Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2017/03152

 

 

 

 

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2017/03152

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

p

Нэхэмжлэгч: П.Эийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г ХХКд холбогдох

 

Ажилласан хугацааны цалин хөлс 1,429,914 төгрөг, алданги 1,272,000 төгрөг, хохирол 260,100 төгрөг, нийт 2,962,014 төгрөг гаргуулах, Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй, 947,547 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.О /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2101/, хариуцагчийн өмгөөлөгч Б.С /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0514/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.О, түүний өмгөөлөгч В.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Г ХХК-ийн ерөнхий захирал Ж.Эийн 646 тоот тушаалаар Г ХХК-д нягтлан бодогчоор ажилд орж, сарын үндсэн цалин болох 900,000 төгрөг болон бусад хангамж нэмэгдлийг эдлэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тус компанид ажиллахдаа ямар нэгэн алдаа дутагдал, сахилгын зөрчил гаргаж байгаагүй идэвхи санаачлагатай ажиллаж байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сард санхүү эрхэлсэн захирал Б.Т шөнийн цагаар ирсэн контейнерийг бууж байгааг хэлээгүй мөртлөө тооллого хийж хүлээж авсангүй, ажлаа хийсэнгүй гэсэн шалтгаанаар асуудал үүсгэж үүнээс үүдэн /Тайлбар: Бараа материалыг тоолж хүлээж авах нь нягтлан бодогчийн ажил үүргийн хуваарьт байхгүй, няравын хийдэг ажил, шаардлагатай тохиолдолд Ерөнхий захирлын тушаалаар комисс гарч тооллого хийдэг/ ахлах нягтлангаар ажиллах болсон У.У гэгч нь хамтран ажиллах боломжгүй, яв зайл гэх мэтээр дарамтласны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Б.Тт өгч хуулийн хугацаандаа буюу 2016 оны 10 дугаар сарын 20-нд чөлөөлөгдөнө гэдгээ хэлсэн. Мөн Г ХХК нь ажилтантай тохиролцоогүй мөртлөө хоол, унаа, утасны лимит, зөвхөн санхүү татварын тайлан гардаг сард олгодог байсан илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс /2, 4, 7, 10 дугаар саруудад тооцож олгодог, илүү цагаар хэдэн цаг ажилласан байсан ч тухайн сарын фонд цагийн 40 хувьд ногдох нэмэгдэл хөлсийг олгодог байсан/ зэргийг өгөхгүй болсон, хуваарьт бус ажлын байрны тодорхойлолтонд байхгүй ажлуудыг хийлгэдэг, ээлжийн амралт биеэр эдлүүлдэггүй зэрэг нь мөн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах шалтгаан болсон. Ингээд Г ХХК-ийн ерөнхий захирал Ж.Эийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 188 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх цалин хөлсийг одоог хүртэл аваагүй, мөн санхүү эрхэлсэн захирал Б.Т нь татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэрт бичилт хийж, цалин хөлсний тодорхойлолтыг гаргаж өгөөгүйн улмаас хүүхдийнхээ оюутаны сургалтын төлбөрт 2016 онд төлсөн төлбөрийн 10 хувь хэмжээгээр татварын албанаас авах байсан хүн амын орлогын албан татварын буцаан олголтыг авч чадахгүй хохирч байна. Миний бие цалин хөлс, дэвтэрт бичилт хийж өгөөгүйн улмаас гарсан хохирол, Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно гэсэн заалтын дагуу олгогдоогүй хохирсон хоног тутамд алданги гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд нэхэмжлэгч би Г ХХК-ийн удирдлагуудын дарамт шахалтаас үүдэн ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө ажилласан цалин хөлс болон түүнээс үүдсэн хохиролыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

1. 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр авах байсан 8 дугаар сарын урьдчилгаа цалин 60,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх алданги 60,000*0,3%*341 хоног= 61,380 төгрөг,

2. 2016 оны 10 дугаар сарын 5 -ны өдөр авах байсан 9 дүгээр сарын цалин 1,349,600 төгрөг,2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 27 -ны өдөр хүртэлх алданги 1,349,600*0,3%* 295 хоног =1,194,455 төгрөг,

3. 2016 оны 11 дүгээр сарын 05 -нд авах байсан 10 дугаар сарын цалин 20,314 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх алданги 20,314*0,3%*265 хоног=16,165 төгрөг

4. Дэвтэрт бичилт хийж өгөөгүйн улмаас татварын албанаас хүн амын орлогын албан татварын буцаан олголтоор авч чадаагүй охин Г.Нгийн СЭЗИС-д 2016 онд төлсөн сургалтын төлбөрийн 10 хувь болох 2,601,000*10%=260,100 төгрөг,

Нийт дүнгээр цалин хөлс 1,429,914 төгрөг, цалин хөлсний алданги 1,272,000 төгрөг, хохирол 260,100 төгрөг, бүгд 2,962,014 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г ХХК, өмгөөлөгч Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.О нь 2014 оны 11 дүгээр сарын 05-нд манай компанид нягтлан бодогч түшаалаар ажилд орсон бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Манай компани нь ажилд орж байгаа иргэнтэй хөдөлмөрийн харилцаа үүсгэхдээ Хөдөлмөрийн тухай Монгол улсын хууль, компанийн Хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээний дагуу холбогдох гэрээ хэлэлцээрийг хийдэг бөгөөд эдгээр хууль, журам, гэрээ болон ажлын байрны тодорхойлолтын дагуу ажилтныг ажиллах нөхцөл боломжоор ханган ажиллуулж түүнд ногдох цалин, хөлс, илүү цаг, ээлжийн амралт, нэмэгдлүүдийг олгодог. Гэтэл П.О нь нэхэмжлэлдээ тус компанийг илт хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр тайлбар гаргасанд харамсаж байна.

П.Онийн өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлөх тушаалыг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж, 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор ажлаа хүлээлгэн өгөхөөр тохиролцон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Гэвч П.О дээрх хугацаанд ажлаа зохих ёсоор, бүрэн хүлээлгэн өгөөгүйгээс гадна санхүүгийн тайлан тооцоо хийж, баланс гаргадаг эд хариуагчийн хувьд доорх төлбөр тооцооны үлдэгдэлтэй өнөөдрийг хүрээ байна. Үүнд:

- Тус компанийн 100% охин компани болох Партнер ложистик ХХК-ийн нягтлан бодогчийн ажлыг давхар хариуцан ажилладаг байсан бөгөөд тус компанид 115,388 төгрөгийн дутагдал гаргаснаас гадна ажлаа хүлээлгэн өгөөгүй байна.

- 2016 оны 8 дугаар сард компанийн 100% охин компани болох Вишн Девелопмент ХХК-ийн орон сууцнаас худалдан авахын тулд урьдчилгаанд шаардлагатай төлбөр болох 17,778,000 төгрөгийг компаниас цалингийн зээлийн гэрээ байгуулан авч орон сууцны байранд орсон боловч гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул энэ орон сууцаа буцаахаар болсон. Үүний улмаас тухайн орон сууцанд дахин засвар хийхэд 415,953 төгрөг, 7, 8, 9, 10 дугаар сарын ашиглалтын төлбөр 160,597 төгрөг гарснаас гадна орон сууцны өмчлөл шилжүүлээгүйгээс үүдэн 2017 оны 4 дүгээр сар хүртлэх ашиглалтын төлбөр 255,609 төгрөг, нийт 947,547 төгрөгийн төлбөр тооцоо гарсан байна.

П.О нь ажлаа албан ёсоор хулээлгэн өгөөгүй өнөөдрийг хүрсэн боловч тус компани нь хуулийн дагуу ажилтны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилтийг бүрэн хийж өөрт нь хүлээлгэн өгсөн.

П.О нь нэхэмжлэлд дурдаж буй оюутны сургалтын төлбөрт 2016 онд төлсөн төлбөрийн 10 хувь хэмжээгээр татварын албанаас авах байсан хүн амын орлогын албан татварын буцаан олголтыг тус компаниас нэхэмжилсэн байна. Аливаа иргэн нь хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхдээ хүн амын орлогын албан татварын хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуух шаардлагыг хангаж, материал бүрдүүлэн хөнгөлөлтөө эдэлдэг. Гэвч П.О нь Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр-ээ компани дээр авчирч өгч, бичилт хийлгэх байсан ч ирж бичүүлээгүй болон холбогдох бичиг баримт, шаардлагыг хангасан эсэх нь тодорхой бус байхад татварын буцаалтаа авах байсан мэтээр компаниас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

П.Онийг ажлаас чөлөөлөгдөхөд нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 21- ний өдрийн 36 тоот Тойрох хуудас-ыг өгсөн боловч ажлаа зохих ёсоор, бүрэн хүлээлгэн өгөөгүйгээс хуудсыг бүрэн бөглөөгүй, өөрөө авч явсан байдаг. Энэхүү байдлыг компанийн зүгээс удаа дараа мэдэгдэж тооцоо нийлж, ажлаа хүлээлцэхийг хэлж, сануулсан боловч ирэхгүй, төлбөр тооцоо нийлэхгүй өнөөдрийг хүрсэн болно. Гэх мэт дээрхи төлбөр тооцоо өнөөдрийн байдлаар гараад байгаа бөгөөд цаашид ажил хүлээлцэхэд хэдий хэмжээний төлбөр тооцоо үүсэхийг хэлэх боломжгүй байна.

Иймд иргэн П.Онийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Хариуцагч П.Онийн өөрийн нь гаргасан хүсэлтийн дагуу түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тушаалыг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж. 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор ажлаа хүлээлгэн өгөхөөр тохиролцон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Гэвч П.О дээрхи хугацаанд ажлаа зохих ёсоор, бүрэн хүлээлгэн өгөөгүйгээс гадна санхүүгийн тайлан тооцоо хийж, баланс гаргадаг эд хариуцагчийн хувьд доорхи төлбөр тооцооны үлдэгдэлтэй өнөөдрийг хүрээд байна. Үүнд:

1/ Тус компанийн 100% охин компани болох Партнер ложистик ХХК-ийн нягтлан бодогчийн ажлыг давхар хариуцан ажилладаг байсан бөгөөд тус компанид 115,388 төгрөгийн дутагдал гаргасан байна.

2/ 2016 оны 8 дугаар сард компанийн 100% охин компани болох Вишн Девелопмент ХХК-ийн орон сууцнаас худалдан авахын тулд урьдчилгаанд шаардлагатай төлбөр болох 17,778,000 төгрөгийг компаниас цалингийн зээлийн гэрээ байгуулан авч орон сууцны байранд орсон боловч гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул энэ орон сууцаа буцаахаар болсон. Үүний улмаас тухайн орон сууцанд дахин засвар хийхэд 415,953 төгрөг, 7, 8, 9, 10 сарын ашиглалтын төлбөр 160,597 төгрөг гарснаас гадна орон сууцны өмчлөлд шилжүүлээгүйгээс үүдэн 2017 оны 4 дүгээр сар хүртлэх ашиглалтын төлбөр 255,609 төгрөг гаргасан байна.

Иймд хариуцагч П.Оэс нийт 947,547 төгрөгийг түүнээс гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч П.О сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Партнер Ложистик ХХК-д нягтлан бодогч гэсэн албан тушаал дээр тушаал гарсан. Энэхүү компанид бэлэн мөнгө хариуцаж ажилладаггүй байсан учраас 115,898 төгрөгийн дутагдал гарах үндэслэл байхгүй, нотлох баримт байхгүй байна. Мөн ажил хүлээлцэх тушаал гараагүй, хүлээж авах нягтлан бодогч нь ажил явдал гараад ажилдаа ирэхгүй байсан ч гэсэн 2016 оны 10 дугаар сарын 10-наас эхлэн байнга залгаж ажлаа хүлээлгэж өгөх талаар санаачлага гарган, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, цалин бодолт, гүйлгээг ажлаас гарсан үедээ ч очиж хийж өгч байсан. Г ХХК нь миний сууж байсан өрөөний хаалганы голыг сольсон, түлхүүр өгөөгүй, ажлын программыг хаасан, компьютер бичиг баримтыг охин компани болох Гангар ХХК-ийн өрөөнд оруулж ил задгай хаясан байсан, сүлжээ байхгүй, нягтлан бодогч нараас нь удаа дараа хоорондын тооцоог нэхэхэд гаргаж өгөөгүй, 2016 оны 9 дүгээр сарын 20-нд ажлаас гарах хүсэлтээ өгөхдөө хуулийн хугацаанд чөлөөлөгдөх, мөн ээлжийн амралтын хоногоор сунган тушаал гаргуулах тухайгаа сануулсаар байтал 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгосон зэргээс шалтгаалан ажил, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх хэвийн боломж нөхцөл үүсээгүй. Сардаа 5-10 гүйлгээ л гардаг компани байсан үүнээс үүдэн компанид хохирол үүсээгүй.

Байр худалдан авахаар гэрээ хийн урьдчилгаа төлбөрөө 5 жилийн хугацаатай төлөхөөр болсон боловч Г ХХК нь ажилтантай өөртэй нь тохиролцолгүй хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулан бусад нэмэгдэл, хоол унааны мөнгө, утасны лимит, илүү цагийн хөлсийг хассанаас шалтгаалан банкинд зээлээ төлөөд гар дээрээ хасах үлдэгдэлтэй үлдэх болсон. Ихэвчлэн илүү цагийн хөлсөөр төлөхөөр гэрээ хийсэн байсан. Байранд 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл амьдрахад хүн тав тухтай амьдрах нөхцөл бололцоо байхгүй, дуу чимээ их ордог, хулганатай, банны өрөөнд орж ус хэрэглэсний дараа хажуу айлаас байнга ус алдаад байна гэж орж ирдэг, түүнийг компани нь засварлаж чадаагүй, хаалга нь 5-6 удаа гацаж онгойхгүй эвдүүлж орж байсан, шаардлага гомдол тавихад хүлээж авдаггүй зэргээс шалтгаалан буцаасан. Энэ тухай компанийн хариуцсан ажилтнуудад удаа дараа хэлж байсан. Байр буцааснаас шалтгаалан байнгын дарамтанд ажиллах болсон нь ажлаас өөрийн хүсэлтээр гарах шалтгаан болсон. Санхүү эрхэлсэн захирал Б.Т нь энэ байрыг компанийн нэр дээр шилжүүлэхэд чамаас 2 хувийн татвар 1,500,000 төгрөг суутгана гэсэн үндэслэлээр миний цалинг хаасан гэдгээ надад мэдэгдэж байсан. Энэ нь хүн амын орлогын албан татварын хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгөө хувь хүн худалдан борлуулахад татвар төлдөг 2 хувийн татвар бөгөөд би байрыг худалдан авах гэрээ гүйцэтгэл дутуу байгаа, банкнаас зээлийн мөнгө орж ирээгүй, миний нэр дээр нэмэгдсэн өртөгийн албан татварын баримт шивээгүй учраас энэ үйлдэл нь танай борлуулалт болоогүй, би худалдан авалтын буцаалт хийж байгаа гэдгээ удаа дараа тайлбарлаад байхад цалин олгохгүй өнөөдрийг хүрсэн. 2016 оны 10 дугаар сарын 24-нд байр буцаан хүлээн авах акт үйлдэн компаниас гаргасан комисст байрыг хүлээлгэн өгсөн ба 2016 оны 7, 8, 9, 10 дугаар сарын ашиглалтын төлбөр 160,597 төгрөг, мөн засварын мөнгө 415,953 төгрөг, нийт 576,550,20 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч өглөг авлагын тайлан дээр авлагатай байсан 200,000 төгрөгийг суутгуулан 376,550.20 төгрөгийн өглөгтэй үлдсэн. Иймээс тус компанийн сөрөг нэхэмжлэлд бичсэн 2017 оны 4 дүгээр сар хүртэлх ашиглалтын төлбөрийг 947,547 төгрөгийг надаас нэхэмжлэх үндэслэлгүй, нотлох баримт байхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлаас гарах өдрөө татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэрт бичилт хийж өгөхийг нягтлан бодогч У.Уаас шаардахад завгүй байна, яв зайл гэж хөөгөөд бичилт хийж өгөөгүй, 2017 оны 01 дүгээр сарын 05-наас 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл мөн дэвтэрээ аваачиж өгөөд бичилт хийлгэх гэхэд хариуцсан нягтлан бодогч н.Анхтуяа утасдан Б.Т захирал тамга дарж өгөхгүй байна гээд тодорхойлолт, бичилт хийж өгөөгүй. 2017 оны 4 дүгээр сарын эхээр үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Энх-Амгалан өөрөө надтай уулзах хүсэлт гарган, уулзахад шүүхэд битгий өгөөч дэвтэрт чинь бичилт хийгээд хохирлыг чинь гаргуулна, татварын буцаалт 260,100 төгрөг чамд олгуулах тушаал нь гарсан байгаа, маргааш цалин шилжүүлнэ гэж хэлээд тохироод явсан. Үүнээс хойш удаа дараа шаардлага тавихад танай санхүүгийн захирал Б.Т шилжүүлж өгөхгүй байна, миний хүч хүрэхгүй байна, би харин дэвтрийг чинь бөглүүлсэн гээд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөр татварт гаргаж өгсөн тодорхойлолтыг дэвтрийн хамт хүний нөөцийн менежер Н.Дарханбаяраар дамжуулан надад өгсөн мөртлөө хариу тайлбар дээрээ намайг дэвтэрээ авчирч өгөөгүй мэтээр гүтгэн бичсэнд маш ихээр харамсаж байна. Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн дагуу дараа жилийн 02 дугаар сарын 15-ны дотор татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг бүрдүүлэн өгдөг ба Г ХХК 2017 оны 5 дугаар сарын 02-нд буюу татварт бичиг баримтаа хүлээлгэж өгөх хуулийн хугацаа дууссанаас хойш 2 сар гаруйн дараа тодорхойлолт гаргаж өгсөнөөс шалтгаалан татвараас буцаалт авах баримт дутуу болж татварт хандаагүй, Г ХХК-ийн буруугаас үүдэн надад хохирол учирсан гэж үзэн, нэхэмжпэн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Тойрох хуудсыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн холбогдох албан тушаалтнуудаар зуруулан явж байсан боловч Санхүү эрхэлсэн захирал Б.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл янз бүрийн шалтаг хэлэн гарын үсэг зурахгүй явж байгаад энэ өдөр тойрох хуудсан дээр /2016 оны 10 дугаар сарын 24-нд байрыг эцсийн байдлаар хүлээлгэн өгсөн актыг үзүүлсээр байтал/ байрны тооцоотой гэж бичсэнээр гарын үсэг зурах ёстой байсан 2 захирал гарын үсэг зураагүй. Тойрох хуудас над дээр байгааг ч мэдээгүй, надад тойрох чинь олдохгүй байна гэж хэлж байсан мөртлөө хариу тайлбар дээрээ намайг очихгүй байсан мэтээр бичсэн байна. Би өнөөдрийг хүртэл удаа дараа цалингаа нэхдэг, Б.Т руу утсаар ярихад утсаа авдаггүй, сүүлдээ миний дуудлагыг блоклосон, утсаар ярихад хуралтай байна гэхээр нь ажил дээр нь очиход ажил дээрээ байгаагүй, үүдний ресепшн нь байхгүй байгаа гэж хэлэхэд би намайг Б.Ттай уулзахаар ирээд хүлээж байгаад явсан гэж рапорт дээрээ бичээрэй гээд ресепшнээр нь хүртэл бичүүлж байсан. Мөн тушаалын дагуу ажлыг хүлээн авах эрх бүхий албан тушаалтанууд нь тойрох хуудас дээр тооцоогүй гэж гарын үсэг зурсан нь ажлыг хүлээлгэн өгөөгүй гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө үндэслэлгүй байна. Миний бие П.О нь Г ХХК-тай холбоотой хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн боловч тухайн гүйцэтгэсэн ажлын хөлс болох цалин хөлсөө авч чадаагүй учраас ажилласан хугацааны цалин хөлсөө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.О нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө ажилласан хугацааны цалин хөлс болон түүнээс үүдсэн хохирол

1. 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр авах байсан 8 дугаар сарын урьдчилгаа цалин 60,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх алданги 60,000*0,3%*341 хоног= 61,380 төгрөг,

2. 2016 оны 10 дугаар сарын 5 -ны өдөр авах байсан 9 дүгээр сарын цалин 1,349,600 төгрөг,2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 27 -ны өдөр хүртэлх алданги 1,349,600*0,3%* 295 хоног =1,194,455 төгрөг,

3. 2016 оны 11 дүгээр сарын 05 -нд авах байсан 10 дугаар сарын цалин 20,314 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх алданги 20,314*0,3%*265 хоног=16,165 төгрөг

4. Дэвтэрт бичилт хийж өгөөгүйн улмаас татварын албанаас хүн амын орлогын албан татварын буцаан олголтоор авч чадаагүй охин Г.Нгийн СЭЗИС-д 2016 онд төлсөн сургалтын төлбөрийн 10 хувь болох 2,601,000*10%=260,100 төгрөг, нийт дүнгээр цалин хөлс 1,429,914 төгрөг, цалин хөлсний алданги 1,272,000 төгрөг, хохирол 260,100 төгрөг, бүгд 2,962,014 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г ХХК нь П.О нь ажлаа хүлээлгэн өгөөгүй тул цалин хөлс нь олгогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч Г ХХК нь П.О ажиллаж байх хугацаанд ажлаа зохих ёсоор, бүрэн хүлээлгэн өгөөгүйгээс гадна санхүүгийн тайлан тооцоо хийж, баланс гаргадаг эд хариуцагчийн хувьд төлбөр тооцооны үлдэгдэлтэй байгаа бөгөөд тус компанийн 100% охин компани болох Партнер ложистик ХХК-ийн нягтлан бодогчийн ажлыг давхар хариуцан ажилладаг байсан бөгөөд тус компанид 115,388 төгрөгийн дутагдал гаргасан, орон сууцаа буцаасаны улмаас тухайн орон сууцанд дахин засвар хийхэд 415,953 төгрөг, 7, 8, 9, 10 сарын ашиглалтын төлбөр 160,597 төгрөг гарснаас гадна орон сууцны өмчлөлд шилжүүлээгүйгээс үүдэн 2017 оны 4 дүгээр сар хүртлэх ашиглалтын төлбөр 255,609 төгрөг, нийт 947,547 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, маргаж байна.

 

Г ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/188 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, П.Онийн хүсэлтийг үндэслэн Тус компанийн Санхүү удирдлагын газарт тооцооны нягтлан бодогч ажилтай Пүрвээ овогтой Оюун-Эрдэнийн хүсэлтийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар ажилтны цалин хөлсийг олгох зохицуулалттай бөгөөд нэхэмжлэгч П.Од 2016 оны 8, 9, 10 дугаар сарын цалинг ажил олгогч Г ХХК-иас олгоогүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Мөн нэхэмжлэгч П.О нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар өөрийн хариуцсан ажлыг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

П.О нь охин Г.Нгийн сургалтын төлбөрийг Санхүү, эдийн засгийн дээд сургуульд 2016 оны 7, 8, 10 дугаар сард төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Вишн девелопмент ХХК-тай нэхэмжлэгч П.О нь Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ №Б2-34 тоот гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 521 дүгээр байрны 1 дүгээр орцноос 3 өрөө 44,53 мкв талбайтай, 5 давхрын 34 тоот орон сууцыг 62,813,520 төгрөгөөр банкны зээлээр авахаар, урьчилгаа төлбөрийг компаниас цалингийн зээлийн гэрээ байгуулан авч, П.О орон сууцанд орсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, Улаанхуарангийн гудамж 521 дүгээр байр, 34 тоот, 44,53 мкв талбайтай, 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204083272 дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ П.Од 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр олгогдож, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Вишн девелопмент ХХК-ийн нэр дээр шилжиж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

 

Ийнхүү П.О нь орон сууцыг буцаан шилжүүлэхэд орон сууцанд дахин засвар хийхэд 415,953 төгрөг, 2016 оны 7, 8, 9, 10 сарын ашиглалтын төлбөр 160,597 төгрөг гарснаас гадна орон сууцны өмчлөлд шилжүүлээгүйгээс үүдэн 2017 оны 4 дүгээр сар хүртлэх ашиглалтын төлбөр 255,609 төгрөг гарсан гэж үзэж хариуцагч нь нэхэмжлэгчээс шаардаж байна.

 

П.О орон сууцыг хүлээлгэн өгөхөд нийтдээ 576,550.20 төгрөгийг төлж барагдуулахаар болж, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр авлага үүсгэж 200,000 төгрөгийг Г ХХК нь суутган 376,550.20 төгрөгийн үлдэгдэлтэй болсон болох нь Байр буцаан хүлээн авах акт, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан-гаар тогтоогдож байна.

 

Вишн девелопмент ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээ-гээр П.О нь энэхүү байрыг буцаахаар болж үүнтэй холбогдон гарсан зардал болох 832,159 төгрөгийн төлбөр тооцоог шаардан нэхэмжлэх эрх, үүргийг Г ХХК-д шилжүүлжээ.

 

Нэхэмжлэгч П.О нь Партнер ложистик ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаартай Ажилд авах тухай тушаалаар тус компанийн нягтлан бодогчоор 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан байх бөгөөд тус компанид 115,388 төгрөгийн дутагдал гаргасан гэж үзэж хариуцагч Г ХХК нь шаардаж байна.

 

Партнер ложистик ХХК-ийн Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан-гаас үзэхэд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр П.О ажлаас гарахдаа кассын дутагдлаар 94,388 төгрөг, 2016 оны 3 дугаар улирлын хүн ХХОАТ-ын хөнгөлөгдөхгүй дүнгээр 21,000 төгрөгийн тус тус авлага үүсгэсэн гэжээ.

 

Партнер ложистик ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээ-гээр П.О нь ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд компанид 115,388 төгрөгийн дутагдал гаргасныг шаардан нэхэмжлэх эрх, үүргийг Г ХХК-д шилжүүлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь өөр, өөрийн эрхээ зөрчигдсөнийг хэн алин нь 2016 оны 10 дугаар сард ажлаас чөлөөлж, чөлөөлөгдсөний дараа мэдсэн гэж үзэхээр байх бөгөөд ийнхүү мэдсэн өдрөөс хойш хуульд заасан 3 сарын дотор гомдол гаргах эрхээ алдсан байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч П.О нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч Г ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан буюу хуульд заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэн алин нь хэтрүүлсэн байна.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн баримтаар зохигчид нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж уг хугацааг сэргээн тогтоох үндэслэлгүй байна.

 

Иймд зохигчид нь хуульд заасан хугацааны дотор гомдлын шаардлагаа гаргаагүй байх тул үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 129 дүгээр зүйлийн 129.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.Онийн ажилласан хугацааны цалин хөлс 1,429,914 төгрөг, алданги 1,272,000 төгрөг, хохирол 260,100 төгрөг, нийт 2,962,014 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Г ХХК-ийн 947,547 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,342.22 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ