| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 313/2025/0044/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/55 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/55
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч Т.Э,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Т-ийн Э-д холбогдох 2528000000014 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Э нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут 7 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “...” 446 дугаар салбарын туслах менежерээр ажиллаж байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны бэлэн мөнгөний орлого болох 3.016.850 төгрөгийг хувьдаа авч завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Э-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 11 дүгээр сарын 15-наас CU-ийн 446 дугаар салбарт ажилд орсон. 2 менежер цуг ажилд орсон. Ахлах менежерийг тухайн үед ажилд авах боломжгүй юм байна гээд намайг оронд нь түр тавьсан. Би 15-наас 24-нийг хүртэл ажилласан. Тэгээд бие өвдөөд халуураад байсан. Жин цохичихлоо гээд бумба тавиад гайгүй болохгүй байсан. 2 ээлжээр ажилладаг учраас кассуудаа заавал өөрөө ирж буулгах ёстой. Тухайн үед сейфийн түлхүүрээ хаяад олохгүй байсан. Орлогоо хийх газар байхгүй байсан учраас биедээ авч явж байсан. 23-наас 24-ний өдрийн хооронд эмнэлгээр явж шинжилгээ өгөхөд бөөрний архаг буглаатай болсон байна хэвт гээд хэвтсэн гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн нутагт байрлах ... 446 дугаартай Оюут салбарын менежерээр томилогдсон. Ингээд ... 446 дугаар салбарын ажлыг Э гэх хүн буюу тухайн салбарын туслах менежерээр ажиллаж байсан хүнээс авсан. Ажил хүлээж авсан. Ингээд ажил хүлээж аваад ажиллаж байтал ... ХК буюу манай байгууллагаас тухайн ... 446 дугаар салбарын 2024 оны 11 дүгээр 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны 10 хоногийн бэлэн мөнгөний орлого тушаагдаагүй байна гэх мэдээлэл ирсэн. Тэгээд би Этай холбогдож ярьхад эмнэлэгт хэвтэж байна 10 хоногийн бэлэн мөнгөний орлого болох 3.016.850 төгрөгийн орлого нь гэрт байгаа. Би өөрөө эмнэлэгт байгаа болохоор авч очиж чадахгүй эмнэлгээс гархаараа аваачиж өгнө гэж хэлсэн. Тэгээд би 7 хоног хүлээгээд Э гэх хүний эмнэлгээс гарахаар нь бэлэн мөнгөний орлого тушаах талаар асуухад би найздаа өгөөд явуулсан аваачиж өгөөгүй юм уу гэх хариулт хэлсэн. Хэд хоногийн дараа Э гэх хүний гэрт нь очиж уулзахад нэг найздаа өгөөд явуулсан чинь нөгөө найз маань хөдөө явчихсан байна утас нь холбогдохгүй байна гээд байсан. Э гэх хүнтэй холбогдохоор бэлэн мөнгөний орлого болох 3.016.850 төгрөгийг найздаа өгөөд явуулчихсан найз маань хөдөө ажлаар явчихсан гэх тайлбар хэлээд байгаа юм... Камерын бичлэг шүүж үзэхэд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд өдөр бүр бэлэн мөнгө тушаалаа гэж ажилтнуудад хэлээд бэлнээр нь авч гарч байсан нь бичигдсэн байсан ба энэ талаар ажилтнууд мөн хэлж байгаа. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/
Гэрч Д.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Уг салбар нь 2024 оны 11 дүгээр сард нээлтээ хийсэн. Тухайн салбарын менежерээр нь Т.Э гэх хүн байсан бөгөөд 3 удаа уулзаж байсан. Хамгийн анх ажилд орох үед нь би уулзаад хэрхэн ажиллах талаар нь хэлж зөвлөж өгч байсан. Тэгээд дараа нь хоёр удаа уулзахад дандаа ажлыг нь зааж өгч байсан. Яг зөвлөж хэлж байгаагүй. Манай байгууллагаас бол хэлсэн байх. Т.Э-гаас бэлэн мөнгөө хэрхэн тушаах талаар нь мэдэх үү гэж асуухад байгууллагын өөр хүнээс асуусан хэрхэн тушаахаа мэднэ гэж хэлж байсан. Нэг удаа би бэлэн мөнгөний орлогоо хамт явж тушаая гэж утсаар нь залгаж асуухад Т.Э бэлэн мөнгөө банк нь дээр очоод тушаачихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэрхэн тушаахаа мэддэг юм байна гэж бодсон. /хавтаст хэргийн 22-23 дахь тал/
Шүүгдэгч Т.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед ажиллаж байх үедээ кассанд төвлөрсөн бэлэн мөнгийг өдөр өдрөөр нь аваад долоо хоногийн 1 дэх өдөр болон 4 дэх өдөр тушаах үүрэгтэй байсан. Тэгээд би 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлээд бэлэн мөнгийг нь биедээ авч явж байсан бөгөөд банк нь дээр очиж тушааж амжаагүй байж байгаад миний бие өвдөөд 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлээд гэрээр байсан. Тухайн үед би байгууллагын мөнгийг нь биедээ авч явж байсан. Би ажил дээрээ очиж чадахгүй гадуур бумба тавиулаад эмчилгээ хийлгэж байсан. Мөн би сэйфний түлхүүрээ алга болгочихоод байгууллагын мөнгийг нь сэйфинд хийж чадахгүй байсан. 11 дүгээр сарын 24-ний орой шинэ менежер ирээд би тухайн өдөр уг хүнтэй уулзсан. Тэгээд би маргааш нь бие өвдөөд 11 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Би тухайн эмнэлэгт байсан бөгөөд байгууллагын орлого болох 3.016.850 төгрөгийг би банкинд тушааж амжилгүй найз Д-г ажил дээр аваачаад өг гэсэн боловч шинэ менежер нь өөрийн биеэр ирж тушаа гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэгт байсан болохоор тушааж чадаагүй. /хавтаст хэргийн 27-29 дэх тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/
Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 32 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дахь тал/.
Шүүгдэгч Т.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Т.Э-ы нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.Э нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут 7 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “...” 446 дугаар салбарын туслах менежерээр ажиллаж байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны бэлэн мөнгөний орлого болох 3.016.850 төгрөгийг хувьдаа авч завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, гэрч Д.Ж-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл хууль зүйн ойлголтоор “Завших” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасдаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Т.Э нь “...” 446 дугаар салбарын туслах менежерээр ажиллаж байхдаа тухайн байгууллагын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны бэлэн мөнгөний орлого болох 3.016.850 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг завшиж хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Т.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул шүүх шүүгдэгчийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Э-ы гэм буруутай үйлдлийн улмаас “...” 446 дугаар салбарт 3.016.850 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүхэд хандан “Т.Э нь манай байгууллагад 3.016.850 төгрөгийн хохирлоо төлөөгүй” гэдгээ илэрхийлж байх тул шүүгдэгч Т.Э-аас 3.016.850 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХК болон хууль ёсны төлөөлөгч Н.Н нарт олгохоор шийдвэрлэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 202. оны .. дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, 202. оны .. дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар урьд оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үйлдсэн 298 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 698 цагийн хугацаагаар тогтоох, урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь гэм буруугаа ойлгож байна, торгууль, бусдад учруулсан хохирол төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул, учруулсан хохирол, хор уршгийн шинж байдал, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг удаа дараа үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/266 дугаартай албан бичигт: “Б овгийн Т-ийн Э (РД:...)-д Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202. оны 0. дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Ялтан нь өнөөдрийн байдлаар торгох ялын мөнгө төлөөгүй болно. Мөн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202. оны 0. дүгээр сарын ..-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Э-ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Ялтан нь нийтэд тустай ажил хийх ялын 300 цагаас биечилж 2 цагийн нийтэд тустай ажил хийсэн.” (хавтаст хэргийн 110 дахь тал) гэжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Т.Э-д Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202. оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 298 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Т.Э-гийн нийт нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 698 цагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Э-д Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202. оны .. дүгээр сарын ..-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 698 /зургаан зуун ерэн найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Э нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202. оны ... дүгээр сарын ..-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг 2,700,000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байх ба энэхүү торгох ялыг биелүүлэх 2 жилийн хугацаа дуусаагүй байх тул дээрх торгох ял болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцэнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй байхаар хуульчилсан ба шүүгдэгч Т.Э-д дээрх үндэслэлүүд тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Э нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Т-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Т.Э-д Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202.. оны .. дүгээр сарын ..-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 298 /хоёр зуун ерэн найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Т.Э-ы нийт нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 698 /зургаан зуун ерэн найм/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Э-д Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202.. оны ... дүгээр сарын ..-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 698 /зургаан зуун ерэн найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Э-аас 3,016,850 /гурван сая арван зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХК /хууль ёсны төлөөлөгч Н.Н-д / олгосугай.
7. Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ