| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0165/э |
| Дугаар | 2017/ШЦТ/164 |
| Огноо | 2017-06-23 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2017/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч Ц.Ч- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Ч-д холбогдох эрүүгийн 201722000301 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ц.Ч-,
Шүүгдэгч Ц.Ч- нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эхнэр Г.Ш-ийг зодож бие махбодид нь баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Ч- нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эхнэр Г.Ш-ийг зодож бие махбодид нь баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ц.Ч-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 05-р сарын 26-ны өдөр эхнэр бид хоёр хүүхдийнхээ цэцэрлэг дээр нь ажил хийж байгаад Г.Ш-ийн ажил дуусаад хоол идэх гээд машинд суутал Г.Ш- манай хүүгийн ангийнх нь С-н ээж, У-н аав нартай хамт өөр машинд суугаад намайг хуушуураа идэж дуусаагүй байхад Г.Ш- энэ машинд суучих гээд дуудаад байхаар нь би уурлаад ганц хуушуур ч идүүлчихгүй, нэг бол би идэхээ больё гэж хэлээд хоёр хуушуураа буцааж тавьчхаад цэцэрлэг рүү орох гэж байтал хүүхдийн ангийн багш нь урдаас гарч ирээд бид нар банзанд яваад 20 орчим минутын дараа буцаад иртэл С-н ээж яагаад уурлаад байгаа юм бэ гээд сугадаад авахаар нь би гараа тавиулаад хүүхдээ аваад буцаад ирсэн. Тэгээд бид нар машиндаа суугаад буцаад хөдлөх гэтэл Г.Ш-ээс пиво их үнэртэж байхаар нь би хулгайч чинь ийшээ оръё л гээд байсан уучихаад гараад ирээ юу гээд хацар руу нь алгадсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Хохирогч Г.Ш-н хэрэг бүртгэлтэд өгсөн: ...2017 оны 05-р сарын 26-ны өдөр нөхөр бид хоёр хүүхдийнхээ цэцэрлэгийн гадна тохижилтын ажил хийж дуусаад орой ч болсон, би хоёр ээж нэг аавтай цэцэрлэгийн гадаа машинд пиво уусан. Тэгэхэд Ц.Ч- байхгүй, хайрганд явсан байсан. Ц.Ч- ирээд намайг явъя гэж өөрийнхөө машин руу суулгаад чи архи уучихсан байна шүү дээ гээд миний шанаа руу гараараа 2-3 удаа цохичхоор би буугаад үлдсэн. Ц.Ч- хоёр охиноо аваад удалгүй эргэж ирээд намайг гэртээ оруулаад алгадаж, гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд байж байтал ахиад охины багш нь залгаад ахиад хайрганд явах шаардлагатай байна гэж залгаад Ц.Ч- намайг авч явна гэхээр нь үгүй гэтэл ахиж намайг өшиглөж ор руу унагааж сандлаар цохисон. ...Ц.Ч- надаас уучлал гуйсан, надад одоо гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 378 дугаартай:
Хохирогч Г.Ш- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.
Иймд шүүгдэгч Ц.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ч-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчид 2 сарын баривчлах ялын санал бичиж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Г.Ш- нь шүүгдэгч Ц.Ч-тэй сайн дураараа эвлэрсэн талаарх 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн эвлэрлийн гэрээ, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын саналыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр" хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 201722000301 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Ч-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ц.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн 201722000301 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч-д урьд авсан батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР