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан даргын А/69 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд Г.Ж******ас бие даасан шаардлагын үндэслэлээ ...маргаж буй газрыг би анх Тээвэр хөгжлийн банкаас худалдан авсан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 тоот захирамжаар газар эзэмших эрхтэй болсон, Г.Г*******ийн ээж С.А****** нь надад газар эзэмших эрх олгосон захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож 3 шатны шүүхээс дүгнэсэн...С.Г*****нь өөрийн эхнэр болох С.А******гийн хамтаар эзэмшил газруудаа банкны барьцаанд алдсан байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд газраа зарахад татгалзах зүйлгүй талаар хүсэлт гаргасан тул уг газруудыг миний бие худалдан авсан...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус гэж тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...иргэн С.Г*****2002 онд газар эзэмших эрх түрүүлж үүссэн, хугацааг сунгасан 2008 оны 188 дугаар захирамж нь илт хууль бус байх шинжийг агуулахгүй, бусдын эзэмшиж байгаа газартай давхацсан тул Ажлын хэсгээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн Г.Ж******д холбогдох хэсгийг хүчингүй болгох дүгнэлт гарсан... гэж тайлбарлан маргав.

3.1 Г.Ж******ас гаргасан бие даасан шаардлагын Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 тоот захирамжийн С.Г*****холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох хэсгийн тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлэхээр, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж тус тус заасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл маргаан бүхий газрыг иргэн Г.Ж****** нь үл хөдлөх эд хөрөнгийн хамт Тээвэр хөгжлийн банкнаас худалдан авснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 162 дугаар захирамжаар эзэмших эрх үүсч улмаар Дүүргийн засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжаар Г.Ж****** газрын хэмжээг нэмэгдүүлж Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 801 дүгээр ангийн зүүн талд орших 800 мкв газрын хууль ёсны эзэмшигч болсон нь тогтоогдсон, энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...иргэн С.Г*****2002 онд газар эзэмших эрх түрүүлж үүссэн, хугацааг сунгасан 2008 оны 188 дугаар захирамж нь илт хууль бус байх шинжийг агуулахгүй, бусдын эзэмшиж байгаа газартай давхацсан гэх тайлбарын үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Иргэн С.А******гаас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн Г.Ж******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжийн Тээвэр хөгжлийн банканд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0436 тоот шийдвэрээр ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 462 тоот тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтууд тогтоогдов.

Маргаж буй захиргааны акт болох Баянзүрх дүүргийн засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан, уг хавсралтын 1-д иргэн С.Г***** эзэмшиж буй Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 805 дугаар ангийн зүүн талд байрлах, 500 мкв газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгаж шийдвэрлэсэн байна.

Дээр дурдсан үйл баримтууд болон хуулийн заалтаас үзвэл Баянзүрх дүүргийн засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар захирамжийн С.Г*****холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, түүнчлэн уг захирамжийн улмаас гуравдагч этгээд Г.Ж******агийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул Г.Ж******аг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан; гэж зааснаар бие даасан шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

3.2 Г.Ж******ас гаргасан, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын А/69 тоот тушаалаар байгуулагдсан, Ажлын хэсгийн тэмдэглэл /дүгнэлт/-ийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд уг шаардлагын үндэслэлээ Ажлын хэсгийн тэмдэглэлээр миний эзэмшил газрыг Газрын тухай хуулийн 401.1-40.1.6-д заасан аль үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй, нөгөөтэйгүүр газар эзэмших эрхийг тухайн дүүргийн Засаг даргаас захирамж гаргаж хүчингүй болгож ёстой атал Ажлын хэсэг тэмдэглэл гаргаж байгаа нь үндэслэлгүй... гэж тодорхойлсныг хариуцагч...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжаар талбайн хэмжээг нэмэгдүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж, бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай давхацсан тул ажлын хэсгээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн Г.Ж******д холбогдох хэсгийг хүчингүй болгох дүгнэлт гарсан. нэхэмжлэгч ...Г.Ж******агийн зүгээс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 13/970 дугаартай мэдэгдэлд дурдсан хугацаанд тайлбар, саналаа ирүүлээгүй байхад Баянзүрх дүүргийн Засаг дарга нь ажлын хэсгийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль бус гэж тодорхойлон маргав.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд,

Нэхэмжлэгч Г.Г*******ээс Хууль зүй, Дотоод хэргийн яаманд /огноо бичээгүй/ хандаж ...төрсөн эцэг С.Г*****нь Нийслэлийн Засаг даргын 2002 оны 565 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 805 дугаар анги хотхон, 11-1 тоотод 500 м2 газар эзэмшиж байгаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 188 тоот захирамжаар дахин 5 жилийн хугацаатайгаар эзэмшихээр сунгуулсан,...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 61 дүгээр захирамжаар иргэн Г.Ж******ад уг газар эзэмших эрхийг давхардуулан олгосон байх тул...шийдвэрлэж өгөх-ийг хүссэн өргөдөл гаргаснаар уг өргөдлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А*********д шилжүүлсэн,

-2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Б***** д хандан ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 51 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж хандсан,

-2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан ...газрын маргаантай асуудлыг шийдвэрлүүлэх тухай агуулгаар хандсан,

-2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г**д хандсанаар ...Авлигатай тэмцэх газарт хянагдаж байгаа тул шийдвэр гартал хүлээгдэх гэх тэмдэглэгээтэйгээр 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гомдлыг хаасан,

-2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж ...Уг ажлын хэсгийн дүгнэлтийг надад танилцуулаагүй...албан ёсоор хариу өгөх-ийг хүссэний дагуу 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 02-06/3934 дүгээр албан бичгээр ...тус ажлын хэсгийн хурлаас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн Г.Ж******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Г***** Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг иргэн Г.Г*******д хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэн шийдвэрлэх гэсэн дүгнэлт гарсан гэсэн хариу өгсөн,

-2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан ...хууль ёсны өв залгамжлагч Г.Г******* надад Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 805 дугаар ангийн зүүн талын 500 м.кв газрыг эзэмших эрх олгож өгнө үү гэх утга бүхий хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 07/4953 дугаар Ажил зохион байгуулах тухай албан бичгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлж ...Ажлын хэсгийн дүгнэлтийн хэрэгжилтийг хангах талаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн албан бичгийн хэрэгжилтэд хяналт тавьж, иргэн Г.Г*******ийн өргөдлийг шийдвэрлэх-ийг мэдэгдсэн,

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 01-04/4774 дүгээр албан бичгээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан ...ажлын хэсгийн шийдвэрийг хэрэгжүүлж, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дотор хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлнэ үү гэсэн хариуг тус тус өгсөн үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Харин Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-д заасныг үндэслэн

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Г***** эзэмшиж байсан газрыг өв залгамжлалаар шилжүүлэн авах, тус газрыг бусдад давхцуулан олгож, эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр удаан хугацааны туршид төрийн байгууллагад гаргаж буй гомдлыг хянан шийдвэрлэж эцэслэн хариу өгөх зорилго бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Г.Б*********, гишүүдэд Дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Л.Т********, Хуулийн мэргэжилтэн Я.А*********, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2 дугаар хороо хариуцсан газар зохион байгуулагч Г.Б**********, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн Баянзүрх дүүрэг хариуцсан мэргэжилтэн Т.Э*****нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тушаалын 2 дахь заалтаар иргэний гаргасан гомдлын дагуу асуудлыг судалж, газар дээр шалгах, шаардлагатай тохиолдолд хэмжилт хийлгэх, тус маргаанд хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдээс тайлбар, санал авах ажлыг удирдан зохион байгуулж гаргасан дүгнэлтийг танилцуулж зохих шийдвэр гаргуулан ажиллахыг ажлын хэсэг /Г.Б*********/-т үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 33 дугаар зүйлийн 33.5-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж... гэж, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэхээр тус тус заасан.

Дээрх Ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзвэл Ажлын хэсгийн ахлагч Г.Б*********, Л.Т********, Я.А*********, Г.Б**********, Т.Э*****нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж С.Г***** эзэмшиж байсан газрыг Г.Г******* өв залгамжлалаар шилжүүлэн авах, тус газрыг бусдад давхцуулан олгож, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж...удаан хугацааны туршид төрийн байгууллагад гаргаж буй гомдлыг хянан, эцэслэн шийдвэрлэх гэсэн 2 асуудлыг хэлэлцэж улмаар тус хурлын тэмдэглэлээр ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн Г.Ж******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Г***** Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг Г.Г*******д хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэх шийдвэр /дүгнэлт/ гаргасан байна.

Нэхэмжлэгчээс уг шийдвэр /дүгнэлт/-ийг хууль зүйн үндэслэлтэй зөв, дотогш чиглэсэн тул захиргааны актын шинжийг агуулаагүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн үндэслэлтэй гэж дэмжиж, гуравдагч этгээдээс ...шүүхийн дүгнэж шийдвэрлэсэн асуудлаар, эрхгүй этгээдүүд шийдвэр гаргасан нь хууль бус, надаас тайлбар санал гаргах боломж олгоогүй, Ажлын хэсгийн тэмдэглэлийг шүүхээс олж мэдсэн... гэж тайлбарлан маргав.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох; гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудтай нийцүүлэн авч үзвэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 33 дугаар зүйлийн 33.5-д заасны дагуу тушаал гаргаж Ажлын хэсэг байгуулсан нь түүнд хуулиар олгосон эрх хэмжээнд нийцсэн, нөгөө талаар тус Ажлын хэсгээс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан шийдвэр нь /хэргийн оролцогчид дүгнэлт, тэмдэглэл, шийдвэр гэж өөр өөрөөр нэрлэж байгаа, цаашид шийдвэр гэх/ Гуравдагч этгээд Г.Ж******д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгож, түүний эзэмшил газрыг Г.Г*******д шилжүүлэхээр шийдвэрлэснээрээ захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан, гуравдагч этгээдэд дарамт учруулсан, гадагшаа чиглэсэн захиргааны акт мөн бөгөөд энэ утгаараа тус Ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын шийдвэр нь хуульд үндэслэсэн, бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн байх учиртай.

Гэтэл тухайн Ажлын хэсгийн хуралдаанд хэн хэн оролцож, хэн нь дэмжсэн, хэн нь татгалзсан, ямар асуудлаар ямар шийдвэр гаргаж буй нь тодорхойгүй /Ажлын хэсгийн ахлагч Г.Б********* гарын үсгээ зураагүй/, тухайн Ажлын хэсгийн гаргасан шийдвэр нь нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, шийдвэр гаргах гэж буй асуудалд хамаарах нотлох баримтууд хангалтгүй, хамаарал бүхий этгээдүүдийг оролцуулж тайлбар гаргах боломж олгоогүй зэрэг нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Шүүх дараах үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт болох Ажлын хэсгийн дүгнэлт /шийдвэр, тэмдэглэл/-ийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв. Үүнд:

-Тухайн гомдолд хамаарал бүхий нөхцөл байдлыг бүрэн гүйцэд, үндэслэлтэй, зөв тогтоох /Хэлэлцэх асуудлын танилцуулгад Нийслэлийн засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар С.Г***** газрын эрхийг сунгаж шийдвэрлэсэн гэж дурдсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 565 дугаар захирамжаар иргэн С.Г*****газар эзэмших эрх анх үүссэн, үүнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар захирамжаар 5 жилээр сунгасан, өөрөөр хэлбэл Нийслэлийн засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар захирамж гэж буруу танилцуулагдсанаар анх С.Г*****газар эзэмших эрх хэрхэн үүссэн нь ойлгомжгүй, ямар нотлох баримтуудаар, нэхэмжлэгч Г.Г*******, гуравдагч этгээд Г.Ж******* нарын газар хэрхэн давхцсан гэж үзсэн нь тодорхойгүй/

- Нийслэлийн тойргийн нотариатчийн 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 334 дүгээр Өвлөх эрхийн гэрчилгээ-нд Нийслэлийн засаг даргын 2001 оны 3-6ны өдрийн 18А/281 тоот шийдвэр гэж, уг гэрчилгээний арын нүүрэнд Нийслэлийн засаг даргын 2001 оны 3 сарын 6-ны өдрийн А/281тоот шийдвэртэй 500 мкв газар эзэмших эрхийг гэж шийдвэрийн дугаарыг өөр өөр бичсэн байхад эдгээрийг нягталж шалгаагүй, Нийслэлийн засаг даргын 2001 оны 3 сарын 6-ны өдрийн А/281тоот гэх шийдвэрийг нотлох баримтаар аваагүй, дүгнэлт хийгээгүй, энэ нь Нийслэлийн засаг даргын 2002 оны 565 болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжтай хэрхэн уялдах нь тодорхойгүй байхад энэ талаар нотлох баримт цуглуулж дүгнээгүй/

-Г.Ж****** газар эзэмших эрхийн талаар танилцуулга хийхдээ түүнд газар эзэмших эрх үүсгэсэн захирамжуудыг бүхэлд нь авч үзэлгүйгээр зөвхөн 2011 оны 51 дүгээр захирамжийн хүрээнд дүгнэлт өгсөн нь дутуу, мөн иргэн С.А******гийн нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг авч үзээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй

-Ажлын хэсгийн хуралдаанд гомдол гаргагч-нэхэмжлэгч Г.Г*******, гуравдагч этгээд Г.Ж******а нарыг биечлэн оролцуулж тайлбар, санал гаргах боломж олгоогүй, эдгээр нь захиргааны байгууллагын өөрийнх нь хуулиар тогтоосон эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал гэж шүүх үзсэн болно.

Шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгуулага болох Ажлын хэсгээс шинэ захиргааны акт гаргаагүй тохиолдолд тус Ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан шийдвэр хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.               Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг баримтлан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан шийдвэр /дүгнэлт, тэмдэглэл/-ийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын /90 хоног/ хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэгч Г.Г*******ээс гаргасан ...Ажлын хэсгийн дүгнэлтийг биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хурлаас гарсан дүгнэлт, шийдвэрийн дагуу ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн иргэн Г.Ж******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн С.Г***** Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг иргэн Г.Г*******д хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэх... тухай захиргааны акт гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан гуравдагч этгээд Г.Ж******ас гаргасан, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 тоот захирамжийн С.Г*****холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч захиргааны байгууллага нь шүүхээс тогтоосон 3 /90 хоног/ сарын хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан шийдвэр /дүгнэлт, тэмдэглэл/-ийг хүчингүй болохыг дурдсугай..

4.               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН