Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/56

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Б.Арсланбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Шүүгдэгч О.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандорж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт О-ийн П-т холбогдох 2428000030212 тоот эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт:  

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.П нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэрт байрлах Цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу талын засмал зам дээр Уаз фургон маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган зорчигч иргэн П.Н-ыг мөргөсний улмаас П. Н нь Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдэж ирээд нас барсан нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, иргэн П.Н-ыг мөргөж амь насыг нь хохироож зам тээврийн осол гаргасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.П-ыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр машинаа засварт өгчхөөд гараад явж байсан. Нэг гэрлэн дохио дээрээс дараагийн гэрлэн дохио орох хооронд бага насны 3 хүүхэд гарч ирээд миний буруу тал руу гүйсэн. Би буруу тийш рулиэ дарахад хамт явж байсан хүн нь орж ирсэн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2023 оны 11 дүгээр сарын 30-нд ослын талаар замд явж байхдаа мэдээлэл авсан. Би 28-нд ажлаасаа буугаад хот орж хоноод Архангай руу гэр рүүгээ явж байхдаа мэдээлэл авсан. Хамгийн бага дүүгийн эхнэр утсаар осол болсон гээд хэлсэн. Тэр үед би уурхайн эмчээр ажилладаг байсан учраас сумын эмчтэй яриад дуудаж хэл хүргэсэн. Тэгэхэд эмнэлгийн эмч аврах боломжгүй, эндсэн, уучлаарай гэж хэлсэн. Хархорин сумаас шууд наашаа ирсэн. Зам тээврийн ослын хувьд нэг гэрлэн дохионоос нөгөө гэрлэн дохио хүртэл хурд хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Тухайн үед үзэгдэх орчин цагаан гэгээтэй харагдаж байсан. Мөн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлыг хангаагүй гэдэг шинжээчийн дүгнэлтээр  нотлогдсон. Гар болон хөл тоормос барихгүй байна гэдэг нь техникийн бүрэн бус байдлын бараг 50 хувь нь гэсэн үг. Гар тоормос нь болзошгүй үед хэрэглэгдэх ёстой гэдгийг хэлмээр байна. Нэг гэрлэн дохионоос нөгөө гэрлэн дохио руу амжиж орох гэж маш хурдтай явсан. Та зөөлөн явж байгаад мөргөөгүй. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд энэ бараг газар дээрээ амь тавихаар гэмтэл байсан. Тархины хатуу хальсны цус хуралт  гэдэг бол хүнийг газар дээр нь аваад оддог гэмтэл. Тэгэхээр маш хурдтай явж байхад мөргүүлэхэд авах хүнд гэмтэл. Мэдүүлэг дээр хаана хэн хэнээс хөтлөөд гарсан нь тодорхой байгаа. 3 хүүхэд зам хөндлөн гарсан байсан. 3 хүүхэд гараад замыг туулаад дуусахад ийм осол гарсан. Манай гэр бүлийнхний зүгээс үнэхээр гомдолтой байгаа. Манайхаас П өөрийн биеэр очоод уучлалт гуйгаад, хүндэтгэл үзүүлээд гэм буруугаа хүлээсэн зүйл байхгүй. Ажил явдал дээр ар гэрээс нь харагдсан. Нэхэмжилж байгаа зүйлийн хувьд оршуулгын зардалд 24,093,594 төгрөг дээр, шинжээчийн дүгнэлт гаргуулсан 600,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 82,500,000 төгрөг, нийт 107,193,594 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс 01 дүгээр сарын сүүлээр 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Сэтгэцэд учирсан хохирол төлбөр болох 82,500,000 төгрөгийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 150 дахин үржүүлж гаргасан. Үлдсэн 102,193,594 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ... ХХК-ийн кемпээс бага зэргийн зайтай унгалдайтай ажил хийж байхад /орой цагаан гэгээтэй байхад/ О дүү миний гар утас руу залгаад талийгаач ээжийг маань машин мөргөчихлөө та хурдан ирээрэй гэж хэлээд тасалсан. Би унгалдайтай ажил хийж байсан тул кемп рүү явган гүйгээд ирж хувцасаа солиод машиндаа түлш хийгээд сум руу жолооч Э-ын хамт хөдөлсөн. Жолоочийн хажуу талд суугаад явахад сум мөд орохгүй удаад байсан санагдсан. Тэгээд сумын төв дээр орж ирээд шууд эмнэлэг дээр ирэхэд нас барсан гээд хамаатан ах дүү нар маань ирсэн байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 66-68 дахь тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 ооны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэр рүүгээ явж байсан. Тухайн үед зам тээврийн осолд орсон талаар замд Төв аймгийн Атар сангийн аж ахуй гэх газар нийтийн унаанд суугаад явж байхад төрсөн дүү Н.Г-ын эхнэр А /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ ээж зам тээврийн осолд орлоо та яаралтай ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь Гурвантэс сумын эмнэлгийн эрхлэгчийг таньдаг учир залгаж асуухад нас барсан талаар хэлсэн. Би Архангай аймгаас өөрийн машиныг урдаасаа тосуулаад Өвөрхангай аймгаар дамжиж Гурвантэс суманд ирсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дахь тал/ 

Насанд хүрээгүй гэрч О.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өвөө, эмээ хоёр сумын төв орж ирээд ... тоотод гэртээ ирсэн. Маргааш өдөр нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өвөө, Э ах, А эгээ нар тэмээний уралдаан үзнэ гээд Өвөрхангай аймаг явсан. Харин эмээ, дүү Ц, дүү Ч нарын хамт үлдсэн. Тэгээд 17 цаг өнгөрч байхад Ц хичээл нь тарахаар нь би очиж аваад эмээгийн гэрт очоод байж байхад дүү Ч-г цэцэрлэгийн багш нь хүргэж ирсэн. Бид 4 эмээгийнд сууж байгаад эмээ өвөөг нь иртэл танайд бөөндөө байж байя гээд 18-19 цагийн үед эмээгийн гэрээс дөрвүүлээ гараад манайх руу алхсан. Тэгээд гэрлэн дохионы хавьд буюу айлын хашааны харалдаагаар зам гарсан ба цаад гэрлэн дохион дээр нэг гэрэл нь ассан машин байсан. Дүү Ч гүйх гээд байхаар нь эмээ бид хоёр, хоёр дүүг дундаа хийгээд би түрүүнд нь алхаад би дүү Ц-ийн гарыг бариад Ц дүү болохоор Ч-гийн гарыг бариад Чгийн гарыг эмээ бариад замаар гарсан. Тэгээд би Ц-ийн хамт зам хөндлөн гараад харин Ч эмээ хоёр арай гарч амжаагүй буюу бараг л зам гарч байсан юм, тэгсэн цаад гэрлэн дохион дээр байсан машин ирээд эмээг мөргөсөн ба эмээ зам дээр хоёр өнхөрөөд газар хэвтэж байхад нөгөө машины жолооч ах бууж ирээд эмээг тэврээд замын хажуу талд суусан ба эмээ ухаан орохгүй байсан. Харин нөгөө жолооч ах түргэн дуудаарай гэхээр нь нөгөө машины араас ирж зогссон зам дээр явж байсан машинтай хүмүүсээс түргэний дугаар асуухад тухайн хүмүүс мэдэхгүй гэж хэлээд явж байсан. Харин дүү Ц хажуу ойрхон байсан ус авдаг худаг дээр очиж хэлсэн байсан. Тэгээд эмээгийн хажууд байж байхад О эгч хүрээд ирсэн. Тэгээд О эгч эмч дуудсан. Харин нэг сувилагч эгч ирээд эмээг үзээд байж байхад цагдаа, эмнэлгийн хүмүүс ирсэн. Тэгээд эмээг эмнэлгийн машины араас ор гаргаж ирээд эмээг хэвтүүлээд машиндаа хийгээд явсан. Харин би О эгчийн хамт эмнэлэг явсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дэх тал/

Гэрч В.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны орой 18 цаг 40 минутын үед ажил тараад ойрын дуудлагын эмч Н нь осол гарсан талаар хэлээд цэцэрлэгт хүрээлэнгийн 3 замын уулзвар шүү гээд гар утсаа тасалсан. Тухайн газар яваад очиход 60-70 орчим насны эмэгтэй хүн биеийн ерөнхий байдал маш хүнд ухаангүй амьсгалахгүй нэг хар хувцастай залуу тэврээд сууж байсан. Манай Б.Н эмч эмчилгээ хийж үзлэг хийсэн байдалтай байж байсан. Тухайн хүнд тохирох арга хэмжээг авч тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлж эмнэлгийн машинаар эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн авчирсан. Харин тээвэрлэх явцад зүрх судасны сэхээн амьдруулалтыг хийж эхлэн эмнэлгийн хүлээн авахад үргэлжлүүлэн хийсээр үр дүн өгөлгүй 19 цаг 20 минутад нас барсан...Тухайн хүний толгойн баруун хөмсөгний дээд хэсэг, баруун чихнээс цус урсаж байсан. Тухайн хүний энгэр хэсэг нь цус болсон байсан. Ам хамар цустай ямарч хариу хувиралгүй дуудахад сэрэхгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дахь тал/

Гэрч У.От мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны орой 18 цаг 00 минутад үйлчлэгч Мын хамт ажлаас гараад явж байхад цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу уулзвар дээр буюу засмал зам дээр зам тээврийн осол гарсан байхаар нь яваад очиход талийгаач, талийгаачийг нэг эрэгтэй хүн тэвэрсэн, 3 хүүхэд, М /.../, нар байсан. Тэнд байсан хүмүүсээс дуудлага өгсөн үү гэхэд дуудлага өгсөн байгаа гэж хэлсэн. Удаагүй байж байхад жолооч Г, их баригч эмч Н, сувилагч А нар ирж хүнийг үзэж ангилаад Б болон Га эмч нарыг дуудсан. Тэгээд Га, Б нарыг ирэх хооронд эмч Н-ын хамт цус тогтоох тариаг судсаар хийж байхад хоёр эмч Б, Га нар ирээд яаралтай тээвэрлэн эмнэлэгт аваачсан. Тэгээд тухайн хүнд зүрх дэмжих тариаг хийгээд зүрхний массаж хийгээд удалгүй 19 цаг 20 минутад нас барсан. Тухайн хүн ухаангүй хариу урвал байхгүй. Нүүрний баруун дух хэсэгт шархтай. Чихнээс маш их хэмжээгээр цус гарсан байдалтай нэг хүн тэвэрсэн байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал/  

Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны орой 18 цаг 40 минутын үед ажил дээрээ байж байхад сумын төвд Цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу засмал замын уулзвар дээр хүн мөргүүлчихлээ гэх дуудлага ирсэн. Тэгээд их баригч Н, сувилагч А нарын хамт тухайн газар очиход УАЗ пургон маркийн машин замын голд цагаан зураас мордоод зогссон, түүний хажууд нэг эрэгтэй хүн осолд орсон гэх хүнийг тэврээд сууж байсан. Эмч, сувилагч нар очоод эмчилгээ хийсэн. Удалгүй Га, Б эмч нар ирээд осолд орсон хүнийг эмнэлэг рүү тээвэрлэсэн. Эмнэлэг дээр ирээд эмч нар эмчилгээ хийж байгаад эмнэлэгт ирсэн цагаас хойш 30 минутын дараа осолд орсон талийгаач эгч Н нь нас барсан... Талийгаач эгч нь чихнээс нь цус гарсан, зүүн нүд шалбархай байхгүй хөх болсон байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал/

Гэрч Ж.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны орой 18 цаг 30 минутын үед Сувдан Сондор дэлгүүрээс эхнэр Х, хүү Ха нарын хамт гараад гэр рүүгээ харих гээд марк х зио маркийн тээврийн хэрэгслээрээ явж байхад цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу засмал замын уулзвар дээр пургон зам хаагаад зогссон байдалтай байхаар нь би машинаасаа буугаад юу болсон талаар асуух гээд очиход машины хажууд П нь нэг эмэгтэй хүнийг тэвэрсэн байдалтай сууж байсан. Тэгэхээр нь юу болов гээд асуухад П замын хажуу талаас гэнэт хүн гарч ирээд ийм зүйл болоод сууж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түргэн дуудсан уу гэхэд дуудаагүй гэж хэлсэн. Тэгээд би ... гэх эмнэлгийн яаралтай тусламжийн дугаар руу залгаад дуудлага өгөөд бас цагдаагийн хүмүүст дуудлага өгөх гээд дугаарыг нь мэдэхгүй байсан тул машин руугаа очиж эхнэр Х-аар цагдаа руу залгуулсан. Удалгүй цагдаагийн машин ирээд араас нь эмнэлгийн машин ирсэн. Би харин машин дотроо сууж байхад зам чөлөөл гэхээр нь буцаад явсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дэх тал/

Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны орой ганцаараа гэрээс гараад Сувдан Сондор дэлгүүр орох гээд явж байхад Цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу талын засмал замын уулзвар дээр нэг хүүхэд намайг дуудаад байгаа юм шиг үсрээд орилоод байхаар нь би машины цонхоо буулгаад нөгөө хүүхдээс юу болов гэхэд нөгөө хүүхэд эмээг хүн дайраад хаячлаа эмээ ухаангүй байна, та эмчийн дугаар мэдэх үү гэхээр нь эмч Н руу залгаад хүн мөргүүлсэн юм шиг байна гээд хэлсэн. Би тухайн хүүдийг ажиглаад харсан хадам ахын хамаатан хүүхэд байхаар нь юу болов гээд очиход миний таньдаг хөгшин настай хүнийг нэг хүн тэврээд сууж байсан ба М ах ирж байх шиг байсан. Тэгээд сайн ойртож чадахгүй хажууд нь зогсож байхад цагдаагийн хүмүүс ирээд би явсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дахь тал/ 

Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... улсын дугаартай Пургон машин байдаг байсан. Харин тухайн машинаа нутгийн дүү О.П-т бэлэн 45,000,000 төгрөгөнд зарсан. Би хөдөө амьдардаг ба нутгийн дүү О.П-т Уаз Пургон маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч амжаагүй, чадаагүй байгаа юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь О.П-ийн машин. Бид хоорондоо ямар нэгэн өр авлага байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дахь тал/

Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 11 дүгээр сарын 29-ний орой 23 цаг 40 минутын үед цагдаагийн дэслэгч Г.З нарын хамт эргүүлээс буух гэж байхад Гурвантэс сумын цагдаагийн тасгийн дуудлага мэдээлэл хүлээн авах ... дугаарын гар утсанд нэгэн эмэгтэй Шугшаа хорооллын ... тоотод дуудлага өгөх гэсэн юмаа гээд тасалсан. Тэгэхээр нь цагдаагийн Г.З-ын хамт дуудлага мэдээлэл өгсөн хаяг нь дээр очиж шалгахад О.П гэрээсээ гарч ирэхэд нь юу болсон талаар асууж тодруулахад хонох газаргүй болчиж гэж хэлсэн ба удалгүй араас нь эхнэр нь гарч ирээд чи хонох газартай юм чинь хонох газар руугаа яв гэж хэлж байсан. Тэгээд О.П нь ахынх руугаа явлаа гэхээр нь биед нь ил харагдах шарх сорви гэж гэрэл тусгаж хараад архи үнэртэхгүй болохоор нь явуулсан. Харин О.П-ын эхнэрээс нь юу болсон талаар асуухад хэд хоног машин янзалж дуусахгүй заваарсан хувцастай орж ирж дургүй хүргээд гэж байсан. Тэгэхээр нь та хоёр маргалдаж зодолдсон зүйл байна уу гэхэд зодолдоогүй маргалдсан гэж хэлсэн. Хэрүүл маргаан хийлгүй амраарай цаг орой болсон байна гэж хэлээд тухайн хаягнаас явсан.О.П-ыг архи уусан үгүйг нь ойртож шалгахад архи үнэртэхгүй байсан ба тандагч багажаар шалгахад ногоон гэрэл буюу архи уугаагүй гэж гарч байсан. Тандагч багажаар шалгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх юм бол драгер багажаар шалгаж, шалгахдаа дүрс бичлэг хийдэг. Харин тухайн хүн архи уугаагүй гэж гарсан тул зураг болон дүрс бичлэг хийгээгүй болно.” /1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал/

Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр над дээр ирэхдээ надаар машиныхаа бөгсний гэрлийг солиулах гэж ирсэн. Би машиных нь хойд талын бөгсний 2 гэрлийг сольж өгсөн. Өөр би засаж янзалсан зүйл огт байхгүй. Харин П өөрөө машиныхаа сэвчээний утсыг оролдож янзалж байх шиг байсан. Өөр мэдэх зүйл алга... Хашааны үүдэнд тооромсолж зогсоол байсан. Ер нь ямар байсныг нь сайн мэдэхгүй байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дэх тал/

Шүүгдэгч О.П мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...МТ колонкын ертөнцийн зүгээр баруун талаар нь засмал зам руу гараад гэрлэн дохион дээр очиж зогсоод дахиад хөдлөөд явж байхад гурван хүүхэд гэв гэнэт миний машин явж байгаа чиглэлийн буюу жолоочийн талын хэсгээс гурван хүүхэд гэнэт баруун тал руу гүйсэн. Тэгэхээр нь би ... улсын дугаартай УАЗ Пургон маркийн тээврийн хэрэгслийн тоормозыг хурдан шуурхай гишгээд жолооны хүрдыг зүүн тал руу дараад зогсоход ээж нь ард явж байсан ба машинд мөргөгдөж газар унаад өнхөрсөн. Тэгээд би яарч сандарч гүйгээд машинаасаа буугаад ирэхэд нөгөө 3 хүүхэд эмээ гээд орилоод байсан ба би сандарч тэвдээд нөгөө эмээг өргөөд замын хажуу талын боржууран дээр нөгөө эмээг тэвэрсэн чигээрээ сууж байхад нэг эмэгтэй хүн ирээд юу болсон талаар асуугаад байж байхад бас нэг хүн ирээд эмнэлэг цагдаагийн хүмүүс дуудсан. Нөгөө эмэгтэй хажууд юу хийч вээ гээд орилоод байсан. Харин эмнэлэг цагдаагийн хүмүүс ирээд эмч эмээд анхан шатны эмчилгээ хийгээд хоёр гарт нь тариа хийгээд эмнэлгийн машинаас эмнэлгийн ор буулгаж эмч цагдаа би гээд хүмүүс эмээг эмнэлгийн машинд ортой нь оруулсан. Харин намайг цагдаагийн хүмүүс авч яваад Цагдаагийн тасаг дээр авчирч ирсэн. Би 40-50 км цагийн хурдтай явж байсан. Харанхуй болсон байсан. / Тухайн үед замын гэрэлтүүлэг асаагүй / Би машиныхаа ойрын гэрэл дээр тавиад явж байсан ба өмнө янз бүрийн юм байсан бол би хараад зогсох байсан. Харин гэв гэнэт хүүхдүүд гарч ирээд тухайн хүүхдүүдийг өнгөрөөх зорилгоор би машиныхаа тоормозыг гишгээд зүүн дараад зогсоход ээж нь араас нь гүйж гарч ирэхдээ мөргөгдөж газар унаж өнхөрсөн. Би архи огт уугаагүй байсан. Намайг Цагдаагийн тасаг дээр авчирч ирээд драгер багаж үлээлгэсэн, бас цус авсан... Тухайн газраар явган хүн гарах ёсгүй. Харин гэрлэн дохионы тэр хэсгээр явган хүний гарц байдаг. Би ийм зүйл болно гэж төсөөлж байгаагүй. Би маш их харамсаж байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 113-116 дахь тал/

Шүүгдэгч О.П мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би урьд нь энэ асуудлын талаар сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө тодорхой бүгдийг ярьсан учраас одоо нэмж ярих зүйл байхгүй. Миний бие хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 181 дэх тал/

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "П.Н-ын цогцост үзлэг шинжилгээгээр гавлын орой болон суурь ясны хугарал, хуйхан доор цус хуралт, хатуу хальсны дээр болон доорх цусан хураа, аалзан хальс доорх цус харвалт, өвчүүний хугарал, баруун талын II-VI хавирганы хоёрлосон хугарал, дух, баруун шанаа, хамрын уг, дээд уруулын зулгаралт, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Үхэлд хүргэсэн гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоохгүй. П.Н нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. П.Н-ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 120-122 дахь тал/

Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2023.12.03 өдөр ерөнхий үзлэг хийхэд илт эвдэрсэн зүйл ажиглагдсангүй. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт ашигладаг тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд жолооны механизм болон явах эд анги ямар нэгэн гэмтэлгүй, урт тэнхлэгний хоёр дугуйн тоормос хэвийн, тоормосны хүчний зөрүү нь стандарт хэмжээнээс хэтрээгүй, хойд тэнхлэгний хоёр дугуйн тоормос барихгүй, тоормосны хүчний зөрүү нь стандарт хэмжээнээс хэтрээгүй, мөн зогсоолын тоормос барихгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад нүдэнд харагдахуйц, ямар нэгэн эвдрэл гэмтэл илрээгүй болно.” /1 дүгээр хавтаст хэргийн 135-139 дэх тал/   

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Ёндонтүвшингийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “... улсын дугаартай УАЗ Пургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О.П нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино; мөн Өмнөговь аймгийн Автотээврийн үндэсний төвийн шинжээч Б.Өлзийхүүгийн 04 дугаартай дүгнэлтээс харахад ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Монгол улсын хөдөлгөөний дүрмийн 4-р тээврийн хэрэгслийн тоормосны систем бүрэн бус байсан ба хойд дугуйн тоормос бүрэн бус байсан дүгнэлт гарсан байна. 2. Зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг болон зам тээврийн ослын схем зурагт УАЗ маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээс тормосны мөр 4,80 метр тоормозны мөр үүссэн нь зам тээврийн ослын газрын схем зургаар харагдаж байна. Дээрх мөрийг дараах томьёонд оруулахад. Томьёог тайлбарлав. УАЗ маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл 30 км/ц -ийн хурдтай хөдөлгөөнд оролцсон байх магадлалтай байна. Энэхүү тодорхойлолт нь мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй болно. 3. Амь хохирогч П.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Тав. Явган зорчигчийн үүрэг 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна, мөн 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно; а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх. гэсэн дүрмийн заалт зөрчсөн байна. 4. Тухайн зам тээврийн осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нь амь хохирогч П.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Тав. Явган зорчигчийн үүрэг 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна; гэсэн дүрмийн заалт зөрчсөн үйлдлээс тухайн зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 5. Уг асуултын хариултыг 4 дэх хариултаар хариулсан болно. 6. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр зүйл илрээгүй болно. Дээрх заалтуудыг тус тус зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн ослын газрын үзлэг, фото зураг, схем зураг, оролцогч нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт тусгагдсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дахь тал/

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт-1. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасан шинжийг агуулж байгаа тул Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутагт байх засмал зам дээр иргэн П.Н нь УАЗ Фургон маркийн ... улсын дугаартай автомашинд мөргүүлсний улмаас Гурвантэс сумын эрүүл мэндийн төвд хүргэгдэж нас барсан үйлдэл нь зам тээврийн осол мөн. Хариулт-2. Хавтаст хэрэгт авагдсан шинжээч Б.Өлзийхүүгийн 06, 04 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар УАЗ Фургон маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн. Хариулт-3: Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, Б.Өлзийхүүгийн 04, 06 дугаартай дүгнэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг нотлох баримтаар тоормосны мөр тасалдсан /гэрэл зураг/, тоормосны мөрний төгсөх цэгийг урд тэнхлэгийн хоёр дугуй хүртэл аваагүй зэрэг шалтгаанаар тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна. Хариулт-4. Хавтаст хэрэгт авагдсан осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, оролцогчдын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар амь хохирогч П. Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна; гэсэн заалтыг зөрчсөн. Уг заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн. Хариулт-5. Жолооч О.П-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а дахь заалтыг зөрчсөн үйлдэл, явган зорчигч П. Н-ын мөн дүрмийн 5.6 дахь заалтыг зөрчсөн үйлдлүүд нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна. Хариулт-6. Монгол Улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.2 дахь хэсэгт "Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна" гэж заасан байх тул өмнөх шинжээчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй. Хариулт-7. Шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 184 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 186 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 187 дахь тал/

Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (иргэн одоо эзэмшиж байгаа) /1 дүгээр хавтаст хэргийн 188 дахь тал/

Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (иргэн өмнө өмчилж байсан) /1 дүгээр хавтаст хэргийн 189 дэх тал/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 190 дэх тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 28-40 дэх тал/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 55-61 дэх тал/

Хохирол төлбөрийн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 224-242 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 182 дахь тал/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 184 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 186 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 187 дахь тал/

Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (иргэн одоо эзэмшиж байгаа) /1 дүгээр хавтаст хэргийн 188 дахь тал/

Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (иргэн өмнө өмчилж байсан) /1 дүгээр хавтаст хэргийн 189 дэх тал/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 190 дэх тал/. 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Пт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч О.П-ын гэм буруутай үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч О.П-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч О.П-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч О.П-ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.   

Шүүгдэгч О.П нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэрт байрлах Цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу талын засмал зам дээр Уаз фургон маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган зорчигч иргэн П.Н-ыг мөргөсний улмаас П. Н нь Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдэж ирээд нас барсан нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, иргэн П.Н-ыг мөргөж амь насыг нь хохироож зам тээврийн осол гаргасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л-гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-68 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дахь тал/, насанд хүрээгүй гэрч О.Н-ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дэх тал/, гэрч В.Б-ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дахь тал/, гэрч У.Отийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал/, гэрч Б.Г-ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал/, гэрч Ж.Мын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дэх тал/, гэрч Б.Оийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дахь тал/, гэрч Э.Б-ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал/, гэрч Ц.Б-ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 120-122 дахь тал/, Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 135-139 дэх тал/, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Ёндонтүвшингийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 28-61 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.      

Шүүгдэгч О.П нь “УАЗ Фургон маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн... Жолооч О.П-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а дахь заалтыг зөрчсөн үйлдэл... зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна. гэсэн заалтыг зөрчсөн болох нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал/-ээр тогтоогдож байна.   

Шүүгдэгч О.П-ын гэм буруутай үйлдлийн улмаас П.Н нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 120-122 дахь тал/-ээр тогтоогдож байна.         

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.    

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан.   

 Шүүгдэгч О.П нь тус гэмт хэрэг үйлдэгдэх үед Уаз фургон маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул жолооч гэж үзэх үндэслэлтэй.  

Шүүгдэгч О.П нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэв.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хуульчилсан.

Шүүгдэгч О.П нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хууль тогтоогчоос өөрчлөн найруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хүндрүүлэн өөрчилсөн байна.   

 Шүүх шүүгдэгч О.П-ыг гэм буруутайд тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох нь эрх зүйн байдлыг дордуулж буй хэлбэр биш, хууль хэрэглээний хувьд зөв ойлголт гэж үзлээ.

Иймд шүүгдэгч О.П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.   

Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан ба энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол учирсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл нарын зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 82,500,000 төгрөг, оршуулга, үүнтэй холбоотой зан үйлийн зардалд 24,093,594 төгрөгөөс шүүгдэгч О.П-ын зүгээс төлсөн 5,000,000 төгрөгийг хасаж үлдэх 19,093,594 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсан 600,000 төгрөг, нийт 102,193,594 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Учир нь: Оршуулгатай холбоотой, үүнээс үүдэн гарсан зан үйлтэй холбоотой  зардал нь хүний амь нас хохирсонтой холбоотойгоор зайлшгүй гарсан хор уршигийн зардал бөгөөд шүүхийн шатанд шүүгдэгч О.П-ын зүгээс амь хохирогч П.Н-ыг оршуулагын зардалд 5,000,000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгээр нотлогдож байх тул оршуулгатай холбоотой зардалд 24,093,594 төгрөгөөс төлөгдсөн 5,000,000 төгрөгийг хасаж үлдэх 19,093,594 төгрөгийг, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гаргуулсан 600,000 төгрөгийн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд”-д хамаарч байх тул эдгээр нэхэмжлэлийг шүүх тус тус хангаж шийдвэрлэв.  

Түүнчлэн Монгол Улсын Их хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан эдийн бус гэм хор арилгах тухай заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд уг зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заажээ.

Дээрх өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.3-д гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, төлөх төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан аргачлалын аль ашигтайгаар шүүхээс тогтоохоор тайлбарласан байна.   

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд хүчин төгөлдөр үйлчилж байна. Шүүгдэгч О.П-ын гэм буруутай үйлдлийн улмаас П.Н-ын амь нас хохирсон ба П.Н нь гэмт хэргийн улмаас нас барах үедээ 67 настай байсан байна.    

Иймд гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоох нь илүү ашигтай байх тул энэхүү аргачлалын дагуу шүүгдэгч О.П-аас 82,500,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-ад олгохоор шийдвэрлэв. 

Шүүхээс шүүгдэгч О.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч завсарлага авч, шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-ад олгохоор шийдвэрлэсэн 102,193,594 төгрөгөөс оршуулгатай холбоотой зардал 19,093,594 төгрөгийг төлсөн болох нь хохирол төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг оршуулгатай холбоотой зардалд нийт 24,093,594 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Түүнчлэн талууд “сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 82,500,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар”  хоорондоо харилцан тохиролцсон байх тул талуудын энэхүү шийдвэрийг дурдаж, шүүгдэгч О.П-аас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 82,500,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-ад олгохоор шийдвэрлэв.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.П-ын хувийн байдлын тухайд 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 3 дугаар баг Шугшаа 516 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 182 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 184 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 186 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 187 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (иргэн одоо эзэмшиж байгаа) /1 дүгээр хавтаст хэргийн 188 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (иргэн өмнө өмчилж байсан) /1 дүгээр хавтаст хэргийн 189 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 190 дэх тал/ зэргээр тодорхойлогдож байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.П-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах бүсийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрээр хязгаарлах тухай дүгнэлтийг,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн зүгээс энэ  хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хэзээ ч арилах боломжгүй хор уршиг учирсан байгаа. Энэ хэргийн улмаас учруулсан бодит хохирол болох оршуулах зан үйлтэй холбоотой хохирол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалд нийт 24,693,600 төгрөг өнөөдрийн байдлаар төлөгдсөн байна. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирол болох 82,500,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч нар харилцан тохиролцож 1 жилийн хугацаанд сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг төлж барагдуулахыг илэрхийлсэн байна. Эрүүгийн хариуцлагын нэг зорилго нь хохирол төлбөрийг нөхөн төлүүлэхэд оршдог. Тийм учраас 1 жилийн хугацаанд хохирол төлбөрийг нөхөн төлүүлэх боломжоор нь хангаж өгөхийг хүсэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 3-5 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялтай. Мөн үндсэн ялын хувьд 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын санкцтай хэрэг байгаа. Тийм учраас энэ хүмүүсийн харилцан тохиролцсон байдал, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдлыг нь харгалзан үзээд эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгөөч гэсэн саналыг гаргаж байна гаргаж байна. Ял шийтгэлийн хувьд тусгайлан хэлэх санал алга байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...гэм буруугийн хуралдаан дээр манайх хохирлоо төлөхөөр завсарлага авсан. Энэ үүднээсээ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлоо төлсөн. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 1 жилийн дотор төлөхөө илэрхийлж оролцож байгаа. Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх заалт байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт таван жил хүртэл хорих ял оногдуулах ялтай. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүний тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүй таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлага арга хэмжээ хэрэглэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалт байгаа. Иймд шүүгдэгч О.П-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэх санал, дүгнэлтийг,   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э нь өмгөөлөгчтэйгөө санал нэг байна, хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй, миний ээжийн амь нас хохирсон тул хор уршиг бүрэн арилсан гэж үзэх боломжгүй тул өмгөөлөгчтэйгөө санал нэг байна, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй  гэх санал,  дүгнэлтийг, 

Шүүгдэгч О.П-ын зүгээс тэнсэн харгалзаж өгнө үү, хохирол төлбөрөө төлж барагдуулна гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж заасан байх ба шүүгдэгч О.П-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх гэмт хэргийн ангилалд хамаарна.

Шүүгдэгч О.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч О.П нь шүүх хуралдаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.  

Шүүх шүүгдэгч О.П-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэлээ.    

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх тухай дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад  зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, энэхүү эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг  хуульчилсан байна. Гэмт хэргийн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийн дагуу гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх эсхүл, учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх байдлаар илэрхийлэх учиртай.    

Энэхүү гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь нөхөх, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй хохирол бөгөөд уг хохирлоос шалтгаалж үүссэн хор уршгийн шинж чанар зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.  

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар хувийн байдлыг харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй шийтгэлийн төрөл юм.

Шүүгдэгч О.П-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв. 

Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээх ба хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтын нөхцөлийг өөрчлөх, эсхүл хязгаарлалт тогтоосон бүсээс гадагш 30 хүртэл хоногийн хугацаагаар түр зорчих зайлшгүй шаардлага үүссэн, эсхүл байнга оршин суугаа газраас бусад газарт 3 сараас дээш хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон зэрэг хуульд заасан үндэслэлээр зорчих эрх хязгаарлах ялыг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүсвэл энэ талаарх хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 154, 173, 174 дүгээр зүйлд заасан журмын дагуу хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын албан тушаалтанд буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, прокурорт тавьж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасны дагуу шүүгдэгч О.П-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.     

Шүүгдэгч О.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.П-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт О-ийн П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.              

3. Шүүгдэгч О.П-т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймаг Гурвантэс сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

6. Шүүгдэгч О.П нь оршуулгын болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалд 24,693,600 /хорин дөрвөн сая зургаан зуун ерэн гурван мянга зургаан зуу/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.П-аас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-ад олгосугай.   

8. Шүүгдэгч О.П нь шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 82,500,000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дотор нөхөн төлөхөө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-тай харилцан тохиролцож, бичгээр илэрхийлсэн болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч О.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шүүгдэгч О.П-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ