| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2021/04205/И |
| Дугаар | 101/ШШ2021/04043 |
| Огноо | 2021-12-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2021/04043
| 2021 12 06 | 101/ШШ2021/04043 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х СӨХны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б холбогдох
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2,664,390 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д/№1209/, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал П.Н, өмгөөлөгч С.Дшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хсууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрладаг 12, 13 дугаар байрнуудыг хариуцан ажилладаг. Тус хоёр байр нь 1989 онд ашиглалтад орсон 360 айл, 1500 м2 талбайтай 1200 орчим оршин суугчидтай, бидний ярьж заншсанаар хуучны 9 давхар байр юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх хаалга, довжоо, саравч хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны халаалт, цахилгаан оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь дундын өмчлөлийг бүрэн бүтэн байлгах, нийт оршин суугчдаа ариун цэвэр, аюулгүй орчинд амьдруулахаар хичээнгүйлэн ажиллаж байна. Миний бие П.Н нь 2020 оны 8 дугаар сарын 24-нд томилогдон ажиллаж байна. Тухайн үед ажил авахад маш хүнд нөхцөлтэй, 23,000,000 төгрөгийн өртэй, маш олон жил засвар үйлчилгээ хийгээгүй, маш бохир орчинтой СӨХ-г хүлээн авч 1 жилийн хугацаанд нийт оршин суугчдын нүдэнд харагдаж гарт баригдахаар маш их зүйлийг тасралтгүй хийж бүтээсэн. СӨХ-ны гүйцэтгэх захирлын хувьд, иргэн П.Нийн хувьд сууц өмчлөгчдийн холбооны гишүүд та бүхэндээ илгээх захидал бүхий нийт 6 бүлэг 25 зүйл асуудлуудыг танилцуулж, санал асуулгын хуудас, нийт 13 нүүр бүхий 5 сар хийсэн ажлын тайлангаа нэг бүрчлэн 360 айлд хүргүүлж, санал асуулгын хуудсыг буцаан авч дугаарлан архивласан. Бүтэн 1 жилийн хугацаанд тасралтгүй бүтээн босголтуудыг хийж, оршин суугчдын эрүүл аюулгүй байдлыг хангах тал дээр ажиллаж маш дорвитой ажлуудыг хийж оршин суугчдын талархлыг хүлээж ажиллаж байна. Сайны хажуугаар саар гэдэг шиг СӨХ-ны төлбөрөө төлөөгүй олон жилээр хуримтлуулж, бусад оршин суугчдын эрх ашгийг ноцтой хохироож байгаа тул доорх айлын төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү.
Тус сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагдах 3 дугаар байрны 123 тоотын иргэн Д.Б нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасан үүргээ биелүүлэхгүй 2004 оны 11 дүгээр сараас эхлэн 2021 оны 7 дугаар сар хүртэл 2,664,390 төгрөгийн СӨХ-ны төлбөрөө төлөөгүй байна. Тус асуудлаар 2020 оны 9 дүгээр сарын 12-нд өөрийн биеэр мэдэгдэх хуудас хүргэж өгөхөд н.Энхшүр гэдэг хүн гарын үсэг зурж хүлээн авсан. Удаа дараа утсаар Д.Б гуайтай ярьсан, 2021 оны 8 дугаар сард Монгол шуудангаар нэхэмжлэх хуудас хүргүүлсэн, мөн үүдэн дээр нь жижиг нэхэмжлэхүүд нааж байсан боловч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үүргээ одоо болтол биелүүлэхгүй байна.
Иймд 3 дугаар байрны 123 тоотын өмчлөгч, хариуцагч Д.Боос 2004 оны 11 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сарын хооронд биелүүлээгүй СӨХ-ны төлбөрийн үүрэг болох 2,664,390 төгрөгийг гаргуулж өгч бусад үүргээ сайн биелүүлсэн сууц өмчлөгч иргэдийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн тоотод 1990 оноос хойш 30 гаруй жил оршин сууж байна. Энэ хугацаанд СӨХ-ны ажиллагаа маш муу, орцны жижүүр тогтворгүй, олон хүмүүс солигдон, хулгай хийдэг, архидан согтуурдаг, өвгөнтийн архичид шатан дээр хонож өнжөөд бүр бие засдаг үйлдэл үргэлж байдаг. Сургуулийн хүүхэд эмэгтэйчүүд өглөө оройд айж ичих байдалд ордог тул үргэлж тосож, гаргаж өгдөг байсан. Мөн орцны жижүүрийн байр 2 удаа шатаж, 9 давхрын шатан дээр тортог болтол шатааж байсан. Мөн орцны бункерийн цонхоор 1 хүн унаж нас барсан удаатай. Тухайн үеийн жижүүрийн үүрэг хариуцлагагүйн улмаас цахилгаан тоолуураа 3-4 удаа алдаж, цахилгааны төлбөрөө задгайгаар удаа дараа төлж байсан. Мөн хаалга эвдэн орж гэрээс 3х4 хивс, бусад эд зүйлс хулгайд алдсан болно. Эдгээр хохирлоо барагдуулж өгөхийг СӨХ-нд хүсэхэд огт тоож үзээгүй. Одоо манай ам бүл 11-үүлээ амьдардаг. Эхнэр, хүү, охин, 7 ач, зээгийн хамт эхнэрийн тэтгэврийн 300,000 төгрөгийн орлогоор амьдралаа чадан ядан хүргэсээр байна. Би өөрөө тэтгэврийн нас болоогүй учир тэтгэврээ тогтоолгоогүй. Бидний амьжиргааны түвшин дунд зэрэгт ордог тул заримдаа хороо, дүүргийн халамжийн үйлчилгээ туслалцаа авдаг юм.
Иймд аргагүй байдлыг харгалзан үзэж өрийн асуудлыг нааштай шийдүүлж өгөхийг хүсч байна. 2018 онд банкинд очиж төлбөрөө төлөх гэхэд өмнө нь үүссэн өрийг төлөх ёстой гэсэн шаардлага тавьсан учир төлөөгүй юм. СӨХ-нд төлөх ёстой 2,664,390 төгрөг төлөх төлбөрийн чадваргүй болно. Шинэ СӨХ-ны ажиллагаа хүлээн авсанаас хойш СӨХ-ны мөнгөө төлөхөөр банкинд хандахад урд өрөө төлөөгүй тохиолдолд төлөх боломжгүй гээд авдаггүй байсан. Цаашид СӨХ-ны мөнгө тогтмол төлж байх болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Бод холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны 2004 оны 11 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сарын төлбөрт нийт 2,664,390 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь өмнө ажиллаж байсан сууц өмчлөгчдийн холбоо маш муу ажилладаг байсан тул 2004 оноос хойш сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөөгүй нь үнэн бөгөөд 2018 онд банкинд очиж төлбөрөө төлөх гэхэд өмнө нь үүссэн өрийг төлөх ёстой гэсэн шаардлага тавьсан учир төлөөгүй, харин П.Н гүйцэтгэх захирал болсноос хойш сууц өмчлөгчдийн холбооны ажил сайжирсан, цаашид сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаж байна.
Х сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороонд байрлах, 12, 13 дугаар байрны сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор 2014 онд байгуулагдан, Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13 дугаар байрны 123 тоот орон сууцны өмчлөгч Д.Б болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд сууц өмчлөгчийн хувиар Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заажээ.
Х сууц өмчлөгчдийн холбоо нь 2004-2021 оны хоорон дахь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн задаргааг гаргаж ирүүлсэн ба 2004 онд 7,280 төгрөг, 2008 оны 4 дүгээр сараас 8,280 төгрөг, 2011 оны 5 дугаар сараас 12,000 төгрөг, 2014 оны 8 дугаар сараас 18,500 төгрөг, 2021 оны 5 дугаар сараас 28,500 төгрөгөөр тооцохоор төлбөрийн тарифийг тогтоосон гэх боловч хэрэгт авагдсан баримтаар тус СӨХ-ны Удирдах болон хяналтын зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар 30 мкв талбайтай буюу 2 өрөө орон сууцны СӨХ-ны төлбөрийг 28,500 төгрөгөөр тогтоосон болох нь тогтоогдож байна.
Харин Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр зохицуулсантай холбоотой буюу өмнөх хугацааны төлбөрийг хэрхэн тогтоосонтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй байна.
Хариуцагч Д.Б нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх бөгөөд тэрээр 2018 онд сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөхөөр банкинд очиход өмнөх өр авлагын асуудлаас үүдэн төлөөгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ба энэ нь хэдийгээр сууц өмчлөгчдийн холбооны хурамтлагдсан өр байсан боловч хуульд заасан энэхүү үүргээ биелүүлэхээр тухайн цаг хугацаанаас хойшхи төлбөрийг төлөх хүсэл зоригоо илэрхийлсэн, түүнчлэн СӨХ-ны гүйцэтгэх удирдлага солигдож, ажил сайжирсантай холбоотойгоор цаашид төлбөрөө тогтмол төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг гаргаж байх тул Төрийн банкны 2018 оны нэхэмжлэхийг үндэслэн 2018-2021 оны 4 дүгээр сарын төлбөрийг 18,500 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх ба нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн сууц өмчлөгчдийн холбооны төлөх төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сараар тооцож гаргах нь зүйтэй гэж үзэв.
2018 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2019 оны 1-12 сар, 2020 оны 1-12 сар, 2021 оны 1, 2, 3, 4 дүгээр сар, нийт 32 сарын төлбөрийг 18,500 төгрөгөөр, 2021 оны 5, 6, 7 дугаар сар, нийт 3 сарын төлбөрийг 28,500 төгрөгөөр тус тус тооцоход 677,500 төгрөгийг хариуцагч Д.Б нь нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн хувьд Х СӨХ-ийн үйл ажиллагаа муу байсан гэсэн шалтгаанаар сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхөөс татгалзах, мөн төлбөрийн чадваргүй гэх зэргээр тайлбар, татгалзал гаргаж буй нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 147, 148 дугаар зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан тодорхой эрхүүдийг эдлэх боловч мөн төлбөр төлөх үүргээ хуульд заасан арга, журмаар хэрэгжүүлэх учиртай юм.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Боос сууц өмчлөгчдийн холбооны 2018 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2019 оны 1-12 сар, 2020 оны 1-12 сар, 2021 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар сарын төлбөрт 677,500 /зургаан зуун далан долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2004 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацааны төлбөрт 1,986,890 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Боос улсын тэмдэгтийн хураамжид 20,810 /хорин мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ