Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2021/00358

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8,443,768 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Д.Г би 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ч.Стай иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор, зээлийн гэрээний үүрэгт Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол /*******372/, нарны зам гудамж, *******3 байр, ******* тоот хаягт байрлах 39,86 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж гэрээ байгуулсан билээ. Ингээд хүү, алданги төлөхгүй явсаар 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан хүү, алданги төлж үндсэн зээлээс хасуулан, төлөгдөөгүй үлдсэн 6,793,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, үндсэн зээлийн гэрээний нөхцөл хэвээр сунгасан. Зээлдэгч нь хүү, алданги төлөхгүй байж байгаад 2020 оны 05 сарын 29-ний өдөр 2,500,000 төгрөгийг төлсөн. Үүнээс гэрээний хугацаанд төлөгдөөгүй хүү, алданги болох 884,368 төгрөгийг хасаад 1,615,632 төгрөгийг үндсэн зээл 6,793,000 төгрөгөөс хасаад 5,177,368 төгрөг үлдэв. Үлдэгдэл 5,177,368 төгрөг дээр гэрээний хугацаан дахь хүү, алданги 392,961 төгрөг нэмээд 5,570,329 төгрөг болж байна. Иймд сайн дураар зээлээ төлөхгүй байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2020 оны 04 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээнээс төлөгдөөгүй үлдсэн 5,177,368 төгрөг, зээлийн гэрээний хугацаан дахь хүү 392,961 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи алданги 2020 оны 07 сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 сарын 21-ний өдөр хүртэл 111 хоногийн алданги 2,873,439 төгрөг, нийт зээлийн гэрээний дагуу 8,443,768 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ч.С миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчтэй анх 6 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 10,000,000 төгрөгийг зээлж зээлийн барьцаанд Б******* дүүрэг, ******* дугаар хорооны *******3 дугаар байрны 39,8 м.кв байрыг барьцаанд тавьсан болно. Нэхэмжлэгчид нийт одоогийн байдлаар 14,500,000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Нотлох баримтаар өгсөн дансны хуулгаас харахад зөвхөн дансаар шилжүүлсэн мөнгийг гаргаж өгсөн байна. Бэлнээр мөнгө өгч байсан. 800 евро өгч байсан. Ковид цар тахалын үед нөхцөл байдлаа удаа дараа хэлэхэд хүлээж аваагүй, цаг үеийн байдлыг харгалзаад зээлийн хүүгээ буулгаж, хугацаагаа сунгах боломж байна уу гэхэд гэрээний алданги гэх 2,500,000 төгрөгийг хоёр удаа нэмсэн. Энэ нь гэрээний аль заалт ямар үндэслэлтэйг ойлгоогүй. Жилийн 120 хувийн хүү тооцон авах гэсэн энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ч.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5,177,368 төгрөг, хүү 392,961 төгрөг, алданги 2,873,439 төгрөг, нийт 8,443,768 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Ч.С нарын хооронд байгуулагдсан дараах гэрээ нотлох баримтаар авагджээ. Үүнд:

-       2019 оны 09 сарын 07-ны өдрийн Д.Г нь Ч.Сд 10,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлх нөхцөлтэй Зээлийн гэрээ, /хх-6-7/

-       2019 оны 09 сарын 07-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол /*******372/, нарны зам гудамж, *******3 байр, ******* тоот хаягт байрлах 39,86 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан Барьцааны гэрээ, /хх-5/

-       2019 оны 09 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2020 оны 04 сарын 02-ны өдрөөс 2020 оны 07 сарын 02-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар сунгах тухай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ. /хх-10/

Дээр дурдсан гэрээнүүдийг байгуулсан талаар зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

2019 оны 09 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу мөн өдөр нэхэмжлэгч нь Хаан банкны дансаар 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд мөнгө хүлээн авсан талаар хариуцагч маргаагүй. /хх-33/

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ч.Сд зээлийн 10,000,000 төгрөг шилжүүлэх болон хариуцагчаас зээлийн төлбөрийг авахдаа дансаар гүйлгээ хийсэн, бэлнээр өгсөн еврог монгол төгрөгт шилжүүлэн данс руугаа шилжүүлсэн гэх тайлбарыг гаргаж, Хаан банкин дахь өөрийн нэр дээрх ******* дугаартай дансны депозит дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн. Уг дансны хуулгаар 2019.09.07-ны өдөр 10,000,000 төгрөгийг хариуцагч руу шилжүүлсэн, хариуцагч Ч.Сгаас ******* дугаартай данснаас 2019.10.07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019.11.07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020.01.07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020.04.02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020.05.29-ны өдөр 2,500,000 төгрөгийг тус тус Сгаас зээл төлөлт гэсэн гүйлгээгээр шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд эдгээр мөнгөн шилжүүлгийн дүнгийн талаар зохигчид маргаагүй.

Мөн дээр дурдсан дансны хуулгаар 2020.04.02-ны өдөр евро гэсэн орлогын гүйлгээгээр 2,100,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн бэлнээр өгсөн 700 еврог тухайн өдрийн еврогийн ханшаар тооцон солиулж өөрийн данс руу хийж, хариуцагчийн төлөх төлбөрт тооцсон гэх тайлбарыг гаргасан.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийн хүүг сарын 10 хувь байхаар тохиролцсон байх боловч нэхэмжлэгч нь сарын хүүг 6 хувиар тооцсон гэх тайлбарыг гаргаж байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн зээлийн хүүг 6 хувиар тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт зээл 10,000,000 төгрөгийн хүүг өөрийн тодорхойлсон хэмжээ болох сарын 6 хувиар гэрээгээр тохирсон хугацаа болох 6 сараар тооцон шаардах эрхтэй. Мөн зохигчид нь 2020 оны 04 сарын 02-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан гэрээний хугацааг 3 сараар сунгасан байх тул нэхэмжлэгч нь уг тохирсон хугацаагаар зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

2019 оны 09 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, гэрээгээр тохирсон 6 сарын хугацаа буюу 2019 оны 09 сарын 07-ны өдрөөс 2020 оны 03 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцоход гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 3,600,000 төгрөг, нийт *******,600,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээнэ.

Хариуцагч нь 2020 оны 04 сарын 02-ны өдрийг хүртэл нийт 8,100,000 төгрөг /1,000,000+ 1,000,000+ 1,000,000+ 3,000,000+ 2,100,000/ төлсөнийг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх хугацааны үүрэг болох *******,600,000 төгрөгөөс хасч тооцоход үлдэгдэл 5,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хугацаа буюу 2020 оны 04 сарын 02-ны өдрөөс 2020 оны 07 сарын 02-ны өдрийг хүртэл зээлийн үлдэгдэл 5,500,000 төгрөгөөс 6 хувиар, гэрээний нэмэлт өөрчлөлтөөр тохирсон 3 сараар тооцоход зээлийн үлдэгдэл 5,500,000 төгрөг, хүү 990,000 төгрөг, нийт 6,490,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байх бөгөөд хариуцагчийн төлсөн 2,500,000 төгрөгийг хасч тооцоход 3,990,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 09 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээнд гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

2020 оны 07 сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар алданги тооцож 2,214,450 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Хариуцагч нь 700 евро бус 800 евро бэлнээр өгсөн, нийт 14,500,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ч.Сгаас зээлийн гэрээний үүрэгт нийт 6,204,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,239,318 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Сгаас зээлийн гэрээний үүрэгт 6,204,450 /зургаан сая хоёр зуун дөрвөн мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,239,318 /хоёр сая хоёр зуун гучин есөн мянга гурван зуун арван найман/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Сгаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 114,221 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР