| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 194/2025/0384/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/661 |
| Огноо | 2025-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/661
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч М.Сүхчулуун,
Хохирогч Т.П ,
Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Г т холбогдох эрүүгийн 2506000000048 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Г нь 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “...” ХХК-ийн үүдний хамгаалагч ажилтай хохирогч Т.П тэй хашааны гарах хаалганы хэсгээр тээврийн хэрэгсэлтэй орох гэж маргалдан улмаар хохирогчийн зүүн талын хацар луу алгадах, хохирогчийг гадуур хувцасны захаар нь заамдаж аван сэгсрэх зэргээр зодож, хохирогчийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч О.Г нь 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “...” ХХК-ийн үүдний хамгаалагч ажилтай хохирогч Т.П тэй хашааны гарах хаалганы хэсгээр тээврийн хэрэгсэлтэй орох гэж маргалдан улмаар хохирогчийн зүүн талын хацар луу алгадах, хохирогчийг гадуур хувцасны захаар нь заамдаж аван сэгсрэх зэргээр зодож, хохирогчийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Т.П гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед ажлын байран дээрээ ажлаа хийгээд байж байтал байгууллагын хашааны гардаг хэсэг дээр ... улсын дугаартай, цагаан өнгийн “Акуа” маркийн “Пицца хат” гэсэн бичигтэй машин орох гэхээр нь “цаашаа ордог хаалгаараа ор, энүүгээр орохгүй” гэсэн чинь хэл амаар доромжлоод “гөлөг минь” гээд машинаасаа бууж ирээд миний зүүн чих рүү гараараа 1 удаа алгадаад, элэг рүү 1 удаа гараараа цохисон. Тэгээд тойроод ор гэхэд машиндаа суугаад тойрч орж ирэхээр нь нөгөө хаалган дээр байдаг харуулдаа “наад хүн чинь намайг цохисон, битгий оруул” гэхэд дахин бууж ирээд заамдаад “чи согтуу байна” гээд над руу дайраад байсан. Харуул гарч ирж салгаад цагдаад дуудлага өгсөн. Миний зүүн чих хөндүүртэй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна. Тухайн хүнийг олж хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,
-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгчээс хохирол төлсөн зүйлгүй. Би шүүгдэгчийг хэл амаар доромжлоогүй, гарах хаалга дээр орох гээд зогсож байхад цаашаа яв гэхэд энэ хүн намайг ална шүү гөлөг минь гэж доромжилж байсан. Намайг гөлөг гэж дуудсан гэж доромжлоод байна. Мөнгө нэхэмжлэх зүйл дээр манай аав яриагүй бөгөөд шүүгдэгч хэдэн төгрөг өгье гэхэд би ярьсан болохоос аав минь яриагүй. Би энэ хүнээс гарах ёстой байсан 5 гарааны мөнгө, нэхэмжилсэн хохирлоо авмаар байна. Шүүгдэгчийн ярьсан яриа болсон зүйлтэй нийцэхгүй, зөрж байна. Нэг гараа нь 150,000 төгрөг бөгөөд нийт 600,000 төгрөг, шинжилгээнд орсон гэх баримтууд 216,500 төгрөг орчим болж байгаа, сэтгэцэд учирсан хохирол ороод нийт 1,000,000 төгрөг өгчих гэж шүүгдэгчтэй ярьсан. Прокурор яриад 700,000 төгрөг болж байна, 5 гараа гэсэн боловч 2 гараа гэж тооцсон. Нийт 1,000,000 төгрөг авчихвал гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Гэрч Ю.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “...” группийн хамгаалагчийн ажил хийдэг юм. Хэрэг болсон өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би ажил дээрээ буюу “...” группийн гадна зогсоолын орох хэсгийн пүтгэнд сууж байсан юм. Тэгтэл 16:00 цаг орчимд цагаан өнгийн, Ноён пиццаны хүргэлтийн машин орох гээд ирсэн. Би пүүтэгнээсээ гарж иртэл манай байгууллагын гарах талын пүүтгэнд суудаг П н гүйж ирээд “Наадхыгаа битгий оруул” гэсэн. Би яасан юм бол гээд гайхаад зогсож байтал машин дотроос 1 хүн бууж ирээд П нг заамдаж аваад сэгсрээд байсан. Би голоор нь болиулах гээд дийлээгүй юм. Тэр 2 гарах хаалган дээр хоорондоо муудалцсан юм шиг байгаа юм. Гүйж ирээд учир зүггүй барилцаад авсан. Машинаас бууж ирсэн залуу П нг баахан сэгсэрч байгаад машиндаа суугаад хүргэлтээ хийх гээд яваад өгсөн. Тэгээд бас тэр залуу гарах үедээ манай ордог хаалгаар машин орох үед хаалт буухаас өмнө тэр машинтай зөрөөд давхиад гарсан. Сонин нөхөр байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 765 дугаартай “...Т.П гийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр тал/,
Гэмт хэрэг халдлагад өртсөний улмаас нөхөн сэргээх үйлчилгээ авсан болон эмчилгээний зардалтай холбоотой материал /хх-ийн 23 дугаар тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-36 дугаар тал/,
Шүүгдэгч О.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би “...” группийн урд 16 цагийн үед очсон ба төв замаар явж байгаад орох хаалгыг нь орж чадалгүй өнгөрч яваад гарах хаалган дээр нь очоод манаач залуу болох П нгээс оръё гээд гуйтал өөдөөс элдэв янзаар хараагаад байхаар нь би бууж очоод жаахан маргалдаж байгаад зүүн хөл рүү нь нэг удаа хавиран заамдаж аваад зүүн талын хацар хэсэгт нь нэг удаа алгадсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/,
-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр хохирогч залуу ажлын байран дээр архи уучихсан байсан бөгөөд маргаж эхлээд ийм зүйл болсон. Ийм зүйл болсонд харамсаж байна. Энэ хүний биед халдсанаа хүлээн зөвшөөрч байна. Харааж, ерөөгөөгүй байсан бол ийм зүйл болохгүй байсан. Би маш эелдгээр гуйсан бөгөөд тухайн өдөр цагдаагийн газар очоод маргасан талаараа хэлсэн бол өөрөөр эргэх байсан байна лээ. Маргалдаад өнгөрсөн гэж бодоод явсан боловч хохирогч гэмтэж, бэртсэн тул цагдаа дуудсан. Ажлын байр дээр архи уусан, хүнийг зүй бусаар маш ихээр хараагаад байсан тул буцаж очоод алгадсан. Нэгэнт өнгөрсөн тул энд сууж байгаадаа харамсаж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч О.Г нь 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “...” ХХК-ийн үүдний хамгаалагч ажилтай хохирогч Т.П тэй хашааны гарах хаалганы хэсгээр тээврийн хэрэгсэлтэй орох гэж маргалдан улмаар хохирогчийн зүүн талын хацар луу алгадах, хохирогчийг гадуур хувцасны захаар нь заамдаж аван сэгсрэх зэргээр зодож, хохирогчийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч нь эрхэлсэн тодорхой ажилтай, биед учирсан гэмтлийн улмаас ажлаа тогтвортой эрхлэх боломжгүй болсон. Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Хохирогчийн эмчилгээтэй холбоотой Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчийн хувьд 25,000 төгрөгийн нөхөн төлбөр гарсан. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, тодорхой хугацаанд хөдөлмөр эрхэлж чадахгүй байсантай холбогдуулан авах байсан цалин, түүнтэй адилтгах орлого, сэтгэцэд учирсан хор хохиролтой холбоотой нөхөн төлбөр зэрэгт 1,000,000 төгрөгийн зардлыг шүүгдэгчээс гаргуулах санал гаргасан. 1,000,000 төгрөгийг шүүгдэгчээс авсан тохиолдолд гомдол саналгүй байх тул шүүгдэгчээс 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Хохирогчид Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмчилгээ үйлчилгээтэй холбоотой гаргасан зардалд 25,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан болно...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч О.Г нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 765 дугаар дүгнэлтээр хохирогч Т.П гийн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учруулсан, эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг хөндсөн гэж үзнэ.
Шүүгдэгч О.Г нь хохирогч Т.П гийн зүүн талын хацар луу алгадах, гадуур хувцасны захаар нь заамдаж аван сэгсрэх зэргээр биед нь халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс тогтоосон үйл баримт болох шүүгдэгч Б.Түмэнбаярын “...хохирогч Т.П тэй маргалдаж, биед нь “...зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол...” гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул түүнийг “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Т.П гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогчоос хэрэгт хохиролтой холбоотой 216,5000 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна.
Хохирогч Т.П нь шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан хор уршиг, ажилгүй байсан хугацааны цалин зэрэгт нийт 1,000,000 төгрөг авах хүсэлттэй байна гэх тайлбар гаргасан ба шүүгдэгч О.Г нь хохирол нөхөн төлөх хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд тус хугацаанд шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Түүнчлэн шүүгдэгч О.Г нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 25,000 төгрөг төлсөн байгааг дурдах нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 2-р зэрэглэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар тохиролцсон байх тул төлсөнд тооцох саналтай...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч О.Г нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, тайлбар гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч О.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Г ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр тал/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 45-46 дугаар тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч О.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн...”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч О.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Г ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.