Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Л.Б-т холбогдох эрүүгийн 201722000117 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Л.Б-,

Шүүгдэгч Л.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн Д.Б-тай маргалдсаны улмаас хоорондоо зодолдож Д.Б-ын бие махбодид нь нэг шүдний сэлтэрсэн хугарал, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Л.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн Д.Б-тай маргалдсаны улмаас хоорондоо зодолдож, Д.Б-ын бие махбодид нь нэг шүдний сэлтэрсэн хугарал, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:  

Шүүгдэгч Л.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...2017.02.02-ны өдөр 16 цагийн үед байх 10-р хороонд Д.Б- гэж айлд очсон. Тэгээд бид хоёр нэг шил 0.5л Ерөөл архийг Д.Б-, Галдан бид гурав хувааж ууж байгаад талд нь оруулаад Д- гэж дүүгээ дуудсан чинь Зулаа гэж найзтайгаа ирсэн Тэгээд би Д-жавд өөрийнхөө машиныг бариулаад гэртээ харих гээд явж байсан чинь Д-гийн утас нь дуугараад захын урьд хүнтэй уулзахаар болоод зах орсон юм. Тэгээд зах орох замдаа энэ Д.Б- гэж залуу надаас 1.400.000 төгрөг аваад өгөхгүй байгаа юм. Тэр мөнгө өгөх гэж байгаа юм байхдаа гэж ярьж байсан. Тэгээд захын урд Д.Б- гэж залууг суулгасан. Тэгээд Д-жав мөнгө төгрөгөө өгөх гэж байна уу гэж асуусан чинь өгнө шүү дээ, юун сүртэй юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи хүний мөнгө төгрөг өгөхгүй хаашаа юм, өмөөрч хамгаалах хүн байдаг юм гэж хэлсэн чинь Д.Б- чамд хамаагүй гэж хэлэхээр нь би заамдаж аваад хойд суудал дээр хажуу тийш нь дарсан чинь Зулаа, Д- хоёр боль боль гэхээр нь би болиод хэзээ өгөх юм гэж асуусан чинь би машин тэргээ зараад өгнө өгөхгүй гэж хэлээгүй гэсэн. Тэгээд хамт яваад 1-р хороо ороод Хэрлэн дэлгүүрийн урд буусан. Тэгээд би гэртээ орсон. ...Би Д.Б-ыг заамдаж аваад хойш нь дарах үед хацарлуу нь тохойлдсон уу яасан, түүнээс биш би гараараа цохисон зүйл байхгүй. Шүдэнд нь би ерөөсөө хүрээгүй...гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017.02.02-ны өдөр 18:30 цагийн үед би Д-руу залгаад захын Түвшин-Ундраа дэлгүүрийн хажууд Д-, Л.Б-ын машиныг барьчихсан бас нэг хүүхэнтэй 3-лаа ирсэн. Тэгээд би суугаад явсан. Д- надаас мөнгө нэхэхээр нь би маргааш, нөгөөдрөөс мөнгийг чинь өгье гэж хэлээд байж байтал Л.Б- гэгч нь чи ямар даварчихсан гар вэ хүний мөнгө төгрөгийг өгөөч гээд надруу муухай хараад намайг татаж ирээд машинаас буух гэж байснаа миний зүүн талын шанаа, шүд рүү хоёр цохисон. Тэгээд хажууд нь сууж явсан Зулаа, Д- хоёр салгасан. ...миний шүд сэтэрчихсэн, зүүн талын нүд хавдчихсан байсан...надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...Л.Б- нь чи ганц бие эмэгтэй хүнийг элэг бариад байгаа юм уу мөнгийг нь өг гэж байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. ...Тэгээд тэр хоёр ганц нэг цохилцсон байх би сайн санахгүй байна. Тэгээд маргалдаад нилээн удаан байж байгаад 2-р хороонд Хэрлэн дэлгүүрийн тэнд буугаад үлдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

Гэрч Б.Д-жавын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...Д.Б- машинд суухаар нь би чи мөнгө төгрөгөө яасан юм гэж асуусан чинь би одоохондоо өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүргээд өгье хаана буух юм бэ гэж асуухад 1-р хороонд очно гэж байсан. Тэгээд замдаа явж байхад манай ах Л.Б- чи ганц бие эмэгтэй хүнийг элэг бариад байгаа юм уу, мөнгө төгрөгийг нь өгчихөөд яадаг юм бэ гэж хэлсэн чинь Д.Б- нь угаасаа өгнө шүү дээ гэж хэлээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд тэр хоёр барьцалдаад авахаар нь би замаас гараад харсан чинь Л.Б- ах заамдаад хойш нь унагаагаад дарчихсан байсан. Тэгээд би боль гэж хэлээд тэр хоёр салсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай:

  1. Д.Б-ын биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Д.Б-ын биед нэг шүдний сэлтэрсэн хугарал, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл байна.
  3. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  5. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээ, улсын яллагчийн "хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" санал зэргийг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр" хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.     

Шүүгдэгч нь урьд 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж 2007 оны 05 дугаар сарын 18-ны өдөр суллагдсан, 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 2008 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжаар суллагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар ялтайд тооцогдохоор байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт “ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох” хамаарагдаж байх тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. 

Эрүүгийн 201722000117 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л.Б-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Л.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Эрүүгийн 201722000117 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-т урьд авсан батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР