Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 00164

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Ц.Чойжилсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Манлайн Бямбадоржид холбогдох эрүүгийн 201722000301 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Бэсүүд Цэрэнчанаагийн Чойжилсүрэн, 1986 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 09-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн РЮ86121114 дугаартай,

Шүүгдэгч Ц.Чойжилсүрэн нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эхнэр Г.Шүрэнцэцэгийг зодож бие махбодид нь баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Чойжилсүрэн нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эхнэр Г.Шүрэнцэцэгийг зодож бие махбодид нь баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ц.Чойжилсүрэнгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 05-р сарын 26-ны өдөр эхнэр бид хоёр хүүхдийнхээ цэцэрлэг дээр нь ажил хийж байгаад Шүрэнцэцэгийн ажил дуусаад хоол идэх гээд машинд суутал Шүрэнцэцэг манай хүүгийн ангийнх нь Сундуйгийн ээж, Урандаваагийн аав нартай хамт өөр машинд суугаад намайг хуушуураа идэж дуусаагүй байхад Шүрэнцэцэг энэ машинд суучих гээд дуудаад байхаар нь би уурлаад ганц хуушуур ч идүүлчихгүй, нэг бол би идэхээ больё гэж хэлээд хоёр хуушуураа буцааж тавьчхаад цэцэрлэг рүү орох гэж байтал хүүхдийн ангийн багш нь урдаас гарч ирээд бид нар банзанд яваад 20 орчим минутын дараа буцаад иртэл Сундуйгийн ээж яагаад уурлаад байгаа юм бэ гээд сугадаад авахаар нь би гараа тавиулаад хүүхдээ аваад буцаад ирсэн. Тэгээд бид нар машиндаа суугаад буцаад хөдлөх гэтэл Шүрэнцэцэгээс пиво их үнэртэж байхаар нь би хулгайч чинь ийшээ оръё л гээд байсан уучихаад гараад ирээ юу гээд хацар руу нь алгадсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Хохирогч Г.Шүрэнчимэгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: ...2017 оны 05-р сарын 26-ны өдөр нөхөр бид хоёр хүүхдийнхээ цэцэрлэгийн гадна тохижилтын ажил хийж дуусаад орой ч болсон, би хоёр ээж нэг аавтай цэцэрлэгийн гадаа машинд пиво уусан. Тэгэхэд Чойжилсүрэн байхгүй, хайрганд явсан байсан. Чойжилсүрэн ирээд намайг явъя гэж өөрийнхөө машин руу суулгаад чи архи уучихсан байна шүү дээ гээд миний шанаа руу гараараа 2-3 удаа цохичхоор би буугаад үлдсэн. Чойжилсүрэн хоёр охиноо аваад удалгүй эргэж ирээд намайг гэртээ оруулаад алгадаж, гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд байж байтал ахиад охины багш нь залгаад ахиад хайрганд явах шаардлагатай байна гэж залгаад Чойжилсүрэн намайг авч явна гэхээр нь үгүй гэтэл ахиж намайг өшиглөж ор руу унагааж сандлаар цохисон. ...Чойжилсүрэн надаас уучлал гуйсан, надад одоо гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 378 дугаартай:

  1. Г.Шүрэнцэцэгийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Г.Шүрэнцэцэгийн биед баруун, зүүн бугалга, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна.
  3. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  5. Гэмтэлтэй холбоотой сэдрэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  7. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/,

Хохирогч Г.Шүрэнцэцэг нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Ц.Чойжилсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Чойжилсүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчид 2 сарын баривчлах ялын санал бичиж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Г.Шүрэнцэцэг нь шүүгдэгч Ц.Чойжилсүрэнтэй сайн дураараа эвлэрсэн талаарх 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн эвлэрлийн гэрээ, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын саналыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр" хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн 201722000301 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Бэсүүд Цэрэнчанаагийн Чойжилсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ц.Чойжилсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн 201722000301 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Чойжилсүрэнд урьд авсан батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.ЭРДЭНЭ-ОЧИР