| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 313/2025/0047/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/58 |
| Огноо | 2025-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/58
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.З,
Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Дугармаа,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ё овгийн Н-ийн Б-д холбогдох 2528000000045 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Н.Б нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 10 дугаар баг Нисэх 7-8 тоотод 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Ж.З-ын бие эрх чөлөөнд халдаж, биед зүүн гарын шуунд шарх, судасны тасрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Б-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Эрүүл мэндийн даатгалын мөнгийг төлчихвөл гомдол санал байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр найз Д-ынд 18 цагийн үед очсон. Тухайн айлд очиход Д ганцаараа байж байсан. Бид хоёр юм ярингаа хоёр, хоёр лаазтай пиво уусан. Сууж байхад Б гэх манай үеэл над руу утсаар яриад авчих гэж хэлсэн. Тэгээд би Их-Уулаас очиж Б гэх хүнийг авч ирсэн. Буцаж ирээд сууцгааж байхад Б, Д нар 0,5 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Харин би үлдсэн 1 лаазтай пиво байснаа уусан. Сууцгааж байхад Дын дүү нь гэх хүн ахын хамт хөдөөнөөс ирсэн. Тухайн үед Б согтоод агсам тавих гээд байсан. Тэгээд Д-ын дүү нь эрүүл байсан учир машинаа бариулаад хүргэж өгөх гээд гадаа тамхи татаад сууцгаж байсан гэнэт гар руу халуун оргиод явчихсан. Тэгээд харсан чинь гарнаас цус их хэмжээтэй гарж байсан. Тэгэхээр нь Д дүүг машин уначих гээд эмнэлэг оръё гээд явсан. Тухайн машинд Д-ын дүү жолоо бариад арын суудал дээр Б бид хоёр суучихсан. Д-ын дүүтэй хамт ирдэг хүн жолоочийн эсрэг талын суудал дээр сууж явсан. Тэгээд эмнэлэг рүү явж байх замд төв саадны тойрог дээр машин явж байхад Б хаалга нээгээд буучихсан, тэгээд эмнэлэгийн байгууллага дээр очиж тусламж авсан.” /хавтаст хэргийн 18-20 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “З эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.960.477 төгрөгийн үйлчилгээ авсан байна. Уг хохирлыг нэхэмжилнэ.” /хавтаст хэргийн 30-31 дэх тал/
Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ амраад хашаандаа түлээ хагалаад байж байхад З ганцаараа ирсэн. Тэгээд бид хоёр 4 лаазтай пиво хувааж уусан. З орой ирнэ гээд явсан. Орой 21 цагийн үед Б гэх хүнтэй хамт З ирсэн. Тэгтэл гаднаас Б, хүргэний хамт орж ирсэн. З ирэхдээ 0,75 литрийн Хараа нэртэй архи мөн 2,5 литрийн том пиво авч ирсэн. Тухайн авчирсан пиво, архийг бид хэд хувааж уугаад юм ярилцаад сууцгаасан. Тухайн үед ууж байхад Б тоглоом хийгээд байгаа бололтой шорон яриад байсан. Бид хэдийн ууж байсан юм нэлээд дуусч байхад тамхи татахаар З, Б нар гадагш гарсан. Тэгээд нээх удалгүй З хашхирах шиг болсон. Тэгээд бид хэд гараад хартал гараа барьчихсан хашааны үүдэнд зогсож байсан. Б тухайн үед би шаачихлаа гэх утга бүхий зүйл ярьсан. Зын баруун гарын шуу хэсгээс цус гарч байсан. Тэгээд гарыг нь боогоод эмнэлэг рүү явсан.” /хавтаст хэргийн 33-35 дахь тал/
Гэрч Т.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хадам Бгийн хамт Баян-Овоо сумаас гараад Даланзадгад суманд ирээд дэлгүүр дээр иртэл Д, З, Т гэх хүмүүс байж байсан. Тухайн үед 1 шилтэй архи, 1 ширхэг том пиво авсан. Тэгээд Д гэх айлд очсон. Д, З, Т, хадам аав Б нар хамт тухайн авсан архи пиво уугаад сууцгаасан. Нэлээд юм ярьж сууж байгаад З, Т гэх хүмүүс тамхи татахаар гарсан. Би араас нь бие засах гээд гараад очтол хутга гэж хашхираад зугтаад байсан. Тухайн үед З гэдэг хүн нь зугтаж байсан. Тэгээд хүрээд очтол Т гэх хүнийг хутгатай байна гэж З нь хэлсэн. Би гэрээс Д ахыг дуудахаар гэр рүү нь орсон. Тэгээд хамт гараад очтол хашааны үүдэнд хутгалчихсан гээд гараа бариад байсан. Тухайн үед баруун гарнаас нь цус гарчихсан сууж байсан. Нөгөөх нь хутгаа бариад байж байсан. Тэгээд хутгаа хая гэхэд газарт унагасан. З гэх хүнийг машинд суулгаад би машинаа бариад З, Т, Б бид хэд явсан. Эмнэлэг рүү явж байхад Т гэх залуу нь эмнэлэгийн баруун талд машин явж байхад үсрээд буучихсан. Тэгээд бид хэд зогсолгүй шууд эмнэлэг рүү очсон.” /хавтаст хэргийн 41-43 дахь тал/
Шүүгдэгч Н.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ унтаж байхад З манайд ирээд пиво уух уу гээд хамт явсан. З манайд ирэхдээ 0,75 литрийн Хараа нэртэй архи, 2,5 литрийн пивотой явж байсан. Тэгээд Д гэх Баян-Овоо сумын таньдаг хүнийх буюу нэг айлд очсон. Тухайн айлд очиход Д ганцаараа байж байсан. Гэрт нь тухайн архи, пиво юм ярингаа хувааж уусан. Дынд сууж байхад танихгүй хоёр залуу ирсэн. Тухайн хүмүүс хөдөөнөөс ирээд амрах гэж байгаа бололтой байсан. Тухайн архи, пивыг ууж дуусаад нэлээд согтсон байсан. Гэрт байж байгаад З бид хоёр тамхи татахаар гэрээс гарсан. Гадаа гараад юунаас болсныг нь сайн санахгүй байна. З намайг боож аваад миний нүүр хэсэгт цохиод унагааж байгаад нүүр рүү нэлээд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд тухайн үед миний хармайнд эвхдэг хутга байхаар нь уур хүрээд Зыг айлгъя гэж бодсон. Тэгтэл З гараа бариад хашхирахад гэрт байсан хүмүүс гарч ирээд юу болоод байна гэж бужигнаж байгаад Зыг эмнэлэг авч явъя гээд машинд сууцгаагаад явсан. Тэгээд эмнэлэг рүү Зыг хүргэж өгч байхад би машинаас үсэрч буугаад гэр рүүгээ явсан.” /хавтаст хэргийн 55-56 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Б-ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ж.З-ын биед зүүн гарын шуунд шарх, судасны тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Ж.З-ын биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 46-47 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дахь тал/
Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 60 дахь тал/
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 62-63 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/
Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/
Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт /хавтаст хэргийн 73 дахь тал/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 72 дахь тал/
Прокурорын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” 03 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 88-89 дэх тал/
Прокурорын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний санал” 03 дугаартай санал /хавтаст хэргийн 90-91 дэх тал/.
Шүүгдэгч Н.Б нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж /хавтаст хэргийн 72 дахь тал/, уг хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 88-89 дэх тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Н.Б-ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Б нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 10 дугаар баг Нисэх 7-8 тоотод 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Ж.З-ын бие эрх чөлөөнд халдаж, биед зүүн гарын шуунд шарх, судасны тасрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.З-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/, иргэний нэхэмжлэгч М.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, гэрч Б.Д-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 дахь тал/, гэрч Т.Т-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Б-ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Зын биед зүүн гарын шуунд шарх, судасны тасрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Б-ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Н.Б нь бусдын эрүүл мэндэд халдсан тохиолдолд гэмтэл, хохирол учрах боломжтой гэдгийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийн хуульд заасан үндэслэлийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.З нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд гаргасан тайлбартаа: “Эхлээд эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Сүүлд би 2 сар ажилдаа явж чадахгүй нь гээд ажилгүй байсан хугацааны цалин 7.000.000 төгрөг авсан. Нийт 8.000.000 төгрөг төлсөн. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Н.Б-ыг Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.З-т төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгох”-оор хуульчлагдсан байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.З эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 2.960.477 төгрөг гарсан болох нь Иргэний нэхэмжлэгч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “З эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.960.477 төгрөгийн үйлчилгээ авсан байна. Уг хохирлыг нэхэмжилнэ.” /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ гэх мэдүүлэг, Ж.З-ын эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай зардлын задаргаа /хавтаст хэргийн 79 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Б-ас 2.960.477 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нь амьжиргааны түвшин доогуур төлбөрийн чадваргүй иргэн болох нь халамжийн тодорхойлолтоор тогтоогдсоны дагуу түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Н.Б нь боловсролгүй, тухайн хэргийн нөхцөл байдлыг аваад үзэх юм бол үеэлүүд хоёулаа архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж хувийн таарамжгүй харилцааны улмаас нэг нэгэндээ гэмтэл учруулсан асуудал байдаг. Энэ хэрэг дээр ажиллахдаа нэгэнт энэ 2 хүн ах дүүс учраас цаашид хоорондын харилцаа нь үргэлжлэх учраас аль болох эвлэрүүлэх талаас ярьж ойлгуулж ажилласан байгаа. Энэ утгаараа ч гэсэн хохирогчид учирсан гарын бэртлээс хамаараад 2 сар ажилгүй байсан хугацааны цалин болон эмчилгээний зардлыг төлж барагдуулсан байгаа. Хохирогчийн гарын хувьд одоо нөхөн сэргээгдэх эмчилгээ хийж байгаа гэж ойлгосон. Ямар нэгэн байдлаар цаашид хийлгэх өөр эмчилгээ байхгүй. Эргээд хэвэндээ ороход тухайн нөхөн сэргээгдэх эмчилгээнээс хамаарах юм байна. Тухайн хүн өөрөө гараа хэр ажиллуулах, физик эмчилгээнд хэр хамрагдахаас хамаарна гэж ойлгосон. Энэ хэрэг дээр холбогдогч ч тэр хохирогч ч тэр гэмт хэрэг гаргах шалтгаан нөхцөлийг хэн хэн нь ойлгоод архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж болохгүй юм байна. Архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хэн нэгэндээ гэмтэл учруулдаг асуудал дахиж гаргаж болохгүй гэдгээ харилцан ойлгосон байх. Энэ хэрэг дээр улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж оруулж ирсэн. Хохирогчийн зүгээс гэмтлийн зэрэг тогтоох шинжээчийн дүгнэлт болон хэргийн зүйчлэлтэй ямар нэгэн байдлаар маргаагүй. Мөн манай зүгээс ч хэргийн зүйлчлэлтэй маргаагүй. Энэ зүйл анги нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг байгаа. Н.Б-ын зүгээс хэргийн зүйлчлэл гэм буруугийн тал дээр маргахгүй гэдгээ илэрхийлсэн. Үүн дээр хохирол төлбөрийг нь төлүүлээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналаа оруулж ирсэн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэг нь 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах гэсэн 3 төрлийн ялын сонгох санкцтай хэрэг байгаа. Н.Б болон гэр бүлийнхэнтэй өмгөөлөгчийн зүгээс харилцан ярилцаад энэ хүнд тодорхой хэмжээнд өөрөө хөдөлмөрлөөд нийтэд тустай ажлыг хийгээд үүнээсээ илүү ойлгож ухамсарлах байх гэсэн үүднээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг 300 цагаар авах саналыг улсын яллагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн байгаа. Хохирол төлбөрийн тухайд нийт 8.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Тухайн иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилж байгаа 2.960.477 төгрөгийн тухайд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиараа гэм буруутай этгээдээр төлүүлэх заалттай. Энэ хуулийн заалт тодорхой учраас мөн Н.Б ажилд орсон 3.500.000 төгрөгийн цалинтай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлэх боломжтой хувилбар байгаа. Тийм учраас нэгэнт төлөхөө хүлээн зөвшөөрч цаашдаа төлөх боломжтой гэдэг нь тогтоогдож байгаа учраас үүнийг Н.Бас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.Б-ас хэлэх зүйл байхгүй гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.З-т 8.000.000 /найман сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ё овгийн Н-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Б-ас 2.960.477 /хоёр сая есөн зуун жаран мянга дөрвөн зуун далан долоо/ төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
5. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.З-т 8.000.000 /найман сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ