| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2020/03864/И |
| Дугаар | 101/ШШ2021/01023 |
| Огноо | 2021-03-31 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2021/01023
| 2021 03 31 | 101/ШШ2021/01023
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О-д холбогдох,
Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2,715,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Иргэн Ц.А миний бие өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн, бичил, 6 дугаар хороолол, 12 дугаар хороо, 21 дүгээр байрны 45 тоотын 3 өрөө орон сууцаа 2019 оны 09 сарын 06-ны өдөр Ч.Отай 2019 оны 09 сарын 05-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ хийж, нотариатаар баталгаажуулан, орон сууцандаа суулгасан болно. Гэтэл Ч.О нь гэрээнд заасан түрээсийн мөнгөө өгөхгүй удаа дараа шаардуулж, худал хэлж зайлсхийж чирэгдэл болсоор өнөөдрийг хүрсэнд гомдолтой байна. Бид хөдөөний малчин улсууд учраас хүн ёсоор хандан өвлийн хүйтэнд байрнаасаа гаргаад яахав, хүүхэд нь өвчтэй байхад гаргаад яахав гэсээр олон сар болсон ба бид хүлээцтэй хүн ёсоор хандсаар байхад сүүлдээ утсаа авахгүй, дугаар нууцалж ярихаар нөхөр нь хашгирч загнаж хөдөө явна, ажлаа дуусгаад өгнө гэж худал хэлж хүний сайхан сэтгэлээр тоглосоор өнөөдрийг хүрсэн нь хүн чанаргүй арга зальтай амьдраад сурчихсан болохыг харуулж байна. Бид том хүүдээ зориулж зээлээр худалдан авсан байр бөгөөд малчин бид тогтмол орлогогүйгээс зээлээ төлж чадахгүй хүнд байдалд ороод аргагүйн эрхээр байраа түрээсэлж, зээлээ төлөх зорилготой байлаа. Үнэндээ хүү минь тэр үед зээлээ төлөхийн эрхээр хадмынхаа хашаа гэрт эхнэр хүүхдийн хамт амьдарч байсан. Нэг сард 600,000 төгрөг төлөх, эхний 6 сарын 3,600,000 төгрөгийн төлбөрийг 2 хувааж төлөхөөр тохиролцон гэрээ хийсэн. Эхний 1,200,000 төгрөгийг 2019 оны 09 сарын 06-ны өдөр, үлдэгдэл 2,400,000 төгрөгийг 2019 оны 09 сарын 12-ны өдөр төлөх байсан боловч 2019 оны 09 сарын 06-ны өдөр 1,200,000 төгрөг, 2019 оны 09 сарын 10-ны өдөр 250,000 төгрөг 2019 оны 11 сарын 08-ны өдөр 1,150,000 төгрөг, 2020 оны 02 сарын 20-ны өдөр 300,000, нийт 2,900,000 төгрөгийг түрээслэгч тал болох Ч.О төлсөн. Гэтэл Ч.О нь байранд амьдарсан хэрэглээний зардлаа ч төлөхгүй, орон сууцны контороос хөдөө байгаа малчин бидэн рүү байнга утастаад, арга буюу би Улаанбаатар хотод Өмнөговь аймгаас мал төллөх ид ажлаа орхиод ирсэн боловч бас л уулзаж чадаагүй буцсан. Ч.Оаас орон сууцны түлхүүрийг 2020 оны 05 сарын 07-ны өдөр хүлээн авсан ба нөхөр Б.Бат-Эрдэнийн хамт 82-76 УНҮ хар өнгийн Приус 20 автомашинтай ирж, үлдэгдэл мөнгө хэрэглээний зардлаа 5 дугаар сард багтаан төлнө гэж баталгаа гаргаж өгсөнд бид бас л итгээд үлдсэн. Уг нь гэр бүлээрээ барилгын засвар, ажил үйлчилгээ эрхэлдэг хавраас үйл ажиллагаа явуулсан бөгөөд хүмүүс цалинжуулдаг, барилгын материал худалдан авдаг эргэлтийн хөрөнгөтэй, аж ахуйн нэгжтэй, унах унаатай хүмүүс. Ч.О нь 2019 оны 09 сарын 05-ны өдрөөс 2020 оны 05 сарын 05-ны өдрийг хүртэл нийт 8 сар байранд суусан. 8 сарын түрээсийн төлбөр нийт 4,800,000 төгрөг төлөхөөс 2,900,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн мөнгө дээр гэрэл цахилгаан, дулаан, сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 12 сараас 2020 оны 04 сарын ашиглалтын зардлын 815,685 төгрөг, нийт 2,715,685 төгрөгөөр биднийг хохироож байна. Иймд Ч.Оаас 2,715,685 төгрөгийг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь түрээсийн гэрээг 2019 оны 09 сарын 06-ны өдөр байгуулсаны дараа 2,900,000 төгрөгийг нийтэд нь түрээсийн төлбөрт төлсөн. Анх байранд нүүж ороход хүн амьдрахад тухгүй хүйтэн зэврүүн тохьгүй байсан тул байрны эзэн Ц.А эгчтэй ярилцан зөвшилцсөний үндсэн дээр өөрсдийн зардлаар бүх өрөөний таазыг эмүльсдэж, бүх өрөөнд обой нааж шал цонхноос бусдад нь бүрэн засвар хийсэн. Засвар хийсний дараа Ц.А эгч ирээд гоё болсоныг нь хэлээд хараад явсан. 2019 оны 11 сарын 10-ны өдрөөс 2020 оны 01 сарын 20-ны өдрийн хооронд нөхөр бид хоёр Бишрэлт Холдинг компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барилгын дотоод засал дээр ажилласан боловч Бишрэлт холдинг компани мөнгөө өгөлгүй олон хүмүүсийг хохироож захирал Ундармаа нь өөрөө ял авч бид гүйцэтгэсэн ажлыхаа хөлсийг авч чадаагүй, мөн ажил гүйцэтгэх явцад ажиллуулж байсан бригадынхаа ажилчдын цалин хөлсийг ч өгч чадалгүй маш хүнд нөхцөлд байсан билээ. Үүнтэй зэрэгцэн корона вирусын халдвар гарч Засгийн газрын шийдвэрээр улс даяар карентилагдаж бидэнд ахин барилгын ажил олдохгүй байсаар байсан. Ямар ч мөнгөний эх үүсвэргүй болсон бид өөрсдийн гэсэн ганц машинаараа таксинд явж ажилчдыхаа цалинг багаар ч болтугай увуулан цувуулан өгч байсан. Одоо ч өгсөөр л байгаа. Хүнд нөхцөл байдалд байсны улмаас байрны мөнгөө удааж байсандаа нэхэмжлэгчээс уучлал хүсье. Иймд нэхэмжлэгч Ц.А надаас нэхэмжилж буй 2,715,685 төгрөгөөс өөрсдийн зардлаар байрны эзэнтэй зөвшилцөн хийсэн засварын 1,300,000 төгрөгийг хасуулан, өөрсдийн хэрэглэсэн цахилгаан, дулаан, усны мөнгө болох 815,685 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад мөнгийг төлж чадна гэж хэлж чадахгүй. Цар тахалтай байгаа учраас шууд 800 мянган төгрөг гаргаж өгч чадахгүй, бага багаар төлөх боломжтой. 2020 оны 04 сарын 10-ны өдөр гараад 15-ны өдөр Ц.А руу залгаж бид гарсан гэж хэлэхэд 4 сарын мөнгө орохгүй юм байна, 10 хоногийн төлбөр гэж юу байх вэ дээ гэж хэлээд 04 дүгээр сарын төлбөрийг хассан. Би 2020 оны 04 сарын 10-ны өдөр бид байрнаас гарчихлаа, танд түлхүүрийг өгье гэж хэлэхэд заавал уулзаж, мөнгөө авч байж түлхүүрээ авна гэж хэлж хойшлуулсаар байгаад 2020 оны 05 сарын 05-ны өдөр хүргэсэн. Хууль шүүхийн өмнө тэгш байх гэж хуульд заасан нийтлэг зарчмуудад тулгуурлан нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Ч.Од холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,900,000 төгрөг, ашиглалтын зардлын төлбөр 815,685 төгрөг, нийт 2,715,685 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хариуцагч Ч.О нь орон сууц ашиглалтын зардал 815,685 төгрөгийг хүлээн зөвшөөрч, орон сууцанд засвар хийсэн тул орон сууц хөлсөлсөн төлбөрийн үлдэгдлийг төлөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.А нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205001456 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 45 тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Ч.Од нэг сарын төлбөр 600,000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай хөлслүүлэхээр харилцан тохиролцож 2019 оны 09 сарын 06-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Зохигчид уг гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. /хх-7-8/
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.
Зохигчдын хооронд 2019 оны 09 сарын 06-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2020 оны 09 сарын 05-ны өдөр дуусахаар байх боловч хөлслүүлэгч Ц.А нь гэрээний 3.4-т Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3, 289 дүгээр зүйлийн 289.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно гэж заасныг үндэслэн хөлслөгч орон сууц хөлсөлсөн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаандаа төлөөгүй гэх үндэслэл заан гэрээг цуцалж, гэрээний үүргийг хөлслөгч Ч.Оаас гаргуулахаар шаарджээ.
Гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг мэдэгдэл өгснөөр тогтоох тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2019 оны 09 сарын 05-ны өдрөөс 2020 оны 05 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны орон сууц хөлсөлсөн 8 сарын төлбөрийн үлдэгдэл 1,900,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.2-т төлбөр сарын 600,000 төгрөг, төлбөрийг хагас жилээр нь 3,600,000 төгрөгийг төлөхдөө 2019 оны 09 сарын 06-нд 1,200,000 төгрөгийг, 2019 оны 09 сарын 12-нд 2,400,000 төгрөгийг шилжүүлэхээр заасан байх бөгөөд хариуцагч нь нэг сарын төлбөрийн хэмжээ болон төлбөр төлөх хугацааны талаар маргаагүй.
Хариуцагч Ч.О нь орон сууц хөлсөлсөн төлбөрт 2019 оны 09 сарын 06-ны өдөр 1,200,000 төгрөг, 2019 оны 10 сарын 03-ны өдөр 250,000 төгрөг, 2019 оны 11 сарын 08-ны өдөр 1,150,000 төгрөг, 2020 оны 02 сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, нийт 2,900,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Аын Хаан банкин дахь 5590003589 дугаартай данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч хэн аль эдгээр мөнгөн шилжүүлгийн дүнгийн талаар маргаагүй. /хх-12-18/
Хариуцагч нь 2020 оны 04 сарын 10-ны өдөр байрнаас гарах талаар нэхэмжлэгчид мэдэгдэхэд орон сууцыг хүлээж авахгүй хойшлуулсаар 05 сарын 05-ны өдөр хүлээн авсан тул нэхэмжлэгчээс шалтгаалсан 1 сарын төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байх боловч тэрээр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан 2019 оны 09 сарын 06-ны өдрөөс 2020 оны 05 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хөлсөлсөн орон сууцанд амьдарч байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч тухайн 8 сарын хугацааны орон сууц хөлсөлсөн төлбөрт нийт 4,800,000 төгрөгийг төлөхөөс төлсөн 2,900,000 төгрөгийг хасч тооцоход төлбөрийн үлдэгдэл 1,900,000 төгрөг байна.
Мөн хариуцагч нь хөлсөлсөн орон сууцанд 1,300,000 төгрөгийн засвар хийсэн тул үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж, засварын зардлыг шинжээч томилуулан тогтоолгох хүсэлтийг гаргасан.
Шүүхээс шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээгээр Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 45 тоотод байршилтай, 3 өрөө орон сууцанд хийгдсэн засварын зардалын зах зээлийн үнэ цэнэ нь 2020 оны 04 сарын байдлаар 777,000 төгрөг болохыг тодорхойлсон. /хх-65-73/
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах, хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх, засахгүй байх, хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэгтэй бөгөөд хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй.
Хариуцагч нь хөлсөлсөн орон сууцанд засвар хийхдээ хөлслүүлэгчээс зөвшөөрөл авч хийсэн гэх тайлбарыг гаргасан боловч нэхэмжлэгч түүнээс засвар хийх талаар зөвшөөрөл аваагүй гэж түүний тайлбарыг үгүйсгэж байх бөгөөд хариуцагч нь өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтлах нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4-т зааснаар хөлслүүлэгч нь хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах эрхтэй бөгөөд хариуцагч нь хөлсөлсөн орон сууцанд засвар хийсэн үйл баримт тогтоогдож байх боловч хөлслөгч Ч.О нь хөлслүүлэгч Ц.Ааас засвар хийх талаар зөвшөөрөл аваагүй байх тул засварын зардлыг хариуцагчийн орон сууц хөлсөлсөн төлбөл зохих төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн орон сууц хөлсөлж байх хугацаа болох 2019 оны 12 сараас 2020 оны 04 сарын орон сууц ашиглалтын төлбөрт нийт 815,685 төгрөгийг түүний өмнөөс төлсөн гэх үндэслэлээр хариуцагч Ч.Оаас гаргуулахаар шаардсан. /хх-11/
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагчийн орон сууц хөлсөлж байсан хугацааны орон сууц ашиглалтын төлбөрийг төлсөн байх тул тухайн зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь тухайн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчаас орон сууц ашиглалтын төлбөрт 815,685 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Дээр дурдсан үндэслэлийг нэгтгэн дүгнээд хариуцагч Ч.Оаас 2019 оны 09 сарын 06-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 1,900,000 төгрөг, 2019 оны 12 сараас 2020 оны 04 сарын орон сууц ашиглалтын төлбөрт 815,685 төгрөг, нийт 2,715,685 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Аад олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Ч.Оаас 2,715,685 /хоёр сая долоон зуун арван таван мянга зургаан зуун наян таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Аад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,801 төгрөг, 18,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 58,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Аад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР