Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 170

 

МАГАДЛАЛ

 

2019.01.21                                                 Дугаар 170                                  Улаанбаатар хот

 

 

 

 

А.Б, Ч.М  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02376 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Б, Ч.М  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Б, С.Ч нарт холбогдох,

2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн К С Б ХХК-ийн удирдах зөвлөлийн хурал хуралдаагүй, 01 тоот тогтоол гараагүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Г,

Хариуцагч: С.Ч,

Хариуцагч Н.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ё.Э,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: К С Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчид, өөрөөр хэлбэл А.Б 25 хувь, Ч.М 25 хувийг эзэмшдэг болно. Гэтэл иргэн Н.Б , С.Ч-ын гарын үсэг бүхий К С Б ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлын 01 тоот Хөрөнгө хуваарилах тухай тогтоол 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гарчээ. Н.Б  нь компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, харин С.Ч хувьцаа эзэмшигч биш харин компанийн гүйцэтгэх захирал юм. 01 тоот тогтоолыг К С Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчид буюу үүсгэн байгуулагч иргэд батлан гаргаж, компаний тамга дарж баталгаажуулсан байдаг тул иргэд хоорондын маргаан гэж үзэж байгаа. Энэхүү хөрөнгө хуваарилах тухай 01 тоот тогтоол нь Иргэний хууль, Компанийн тухай хууль, К С Б ХХК-ийн дүрмийг зөрчсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад хамаарах хууль зөрчсөн хэлцэл. Хувьцаа эзэмшигч А.Б, Ч.М  нарт хувьцаа эзэмшигчдийн хурал болох талаар огт мэдэгдээгүй, хэлэлцэх асуудлыг танилцуулаагүй, тэднийг оролцуулалгүй нууц далд аргаар 01 тоот тогтоолыг гаргасан нь Компанийн тухай хуулийн 64, 65, 66, 67, 68, 69, 71, 72,73, 74 дүгээр зүйлийн холбогдох хэсэг заалтыг зөрчсөн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т хамаарах хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл. Хувьцаа эзэмшигч А.Б, Ч.М  нар нь хамтдаа нийт хувьцааны 50 хувийг эзэмшдэг боловч тэднээс ямар ч санал авалгүй 01 тоот тогтоол гарсан нь Компанийн тухай хуулийн 69, 71, 72 дугаар зүйлд холбогдох заалтыг зөрчсөн. К С Б ХХК-ийн дүрмийн 6.1, 6.2-т зааснаар эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна гэсэн байдаг ч А.Б, Ч.М  нарыг 01 тоот тогтоол гарахад оролцуулаагүй.

Хөрөнгө хуваарилах тухай 01 тоот тогтоолыг К С Б ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлаар баталсан мэт харагддаг боловч иргэн Н.Б  нь Ш ХХК-ийн төлөөлөгчийн хувиар оролцсон нь хууль бус. Мөн Н.Б  нь Ш ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, К С Б ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч тул дээрх тогтоол ашиг сонирхлын зөрчилтэй. К С Б ХХК-ийн удирдах зөвлөлийн хуралд хувьцаа эзэмшигч биш этгээд буюу С.Ч оролцсон нь хууль бус. К С Б ХХК-ийн дүрэмд зааснаар компани Төлөөлөн удирдах зөвлөл байхгүй, харин компанийн эрх барих дээд байгууллага нь үүсгэн байгуулагчдын хурал байхаар заасан. Гэтэл байхгүй Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэж 01 тоот тогтоолыг гаргасан байна. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хөрөнгө хуваарилах тухай 01 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: С.Ч миний бие Н.Б д хандан К С Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш болсон, өөр хүмүүс байгаа гэсэн. Гэтэл Н.Б  Улсын комиссийн акт хүчингүй болох нөхцөл байдал үүсээд байна, хурдал гэсээр байгаад надаар гарын үсэг зуруулсан болно. Тухайн үед Н.Б  Нийслэлийн засаг даргын орлогч байсан. К С Б ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь Н.Б  бөгөөд, үлдэх 50 хувийг А.Б, Ч.М  нар эзэмшдэг. Би нэг ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй байж 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн К С Б ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлын 01 тоот тогтоол гэх бичиг баримтад гарын үсэг зурсан нь үнэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Н.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хөрөнгө хуваарилах тухай дээрх тогтоол нь хоёр компанийн захирлуудын хооронд хийгдсэн байна. К С Б ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн гүйцэтгэх захирал С.Ч итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй субъект болох компанийн гэрчилгээгээр нотлогдоно. К С Б ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр С.Ч-ыг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байх тул гүйцэтгэх захирал С.Ч нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хөрөнгө хуваарилах тухай 01 тоот тогтоолд гарын үсэг зурах бүрэн эрхтэй байсан. Иймээс хариуцагч К С Б ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ч , мөн хариуцагч Ш        ХХК-ийн захирал Н.Б  нар 2011 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд барьж ашиглалтанд оруулсан 60 айлын орон сууцанд оруулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ, өөрөөр хэлбэл хамтын ажиллагаагаа дүгнэсэн тогтоол үйлдсэн. Уг баримтын зөвхөн толгой хэсэг буруу гарсан болохоос утга агуулгаараа хоёр байгууллагын хийсэн хэлцэл. Иймд дээрх тогтоолыг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2010 онд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 60 айлын орон сууц барихад шаардлагатай санхүүжилтийг босгоход Ш ХХК, К С Б ХХК нар хамтран ажилласан. Тус барилгыг 2015 онд улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Улмаар Ш ХХК-ийн төлөөлөгч Н.Б  болон К С Б ХХК-ийн захирал С.Ч нар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр акт үйлдэж хамтран ажилласан. Нэхэмжлэлийг иргэн А.Б, Ч.М  нар иргэн Н.Б, С.Ч нарт холбогдуулан гаргаж      байгаа нь үндэслэлгүй.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К С Б ХХК шүүхэд ирүүлсэн тайлбарт: Н.Б-гийн гаргасан гэх сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй. Учир нь барилга хүлээн авсан улсын комиссын акт хүчингүй болох гээд байна гэсэн шалтгаар тухайн үед Нийслэлийн засаг даргын орлогч байсан Н.Б  К С Б ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч гэдгээрээ далимдуулан удирдах зөвлөлийн тогтоолыг хууль бусаар гаргасан гэжээ.

Хариуцагч Н.Б  сөрөг нэхэмжлэл болон гаргасан тайлбарт: Хэрэгт авагдсан К С Б ХХК-ийн дүрмийн 6.1-д уг компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал болохыг, 6.2-т уг хурал хэрхэн хуралдаж шийдвэр гаргах тухай заасан байна. Тус компанийн дүрмэнд Удирдах зөвлөл гэх удирдлагын байгууллага байдаг тухай нэг ч заалт байхгүй байна. Иймээс 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр К С Б ХХК-ийн удирдах дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурал Удирдах зөвлөл нэрээр хуралдсан байх ямар ч үндэслэлгүй юм. К С Б ХХК-ийн удирдах дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдрийг хүртэл нэг ч удаа хуралдаагүй байгаа бөгөөд жинхэнэ утгаараа хуралдаж К С Б ХХК ажлаа дүгнэн ашгаа хуваана гэдэгт найдаж байна. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Удирдах зөвлөлийн акт бол нэг талаас Ш ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Н.Б , нөгөө талаас К С Б ХХ-ийг төлөөлж /тус компанийг үүсгэн байгуулагч тухайн үедээ хувьцаа эзэмшигч байсан/ гүйцэтгэх захирал С.Ч нарын хооронд 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 60 айлын орон сууц барихад шаардлагатай санхүүжилтыг зээлдүүлэх, зээлийг эргэн төлөх болон ашиг хуваарилах тухай байгуулсан Гэрээ гэх хэлцлийн дагуу талууд хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн ба цаашид хэрхэн өр зээлийг барагдуулах, ашиг хуваарилах тухай тохиролцсон, гэрээ байгуулагч 2 компанийн удирдлагын хамтран хуралдаж гаргаж баталгаажуулсан, гэрээ дүгнэсэн Акт хэлбэрийн бичиг баримт юм. Тиймээс энэ Акт бол эрх бүхий этгээдүүдийн хооронд үйлдэгдсэн, энэ хэлбэрээрээ татварын байгууллагатай тооцоо нийлсэн, дийлэнхи байр нь борлогдон иргэдийн өмчлөлд шилжсэн, эдийн засгийн нилээд ноцтой үр дагавар бүхий хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичиг тул түүнийг зөвхөн гарчигнаас нь болж хүчингүйд тооцуулахаар, С.Ч аар хуулийн дагуу бүрэн төлөөлүүлж буй К С Б ХХК-ийн бусад гишүүд нь шаардах үндэслэлгүй юм. Энэхүү баримт бичгийн бүхий л утга санаа болон хэлбэр нь К С Б ХХК-ийн дүрэмд заасан удирдах дээд байгууллагын тогтоол огт биш юм. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр К С Б ХХК-ийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурал Удирдах зөвлөлийн хурал нэрээр хуралдаагүй, тогтоол гаргаагүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар сөрөг эс зөвшөөрч гаргасан тайлбар: Уг тогтоолыг гэрээ дүгнэсэн акт биш болохыг хэрэгт баримтаар өгсөн шүүхийн шийдвэрүүдэд дүгнэсэн байгаа тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Б, С.Ч нарт холбогдох 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн К С Б ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлын 01 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай А.Б, Ч.М  нарын нэхэмжлэлийн шаардлагыг, А.Б, Ч.М  нарт холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн К С Б ХХК-ийн удирдах зөвлөлийн хурал хуралдаагүй, 01 тоот тогтоол гараагүй болохыг тогтоолгох тухай хариуцагч Н.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 615 960 төгрөг, хариуцагч Н.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хавтаст хэрэгт гуравдагч этгээд Ш ХХК, К С Б ХХК-ийн хооронд 2010 онд байгуулагдсан гэх ямар ч хамтран ажиллах гэрээ байхгүй, энэ талаар ямар нэг зүйл шүүх хураддааны үед яригдаагүй. Хэрэгт авагдаагүй, яригдаагүй гэрээг нэхэмжлэгч тал үгүйсгэх, эсхүл хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байхад анхан шатны шүүх буруу үнэлэлт дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нийслэлийн засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Б д хувийн компанийн захирал итгэмжлэл олгоод, түүнийх нь дагуу засаг даргын орлогч К С Б ХХК-ийн захиралтай гэрээ байгуулсан гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй. Харин 60-н айлын орон суүцыг хэрхэн хуваарилах, борлуулалтыг хэн хариуцах, хэн нь их хэмжээний хэлцэлд хамаарна мөн хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар сонирхлын зөрчилтэй хэлцэл тул эхлээд К С Б ХХК-ийн эрх барих дээд байгууллага буюу ТУЗ, эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн тогтоол гаргаад дараа нь гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлэнэ. Тийм ч учраас маргаж буй 01 тоот тогтоолд Н.Б, С.Ч нар хувьцаа эзэмшигчийн хуваарь оролцсон гэдгээ бичсэн, мөн хувьцаа эзэмшигч А.Б дурьдсан байдаг. Маргаж буй 01 тоот тогтоолын нэр нь К С Б ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол К С Б ХХК-ийн эрх барих дээд байгууллагын гаргасан шийдвэр гэж ойлгогдоно. Мөн 25 хувийн хувьцаа эзэмшигч А.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн агуулгатай.

Анхан шатны шүүх компани хоорондын гэрээ мэтээр үнэлж дүгнэсэнд гомдолгой байна. Гурван шатны шүүх маргаж буй К С Б ХХК-ийн удирдах зөвлөлийн 01 тоот тогтоолоор Ш ХХК-д шаардах эрх шилжсэн гэх нөхцөл байдал нотлогдохгүй болохыг тогтоосон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А.Б, Ч.М  нар нь хариуцагч Н.Б, С.Ч нарт холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, хариуцагч Н.Б  2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн К С Б    ХХК-ийн удирдах зөвлөлийн хурал хуралдаагүй, 01 тоот тогтоол гараагүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг, талууд харилцан эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нарын гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан сөрөг нэхэмжлэл, тэдгээрийн үндэслэлийг шүүх тодруулснаар талуудын нотлох баримт бүрдүүлэх үүргийн хувиарлалтыг тодорхойлох, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх, нотлох баримтыг үнэлэх, зохих хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүйгээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Түүнчлэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзвэл тухайн хэлцлийн үр дагаврыг арилгуулах нөхцөл үүсэх юм. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг үндэслэж байгаа бол ямар үр дагаврыг арилгуулах буюу нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдсөн, түүнийг хэрхэн сэргээлгэх шаардлага гаргасан талаар шүүх эрх зүйн дүгнэлт өгөх ёстой. Гэтэл шүүхийн дүгнэлт зөрчилтэй, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар компани шаардах эрхтэй зэрэг дүгнэлт хийсэн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх нөхцөлүүд нь бодит үйл баримт бөгөөд эдгээр үйл баримтаас ямар эрх зүйн үр дагавар үүсэх тухай асуудал тодорхой бус байна. Шүүхээс эдгээр үйл баримтыг тогтоосон шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн эрх ашгийг хэрхэн хамгаалах тухай асуудлыг тодруулах учиртай байна. Энэ талаар тодруулах зорилгоор давж заалдах шатны шүүх хуралдаанд асуусан асуултад нэхэмжлэгч нь “эхлээд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулаад дараа нь үр дагаврыг арилгуулах нэхэмжлэл тусад нь гаргана” гэж хариулснаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тусгах талаар заасан.

Нэхэмжлэгч А.Б, Ч.М  нарын нэхэмжлэлд хариуцагчтай байгуулсан хэлцлээ хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж заасан боловч өөрийн эрх, ашиг сонирхлоо хэрхэн сэргээлгэх тухайгаа заагаагүй байна. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт шүүхэд мэдүүлэн эрхийг хэрэгжүүлэн нэг нөхцлийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж тодорхойлон, үүнтэй адилаар шүүхэд нэхэмжлэл гарган мэдүүлэх тухай заасан.

 Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг дутуу хийсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах үүрэгтэй байдаг. Гэтэл энэ талаарх ажиллагаа хийгдээгүй байна.

Хэргийн оролцогчид энэ талаар гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах учиртай.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, дурдсан зөрчлийг залруулан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02376 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 615 960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА

 

        М.НАРАНЦЭЦЭГ