Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 137

 

МАГАДЛАЛ

 

2019.01.16                                                 Дугаар 137                                  Улаанбаатар хот

 

 

 

 

Л С Л  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/03021 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л С Л  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Ч, Б  ХХК нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 294 375 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Н,

Хариуцагч: С.Ч,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: С.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Л С Л ХХК-тай 425 дугаар Зээлийн гэрээ байгуулан 160 000 000 төгрөгийг 30 хоногийн 5 хувийн хүүтэйгээр 5 сарын хугацаатай, мөн өдөр 426 дугаар Зээлийн гэрээ байгуулан 29 000 000 төгрөгийг 30 хоногийн 5 хувийн хүүтэйгээр 5 сарын хугацаатай тус тус зээлсэн. Зээлдэгч нь 425 дугаар зээлийн гэрээний үндсэн төлбөрт 40,000,000 төгрөгийг төлснөөс өөр төлбөр төлөөгүй бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т заасан ...Үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх... үүргээ зөрчсөн тул уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т ...Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлнө... гэж заасны дагуу зээлдэгч нь алданги тооцож төлөх нөхцөл үүсээд байна. Иймд зээлдэгч иргэн С.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 425 дугаар зээлийн гэрээний үндсэн төлбөр 120 000 000 төгрөг, зээлийн хүү 40 000 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх 129 хоногийн алданги буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 80,000,000 төгрөг, нийт 240 000 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна. Харин зээлдэгч нь 426 дугаар зээлийн гэрээний үндсэн төлбөр болон зээлийн хүүнд нэг ч төгрөг төлөлгүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээний үндсэн төлбөрт 29,000,000 төгрөг, зээлийн хүүнд 7,250,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 03-ны эдрийг хүртэлх 130 хоногийн алданги буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 18,125,000 төгрөг, нийт 54,375,000 төгрөгийг зээлдэгчээс шаардан гаргуулах үндэслэлтэй байна. Иймд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 425 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 240,000,000 төгрөг, 426 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 54,375,000 төгрөг, нийт 294,375,000 төгрөгийг хариуцагч иргэн С.Ч-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэгдүгээр зээлийн гэрээ буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 425 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр 120,000,000 төгрөг нэхэмжилсэн. 425 дугаартай зээлийн гэрээ нь 5 сарын хугацаатай бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хугацаа нь дууссан байгаа. Хариуцагчийн зүгээс 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 40,000,000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний үндсэн төлбөр буюу 160,000,000 төгрөгөөс хасаж 120,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Ингээд зээлийг төлөөгүй. Зээлийн хүү нь 5 сарын хүү буюу 40,000,000 төгрөг байна. Энэ 40,000,000 төгрөгийг мөн нэхэмжилсэн. Гэрээний хугацаа дууссан 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 6 дугаар сарын 19-ний өдөр буюу мөнгө төлсөн өдрийн өмнөх 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл алданги бодсон. 6 дугаар сарын 19-ний өдөр мөнгө төлөх тул 20-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 129 хоногийн алданги буюу зээлийн гэрээний үнийн дүнгийн 50 хувь болох 80,000,000 төгрөг нийт 240,000,000 сая төгрөгийг 425 дугаар зээлийн гэрээний үүрэгт шаардсан.

Хоёр дахь зээлийн гэрээ буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 426 дугаар зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүнд нэг ч төгрөг төлөөгүй. Хариуцагчид 29,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болохыг хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримтаар бүрэн тогтоогдож байна. Иймд 426 дугаар зээлийн гэрээний үндсэн төлбөрт 29,000,000 төгрөг, зээлийн хүү 7,256,000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх 130 хоногийн алданги, гүйцэтгээгүй үүргийн 50 хувь болох 18,125,000 төгрөг нийт 54,375,000 төгрөгийг шаардан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Зээл авсан 160 000 000 төгрөгийн ББСБ Л Л ХХК-тай сүүлийн 5 сарын хүү дээр тохиролцохгүй байна. Би энэ 160 000 000 төгрөгийг өөрөө хэрэглээгүй, өөр хүнд зээлж авч өгсөн. Иймд тодорхой цаг хугацаа хэрэгтэй байна. Тодорхой хугацааны дараа бид харилцан тохиролцож чадна.160.000.000 төгрөгийн барьцаа нь байгаа болно.Сарын хүү,алданги дээр тохирохгүй байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр найзынхаа ахын машин, найзынхаа машиныг барьцаанд тавьж Л С Л ХХК-аас зээл авсан. Олон жил ах дүү гэж явсан хүндээ зээл аваад өгсөн. Энэ зээлээс өөрөө авч хэрэглэсэн зүйл байхгүй. Х.Э-ийн данс руу шилжүүлчих гэхээр нь Л С Л ХХК-аас хийлгүүлсэн. Би өөрөө 2-3 сарын хирээтэй уул уурхайн асуудлаар хоригдсон. Надаас зээл авсан хүн маань бас цуг хоригдсон учраас хүүгээ төлж чадаагүй. Гарч ирээд уулзъя гэхээр цаанаас нь хоорондоо уулзахыг хориглосон, дахиж хорино гэхээр уулзаж болохгүй байна. Нөгөө хүмүүс маань төлье гээд байгаа юм. Тэгээд хүүн дээрээ унжаад байдаг. Тэрнээс бол би өөрөө нэг ч төгрөг авч хэрэглээгүй. 2 дахь зээлийг бас л ийм маягаар авсан. Гэхдээ үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Алдангийг нь эдний захирал Д-той  уг нь тохирсон гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 286 дүгээр зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ч-аас 231 156 250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л С Л ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсэг болох 63 218 750 төгрөгийг, хамтран хариуцагч Б  ХХКомпанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 629 825 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Ч-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 223 731 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л С Л ХХКомпанид олгож шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээ анзын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хариуцагч С.Ч нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 425 дугаар Зээлийн гэрээгээр зээлсэн 160 000 000 төгрөгийг банкны гүйлгээгээр, бэлэн бусаар шилжүүлэн авах хүсэл зоригоо илэрхийлж, гэрээгээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Л Л  ХХК нь туүний хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн мөнгийг гэрээнд заасан дансанд шилжүүлсэнээр мөн хуулийн 281 дүгээр зүйлийп 281.1 дэх хэсэгт заасан зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул хариуцагч нь уг мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээсэн. Гэтэл хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.4, дэх хэсэгт заасны дагуу 425 дугаар Зээлийн гэрээний үндсэн төлбөр 160 000 000 төгрөг, 5 сарын хүү 40 000 000 төгрөг, нийт 200 000 000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлөх уүргээ биелүүлээгүй бөгоод 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр буюу гэрээний хугацаа дууссанаас хойш 40 000 000 гогрөгийг төлсөн болохоо хүлээн зөвшөөрч, маргаагүй. Хуульд заасны дагуу 50 хувиар багасган тооцсон алдангийн хэмжээг шүүхээс дахин 80 хувиар бууруулж 16 000 000 төгрөг болгож хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй болно.

Хариуцагч нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс мэхэмжлэл гаргах өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хуртэлх алданги 23 562 500 төгрөг төлөх үндэслэлтэй боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул нэхэмжлэгчийн зүгээс хуульд нийцүүлэн алдангид 18 125 000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл хуульд нийцүулэн дээрх байдлаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тогтоосон алдангийн хэмжээг шүүх үндэслэлгүйгээр 95 хувиар бууруулан 906 250 /пөгрөг болгон тогтоож, нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.6-д "хууль болон гэрээнд заасвн анз төлүүлэх..." эрхийг зөрчсөн.

Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдааны явцад хариуцагчаас зээлийн гэрээг байгуулж, зээл авсан болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд зээлийн мөнгийг өөрөө ашиглаагүй алдангийн талаар нэхэмжлэгч компанийн төлөөлөгчтэй бус тухайн компанийн ажилтантай тохирсон гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар мүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасны дагуу уг маргаж буй үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадаагүй болно. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 63 218 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Л С Л  ХХК нь хариуцагч С.Ч, Б  ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 294 375 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа С.Ч-тай 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 425 тоот, 160 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, мөн өдөр байгуулсан 426 тоот, 29 000 0000 төгрөгийн зээлийн гэрээнд үндэслэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...зээл авсан нь үнэн, 160 000 000 төгрөгийн зээлийг өөрөө авч хэрэглээгүй, 29 000 000 төгрөгийн зээлийг өөрөө авсан, хүүгийн талаар тохиролцож чадахгүй байгаа...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл дээрх гэрээгээр хариуцагч С.Ч нь 30 хоногийн 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаагаар нийт 189 000 000 төгрөгийг зээлсэн болон мөнгийг хүлээн авсан, 425 тоот гэрээний зээлийн үндсэн төлбөрт 40 000 000 төгрөг төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, хариуцагч нь дээрх 2 гэрээний үүргийг гүйцэтгээгүй байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч болон хариуцагч С.Ч нарын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул дээрх 2 гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...хариуцагч авсан зээлээ өөрөө ашиглаагүй, өөр хүнд авч өгсөн...” гэж хуульд заагаагүй үндэслэлээр алдангийн хэмжээг багасгасан нь үндэслэлгүй байна.

Харин талууд гэрээгээр тохиролцсон алдангийн хэмжээг багасгах талаар нэхэмжлэгч тал тодорхой мөнгөн дүнг хариуцагчид санал болгож байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, алдангийн хэмжээ хэт өндөр байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээг 10 000 000 төгрөгийн хэмжээнд багасган шийдвэрлэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/03021 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... хариуцагч С.Ч-аас 231 156 250 төгрөгийг гаргуулж...” гэснийг “284 375 000 төгрөгийг гаргуулж” гэж, “...63 218 750 төгрөгийг...” гэснийг “10 000 000 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөх,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...хариуцагч С.Ч-аас 1 223 731 төгрөгийг...” гэснийг “1 579 825 төгрөгийг гаргуулан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 474 044 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ш.ОЮУНХАНД

 

                                              ШҮҮГЧИД                                                С.ЭНХТӨР

 

                                                                                                                М.НАРАНЦЭЦЭГ