Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2017/03450

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2017/03450

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н ХХК-ийн /РД: 000000000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д /РД: 0000000/ холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 39.000.000 төгрөг гаргуулах, түрээсийн талбайг тавилга, түлхүүрийн хамт буцаан хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэхийг Б ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Н ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч Б ХХК-тай тэдний хүсэлтээр Оффисын талбайн түрээсийн гэрээ-г байгуулсан.

Уг гэрээний дагуу түрээслүүлэгч болох тус Н ХХК нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны Зам-87 хаягт байрлах, 12 давхар барилгын 4 дүгээр давхрын 144 м.кв талбайтай оффисын талбайг, тавилгын хамт 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслэгч Б ХХК-ийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлж өгсөн.

2015 оны 11 дүгээр сарын 16-ны дээрх гэрээний хавсралт Б-д буюу хэргийн 22 дугаар талд түрээслэгч Б ХХК-д хүлээлгэн өгсөн тавилгын жагсаалт байгаа.

Хариуцагч Б ХХК нь өмнө манай компанийн өмчлөлийн дээрхи барилгын 7 дугаар давхрын 703 тоотын 75 м.кв талбайд үйл ажиллагаа явуулж байгаад түрээсийн талбайгаа томсгох хүсэлтийг гаргасан ба өөрсдөө дээрхи 4 дүгээр давхрын 144 м.кв талбайг түрээслэх хүсэлтийг манайд албан бичгээр ирүүлсэн. Ингээд манай байгууллага түрээслэгч Б ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч түрээсийн талбайг нь томсгон дахин гэрээ байгуулсан.

Түрээсийн талбай 1 м.кв нь 25.000 төгрөг, нийт 144 м.кв талбайн 1 сарын түрээсийн төлбөр нь 3.600.000 төгрөг бөгөөд түрээслэгч Б ХХК дээрх гэрээг байгуулахдаа барьцаанд 2.250.000 төгрөг төлсөн. Б ХХК-ийн барьцаанд төлсөн 2.250.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоход татгалзах зүйлгүй.

Ийнхүү түрээслэх болсноос хойш хариуцагч буюу түрээслэгч Б ХХК нь түрээсийн төлбөрөө цаг хугацаандаа төлөхгүй, нилээдгүй шаардуулж байж 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг төлсөн. Дээрхи 10.000.000 төгрөгийг төлснөөс хойш Б ХХК огт төлбөр төлөөгүй.

Уг 10.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1, 2 дугаар сарын түрээсийн төлбөр 10.800.000 төгрөгөөс хасч тооцсон бөгөөд 2016 оны 2 дугаар сарын түрээсийн төлбөрөөс 800.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн үг.

Түрээслэгч Б ХХК нь дээрх хугацаанаас хойш огт төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд түрээслүүлэгч Н ХХК-ийн зүгээс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэрээг цуцлаж буй талаар мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор үлдэгдэл түрээсийн төлбөрөө төлж оффисын талбайг тавилгын хамт хүлээлгэн өгөх тухай шаардлага өгсөн ч Б ХХК-иас ямар нэгэн арга хэмжээ аваагүй.

Түрээсийн гэрээ ёсоор түрээслэгч нь 2016 оны 2 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 800.000 төгрөг, 2016 оны 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудын түрээсийн төлбөр нийт 26.000.000 төгрөгийг төлөөгүй өнөөг хүрч байна.

Түрээслүүлэгч Н ХХК-ийн зүгээс холбогдох шаардлагуудыг тавьж Б ХХК-д тавихад төлбөрөө удахгүй төлнө, захирал хөдөө ажлаар явж байгаа, ирэхээр нь төлбөр тооцооны асуудлаа шийдвэрлэнэ, манай захирлыг ирэхээр захиралтай ярилц, захирал хөдөө ажилтай байна гэх зэрэг шалтаг тоочсоор 2016 оны 10 дугаар сар хүргээд сүүлдээ эдний компани түрээсийн байрандаа ирэхээ ч байсан.

Бидэнд түрээсийн талбай, тавилга, өрөөний түлхүүрийг хүлээлгэж өгөхгүй, тэгсэн хэрнээ ажлын бус цагаар буюу шөнө оройн цагаар түрээсийнхээ талбайд орж гарсаар өнөөдрийг хүргэсэн.

Анх манай компани тус шүүхэд түрээсийн төлбөр 26.000.000 төгрөг, алданги 13.000.000 төгрөг, нийт 39.000.000 төгрөг гаргуулах, 144 м.кв талбайг тавилга болон түлхүүрүүдийн хамт хүлээлгэн өгөхийг хариуцагч буюу түрээслэгч Б ХХК-д даалгуулах шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Б ХХК-ийн захирал Г.Наранболд нь гэрээний хавсралт Б-д зааснаар хүлээлгэн өгсөн тавилга болон түлхүүрүүдийг түрээсийн талбайн хамт нэхэмжлэгч Н ХХК-д хүлээлгэн өгсөн.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т ... түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ, талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Оффисын талбайн түрээсийн гэрээ-ний 4.1-д Сарын түрээсийн төлбөр нь нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон дүнгээр 3.600.000 төгрөг байх ба дараах төлбөрүүдээс бүрдэнэ ... гэж заасны дагуу хариуцагч Б ХХК-иас түрээсийн төлбөр 26.000.000 төгрөг, түүнчлэн гэрээний 17.3-д Хэрэв хөлслөгч энэхүү гэрээний 4.2-т заасан түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх ... гэж заасны дагуу алданги 13.000.000 төгрөг, нийт 39.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 39.000.000 төгрөг гаргуулах, түрээсийн талбайг тавилга, түлхүүрийн хамт буцаан хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэхийг Б ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Оффисын талбайн түрээсийн гэрээ-г байгуулсан ба уг гэрээгээр түрээслэгч Б ХХК нь түрээслүүлэгчийн өмчлөлийн хххххххххх хаяг дахь эрхийн улсын бүртгэлийн Y-0000000000 дугаарт бүртгэлтэй, 12 давхар барилгын 4 дүгээр давхрын 144 м.кв талбайг 1 жилийн хугацаатай эзэмшиж, ашиглахаар, гэрээний 4.1-т зааснаар түрээслэгч Б ХХК нь 144 м.кв талбайн түрээсийн төлбөрт 1 м.кв-д 25.000 төгрөг, 144 м.кв*25.000 төгрөг=3.600.000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохирсон нь зохигчийн тайлбар болон түрээсийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

/ХХ-ийн 7-22 дугаар тал/

 

хххххххххх тоот, үйлчилгээний орон сууцны зориулалттай, 7.800 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө нь Н ХХК-ийн өмч болох нь тус компанид 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 98 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээ бүр нь энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл бөгөөд гэрээнд оролцогч талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон харилцан гарын үсгээ зуран, байгууллагуудын тамгаа даран баталгаажуулснаар хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 7-22 дугаар тал/

 

Хариуцагч Б ХХК нь 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 02/194 тоот албан бичгийг нэхэмжлэгч Н ХХК-д хүргүүлсэн ба уг албан бичигт Манай компани 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 7 дугаар давхарт 703 тоотод үйл ажиллагаа явуулж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр давхарт 402 тоотод ... тохилог, тухтай орчинд үйл ажиллагаа явуулж байна. Түрээсийн төлбөр нийт 5.625.000 төгрөгийг .....хугацаандаа төлж барагдуулаагүйд хүлцэл хүсч байна. ... Төлбөрийг богино хугацаанд төлөх ба цаг тухай бүрт нь төлж байх тал дээр анхаарах болно,

мөн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 02/240 тоот албан бичигт ... Цаашид түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлж барагдуулж байна.... гэжээ.

/ХХ-ийн 46, 99 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч Н ХХК-ийн хариуцагч буюу түрээслэгч Б ХХК-д 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн 16/020 тоот мэдэгдэлд ... Б ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр түрээсийн төлбөрт төлсөн 10.000.000 төгрөгийг 2015 оны 12 сарын, 2016 1, 2 сарын нийт төлбөр 10.800.000 төгрөгөөс хасч тооцсон. Үүнээс хойш төлбөрийн төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул түрээсийн гэрээг цуцалж байна гэжээ.

Гэрээ цуцлах тухай мэдэгдлийг түрээслэгч Б ХХК нь мөн өдөр нь хүлээн авсан атлаа энэ талаар ямар нэгэн хариуг түрээслүүлэгч талд өгөөгүй нь нэхэмжлэгчийн талын тайлбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 23 дугаар тал/

 

Түрээслэгч Б ХХК нь Оффисын талбайн түрээсийн гэрээ-ний 4.1-т зааснаар түрээсийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, түрээслэгчийн өөрийнх нь төлбөрөө төлж чадаагүй болон төлбөрөө төлөх талаархи түрээслүүлэгчид хүргүүлж байсан дээр дурьдсан албан бичгүүдээр тогтоогдсон болно.

 

Хариуцагч Б ХХК нь түрээсийн төлбөрт 10.000.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төлснийг нэхэмжлэгч нь 2015 оны 12 сарын, 2016 оны 1, 2 сарын түрээсийн нийт төлбөр 10.800.000 төгрөгөөс хасч тооцсоныг хариуцагч Б ХХК нь эсэргүүцээгүй бөгөөд түрээслэгч нь 2015 оны 2 дугаар сарын түрээсийн төлбөрөөс 800.000 төгрөг, 2016 оны 3-9 саруудын түрээсийн төлбөрийг төлөөгүй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч буюу түрээслэгч Б ХХК нь гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч Н ХХК түрээсийн төлбөр шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Б ХХК-ийн захирал Г.Наранболд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч Б ХХК-ийн захирал Г.Наранболд нь нэхэмжлэлийн хувь гардан авсны дараагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр түрээслүүлэгч Н ХХК-д түрээсийн талбай, түрээсийн гэрээний хавсралт Б-д заасан түрээсийн талбай дахь тавилга, холбогдох бичиг баримтууд, эд хөрөнгийг хүлээлгэн өгч акт үйлдэн талууд хэн аль нь гарын үсгээ зурж, компанийн тамгыг дарж баталгаажуулжээ.

/ХХ-ийн 100 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Н ХХК-ийн түрээсийн талбайг тавилга, түлхүүрийн хамт буцаан хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэхийг Б ХХК-д даалгах тухай шаардлагыг хариуцагч Б ХХК биелүүлсэн болох нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн түрээсийн талбай, эд хөрөнгө хүлээлгэн өгсөн акт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдлоо.

 

Хариуцагч Б ХХК нь 2016 оны 10 дугаар сараас түрээслэж байсан байрандаа үйл ажиллагаа явуулахаа больсон нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байх ба түрээслэгч нь 2016 оны 2 дугаар сарын түрээсийн төлбөрт 800.000 төгрөг, 2016 оны 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудын түрээсийн төлбөрт нийт 26.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

1 м.кв талбай 25.000 төгрөг,

144 м.кв*25.000 төгрөг=3.600.000 төгрөг

2016 оны 2 сар-800.000 төгрөг, /үлдэгдэл төлбөр/

2016 оны 3-9 сар, нийт 25.200.000 төгрөг,

25.200.000 төгрөг+800.000 төгрөг=26.000.000 төгрөг.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-т барьцаа 3.600.000 төгрөгийг төлнө гэж заасан хэдий ч хариуцагч Б ХХК барьцаа төлбөр хэмээн 2.250.000 төгрөгийг түрээслүүлэгч Н ХХК-д төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон тул уг 2.250.000 төгрөгийг түрээсийн төлбөр 26.000.000 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т ... Түрээсийн төлбөрийг сар бүрийн 5-ны өдрийн дотор ямар нэгэн нэхэмжлэхгүйгээр ... төлнө,

17.3-т ... төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө ... гэж заасан бөгөөд түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул түрээслэгч Б ХХК нь алданги төлөх үүрэгтэй.

Төлөх ёстой түрээсийн төлбөр 26.000.000 төгрөгөөс барьцаа 2.250.000 төгрөгийг хасахад 23.750.000 төгрөг болж байх ба алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангийг уг үнийн дүнгийн 50 хувь болох 11.875.000 төгрөгийн хэмжээнд тооцох үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 35.625.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.375.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн мэдэгдэх хуудсыг нэхэмжлэлд дурьдсан болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн тус компанийн хаягийн талаарх болон компанийн дүрэм бусад баримт бичгүүдэд тусгасан доор дурьдсан хаягуудаар хүргүүлсэн болно.

Үүнд: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 171В-32 тоот хаягаар хүргүүлэхэд тус компани уг хаягт бүртгэлтэй ч үйл ажиллагаа явуулдаггүй тухай тодорхойлолтыг Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны засаг дарга ирүүлжээ.

Мөн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 38 дугаар байр, 14 тоот хаягт, мөн Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 12/1-39 тоот хаягт Б ХХК бүртгэлтэй боловч үйл ажиллагаа явуулдаггүй нь харьяалах хорооны засаг даргын тодорхойлолтуудаар тус тус тогтоогдсон болно.

/ХХ-ийн 7, 31, 59, 64, 66, 83-84, 96-97 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж түүнийг хүргэсэнд тооцно гэж заажээ.

Б ХХК-ийн захирал Г.Наранболд 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувь гардан авахдаа хаягаа Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 171В-32 тоот хэмээн тодорхойлсон бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр түүнд дээр дурьдсан хаягаар нь хүргүүлэхэд тэрээр товыг хүлээн авчээ.

/ХХ-ийн 81-82 дугаар тал/

Тэрээр 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн болон 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанууд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй боловч талуудыг мэтгэлцэх зарчмаар хангах үүднээс тус тус шүүх хуралдааныг хойшлуулан 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 09 цагт товлон товыг Б ХХК-ийн захирал Г.Наранболдын тодорхойлсон хаягт Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 171В-32 тоот хаягаар хүргүүлэхэд уг хаягт тэрээр бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдлоо.

/ХХ-ийн 96-97 дугаар тал/

 

Хариуцагч Б ХХК-ийн захирал Г.Наранболд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй, мөн тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч Б ХХК-иас 35.625.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.375.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч Н ХХК-ийн түрээсийн талбайг тавилга, түлхүүрийн хамт буцаан хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэхийг Б ХХК-д даалгах тухай шаардлагыг биелүүлсэн болохыг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 352.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70.200 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б ХХК-иас 406.275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

 

4. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 11875 дугаар бүхий захирамжаар хариуцагч Б ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүлжмлсэн бөгөөд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

5. Хариуцагч Б ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Н.САРАНГҮН