Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 173

 

МАГАДЛАЛ

 

2019.01.21                                                 Дугаар 173                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Б И Д ББСБ  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/02204 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б И Д ББСБ  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.О-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 30 679 466.67 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ЗГ0100160319 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 38 байрны 23 тоотын 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус банк бус санхүүгийн байгууллагаас 12 сарын хугацаатай 16 000 000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Б.О-өөс тус банк бус санхүүгийн байгууллага нь удаа дараа дээрх гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Б.О-өөс зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 16 000 000 төгрөг, зээлийн хүүнд 10 309 333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 570 133.33 төгрөг, түүнчлэн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ0100160319 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 2 800 000 төгрөг буюу нийт 30 679 466.67 төгрөгийг гаргуулж мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох дээр дурдсан үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ЗГ01000160319 тоот зээлийн гэрээ байгуулан 48 000 төгрөгийг зээлийн үйлчилгээний шимтгэл суутгуулж 15 952 000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 565 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 480 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 547 200 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 700 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 600 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 544 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 1 500 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 1 950 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 525 866 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 480 000 төгрөг, нийт 7 892 066 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн. Мөн сүүлд өгсөн баримтыг үндэслээд нийтдээ 8 500 000 орчим төгрөгийг төлсөн. 10 933 000 төгрөгийн тухайд зарим төлбөрийг үндсэн зээл, хүүнд төлж байсныг нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт гэж авсан байна, өмгөөлөгчийн 2 800 000 төгрөг нь хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй байна, үүнтэй холбоотой баримт хэргийн материалд байхгүй. Шүүх хуралд төлөөлөгчөөр оролцож байгаа хүн нь тус ББСБ-ын байнгын ажилтан, тэмдэгтийн хураамж нь хуульд заагдсанаар шийдэгдэх байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 16 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.О-өөс 27 879 466.67 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б И Д ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.О нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003893 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат гудамж 38 дугаар байрны 23 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б И Д ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381 547.33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-өөс 297 347.33 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б И Д ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хариуцагч нь Б ББСБ  ХХК-тай зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлвөл зээлүүлэгч нь гэрээний 2.4-т заасны дагуу зээлийн хүүг 4 хувиас бууруулж 3 хувиар тооцохоор харилцан тохиролцсон. Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүх хуралд зээлийн хүүг бууруулж тооцохоор тохиролцсон талаар тайлбарлаж хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад хариуцагч нь нэг сард 2 удаа зээлийн хүү төлсөн талаарх санхүүгийн анхан шатны баримтууд байхад шүүхээс нотлох баримтыг үнэлж хүүг бууруулж тооцолгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үндсэн зээл 16 000 000 төгрөг, зээлийн хүүнд 7 770 666.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 062 400 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зээлийн хүүнээс 2 538 666.66 төгрөг 507 733 төгрөг нийт                3 046 399.99 төгрөгийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б И Д ББСБ  ХХК нь хариуцагч Б.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 679 466.67 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч      16 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчаас 27 879 46.67 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Б И Д ББСБ  ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 16 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлэхээр, хариуцагч Б.О-тэй зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүүг гэрээний хавсралтад заасан хуваарьт өдөр төлбөл гэрээнд заасан хүүгээс 1 хувийн хөнгөлөлт эдлэхээр, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг төлөх нөхцөлтэйгөөр тохиролцжээ. Зээлийн барьцаанд хариуцагч нь Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 38 дугаар байрны 23 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан ба 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгасан байна. /хх 4-8, 12/

Анхан шатны шүүх талууд гэрээ байгуулсан эсэх, тэдгээр гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй гэж дүгнэж, зээлийн болон барьцааны гэрээ тус бүрийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь зөв байна.

Улмаар зээлдэгч Б.О-өөс үндсэн зээл 16 000 000 төгрөг, хүү 10 309 333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 570 133.33 төгрөг, нийт 27 879 46.67 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Зээлдэгч гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг тогтмол хугацаанд төлөх үүргээ зөрчсөн нь хэрэгт авагдсан зээл, хүүгийн дэлгэрэнгүй тооцоолол, төлбөр төлөх хугацаа болсон талаарх мэдэгдэл, талуудын тайлбараар тогтоогдсон тул зээлдүүлэгч гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

/хх 8,15/

Харин зээлдэгч Б.О-ийн “хүүгийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөл биелсэн” гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь зээлийн хүү, үндсэн хүүгийн талаар талууд тодорхойлсон байгаа нь хүүг өөр өөрөөр тогтоох тохиролцоо байсан гэж үзэхгүй юм.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/02204 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 63 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ