| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/03356/И |
| Дугаар | 101/ШШ2017/02989 |
| Огноо | 2017-09-28 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2017/02989
| 2017 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2017/02989 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.Лын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Бд холбогдох,
12,000 ам.доллар буюу 29,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Л би Д.Бтэй 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 2009 онд үйлдвэрлэсэн lexus-570 маркийн хар өнгөтэй, арлын дугаар бүхий автомашиныг 92,000 ам.доллараар худалдахаар тохиролцон уг машиныг хүлээлгэн өгсөн. Д.Б нь уг машиныг өөрийн ах Д овогтой Аг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн дарга болж байгаа тул уг машиныг авч /2012,07 сар/ мөнгийг 2012 оны 9 дүгээр сард улсаас санхүүжилт орж ирэхээр мөнгийг чинь бөөнд нь бэлэн өгнө гэж авсан. Тухайн үед наадам таарсан учир бид хоорондоо машин өгөлцөж авалцсан гэсэн гэрээ хийж чадаагүй. Дараа нь Д.Б таньдаг нотариатчаар гэрээ хийлгэж ирсэн. 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 70,000 ам.доллар, 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 10,000 ам.доллар буюу 20,000,000 төгрөг, тус бүр нийт 80,000 ам.долларыг өгсөн. 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш цагдаад 2015 оны 5 дугаар сард хандсан, 2016 оны 11 дүгээр сарын 17-нд Д.Бгийн хаяг тодорхойгүй байсан тул эрэн сурвалжлуулсан. Д.Б нь эрүүгийн журмаар шалгагдаж байхдаа 12,000 ам.долларыг зөвшөөрсөн тайлбар өгдөг. 12,000 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханш болох 2418,07 төгрөгөөр тооцсон бөгөөд 29,016,840 төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэл гаргахдаа тэгшитгэж 29,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд уг машины үлдэгдэл төлбөр болох 12,000 ам.доллар буюу 29,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Л нь хариуцагч Д.Бд холбогдуулан 12,000 ам.доллар буюу 29,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Бд нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг шүүх хийхдээ удаа дараа дуудсаны эцэст 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тэрээр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авсан бөгөөд 8 дугаар сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй.
Ийнхүү шүүхийн тогтоосон хугацаанд хариуцагч нь хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаан товлосон цагт хүрэлцэн ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийг шийдвэрлэсэн болно.
А.Л нь Д.Бтэй харилцан тохиролцон Иргэд хоорондын гэрээ нэртэй баримт үйлдэж, уг баримтад 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 2009 онд үйлдвэрлэгдсэн, lexus-570 маркийн хар өнгөтэй, арлын дугаар бүхий автомашиныг бусдад худалдах зорилгоор иргэн А.Лас 92,000 ам.доллараар худалдахаар тохиролцон, уг машиныг хүлээж авлаа. Уг машин 2012 оны 9 дүгээр сарын 10-ныг хүртэл хугацаанд зарагдаагүй тохиолдолд машины үнэ болох 92,000 ам.долларыг бэлнээр төлөхөөр тохиролцож гэрээ хийв гэжээ.
Дээрх тохиролцооноос үзэхэд Д.Б автомашиныг 92,000 ам.доллараар бусдад худалдан борлуулж, А.Лд үнийг төлөхөөр тохирсоны дагуу Д.Б нь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 70,000 ам.доллар, 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 10,000 ам.доллар буюу 20,000,000 төгрөг, нийт 80,000 ам.долларыг А.Лд хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Харин автомашины үлдэгдэл төлбөр болох 12,000 ам.долларыг Д.Б нь А.Лд хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2009 онд үйлдвэрлэгдсэн, lexus-570 маркийн хар өнгөтэй, арлын дугаар бүхий, бензин хөдөлгүүртэй автомашин нь А.Лхагвын нэрээр гаалиар орж ирсэн болох нь Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар үүргийн харилцаа үүсэхээр зохицуулсан байх бөгөөд зохигчдын хооронд үүргийн харилцаа буюу худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулсан, зохигчдын хооронд үүрэг үүсээгүй, хариуцагч Д.Б нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханшаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ...хэмжээгээр ...тооцно гэж зааснаар нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар буюу ам.долларыг 2,418,07 төгрөгөөр тооцоход /12,000 ам.долларыг/ 29,016,840 төгрөг гарч байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнгээ тэгшитгэж 29,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч Д.Бд 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмаар баталгаат шуудангаар хариуцагчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргасан тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Бгээс 12,000 ам.доллар буюу 29,000,000 /хорин есөн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Лд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 303,030 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Лд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШЗ2017/14653 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ