Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2022/00518

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        02          08                                     101/ШШ2022/00518         

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.Г-т холбогдох,

 

51,334,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.М нь М.Г-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр түүнд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөгийг хугацааг нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугар сарын 26-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 9,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй, мөн өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй тус тус зээлдүүлсэн болно.

Гэтэл М.Г нь заасан хугацаандаа мөнгөө өгөхгүй элдэв арга саам хийж өнөөдрийг хүрсэн. Түүнтэй мөнгөний асуудлаар байнга холбоотой байсан бөгөөд тэрээр мөнгийг чинь өсгөж өгье гээд зээлийн гэрээгүй их хэмжээний мөнгө авсан.

М.Г-т итгэж өөрийн олж байсан бүх орлогоо их бага гэлтгүй бүгдийг хуу хамж өгч байсан ба аминдаа түүгээр мөнгөө өсгүүлж байна хэмээн бодож байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд М.Г нь өөртөө үл хөдлөх эд хөрөнгө 2-ыг авсан хирнээ миний мөнгийг өгөхгүй байх тул шүүхэд хандаж байна.

М.Г-ээс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4,000,000 төгрөгийг 6,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3,000,000 төгрөгийг 4,500,000 төгрөгөөр, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 9,000,000 төгрөгийг 13,500,000 төгрөгөөр, 2018 оны 5,000,000 төгрөгийг 7,500,000 төгрөгөөр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг үндэслэж алдангийн тооцоо гаргасан.

М.Г-т холбогдуулан зээлийн гэрээний дагуу авсан 31,500,000 төгрөг, зээлийн гэрээгүй авсан 42,334,000 төгрөг, нийт 73,834,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Түүнтэй 2016-2016 оны хугацаанд гэр бүлийн харилцаатай байсан боловч 2016-2018 оны хооронд найз нөхдийн холбоотой байсан.

Тэрээр найз нөхдийн холбоотой байх үедээ 40,000,000 төгрөг бүрдүүлчихвэл Амар хуур хотхонд 2 өрөө байрны урьдчилгаа төлбөрийг өгөх боломжтой болчихно, хуримтлал үүсгээд өгье гэхээр нь мөнгө олдсон даруйд их, бага гэлтгүй бүгдийг түүний ХААН банкны дансаар шилжүүлж байсан юм.  

Хариуцагч М.Г-ээс 73,834,000 төгрөг нэхэмжилснээс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 9,000,000 төгрөг, түүний алдангийн хамт 13,500,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр  өгсөн 5,000,000 төгрөг, түүний алдангийн хамт 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгөөс татгалзаж байна. Мөнгийг 2017 оноос хариуцагчид шилжүүлж эхэлсэн, хамгийн сүүлд 2020 онд шилжүүлсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна.

Иймд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4,000,000 төгрөгийг М.Г-тэй зээлийн гэрээний дагуу өгсөн учраас үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3,000,000 төгрөг, зээлийн гэрээ байгуулахгүй өгсөн 42,334,000 төгрөг, нийт 51,334,000 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү.

Өөрөөр хэлбэл хариуцагч М.Г-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч М.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, өмгөөлөгч М.Х нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Г миний бие нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг бодит үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие нь 2014 онд Ц.М-тэй танилцаж нэг гэрт орж хамт амьдаръя гэх саналын дагуу 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хамт амьдарч эхэлсэн.

Бид хамт амьдрах хугацаандаа байр түрээслэдэг байсан учраас өөрсдөд байгаа бага зэрэг мөнгийг өсгөж орон гэртэй болохоор тохиролцон 2017 онд 4,000,000 төгрөгийг Ц.М-өөс авсан. Ц.М нь ажил хийдэггүй гэртээ миний охиныг харж үлддэг байсан. Гэтэл нэг өдөр ажлаасаа орж ирэхэд миний охиныг зодож байсан тул цаашдаа хамт амьдарч чадахгүй гэдгээ хэлээд байрнаасаа явуулсан.

Хэсэг хугацааны дараа Ц.М нь эргэн нийлье, хамт байя хэмээн уучлалт гуйж урьд нотариатаар баталсан, батлуулаагүй байсан 2015.01.12-ны өдрөөс 2018.01.20-ны өдөр хүртэлх өгсөн мөнгөө буцааж авахгүй гэсэн бичиг хийж өгсөн.

Дахин уулзах хугацаандаа гоо сайхны дэлгүүр нээж мөнгөө нийлүүлж бараа авсан боловч энэ хугацаанд тэрээр өөр эмэгтэйтэй болж намайг хуурч би гэрийнхээ ойрхон өөр эмэгтэйтэй болсон чи миний мөнгийг бүгдийг нь өг гэсэн.

Нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөний дүнгээс харахад гэр бүлийн хамтын хэрэгцээнд зарцуулсан болох нь тогтоогдож байх ба ийнхүү зарцуулсан талаарх баримт байхгүй. Түүнээс гадна зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. 

Иймд Ц.М нь хамтын амьдралынхаа явцад зарцуулсан хөрөнгийг нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч М.Х-ийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.М нь зээлийн гэрээний үүрэгт 73,834,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 9,000,000 төгрөг, 2018 оны 5,000,000 төгрөгийг тус тус зээлийн гэрээний дагуу М.Г дээрх мөнгийг хүлээж аваагүй бөгөөд хамтын амьдралын хугацаанд бие биендээ шилжүүлж байсан мөнгөн дүнг нэгтгээд зээлийн гэрээ байгуулна гэж уурлаад байсан тул аргагүйн эрхэнд гэрээг байгуулсан.

Ц.М нь надаас салсандаа өширхөн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа юм. Дээрх зээлийн гэрээний дагуу бодитойгоор мөнгө шилжүүлж байгаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т заасныг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 9,000,000 төгрөг, 2018 оны 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ц.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.М миний бие тус шүүхэд М.Г-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд тухайн өдрөө М.Г-ийн дансанд 3,600,000 төгрөгийг шилжүүлсэн, 400,000 төгрөгийг гэрт нь бэлнээр тоолж өгсөн.

2. 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3,000,000 төгрөгийн хувьд тухайн өдрөө өгөөгүй, өмнө нь буюу 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг өгсөн байсныг баталгаажуулж зээлийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хийсэн.

3. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 9,000,000 төгрөгийн хувьд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3,000,000 төгрөг зэргийг нэмээд хүү төлөхөөр тохиролцсон гэрээ байгуулсан. Тэгэхээр эдгээр өдөр М.Гт 9,000,000 төгрөгийг өгөөгүй гэдэг үнэн болно.

4. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний 5,000,000 төгрөгийн хувьд 2017 онд өгсөн бүх мөнгөө нэмээд 5,010,000 төгрөг болохоор нь 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн юм. М.Г нь мөнгөө өгөх боломжгүй байна, бүгдийг нь нийлүүлээд зээлийн гэрээ хийе гээд өөрөө гуйгаад байхаар нь гэрээгээ хийсэн юм.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2018.01.11-ний өдрийн 9,000,000 төгрөг, 2018.01.11-ний өдрийн 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоход татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна.

Харин бусад мөнгийг М.Г-т өгсөн тул сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2017-2020 онд өгсөн мөнгөний жагсаалтууд, Ц.М, М.Г нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”, Ц.М, М.Г нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”, Ц.М, М.Г нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”, Ц.М, М.Г нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”, ХААН банкны 0 дугаартай дансны 2017.01.01-ний өдрөөс 2018.01.01-ний өдөр хүртэлх, 2018.01.01-ний өдрөөс 2019.01.01-ний өдөр хүртэлх, 2019.01.01-ний өдрөөс 2020.01.29-ний өдөр хүртэлх, 2020.01.29-ний өдрөөс 2020.10.01-ний өдөр хүртэлх, 2020.02.10-ны өдрөөс 2021.01.29-ний өдөр хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Э-т олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Д.Э-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.22-ны өдрийн 101/ШШ2016/05243 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.11.02-ны өдрийн 1818 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.02.02-ны өдрийн 001/ХТ2017/00121 дугаар тогтоол зэрэг баримтуудыг /хх-ийн 3-79, 98, 100, 115-124 тал/,

Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмгөөлөгч М.Х-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ц.М-ийн гар бичмэл зэрэг баримтуудыг /хх-ийн 102-104,137 тал/ тус тус шүүхэд ирүүлсэн.   

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч М.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73,834,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул зээлийн гэрээний үүрэгт 73,834,000 төгрөг гаргуулах шаардлагынхаа 22,500,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 51,334,000 төгрөг болгож, энэхүү шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэн болно.

 

1. Нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2017.06.14-ний өдөр, 2017.05.09-ний өдөр, 2018.01.11-ний өдөр, 2018.01.11-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулсан байх ба эдгээр гэрээний зээлдүүлэгч талд Ц.М, зээлдэгч талд М.Г гарын үсэг зурцгаасан байна.

 

- 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр 3,000,000 төгрөгийг, 7 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, тогтоосон хугацаанд зээлийг, хүүгийн хамт буцаан төлөх, хэрэв тогтоосон хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги төлөх,

- 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээгээр 4,000,000 төгрөгийг, 7 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, тогтоосон хугацаанд зээлийг, хүүгийн хамт буцаан төлөх, хэрэв тогтоосон хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх,

- 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр 9,000,000 төгрөгийг, 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохгүй байхаар,

- 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг, 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохгүй гэж тус тус тусгажээ.  

 

/хх-ийн 8-11/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 2,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3,000,000 төгрөг, зээлийн гэрээ байгуулахгүйгээр шилжүүлэн өгсөн 42,334,000 төгрөг, нийт 51,334,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгчийн ХААН банк дахь 0 дугаартай данснаас хариуцагчийн 0, 0 дугаар данс руу 2017.04.12-ны өдрөөс 2017.11.20-ны өдрийн хооронд 11,760,000 төгрөг, 2018.01.08-ны өдрөөс 2018.11.28-ны өдрийн хооронд 11,554,000 төгрөг, 2019.01.12-ны өдрөөс 2019.12.30-ны өдрийн хооронд 15,080,000 төгрөг, 2020.01.04-ний өдрөөс 2020.04.16-ны өдрийн хооронд 3,390,000 төгрөг, нийт 41,784,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба үүнийг хариуцагч баримтаар няцаагаагүй болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: “.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т: “.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус зааснаас үзэхэд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэн өгөх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр байна.

 

Нэхэмжлэгчээс ирүүлсэн ХААН банк дахь дансны хуулгаар 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг тус тус хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдохгүй байхаас гадна тэрээр уг мөнгийг бэлнээр хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх байдлыг нотолсон баримтыг ирүүлсэнгүй.

 

Үүнээс үзэхэд талуудын хооронд хүү, алданги төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Хариуцагч нь татгалзлынхаа үндэслэлийг зээлийн гэрээний дагуу хүү, алданги тооцох талаар тохиролцож зээл аваагүй, зээлийн харилцаа үүсээгүй, хамтын амьдралын явцад зарцуулагдсан хөрөнгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Тэрээр ХААН банк дах өөрийн эзэмшдэг дансаар нэхэмжлэгчээс хүлээн авсан 41,784,000 төгрөгийг хамтын амьдралын явцад зарцуулагдсан гэж тайлбарласан боловч тэрээр энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл дээрх мөнгийг нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамт амьдарч байх хугацаандаа зарцуулагдсан гэх тайлбараа баримтаар нотолсонгүй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хүү, алданги төлөхөөр хэлэлцэн тохиролцсон гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон байдлаа, хариуцагч нь уг хөрөнгийг гэр бүлийн хамтын амьдралд зарцуулагдсан гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй нь дээрх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогдож буй 41,784,000 төгрөгийг хариуцагч М.Гээс гаргуулан нэхэмжлэгч Ц.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,550,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Хариуцагч М.Г-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

М.Г нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй гэж тайлбарласан.

 

Талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр 3,000,000 төгрөгийг, 7 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, тогтоосон хугацаанд зээлийг, хүүгийн хамт буцаан төлөх, хэрэв тогтоосон хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги төлөх, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээгээр 4,000,000 төгрөгийг, 7 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, тогтоосон хугацаанд зээлийг, хүүгийн хамт буцаан төлөх, хэрэв тогтоосон хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр 9,000,000 төгрөгийг, 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохгүй байхаар, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг, 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохгүй гэх байдлыг тусгасан зээлийн гэрээ байгуулсан байна. 

 

Ц.М нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 9,000,000 төгрөгийн, мөн өдөр байгуулагдсан 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу мөнгийг М.Г-ийн өмчлөлд шилжүүлэн өгөөгүй тул хүчин төгөлдөр бусд тооцохыг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг тус тус М.Г-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан.

 

Гэвч тэрээр 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг М.Г-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Ийнхүү тэрээр өөрийн тайлбараа баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байна гэж зааснаас үзэхэд уг хэлцэл нь гэрээний талууд тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй, өөрөөр хэлбэл талууд хэлцэл хийх хүсэл эрмэлзэлгүй, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд байгуулсан байхыг шаардана.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл талууд хэлцэл хийх хүсэл эрмэлзэлгүй, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд зээлийн гэрээг байгуулсан болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 4,000,000 төгрөгийн, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 3,000,000 төгрөгийн, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 9,000,000 төгрөгийн, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай М.Г-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байх тул уг хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байх тул уг хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож, зохигчоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдож байх тул талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 4,000,000 төгрөгийн, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 3,000,000 төгрөгийн, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 9,000,000 төгрөгийн, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч М.Г-ээс 41,784,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,550,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч М.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 366,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-д, Ц.М-өөс  улсын тэмдэгтийн хураамжид 263,000 төгрөг гаргуулан М.Г-т тус тус олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 527,120 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ