| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2024/0912/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/737 |
| Огноо | 2025-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/737
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболд,
хохирогч Б.*******,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяжих овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2410022091027 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер-эдийн засагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, ...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Баяжих овогт *******ийн ******* /РД:.../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 6 дугаар сараас 02-ны шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....тоот гэртээ хохирогч Б.*******тэй хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар яс, зүүн 8-р хавирганы зөрөөгүй хугарал, хамар, зүүн нүдний дотор буланд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, цээж, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр энэ үйл явдал шөнийн 00 цаг өнгөрч байхад манай гэрт болсон. Би гаднаас гэртээ орж ирэхэд манай эхнэр, хохирогч *******, *******р нарын хамт сууж байсан. Эхнэр маань хохирогчтой болон *******р нартай байнга хамт зуслангийн байшин, саун газар зэргээр хонож өнжиж явдаг. Миний хувьд *******ыг өөрийн эхнэртэй ижил хүйстэн байх гэж харддаг байсан. Урьд нь энэ асуудлаар эхнэртэйгээ маргалдаж байгаад эхнэр маань найзуудтайгаа уулзахаа больсон байсан. Харин хэрэг болохоос өмнө эргээд уулзаж эхэлсэнд би дургүйцээд гаднаас гэр рүү орж ирэхэд хамт сууж байхаар нь уурлаж, зураг хөргийг нь авна гээд утсаа гаргаж иртэл зураг авах гэлээ гээд хохирогч ******* миний өөдөөс дайрч гар утас булаацалдсан. Хохирогч *******г гэмтээе гэж цохиж зодсон зүйл байхгүй. Гар утас булаацалдаж байх явцад хохирогч миний гарт өртсөн гэж үзэж байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүх хурал хойшлох болон удаашрах тусам шүүгдэгч өөр өөр мэдүүлэг гаргаж байна. Намайг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бол хохирлоо яагаад барагдуулахгүй байна вэ. Энэ хүний хэлснээр бид нарт буудал болон саун, массаж энэ тэрээр явсан зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул миний хувьд өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2410022091027 дугаартай хэргээс:
Дуудлага лавлагааны хуудас: /хавтаст хэргийн 9 дэх тал/,
Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
Гэрч Г.*******рын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
Гэрч Э.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
Гэрч Ц.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 7507 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний Х.Хулан, Ц.Анхбаяр нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 427 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /хавтаст хэргийн 46 дахь тал/,
Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 52-68,150-210 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 82 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 83 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 84 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 85 дахь тал/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 86-87 дахь тал/, иргэнд олгох татварын ерөнхий газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 87 дахь талын ар тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 88 дахь тал/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 546 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 6 дугаар сараас 01-02-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...2 тоот гэртээ эхнэр Ц.*******ыг бусадтай хардан хохирогч Б.*******тэй маргалдаж улмаар цохиж эрүүл мэндэд нь “хамар яс, зүүн 8-р хавирганы зөрөөгүй хугарал, хамар, зүүн нүдний дотор буланд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, цээж, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Дуудлага лавлагааны хуудас: /хавтаст хэргийн 9 дэх тал/,
Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: Би 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Мишээл экспогийн ...д *******, *******рын хамт арга хэмжээ зохион байгуулах газар хайгаад ажлаар явж байсан. Тэгтэл ******* эмчтэй таарсан ба тэндээ хамтдаа хоол идсэн. ******* эмч бид нарт хандаж “манай гэр Мишээл экспогийн хажууд ойрхон байдаг тул манайхаар ороод гараач” гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо ... тоот буюу ******* эмчийн гэрт 23 цаг өнгөрч байхад ороод гэрт нь ярилцаад нэг цаг орчим суусан. Тэгтэл ******* эмчийн нөхөр ******* гаднаас орж ирээд *******, *******р бид гуравтай эхнэрээ хардаж хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Тухайн үед гаднаас орж ирэхдээ утсаа гартаа барьчихсан бичлэг хийгээд “Балиар заваан лесби юмнууд, манай гэр оронд ирчхээд заваараад сууж байна. Та нар бол ингэж олон жил заваараад явж байгааг чинь би мэдэж байгаа шүү” гэх мэт гүтгэлгийн чанартай үгс хэлсэн. Би “******* эмч бид хоёр ажил хэргийн шугамаар хоорондоо харилцдаг. Ямар нэгэн тийм харилцаа байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл ******* эмч “би чамайг мэднэ шүү, миний эхнэрийг эмэгтэйчүүдэд зуучилж явдаг” гэх мэтээр худал гүтгэсэн. Тэгээд ******* нь гал тогооны ширээн дээрээ гарчхаад бичлэг хийгээд, утга учиргүй үгсээр над руу дайрч давшилж байгаад хэсэгхэн тайвшраад ширээн дээрээс буугаад “та нартай юу ярихав дээ, би эхнэртээ гомдолтой байна” гэж хэлчхээд ******* эмчийг үсдээд, гар хурууг нь мушгиад биед нь халдаж эхэлсэн. Бид гурав салгах гээд голоор нь орсон ба тэр хооронд ******* нь намайг цохиж эхэлсэн. ******* надад хандаж “чи гол буруутай хүн шүү” гэж хэлчхээд зүүн талын хавирга руу бичлэг хийж байгаа утастай гараараа хоёр удаа, зүүн хөмсөгний дээд хэсэгт гараараа хоёр удаа, хамар луу гараараа нэг удаа тус тус цохисон. Миний хамарнаас шууд цус гарсан ба би Цагдаагийн 102 дугаарын утас руу дуудлага өгсөн. ******* үргэлжлүүлээд утсаараа бичлэгээ хийсээр л байсан. Тухайн үед би ******* эгч, *******р хоёрыг байгаад байвал хэрүүл даамжраад байх шиг байна. Би цохиулж зодуулснаараа энд байж байя. Цагдаа дуудсан юм чинь санаа зоволтгүй, та хоёр явж бай гээд явуулсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. ...*******, ******* хоёр нь тархи мэдрэлийн чиглэлээр хувийн эмнэлэг ажиллуулдаг ба би 2020 оноос 2023 он хүртэл тухайн эмнэлэгт нь ирж очин ажилладаг байсан. Тэр хоёр эмнэлэгтээ ажилчингүй болохоороо намайг дуудаж бичиг цаасны, тогооч, үйлчлэгч гэх мэт ажил хийлгүүлэхээр дууддаг байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сараас хойш ******* нь эхнэр *******аа хамт ажилладаг хүмүүстэй нь хардаад байдаг болохоор нь би хувийн таарамжгүй байдлаас шалтгаалан *******, ******* гэх хоёр хүнтэй харилцаа холбоогоо тасалсан. Тэгтэл санаандгүй байдлаар ******* эмчтэй тааралдаад уулзсан. ...Тухайн үед ******* гаднаас орж ирээд *******, *******р бид гурвыг эхнэр *******тай хардаад хэрүүл маргаан үүссэн. ******* нь угаасаа их хартай хүн ба 2020 онд танилцсан цагаас хойш ер нь л эхнэрээ байнгын харддаг хүн байсан. Тэгээд бид дөрвийг лесбичүүд, заваарсан балиар юмнууд гэх мэтээр доромжлоод, улмаар миний биед халдсан. ...******* миний зүүн талын хавирга руу бичлэг хийж байгаа утастай гараараа хоёр удаа, зүүн хөмсөгний дээд хэсэгт гараараа хоёр удаа, хамар луу гараараа нэг удаа тус тус цохисон. ...Би 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр авсан зүүн хавирганы 8 дугаар хугарлын гэмтлээс болж бие зовиуртай, ажилдаа явж чадахгүй, хэвтрийн дэглэмд хөдөлгөөнөө хязгаарлаж байсан. Цээж байнгын боодолтой, хөдөлгөөнөө хязгаарлахгүй бол яс бороолохгүй хувийн эмнэлгээр явж эмчилгээ авч байгаа. ...Би эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна. Зүүн талын 8 дугаар хавирганы хугарлаас болж Гэмтэл согог судлалын үндэсний төв, Манал оточ эмнэлэг, Сөүл эмнэлгүүдэд үзүүлж рентген зураг авхуулж, эм тариа авсан. Энэ бүх хугацааны эмчилгээний зардлаа гаргуулан авах хүсэлтэй байна. Мөн Б.*******т зодуулснаас болж миний зүүн хавирганы 8 дугаар хавирга хугарч 3 сар орчим гам барьж гэртээ байсан. Би ... төлөөлөгчөөр ажилладаг. Тиймээс ажил завсардсан гэх 7,200,000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Шүүх хурал хойшлох болон удаашрах тусам шүүгдэгч өөр өөр мэдүүлэг гаргаж байна. Намайг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бол хохирлоо яагаад барагдуулахгүй байна вэ, энэ нь ямар учиртай юм бол. Энэ хүний хэлснээр бид нарт буудал болон саун, массаж энэ тэрээр явсан зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул миний хувьд өөр нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Гэрч Г.*******рын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Мишээл экспогийн ... *******, ******* нарын хамт ажлаар явж байтал ******* эмчтэй таарсан. ******* эмч бид нарт хандаж “манай гэр Мишээл экспогийн хажууд ойрхон байдаг тул манайхаар ороод гараач” гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо .. тоот буюу ******* эмчийн гэрт нь 23 цаг өнгөрч байхад ороод ярилцаад сууж байтал нөхөр ******* гаднаас орж ирээд шууд бид нар луу “та нар муу сайн янханууд, юу хийцгээж байгаа юм” гээд утсаараа бичлэг хийгээд байсан. Би “бид нар ажил ярьж байна, та тайван сууж байгаад ярилцаж болох уу” гэж хэлсэн. Тэгтэл ******* “лесби нар биеэ үнэлж байна уу, нүцгэн сууж байна” гэх мэтээр үргэлжлүүлж бичлэг хийгээд доромжилсоор байсан. Тэгээд ******* эхнэрийнхээ үсийг зулгаагаад гарыг нь ард нь мушгихаар нь ******* бид хоёр салгасан. Тэгсэн чинь *******д хандаж “энэ бүхэн чамаас болсон” гэж хэлээд *******гийн гэдэс орчимд гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Дараа нь нүүр лүү нь нэг удаа цохиж байгааг нь би харсан. Тухайн үед би *******ыг болиулах гээд ноцолдож байсан. Тэр хооронд ******* *******гийн хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би *******д хандаж цагдаа дууд гэж хэлсэн. Цагдааг хүлээгээд байж байтал ******* ******* бид хоёрт хандаж “та хоёр энд байгаад байвал хэл амны нэмэр, бэртэж гэмтэнэ. Цагдаа дуудсан болохоор санаа зоволтгүй” гэсэн. Тэгээд би *******ын хамт гараад явсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
Гэрч Э.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би *******, *******р гэх хоёр найзтайгаа Мишээл экспогийн Мишээл ... дотор ажлаар уулзсан. Бид гурав ажил төрөл яриад уулзалт зохион байгуулах газар судлаад явж байсан. Тэгээд явж байтал ******* эмчтэй ...таарсан. Бид гурав жил гаран *******тай уулзаагүй байсан тул уулзаад хэсэг ярьж сууцгаасан. Тэгтэл ******* гэр нь ойрхон гээд гэр рүүгээ авч орсон. Тэгээд *******ын гэр рүү ороод өмнө нь хамт бичиж байсан төслийн талаар ярилцсан. Ярилцаад байтал *******ын нөхөр ******* гаднаас орж ирээд хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Миний хувьд тэр хүнтэй хэрүүл маргаан үүсгээгүй ба ******* нь орж ирчхээд “заваан балиар хүүхнүүд, та нар муусайн хулгайчид юу хийж байгаа” гэх мэтээр доромжилж байсан. Тэгээд ******* ширээн дээр байсан шилэн чихрийн тавгийг бариад над руу шидэх гээд дайрсан. ******* ер нь эхнэрээ эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй ялгалгүй харддаг, хэцүү байдалд оруулдаг, байнгын хэрүүл маргаан үүсгэдэг талаар эхнэр нь надад олон удаа хэлж байсан. ******* голоор орж ирээд *******ын гарт байсан чихрийн тавгыг авсан. ******* гартаа утас барьсан байдалтай байсан ба гар утас барьсан гараараа *******гийн нүүрэн тус газар, хамар, цээж хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. ******* нь *******р бид хоёрыг түрүүлж гаргаад ******* эмч болон *******тай үлдсэн. Тухайн үед Цагдаагийн байгууллагад ******* дуудлага өгсөн байсан ба удалгүй цагдаа нар ирсэн гэж сонссон...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
Гэрч Ц.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би *******, *******, *******р гэх гурван найзтайгаа Мишээл экспогийн Мишээл ... дотор уулзсан. Тэгээд бид дөрөв тэр хавиар үзвэр үйлчилгээний зүйл үзэж байгаад манай гэр Мишээл хотхонд ойрхон байдаг тул би тэр гурвыг гэр рүүгээ 2024 оны 6 дугаар сарын 01-ний 23 цаг өнгөрч байхад дагуулж орсон. Бид дөрөв ярилцаад сууж байтал манай нөхөр ******* гаднаас орж ирчхээд гар утсаа гаргаж ирээд “Та нар юу хийж байгааг хэлээд мэндийн зөрүү ч байхгүй бичлэг хийгээд, уурлаад эхэлсэн. Тэгээр ширээн дээр гарч зогсчхоод уурлаж уцаарлаад гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь ширээн дээрээс буулгах гээд аргадсан. Тэгээд манай нөхрийг ширээн дээр зогсчхоод унах гээд байхаар нь подволкноос нь манай гурван найз татах явцдаа подволкийг нь урчихсан. Бид дөрөв тайвшруулаад “бид нар одоо гэрээс чинь гарлаа. Та тайван бай” гэж манай гурван найз хэлсэн. Тэгээд ******* маргалдаж байх хооронд Цагдаа дуудсан байсан ба цагдаа нар ирсэн. ...Манай нөхөр ******* болон *******, *******, *******р нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, бүгд эрүүл байсан. ...Би *******тай 1994 оноос хойш хамт амьдарч байгаа, дундаасаа хоёр хүүхэдтэй, албан ёсны гэрлэлтийн баталгаатай. ...Миний биед халдаж цохисон зүйл байхгүй. ...Би *******, *******, *******р нартай 2018 онд танилцаад тэр үеэс хойш найз нөхдийн харилцаатай байгаа. *******, *******р хоёр манай Баяр эмнэлэгт 2021 оноос 2023 оны хооронд ажилладаг байсан. ******* үйлчлэгч, тогоочоор, харин *******р бариачаар ажилладаг байсан. Тэгээд манайд ажилладаг байсан болохоор харилцаа холбоотой найзалж нөхөрлөдөг...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээч эмч О.Нансалмаагийн гаргасан 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7507 дугаартай дүгнэлтэд: Б.*******гийн биед хамар яс, зүүн 8-р хавирганы зөрөөгүй хугарал, хамар, зүүн нүдний дотор буланд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, цээж, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний Х.Хулан, Ц.Анхбаяр нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 427 дугаартай дүгнэлт: “.....ын ******* /РД:.../-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Б.*******гийн сэтгэцэд учирсан хор уршиг нь 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой гэх дүгнэлт,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас хохирсон Б.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоосныг хохирогч нь хүлээн зөвшөөрсөн /хавтаст хэргийн 46 дахь тал/,
Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 52-68,150-210 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяр гэх эмнэлэг дээр жижүүрийн ээлжтэй хонох гэж байсан. Тэгээд шөнө 23 цаг 50 минутын эхнэр *******тай утсаар ярих гээд залгатал утсаа авахгүй байсан. Тэгтэл 00 цагийн үед эхнэр өөрөө над руу видео калл хийж залгасан. Тэгээд эхнэрийнхээ байр байдлыг ажиглатал сэжиг бүхий өөрийн унтдаг орон дээрээ биш, өөр хөнжилтэй, өөр дэртэй гэртээ хэвтэж байсан. Тухайн үед надад унтаж буй мэт дүр эсгээд гэртээ ганцаараа байгаа гэх ойлголтыг надад төрүүлэх гэж хичээсэн гэж бодсон. Тэгээд би Баяр эмнэлгээс гараад шууд гэртээ очсон ба гэрт очиход эхнэр маань *******, *******, *******р нарын хамт буйдангаа өөрчлөөд тавьсан байдалтай унтах гээд юм яриад сууцгааж байсан. Тэгэхээр нь би утсаа гаргаад тэр хүмүүсийн байгаа байдлыг бичиж бичлэг хийж эхэлсэн. Тэгтэл тэр гурав уурлаад, ******* утсыг маань булаах гээд надтай ноцолдож эхэлсэн. Тэгээд гар утсаа *******д алдахгүйн тулд би ширээн дээр зогссон ба ******* би ч бас бичлэг хийнэ гээд утсаа гаргаж ирсэн.Удалгүй Цагдаагийн байгууллага дуудсан. Тухайн үед зодоон огт болоогүй ба хэрүүл маргаан үүсэж хоорондоо ноцолдсон. ...Би миний эхнэр болох ******* болон ******* нарыг бэлгийн цөөнх буюу лесби нар гэж боддог. Тэр хоёр дандаа хоёулахнаа уулздаг ба тусдаа унтдаг өрөөтэй, хоол иддэг газартай, уулздаг газартай, хамтдаа хөдөө орон нутгаар олон удаа явж байсан. *******р, ******* хоёр бол тэр хоёрыг зуучилдаг, үйлчилдэг үүрэгтэй хүмүүс гэж боддог. Тэгээд намайг эзгүйчлээд тэр дөрөв тухайн шөнө уулзсан юм шиг сэжиг төрөөд би ажлаасаа гэртээ шууд очсон. Тэгтэл тэр дөрөв хамтдаа байхаар нь миний уур бухимдал төрөөд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж хоорондоо ноцолдож эхэлсэн. ...Тухайн үед хэрүүл маргаан үүсэж, хоорондоо гар утас булаацалдаад ноцолдсон. Өөрөөр тэнд байсан хүмүүсийн биед халдаж цохисон зүйл байхгүй. Миний биед халдсан зүйл байхгүй. ...Энэ хүмүүс үгсэн хуйвалдаж намайг гүтгэж байна. Тухайн үед би хэн нэгний биед халдаж цохисон зүйл байхгүй. Энэ хүмүүстэй би хоёр гурван жил энэ асуудлаас хэрэлдэж маргалдаж байна. Тиймээс бүгд миний эсрэг намайг буруутай мэт нийлээд дайрч байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дэх тал/,
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр энэ үйл явдал шөнийн 00 цаг өнгөрч байхад манай гэрт болсон. Би гаднаас гэртээ орж ирэхэд манай эхнэр хохирогч *******, *******р нарын хамт сууж байсан. Эхнэр маань хохирогчтой болон *******р нартай байнга хамт зуслангийн байшин, ажиллуулдаг газрынхаа саун зэргээр хонож өнжиж явдаг. Миний хувьд ******* өөрийн эхнэр хоёроо ижил хүйстэн байх гэж харддаг байсан. Урьд нь энэ асуудлаар эхнэртэйгээ маргалдаж байгаад эхнэр найзуудтайгаа уулзахаа больсон байсан. Харин хэрэг болохоос өмнө эргээд уулзаж эхэлсэнд би дургүйцээд гаднаас гэр рүү орж ирэхэд хамт сууж байхаар нь уурлаж, зураг хөргийг нь авна гээд утсаа гаргаж иртэл зураг авах гэлээ гээд хохирогч ******* миний өөдөөс дайрч гар утас булаацалдсан. Хохирогч *******г гэмтээе гэж цохиж зодсон зүйл байхгүй. Гар утас булаацалдаж байх явцад хохирогч миний гарт өртсөн гэж үзэж байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив шинж нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж баталгаажуулсан. Халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.*******, гэрч Ц.******* нар нь хууль ёсны эхнэр, нөхрийн харилцаатай, харин гэрч Ц.******* нь хохирогч Б.*******, гэрч Э.*******, Г.*******р нартай найз нөхдийн харилцаатай этгээдүүд байна.
Шүүгдэгч Б.******* нь эхнэр Ц.*******ыг бусадтай хардан хохирогч Б.*******тэй маргалдан улмаар цохиж эрүүл мэндэд нь “хамар яс, зүүн 8-р хавирганы зөрөөгүй хугарал, хамар, зүүн нүдний дотор буланд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, цээж, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******г цохихоор халдан довтолж буй үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, хохирогчийн биед хохирол учруулахыг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******г цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 88 дахь тал/
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,
Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгаа бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны зардал болох 6,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж, хохирогчид олгох дүгнэлт гаргасан.
Хохирогч Б.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хэрэгт авагдсан баримтаар учирсан гэх 838,000 төгрөгийг надад бодитоор учирсан хохирлын мөнгөн дүн биш гэж үзэж байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Б.******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй бөгөөд тэрээр өөрийн гэсэн орлоготой, өндөр насны тэтгэвэрт гарсан, 63 настай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.
Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бодит хохирлыг төлсөн гэж үзэж байна. Сэтгэцэд учирсан хохирол дээр маргах зүйлгүй. Цалингийн асуудлыг гаргуулах тал дээр цалин гэдэг асуудал бол нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар нотлогдоно. Ойрын хүмүүс болон бусад хүмүүсээс орж ирсэн мөнгийг цалин орлого гэж үзэхгүй. Иймд цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа гэх саналыг гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан мөнгөн дүнгээр илэрхийлсэн бодит хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдал болон тэрээр 63 настай, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв .
Шүүхээс шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас:
А./ хохирогч Б.*******гийн биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээч эмч О.Нансалмаагийн гаргасан 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7507 дугаартай дүгнэлтээр “...хамар яс, зүүн 8-р хавирганы зөрөөгүй хугарал, хамар, зүүн нүдний дотор буланд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, цээж, баруун гуянд цус хуралт” бүхий гэмтэл тогтоогдсон.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.******* нь мөнгөн дүнгээр илэрхийлсэн хохирол, хор уршигтай холбоотой нийт 838.380 төгрөгийн нотлох баримт /хавтаст хэргийн 52-56 дахь тал/, мөн тэрээр ...
иргэн
Х.******* нарыг төлөөлж, итгэмжлэлээр ажилладаг сарын 2.000.000 төгрөгийн цалинтай ба дээрх гэмт хэргийн улмаас 3 сар ажлаа хийгээгүй тул ажилгүй байсан хугацааны цалин 6.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гээд Голомт банкны дансны хуулга гаргаж нэхэмжилжээ.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******гийн эмчилгээний зардал гарсан 838.380 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нөхөн төлсөн болох нь Хохирол төлбөрийг барагдуулсан тухай баримт /хавтаст хэргийн 211 дэх тал/-аар тогтоогдож байна.
Харин хохирогч Б.*******гийн биед хамар яс, зүүн 8-р хавирганы зөрөөгүй хугарал, хамар, зүүн нүдний дотор буланд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, цээж, баруун гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн хохирол учирсан тул түүний ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 6.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, хор уршиг гэж үзэхгүй. Иймд хохирогч Б.******* нь ажилгүй байсан хугацааны цалин, орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Б./ хохирогч Б.*******гийн сэтгэцэд учирсан хор уршигт Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний Х.Хулан, Ц.Анхбаяр нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 427 дугаартай дүгнэлтээр “......******* /РД:.../-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Б.*******гийн сэтгэцэд учирсан хор уршиг нь 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой гэжээ.
Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа билээ. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн хоёрдугаар зэрэглэлд “хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 4-8 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасан.
Гэмт хэрэг 2024 оны 6 дугаар сарын 02-ны шөнө гарсан ба Үндэсний хорооноос улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг” болгож нэмэгдүүлэхээр тогтоосон байх ба хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг, гэмт хэрэг гарсан байдал зэргийг харгалзан сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 5,280,000 төгрөгөөр тооцов.
Хохирогч Б.******* нь итгэмжлэлээр бусдыг төлөөлөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөлсөөр ажиллаж орлого олдог байсан. Тэрээр гэмтлийн улмаас 3 сарын хугацаанд ажлаа хийж чадаагүй улмаас олох байсан орлого, сарын 2.000.000 төгрөгөөр тооцон, нийт 6.000.000 төгрөг нэхэмжилж дансны хуулга болон итгэмжлэл гэх баримтуудыг гаргаж өгсөн байна. /хэргийн 152-210 дахь талд/ Хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд “хамар яс, зүүн 8-р хавирганы зөрөөгүй хугарал, хамар, зүүн нүдний дотор буланд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, цээж, баруун гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн хохирол учирсан хэдий ч тэрээр 3 сарын хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан талаарх эмнэлгийн баримт тухайлбал эмнэлгийн магадлагаа, эмчийн тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хохирогч Б.*******гийн 3 сарын хугацааны олох байсан орлого 6.000.000 төгрөг нэхэмжилснийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баяжих овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******гийн эмчилгээний зардалд 838.380 төгрөг нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгч Б.*******аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр буюу 5.280.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.*******д олгосугай.
5. Хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин, орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны \шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9 Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР