Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2021/02645

 

 

 

 

 

 

 

       2021          09          13                                   101/ШШ2021/02645

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Г-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: М ТБАГ -т холбогдох,

“*******,*******” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговорт 9,781,560 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Гийн төлөөлөгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц овогтой Г  миний бие Мал эмнэлгийн ерөнхий газрын /МЭЕГ/ даргын 2018 оны 08 сарын 29 өдрийн Б/12 дугаар тушаалаар “*******,*******” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар томилогдон 2 жил 4 сарын хугацаанд өөрийн хөлс хөдөлмөр, авьяас чадвараа бүрэн дайчлан ажиллаж, энэ хугацаанд үр дүнгийн гэрээнд заасан төлөвлөгөө, зорилтуудыг бүрэн биелүүлж, хангалттай үнэлгээтэй ажиллаж ирсэн. Анх 2018 оны 08 сарын 29-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар ажилд томилохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг даалгаж байсан хэдий ч хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй, жил бүр үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно. Энэ хугацаанд Ц.Г нь 2020 оны 1 сард 1,504,150 төгрөгийн, 2 сард 1,501,117 төгрөгийн, 3 сард 1,857,768 төгрөгийн, 4 сард 1,504,150 төгрөгийн, 5 сард 1,499,150 төгрөгийн,      6 сард 2,726,550 төгрөгийн, 7 сард 2,129,781 төгрөгийн, 8 сард төгрөгийн, 9 сард 1,902,479 төгрөгийн, 10 сард 1,499,150 төгрөгийн, 11 сард 1,489,151 төгрөгийн, 12 сард 1,902,480 төгрөгийн цалин хөлсийг тус тус авч байсан. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам’’-ын дагуу нэхэмжлэгч Ц.Гийн дундаж цалин хөлсийг тодорхойлоход 1 сарын дундаж цалин хөлс нь 1,630,260 төгрөг болж байна. Гэтэл МЭЕГ-ын даргын 2020 оны 12 сарын 23 өдрийн Б/84 дүгээр тушаалаар төсвийн ерөнхий менежерийн 2020 оны үр дүнгийн гэрээг дуусгавар болгож намайг ажлаас чөлөөлсөн. Намайг дараах үндэслэлүүдээр ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Үүнд:

1.    Б/84 тушаалын ажлаас чөлөөлсөн үндэслэл нь ойлгомжгүй байна. Миний бие нь 2018 онд дээрх албан тушаалд томилогдсоноосоо хойш жил бүр үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж ирсэн бөгөөд Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна.” гэж заажээ. Үүнээс үзвэл үр дүнгийн гэрээ гэдэг нь төсвийн захирагч төсвийн жил эхлэхээс өмнө ирэх жил хэрэгжүүлэх ажлын үүрэг даалгавар, төлөвлөгөөг дээд шатны албан тушаалтнаас авч, баталгаажуулан байгуулж байгаа гэрээ бөгөөд үр дүнгийн гэрээний хугацаа дуусгавар болох нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн үр дүнгийн гэрээ гэдэг нь Хөдөлмөрийн гэрээнээс тэс өөр ойлголт, өөр харилцааг зохицуулж байгаа хэлцэл юм.

2.    Мөн тушаалын үндэслэл болсон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.2-т “энэ хуулийн 28.3-т заасан байгууллагын захирлыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагын даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга;” гэж заасан буюу миний эрхэлж байсан албан тушаалд хүнийг томилж чөлөөлөхдөө мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөх шаардлагатай байсан. Гэтэл дээрх тушаалыг гаргахдаа зөвшилцсөн эсэх нь тодорхойгүй байдаг.

Дээрх байдлаар хууль зөрчсөн, үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй тушаалаар нэхэмжлэгч Ц.Гийн ажил хөдөлмөр эрхлэх, цалин хөлс авах зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг иргэний шүүх болон захиргааны хэргийн шүүхийн аль нь хүлээн авч шийдвэрлэх талаар нарийвчилсан зохицуулалт Монгол Улсын хууль тогтоомжуудад байдаггүй ба практикт аль аль авч шийдвэрлэж байгаа тохиолдлууд байдаг. Нэхэмжлэгч Ц.Г зүгээс ажил олгогчтойгоо Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Үр дүнгийн гэрээ байгуулсан байсан тул захиргааны шүүхийн маргаан гэж үзэж 2021 оны 01 сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөл хуулийн хугацаанд хариу өгөөгүй тул 2021 оны 03 сарын 23-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 30-ны өдрийн 128/Ш32021/2486 дугаар шүүгчийн захирамжаар энэхүү маргааныг иргэний шүүхийн харьяалан шийдэх маргаан байна гэж үзэж, “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талын зүгээс шүүгчийн захирамжид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 05 сарын 05-ны өдөр бидний гаргасан гомдлыг хянан хэлэлцэж 279 үгээр тогтоолоор “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн тул ийнхүү танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна болно. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан “*******,*******” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаа болох 2021 оны 1 сараас 6 cap хүртэл 6 сарын цалин хөдөлмөрийн хөлс 9,781,560 төгрөгийг нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү.

Өмнөх ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт  хийлгэх.

Нэхэмжлэгч нь захирлаар томилогдон 2жил 4 сар үр дүнгийн гэрээг бүрэн хангаж ажиллаж ирсэн. Томилогдохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хүссэн боловч үр дүнгийн гэрээгээр ажиллуулсан. Ажиллаж байх явцад үр дүнгийн гэрээг дуусгавар болгож чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл ойлгомжгүй. Төсвийн хуулийн 40-д үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан байдаг. Тухайн жил эхлэхээс өмнө байгуулахаар заасан. Үр дүнгийн гэрээгээр хөдөлмөрийн харилцааг зохицуулдаггүй. Гэтэл үр дүнгийн гэрээг дуусгавар болгож хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй юм. Мал амьтны хуулийн 28.7.2-т зааснаар сайдтай зөвшилцөх ёстой байсан боловч ийм зүйл байхгүй. Захиргааны маргаан гэж үзээд төрийн албаны зөвлөлд гомдол өгөөд хариу өгөөгүй тул захиргааны шүүхэд хандаад явсан бадаг. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. 2021.1.22-нд төрийн албаны зөвлөлд гомдол гаргаад 3.23-нд захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Улмаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул бид гомдол гаргаад захирамжийг хэвээр үлдээж шийдсэн. Улмаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй. Тушаалаар гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн байдаг. Үр дүнгийн гэрээний хугацаанд юу хийх талаар л зохицуулсан. Энэ гэрээ нь хөдөлмөрийн харилцааг зохицуулаагүй. Хөдөлмөрийн харилцааг зогсоох талаар ямар нэг зүйл бичигдээгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үр дүнгийн гэрээгээр хөдөлмөрийн харилцааг зохицуулахгүй харин ажлын төлөвлөгөөг баталдаг. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцаанд орсон. Үүнийг хөдөлмөрийн хуулиар зохицуулах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 36-40 д хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлүүд зохицуулсан боловч тушаал дээр үүнийг тусгаагүй. Иймд тушаал нь хууль бус юм. Хариуцагч талаас тушаалын үндэслэлээ тайлбарлаагүй байна. Зөвхөн гомдол гаргах талаар ярьж байна. Нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан хаагч болов удирдах албан тушаалтан юм. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болохоор ингэж гомдол гаргасан. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны маргааныг захиргаа шийдэх тохиолдол байдаг. Үр дүнгийн гэрээтэй тул төрийн албаны зөвлөл болон захиргааны шүүхэд хандсан байдаг. 30 хоногийн дотор төрийн албаны зөвлөлд хандсан байдаг. Төрийн албаны зөвлөлд хандсан нь захиргааны хуулийн 54.1.3-т нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах захиргааны ерөнхий хуульд гомдол гаргах газар болон хугацааг зохицуулсан байдаг. Хариуцагч тал нь тушаалын үндэслэл дээр огт тайлбар хэлдэггүй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.М нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан Ц.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзаж байна. Мал эмнэлгийн сорилт баталгаажуулалтын лаборатори нь улсын төсөвт үйлдвэрийн газрын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд даргыг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга томилж, чөлөөлнө. Төрийн албаны тухай хуулийн 4.4, 41,3-т зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах бөгөөд нэхэмжлэгч өөрийгөө төрийн үйлчилгээний албан хаагч гэдгээ мэдэх ёстой. Үүнийгээ мэдэхгүйгээр Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж явсаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 3.7-д зааснаар хуулийг мэдэхгүй буруу ойлгосон нь хуулийн хэрэглэхгүй байх шалтгаан болохгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаа Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж явсан гэж тайлбарлаж байгаа хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч тал ажлаас чөлөөлсөн тушаалыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн аваад 1 сарын дотор нэхэмжлэл гаргах ёстой байсан боловч энэ хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үүднээс Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч хариу ирүүлээгүй. Учир нь төрийн жинхэнэ албан хаагчийн маргааныг шийдвэрлэх хуулийн заалттай тул гомдлыг хүлээн авах учиргүй юм. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Төрийн албаны тухай хуулийн 4.4, 41.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд илт хууль зөрчсөн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх гэсэн үйлдэл байсныг шүүгч харгалзаж үзсэн байна. Иргэний хуулийн 79.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй бөгөөд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан гэж үзэхээргүй байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г нь “*******,*******” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговорт 9,781,560 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газар нь төрийн үйлчилгээний албан тушаалтан нь иргэний хэргийн шүүхэд маргаанаа шийдвэрлүүлэх ёстой, Төрийн албаны зөвлөл болон Захиргааны хэргийн шүүхэд хандсан нь үндэслэлгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Г-ийг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар “*******,*******” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажил, албан тушаалд томилсон байна. /хэргийн 70 дугаар тал/

Улмаар нэхэмжлэгч тал хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарласан бол хариуцагч үүнийг үгүйсгэж маргаагүй.

 

Үүнээс үзэхэд ажил олгогч буюу хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Гэвч ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажил олгогчийн буруутай эс үйлдэхүйтэй холбоотой тул нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/84 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ц.Гийг “*******,*******” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажил, албан тушаалаас чөлөөлсөн байна. /хэргийн 7 дугаар тал/

Эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

Уг Б/84 дүгээр тушаалаар хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг үндэслээгүй байгаа нь хуульд нийцэхгүй. Мөн уг тушаалд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ямар зөрчил гаргасан талаар дурдаагүй бөгөөд анхнаасаа хөдөлмөрийн гэрээгээр дээрх зөрчлийн талаар тохиролцоогүй байгаа нь хууль зүйн агуулгын хувьд үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх Б/84 дүгээр тушаалыг гарсан өдөр нь буюу 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн эсэх талаар маргаагүй.

Мөн нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анх захирлын албан тушаал томилогдох үед хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар шаардсан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж ажил олгогчийг буруутгасан. Энэхүү үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Төрийн үйлчилгээний албан тушаалтан буюу ажлаас үндэслэлгүй халагдсан гэх маргааныг иргэний хэргийн шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шууд гомдол гаргах эрхтэй талаар мэдэж байсан гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж улмаар гомдлыг хянаад мөн оны 02 дугаар сарын 04-ны өдөр 01/360 дугаар албан тоотоор шүүхэд харьяалах гомдол гэж шийдвэрлэжээ. /хэргийн 66-67 дугаар тал/

Хэдийгээр нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөл гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдээгүй гэж маргаж байх боловч гомдол гаргагч нь төрийн байгууллагад гарсан гомдлын хариуг шаардах эрх нээлттэй юм.

Мөн дээрх 01/360 дугаар албан тоотод зааснаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарахгүй гэж заажээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн 2 шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргаж байсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Улмаар нэхэмжлэгчийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2486 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 279 дүгээр тогтоолоор дээрх 2486 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан нь үндэслэлгүй халсан гэж үзсэн бол ажлаас чөлөөлсөн тушаалыг мэдсэн болон мэдэх ёстой байсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Гэтэл нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан тушаалтан гэдгээ мэдэх ёстой байсан боловч Төрийн албаны зөвлөл болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж дээрх нэг сарын хугацааг хэтрүүлсэн байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзлээ.

Учир нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдээгүй, буруу ойлгосон байх нь хуулийг хэрэглэхгүй, хариуцлагаас чөлөөлөх буюу давуу байдал үүсгэх үндэслэл болохгүй.

 

Үүнээс гадна Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 279 дүгээр тогтоол нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гарсан байхад нэхэмжлэгч нь тус шүүхэд 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь мөн дээрхийн адил шүүхэд гомдол гаргах нэг сарын хугацааг  хэтрүүлсэн байна.

 

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдлоо шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчид нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзах эрх үүсжээ.

 

Иймд нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй байх тул ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.                   Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 129 дүгээр зүйлийн 129.2, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газарт холбогдох “*******,*******” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговорт 9,781,560 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Ц.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД