Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/64

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон

Улсын яллагч Б.Түвшинтөр

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Р.Н, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч О.Аюурзана нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Б, Р.Н, Н.С нарт холбогдох 2316000400083 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уулын инженер мэргэжилтэй, ****** ажилтай, ам бүл ****** хамт Говь-Алтай аймгийн *****тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ********* регистрийн дугаартай, Ж овгийн Г-н Б,

 

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ******** ажилтай, ам бүл ******* хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *******оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Ж овгийн Р-ийн Н,

Монгол Улсын иргэн, ***** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, биологич, биологийн багш, эрх зүйч мэргэжилтэй, ********ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн *********оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б овгийн Н-н С.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Р.Н нь Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг (Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх), Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэг (Албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах), 39.1.2 дахь хэсэг (Албаны эрх мэдлээ хэтрүүлэх), Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/65 дугаартай тушаал, тушаалын хавсралтаар баталсан Зоонозын өвчний сэжигтэй дуудлагад үйлчлэх журам зэргийг зөрчин эрх бүхий албан тушаалтан болох Г.Б нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан 04-017/070 дугаартай зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд иргэн Г.Чоос хураан авсан 10 ширхэг монгол тарвагыг Зоонозын өвчин судлалын төвд устгасан гэж 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 124 дугаартай албан бичгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлж нотлох баримт хуурамчаар үйлдэж бусдад давуу байдал бий болгосон,

 

Шүүгдэгч Г.Б нь Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч буюу Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг (Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх), Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10 дэх хэсэг (Улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгөө болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй), 10.9.11 дэх хэсэг (Улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;) Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг (1.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.), 4.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтан хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн хадгалалт, хамгаалалтыг хариуцна.), 6 дахь хэсэг (Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах, хамгаалах, хяналт тавих үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтан тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.), 4.14 дүгээр зүйлийн 4 дахь хэсэг (Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.) гэснийг тус тус зөрчиж 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан 04-017/070 дугаартай зөрчлийн талаарх мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/65 дугаартай тушаал, тушаалын хавсралтаар баталсан “Зоонозын өвчний сэжигтэй дуудлагад үйлчлэх журмын 4.6.3 дахь хэсэгт Халдварын сэжигтэй материалаас сорьц авч дууссаны дараа устгалд оруулахдаа халдвар судлагч эмчийн хяналтад халдвараас сэргийлэх хяналтын багийн гишүүнийг байлцуулан  устгаж, хууль зүйн үндэслэлтэй устгалын явцыг дэлгэрэнгүй тусгаж, гэрэл зургаар бэхжүүлэн тэмдэглэл үйлдэнэ” гэсний зөрчиж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалын арван дөрөвдүгээр хавсралтаар баталсан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай улсын байцаагчийн “Барааг хураах, устгах тухай акт” үйлдэж уг актанд зооноз өвчин судлалын тархвар судлалын их эмч Т.Мгийн гарын үсгийг хуурамчаар зурсан,

 

Мөн Г.Б нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аймгийн цагдаагийн газраас харьяаллын дагуу шилжүүлсэн иргэн Г.Чоос хураан авсан 10 ширхэг тарвага болох эд мөрийн баримтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Н.Ст давуу байдал бий болгосон,

 

Шүүгдэгч Н.С нь Мэргэжлийн хяналтын газрын даргаар буюу  Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт /албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх/ 7.1.3 дахь хэсэгт /албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах/, 7.1.6 дахь хэсэг/ албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх/

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг /Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх/, мөн хуулийн 37.1.2 дахь хэсэг /өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус шударга бус явдалтай эвлэрэхгүй байх/ гэж тус тус заасныг зөрчиж

Аймгийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Бы зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан 04-017/070 дугаартай зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 ширхэг тарвагыг устгуулахаар хүргүүлэх гэж байх үед нь 10 ширхэг тарвагыг байлгаж бай гэх чиглэл өгч 2022 оны 12 сарын 30-ны өдрийн 03/410 дугаартай албан бичгийг дангаар нь хүргүүлэн Зооноз өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Р.Нтай утсаар ярьж 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 124 дугаартай албан бичгийг гаргуулан 10 ширхэг тарвагыг өөрөө авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч нарыг гэм буруутай болон гэм буруугүйд тооцох:

 

Шүүгдэгч Р.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд “...2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр би Зооноз өвчин судлалын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түр томилогдоод ажиллаж байсан. 12 дугаар сарын сүүл үед эрүүл мэндийн салбарын системийн тэмцээн болж медаль шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа явагдаж тухайн үед завгүй байсан. Н.С дарга ярьсны дараа Г.Б ирж тоотонд гарын үсэг зураад өгөөч гэсэн. Би шинээр ажилдаа ороод нэг сарын хугацаа өнгөрч байсан. Тэгээд өмнө нь 9,10 дугаар сард устгуулсан тарваганы тоотыг нөхөж авч байгаа юм байна гэж бодсон. Н.С дарга манайх Засгийн газрын тогтоолоор татан буугдаж байгаа учраас он дуусахаас өмнө хэрэгтэй байна, 12 дугаар сарын 30-ны өдрөөр гаргаад өгөөч гэсэн гуйлтын дагуу Г.Бы авчирсан тоотонд гарын үсэг зураад явуулсан... Н.С дарга ярихдаа Мэргэжлийн хяналтын газар Засгийн газрын тогтоолоор татан буугдаж байгаа. Хэрэг хаагдах гээд танайхаас нэг тоот дутуу байгаа, 10 ширхэг тарвага устгуулсан байсан тэрний тоот төслийг бэлдээд Г.Б энэ дээр гарын үсэг зураад өгөөч гэсэн... Г.Б барьж ирээд бичиг хэргээр дамжуулаад авч орж ирсэн... Манайхаас гарах тоотыг Г.Б 12 дугаар сарын 30-нд аваагүй, 01 дүгээр сарын 03-ны өдөр он дууссаны дараа ирж авсан... 10 ширхэг тарвагыг устгасан, устгаагүй талаар би мэдээгүй... Төрийн албаны уялдаа холбоо, хамтын ажиллагааны хүрээнд манай ажлын тоотон дээрээс үндэслээд Мэргэжлийн хяналтын газрын ажил гацаж байна гэж бодсоны үндсэн дээр хийгээд өгсөн... Г.Б он гарсны дараа 2023 оны 01 дүгээр сарын 04-ний 1

 дэх өдөр цайны цагаар 12:30 минутын үед, шинэ жилийн дараа нөхөж гаргаж авсан. Над руу 2-3 удаа залгаж байсан. Г.Б 2-3 удаа ирсэн гэж ярьдаг... 124 дугаартай тоотыг 12 дугаар сарын 30-нд өгөөгүй оны дараа гуйгаад байхаар нь нөхөж гаргаж өгсөн гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд “...Тухайн үед 2023 он гарч Мэргэжлийн хяналтын газар Засгийн газрын тогтоолоор татан буугдаж байсан. 2022-2023 оны зааг үеэр тухайн хэрэг цагдаагийн газраас харьяаллын дагуу шилжиж ирсэн. Үүний дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, холбогдох хүмүүсээс мэдүүлэг авч, материалыг бүрдүүлээд сүүлд 10 ширхэг тарвагаа устгалд оруулах болоход албан байгууллагынхаа тоотын төслийг боловсруулаад Н.С дарга дээр орсон. Н.С дарга тэр үед тоотын утга найруулгад юм хэлээгүй. Наад тарвагаа байлгаж бай гэж надад хэлсэн. Дахин орж асуухад чи наадахаа байлгаж бай Р.Н даргатай би ярьсан чи очоод хариугаа авчих гэж хэлсэн. Би Р.Н дарга дээр тоотоо очиж өгсөн. Тэр үед Р.Н даргыг анх удаа хараад шинэ хүн орсон байна гэж ойлгосон. Миний тоотыг хариуг намайг үүдэн дээр нь хүлээж байх хугацаанд гаргаж өгсөн. Намайг бусдад давуу байдал үүсгэсэн гэж байна. Би тухайн 10 ширхэг тарвагыг байгууллагын удирдлагаас байлгаж бай гэсний дагуу байлгаж байсан авч яваагүй нь үнэн. 10 ширхэг тарвагыг Н.С даргад хүлээлгэж өгөөгүй тухайн үедээ болох л юм байлгүй нэгнийгээ таньдаг юм байх гэж бодоод материалаа бүрдүүлээд хяналтад хүргүүлсэн. Би 20 гаруй жил энэ ажлыг хийж байна. Жилийн жилд хэд хэдэн тарвага ирдэг. Байнга зоонозын төвд устгуулдаг, халдваргүйжүүлэлт хийдэг. Өмнө ийм алдаа дутагдал гаргаж байгаагүй зоонозын хүмүүс намайг таньдаг… Мэргэжлийн хяналтын бараа бүтээгдэхүүн устгасан гэх баталсан загвар байдаг. Тэр бол хүнсний зориулалтай, материал дутвал устгасан гэх баримт байх хэрэгтэй байх гэж хавсарч оруулсан. Яг түүн дээр албан ёсны байх шаардлагагүй юм... Мгийн гарын үсгийг би зурсан нь үнэн... Н.С дарга тухайн үед 10 ширхэг тарвагаа өгөлгүй байлгаж бай, би Р.Н даргатай ярьсан гэж хэлсэн... Тухайн үед байгууллага нүүж байсан. Байгууллагын хөрөнгийг хуваарилах ажил хийгдэж байсан. Тэр үед манайд зориулалтын лацтай өрөө байхгүй байсан... дарга өөрөө зохицуулах байх гээд Автомашины гражнд үлдээсэн үлдээсэн гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч Н.Сын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд “...Миний бие Мэргэжлийн хяналтын газрын даргаар 2021 оноос хойш ажиллаж байсан. 2022 оны 11 дүгээр сарын Засгийн газрын хуралдааны шийдвэр болон Засгийн газрын 410 дугаар тогтоолоор  Мэргэжлийн хяналтын газар 2023 оны 01 дүгээр сарын 01-ээс татан буугдахаар болсон. Үүнтэй холбогдуулан бичиг цаасны ажил, эд хөрөнгийн хувиарлалт, байгууллагатай төлбөр тооцооны асуудал, тайлан тооцооны асуудал гээд ажил ихтэй болсон. 2022 оны 12 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод ажиллаад 29-ний өдөр буцаж ирсэн. Ирээд тухайн зөрчлийн хэргийг холбогдох хэлтэс, байцаагчид цохож өгсөн. 12 дугаар сарын 30-нд Г.Б энэ тарвагыг устгуулах шаардлагатай байна гэсэн. Миний хувьд тэр 10 ширхэг тарвагыг байлгаж бай би авна гэсэн юм хэлээгүй. Бидэнд өгсөн чиглэл нь 12 дугаар сарын 30 ажлын сүүлийн өдөр байна. Тийм учраас энэ өдөртөө багтааж бүр нүүдэл суудал, тушаал шийдвэрээ цэгцэлж дуусгасан байх ёстой гэх шийдвэрийг мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн. Энэ хүрээнд би хотоос ирж байх замдаа хүртэл 12 дугаар сарын 30 буюу маргааш нүүх юм байна. Бэлтгэлээ хангаж байгаарай гэж хэлсэн. Манай байгууллагынхан он гарч байгаад нүүж болддоггүй юм уу? гэхэд нь тийм юм байхгүй ерөнхий газраас чиглэл ирсэн учраас энэ ондоо багтааж дуусгах ёстой гэж хэлсэн. Г.Быг тийм юм ярьж орж ирэхэд чи наад дараагийн байгууллага дээр нь очоод шийдчих байж байхаар яадаг юм. Нүүх бэлтгэлээ цэгцэл энэ асуудал ондоо багтаж дуусах ёстой юм гэж хэлсэн. 12 дугаар сарын 30-ны орой 17 цагийн үед бичиг хэрэг бичгийг нь оруулж ирсэн тул гарын үсэг зураад явуулсан. Дараагийн процесс нь Г.Б байцаагчийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал. Мэргэжлийн хяналтын дарга нь тухайн зөрчил шалган шийдвэрлэж байгаа процесс дээр оролцох боломж байхгүй. Энэ нь төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зарчим, Мэргэжлийн хяналтын ерөнхий шаардлага стандарт дээр байдаг. Зөвхөн зөрчил шалган шийдвэрлэх хугацаа, шаардлагатай тохиолдолд байцаагчийн хүсэлтээр 30 хоног хүртэл хугацаагаар сунгах боломжтой. Өөрөөр оролцох боломж байхгүй. Р.Н-тай ярьсан гэж байгаа нь он гарсны дараа 12 дугаар сарын 30-нд өгсөн бичгийн хариуг 12 дугаар сарын 30-наар гаргуулж авмаар байна гэж хэлсэн. би Р.Н-ыг таньдаг.  Тэр үед би 12 дугаар сарын 31-нд чөлөөлөгдөөд  ажилгүй болсон байсан. Энгийн иргэн байсан ч ийм бичиг гаргаад өгөх боломж байна уу? гэж гуйхад Р.Н болно гэж хэлсэн. Прокурорын хэлж байгаа шиг би энэ тарвагыг хувьдаа авч завшсан юм биш. Миний ойлгож байгаагаар тухайн үед 12 дугаар сарын 30-аас эхлээд оройны 10:30 минут хүртэл нүүж суух процесс үргэлжилж байсан. Мөн он гарсны дараа зарим бараа материалаа хүмүүс татаж авсан. Энэ хугацаанд алга болсон байна гэсэн ойлголт төрж байгаа. Би Г.Б байцаагчийг бас авсан гэж бодохгүй байна. Г.Б байцаагчийг тухайн тарвагыг авах хүн биш гэж ойлгож байгаа. Энэ асуудалд ажилдаа хайнга хандсан учир тухайн 10 ширхэг тарвага үрэгдэж алга болсон гэх ойлголттой байгаа... Би 12 дугаар сарын 30-нд утсаар яриагүй. Он гарсны дараа ярьсан. 01 дүгээр сарын эхэн үед, тодорхой өдөр санахгүй байна. Хэргийн материал дээр Р.Н дарга намайг 01 дүгээр сарын 02-нд дарга нарын ярианд сууж байхдаа таарч хэлсэн гэх мэдүүлэг өгсөн байсан. Би тухайн үед ажилгүй иргэн болсон байсан учраас тухайн албан байгууллагуудын дарга нарын ярианд оролцох боломжгүй байсан... Би 12 дугаар сарын 30-нд утсаар яриагүй. Тийм зав байгаагүй... 12 дугаар сарын 30-нд Мэргэжлийн хяналтын байгууллагыг бусад байгууллагууд руу шилжүүлж дуусгах ёстой байсан. Тийм учраас өгсөн чиглэлийн дагуу нүүх асуудлаа эхэнд нь тавь гэсэн. Өөрөөр хэлбэл манай байгууллага дээр 12 дугаар сарын сүүлээр ирж байгаа юм чинь дахиад 30 хоногийн хугацаа байна гэж би тооцсон... Ер нь Мэргэжлийн хяналтын байгууллагад тусгай хадгалалтын зориулалттай байр байхгүй. Тухайн тарвагатай холбоотой хөргүүртэй хадгалах байгууламж цагдаагийн байгууллагад байдаг гэж сонссон... Би бүрэн эрхийнхээ хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн байцаагчийн хүсэлтээр нэг удаа хугацааг сунгах эрхтэй. Өөрөөр оролцох боломж байхгүй... Намайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тушаалаар тасалбар болгон чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл 12 дугаар сарын 30-ны 5 дахь өдөр... 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31 хүртэл ажилласан. Ажиллах хугацаандаа тарвагатай холбоотой асуудал шийдвэрлэж байсан... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар байгаль орчны байцаагч нар хийдэг. Манайд Г.Б, М байцаагч нар хийдэг байсан... Энэ 2 байцаагч тарвагатай холбоотой хэргийг хянан шийдвэрлээд Зоонозын өвчин судлалын төвд танай 12 дугаар сарын 30-нд явуулсан тоот гэж маргаад байгаатай агуулга ижил тоот явуулж байсан... Би 12 дугаар сарын 30-нд утсаар яриагүй. Г.Б байцаагч тухайн тарвага устгасан гэх тоотыг 12 дугаар сарын 30-аар авах хэрэгтэй байна гэж ярьсан. Г.Б байцаагч Р.Н бид хоёрыг бие биесээ таньдаг болохоор тэгж хэлсэн байх гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэрч С.Бы мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 02-нд байна уу 03-нд Цагдаагийн байгууллагаас 19 ширхэг тарвагыг иргэнээс хураан авсан. Тухайн хураан авсан тарвагануудыг мэргэжлийн хяналтын газраар дамжин Зооноз өвчин судлалын төвд журмын устгагддаг. Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Н нь дээрх үйл ажиллагааг огт хийгээгүй байж албан хариуг хүргүүлсэн. Одоо тухайн 19 ширхэг тарвага хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд ямар ч устгал хийгээгүй. Энэ талаар хандаж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Устгал хийхдээ цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөөлөн оролцуулан ариутгагч хоёр хүн, тархвар судлагч эмч оролцдог... 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Зооноз өвчин судлалын төвийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Р.Н нь ажиллаж байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-33-р хуудас/,

 

Гэрч Г.Б мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нэг ч тарваганд устгал хийгээгүй...Хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр тарвага устгасан байх. Тэрнээс хойш устгал хийгдээгүй. Надаас өөр ариутгагч устгал хийсэн тохиолдолд надад байгаа бүртгэл, журнал дээр заавал бүртгэлийг хөтлөх ёстой...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-р хуудас/,

 

Гэрч Б.Ч мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ямар нэгэн тарваганд устгал хийгээгүй. Манай байгууллагад мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагаас ирдэг юм. Тухайн устгалд ариутгагч, тархвар судлал эмч оролцдог юм. Мөн манай байгууллагад тарвага авчирч өгсөн хүнийг байлцуулан устгалыг хийдэг юм. Манай устгалын цооногт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хамгийн сүүлд устгалыг хийсэн. Устгал хийх ажиллагааг гэрэл зургаар бэхжүүлдэг бөгөөд мэргэжлийн хяналтаас ирсэн хүн гэрэл зургийг бэхжүүлж авдаг юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-р хуудас/,

 

Гэрч Т.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ямар нэгэн тарвага устгал хийгдээгүй. Манай байгууллага нь тархвар судлагч 1, нян судлагч 2 эмч, нийтдээ 3 эмч ажилладаг. Миний ээлжид байх үед ямар нэгэн тарвага ирж устгагдаагүй. Харин нөгөө хоёр эмчид тарвага ирж устгагдсан талаар бол би мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сард устгалыг хийсэн. Тэрнээс хойш ямар нэгэн устгалыг хийгээгүй. Би дээрх цаг хугацаанд хэн нэгнээс ямар нэгэн тарвага хүлээн авсан асуудал байхгүй. “Амьтан, мэрэгчийн дуудлага хүлээн авсан устгасан бүртгэл"-д 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр “Амьтан мэрэгчийн дуудлагад үйлчилсэн тэмдэглэл”-д 2023 оны 03 дугаар сарын сарын 01-ний өдөр гарын үсэг зурсан. Тухайн үед Р.Н дарга манай байгууллага дээр 10 тарвага ирсэн гээд байгаа. Энэ нь дээр устгасан гээд гарын үсэг зураадхаарай гэж хэлсэн. Тэгээд би дээрх хоёр бүртгэл дээр гарын үсэг зурсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 57-58-р хуудас/,

     

Гэрч Ц.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл би ямар нэгэн тарваганд устгал хийгээгүй. Бусад алба хаагч нар дээр ямар нэгэн устгал хийснийг мэдэхгүй байна. 2023 оны 02 дугаар сарын эхээр байхаа өдрийг нь сайн санахгүй байна таныг даргын өрөөнд дуудаж байна гэж нэг нь хэлсэн. Би тэгээд Р.Н даргын өрөөнд ороход Т.М, Чимэд-Очир, Р.Н дарга нар байсан. Алексей байсныг нь сайн санахгүй байна. Тэгэхэд Чимэд-Очир нь цагдаагаас дуудаж надаас мэдүүлэг авлаа. Би Батсуурийн хамт очиж мэдүүлэг өглөө. Тэгээд тарвага устгаагүй талаар мэдүүлгийг өгч, бүртгэлийн хуулбарыг өгчихлөө. Та одоо устгасан талаар мэдүүлэг өгөөдөх гэж хэлсэн. Р.Н дарга нь Мэргэжлийн хяналтын газраас 10 ширхэг тарвага ирсэн, тэгээд цагдаагаас ирээд мэдүүлэг авахаар бол тэр тарвагануудыг нь устгасан гэж мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд Т.М нь тэгвэл дарга над руу залгаад устгасан гэж хэлье гэж хэлсэн. Тэгэхэд Чимэд-Очир би бүртгэлийг өгсөн гэж хэлсэн. Тэгэхэд Т.М нь бүртгэлээ шинээр хийчихье гэж хэлсэн. Тэгээд мэргэжлийн хяналтын газрын Б нь хар өнгийн машинтай ирсэн гэдэг яриа манай өрөөнд гарсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 80-81-р хуудас/,

 

Гэрч Ц.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тарваганд устгал хийгдээгүй. Яагаад хийгдээгүй учир нь гэвэл тарвага устгал хийхээр ирсэн тохиолдолд би биологичийн хамт шимэгчийг нь түүж, лабораториос шинжилгээний материал авч, тэрний дараагаар устгал хийгддэг. Манай байгууллагын устгалын цооногт тарвага устгал хийсэн тохиолдолд ариутгагч устгасан талаар бүртгэл, тэмдэглэлийг хөтөлдөг. Тарвага устгах үед манай байгууллагаас тархвар судлагч эмчийн хяналтан дор мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн тарвагыг шилжүүлсэн хүн оролцож, устгалын явцыг гэрэл зургаар бэхүүлдэг. Устгалыг ариутгагч хийдэг юм... Би 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн албан бичигт дурдагдсан 10 тооны монгол тарвагыг би нүдээр харж, үзлэг хийгээгүй. Би нэг ч тарвага хараагүй...” /хх-ийн 39-р хуудас/,

Говь-Алтай аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч Д.Б-ийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх материал” гэсэн баримтын 30 дугаартай хуудсанд байх “2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр” гэсэн багананд зурагдсан байх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Т.М гэх хүний газрын үсгийн туршилтын загваруудтай бүтцийг илэрхийлэх шинж тэмдгээрээ өөр байх тул харьцуулан шинжлэх боломжгүй байна....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 118-122-р хуудас/,

 

Гэрч Л.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г-2516 дугаартай гомдол мэдээллийг шалгасан. Уг дуудлага нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Ууганбаатар нь уг гомдол мэдээллийн бүртгэлд оруулж, тухайн гомдол мэдээлэл нь зөрчлөөр орж шалгасан. Тухайн гомдол мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газрын дарга С-ын нэр дээр 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 33/08-5911 дугаартай албан тоотын дагуу холбогдох материалыг шилжүүлсэн. Н.Чинзориг гэх хүнээс нийт 10 ширхэг тарвагыг хураан авсан. Тухайн үедээ холбогдох материалын хамт 10 ширхэг тарвагыг хүлээлгэн өгсөн. Би тухайн хүнийхээ нэрийг мэдэхгүй байна. Тухайн хүн нь Мэргэжлийн хяналтын газрын бичиг хэрэг хийдэг гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

 

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн “Амьтан, мэрэгчийн дуудлага хүлээн авсан устгасан талаарх бүртгэлийн хуулбар /хх-ийн 170-171-р хуудас/,

 

2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухайн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 6-8-р хуудас/,

 

3оонозын өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/65 дугаартай тушаал, тушаалын хавсралтаар баталсан Зоонозын өвчний сэжигтэй дуудлагад үйлчлэх журам/хх-ийн 213-216-р хуудас/,

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалын арван дөрөвдүгээр хавсралтаар баталсан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай улсын байцаагчийн “Барааг хураах, устгах тухай акт”-ын хуулбар /хх-ийн 198-р хуудас/,

 

2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №2023/02 дугаартай Говь-Алтай аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94-96-р хуудас/,

 

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын архивд хадгалагдаж байгаа 04-017/070 дугаартай зөрчлийн талаарх материалаас хуулбарлан авсан баримтууд/хх-ийн 173-208-р хуудас/,

 

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн “Амьтан, мэрэгчийн дуудлага хүлээн авсан устгасан талаарх 2023 бүртгэлийн хуулбар /хх- ийн 219-220-р хуудас/,

Шүүгдэгч Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би өөрийн хувийн **-** ГАА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажил арай араагүй 17 цаг болж  байхад 10 ширхэг монгол тарвагыг Зоонозын өвчийн судлалын төвийн устгалын цооногийн хажууд буулгачихаад тэндээс Р.Н-тай уулзаж, тоотынхоо хариуг шууд хийлгэж аваад явсан. Би тухайн үед ганцаараа хүргэж өгсөн юм...Би хашаа руу машинтай ороогүй, хүн ордог жижиг хаалгаар нь ууттай тарвагыг бариад орсон юм. Би тухайн тарвагыг хэн нэгэнд хүлээлгэж өгөөгүй. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай барааг хураах устгах тухай актыг тухайн үед үйлдээгүй бөгөөд харин сүүлд нь нөхөж үйлдсэн. Тухайн устгах актыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийж байхдаа хоосон актан дээр Ч-р гарын үсэг зуруулсан. Харин М-гөөр актыг үйлдсэний дараа очиж зуруулсан. Хүнсэнд хэрэглэгдсэн актыг орлуулж зөрчлийн материалд хавсаргасан гэх мэдүүлэг /1-р хх46/

Гэрч Н.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ямар нэгэн тусгай журам байхгүй. Байцаагч нь өөрөө тухайн устгуулах гэж байгаа тарвагыг хүргэж өгдөг. Шаардлагатай тохиолдол албаны машинаар хүргэж өгдөг. Тухайн үед манай байгууллага нь татан буугдаад нүүлгэлтийн ажил хийгдэж байсан учраас машин нүүлгэлт хийгээд завгүй байсан. Г.Б-ыг тарвагаа өөрөө хариуцаж хүргэж өгөөд устгуул гэж хэлсэн. Г.Б нь ганцаараа хүргэж өгсөн байх. Устгуулах тарвагыг 50 кг-ийн цагаан гурилын уутанд хийчихсэн байсан. Уутны аман дээр хар гялгар уут цухуйчихсан харагдаж байсан. Байцаагчийн ажилд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй учраас би тэр талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 54-р хуудас/,

 

Мэргэжлийн хяналтын  ерөнхий газрын даргын 2020 оны  01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Н.С-ыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Аймгийн мэргэжлийн хяналтын даргаар томилсон тушаал/3-р хх231/,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б/509 дүгээр /3-р хх232/,

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Н-ын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаартай “...тус төвд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 ширхэг монгол тарвагыг Зоонозын өвчин судлалын төвийн захирлын А/65 дугаартай тушаалын дагуу устгасан болно” гэх албан бичиг /хх-ийн 211-р хуудас/,

 

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Н-ын “Тус төвд хураагдсан ирсэн 10 тооны монгол тарвагыг жавелион болон хлорын шохойгоор халдваргүйжүүлэн устгалын цооногт хийж устгалаа. Мөн тээвэрлэж ирсэн автомашиныг халдваргүйжүүлсэн болно.” албан бичиг /хх-ийн 19-р хуудас/

Мэргэжлийн хяналтын даргын албан тушаалын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Р.Н-ын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Р.Н-ын хувьд прокурорын газраас Зооноз өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байхдаа Н.С-т давуу байдал бий болгосон гэх дүгнэлтийг хэлж байна. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектив шинжийн тухайд шууд санаатай гэмт хэрэг байдаг. Хавтаст хэрэгт цуглаад байгаа баримтууд, шүүгдэгч нарын мэдүүлгийн нөхцөл байдлыг дүгнэхээр Р.Н-ын тухайд шууд санаатай эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал олгоод байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Энэ хэрэг 3 дахь удаагаа анхан шатны шүүхээр орж байна. Хэргийн бодит байдал тогтоогдохгүй байсан. Р.Н-ын өөрийнх мэдүүлгээс өөр баримт байхгүй явж байсан. Өнөөдөр Н.С ирж мэдүүлэг өгөөд ямар утгатай юу гэж ярьсан, ямар бичгийг авахаар болсон гэдгийг тодорхой ярьж өглөө. Р.Н-ын тухайд албан тушаалаа ашиглан бусдад 10 ширхэг тарвагыг завшихад хүргээд байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж харж байна. Тухайн 10 ширхэг тарваганы асуудлыг хэн аваад байгааг нэгдүгээрт ярих нь зүйтэй. Үнэхээр завшсан юм уу? Завшаагүй юм уу? гэдэг асуудал өнөөдөр хүртэл эцэслэн тогтоогдоогүй явж байна. Өмнө нь Н.С орж ирээгүй байхад Г.Б авсан гэж байсан. Н.С орж ирэхэд Н.С авсан болоод явж байна. Энэ завшина гэдэг ойлголтыг заавал тогтоох ёстой гэж ойлгож байна. Хэргийн бодит байдал гэмт хэрэг хэн үйлдээд байгаа нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна. Би бол энэ шүүх хуралдаанд оролцож байхад тэр 10 ширхэг тарвагыг алга болсон гэж бодож байна. Мэргэжлийн хяналт татан буугдаж бужигнаж байх хооронд  алга болсон гэж ойлгож байна. Тэгээд бие биесээ авсан гэж ойлгож байна. Тэгээд 12 дугаар сарын 30-аар албан бичиг үйлдэн энэ нөхцөл байдал тогтоогдож байна гэж харахаар байна. Р.Н-ын тухайд 10 ширхэг тарвага  ирсэн үү? ирээгүй байна уу? гэдэг дээр анхаарах ёстой байсан. Энэ бол албан үүрэгтээ хайнга хандах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байна гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. 23.5 дугаар зүйлд заасан нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг байна. Авлига албан тушаалтай холбоотой асуудал энд үүсээгүй гэж үзэж байна. Нийтийн албаны ашиг сонирхол буюу албан үүрэгтээ хайнга хандсан нөхцөл байдал байна. Хайнга хандах гэмт хэрэгт бусдад их хэмжээний хохирол үүссэн бол гэж байна. Энэ хэрэг дээр их хэмжээний хохирол үүсээгүй тул хэлбэрийн төдий агуулж байна. Тийм учраас Р.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгөөч гэсэн байр суурьтай байна. Энэ хэргийн бодит нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж анхан шатны шүүх рүү буцаагдахад Р.Н-ыг буруутай гэж дүгнэлт, ойлголт авсан юм шиг байгаа юм. Р.Н-т  ял төлөвлөөд орж ирсэн. Хэргийн бодит байдал бүрэн тогтоогдохгүйгээс энэ хүмүүсийн эрх зүйн байдал дордоод байна гэдэг асуудлаар өмгөөлөгч нар гомдол гаргасан. Тэрийг давж заалдах шатны шүүх хүлээж авсан. Хэргийн бодит байдал бүрэн тогтоогдож байж энэ асуудал тогтоогдохоор байна гэж гаргаж тавьж байж анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээс буцаж ирсэн. Гол асуудал нь Н.С Р.Н-тай ямар асуудлаар утсаар ярьсан асуудал Р.Н-ын тухайд байсан. Манай байгууллага татан буугдаж байгаа тул 12 дугаар сарын 30-аар тоот гаргаж өгөөч гэсэн асуудал яригдаж байна. Р.Н-ын тухайд өмнө өгсөн байсан албан бичгийнхээ хариуг 12 дугаар сарын 30-аар авах ёстой юм байна гэдэг байдлаар он гарсан хойно албан бичиг хийж өгсөн гэх ойлголтуудаар хэргийн бодит байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Тухайн 10 ширхэг тарвагыг хэн нэгэн завших гээд хэн нэгэн нь авах гээд байгаа нөхцөл байдал хавтаст хэргээр тогтоогдсон зүйл байхгүй. Хэн нэгэнд давуу байдал үүсгээд байгаа нөхцөл байдал байхгүй байна гэж үзэж байна гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч Г.Б-ы өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: Прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэрэг шийдвэрлэгдэх ёстой. Прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийг уншихад /хх9/ Г.Б зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед хураан авсан эд мөрийн баримт болох 10 ширхэг тарвагыг устгуулахаар Зооноз өвчин судлалын төвд хүргүүлэлгүйгээр өөртөө авч завшсан  болох нь гэрч М, С, Мөнхтуул, Энхцэцэг, Чимэд-Очир, Батсайхан, Батсуурь нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж байна. 10 дугаар хуудас дээр Г.Б нь Мэргэжлийн хяналтын газар үлдээж явсан. Хадгалалт хамгаалалтын үүргээ биелүүлэхгүйгээр Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Н.С-т давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай нагийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж байна. Прокурорын яллах дүгнэлт ойлгомжгүй  байна. Миний үйлчлүүлэгчийг 10 тарвагыг завшсан байна гэж байна. Нэг болохоор Н.С-т давуу байдал бий болгоод 10 ширхэг тарвага өгсөн байна гээд байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг М-гийн гарын үсгийг зурсан гэдэг дээр маргадаггүй. М тухайн үед олдохгүй оны сүүл болсон байсан. Би гарын үсгийг нь дуурайлгаж зурсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Анх миний үйлчлүүлэгчийг тухайн тарвагыг хадгалах хамгаалах үүрэг бүхий субъект өөртөө 10 ширхэг тарвагыг завшсан гэдэг зүйл ангиар зүйлчилж байснаа хэргийг давж заалдах шатны шүүхээс буцааж нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хийсэн ажиллагаа Н.С-ыг тухайн тарвагыг завшсан байна гэж үзээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж миний үйлчлүүлэгчийг Н.С-т 10 ширхэг тарвагыг давуу байдал бий болгож олгосон байна гэдэг дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй яллах дүгнэлт байна. Завшсан гэх гэмт хэргийг бусдад давуу байдал бий болгосон гэж өөрчилж оруулж ирсэн байна. Яллах дүгнэлтийн агуулга нь ойлгомжгүй. Нэмэлт ажиллагаа хийхэд мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан жижүүрүүдээс гэрчийн мэдүүлэг авсан. Тухайн гэрч нарын өгсөн мэдүүлгээс харахад тарвагыг хадгалах тусгай зориулалтын газар байдаггүй гражд хийсэн байсан. Энэ граж руу дуртай нь үүднээс түлхүүр авч орж болдог гэж ярьсан байдаг. Мөрдөгч прокурор хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр нотлон тогтоох ёстой байдаг. Гэтэл Н.С-ыг яллагдагчаар татахдаа яллагдагч нарын өгсөн мэдүүлгээр татаад байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн болон гэрчийн мэдүүлэг нотлох баримтаар тогтоогдох боловч уг мэдүүлэг дангаараа нотлох баримт болж яллах үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Н.С-ыг яллаад байгаа нь бусад нотлох баримтаар хэрхэн нотолж байгаа нь ойлгомжгүй. 10 ширхэг тарвага хаачсаныг тогтоосон зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгчийг Н.С-т 10 ширхэг тарвага өгсөн гэж байна. Г.Б хэлсэн тухайн тарвагыг Н.С-т хүлээлгэж өгсөн зүйл байхгүй гэж. Өмгөөлөгчийн хувьд прокуророос шилжүүлж ирсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдэж өгөөч гэсэн байр сууриа илэрхийлж байгаа. Бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Тухайн 10 ширхэг тарвага үрэгдсэн байх магадлалтай нөхцөл байдал үүсэж байна. Гэтэл прокурор 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр буюу эрх зүйн байдлыг дордуулж оруулж ирж байгаа нөхцөл байдал үүсэж байна. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг миний үйлчлүүлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч Н.С-ын өмгөөлөгч О.Аюурзана шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд 10 ширхэг тарвагыг өөрөө авч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байна. Энэ хэргийн тухайд 2 удаа анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд 2 удаа давж заалдах шатны шүүхээс буцаж 3 дахь удаагаа анхан шатны шүүхээр орж байна. Н.С-тай холбогдуулан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ Г.Б, Р.Н хоёроос мэдүүлэг авсан. Нэмэлтээр 4 хүнээс мэдүүлэг авсан байдаг. Нийт зургаан хүнээс мэдүүлэг авч Н.С-т яллах дүгнэлт үйлдэж орж ирсэн байна. Гэтэл Т, Б, Д, Б гэх хүмүүсийн мэдүүлэгт Н.С-тай холбоотой, энэ хэрэгтэй холбоотой ямар нэгэн ач холбогдолтой мэдүүлэг байдаггүй. Н.С-т яллах дүгнэлт үйлдэж байгаа гол мэдүүлэг нь Г.Б, Р.Н хоёрын хамгийн сүлд өгсөн мэдүүлэг байна. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа хэн нэгнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Хоёр яллагдагчийн мэдүүлгээр гурав дахь этгээдийг нь яллана гэж байгаа нь нэгдүгээрт үндэслэлгүй хоёрдугаарт тухайн мэдүүлгийг  нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Н.С-ыг тухайн тарвагыг авч явж байсан бичлэг, авч явж байхыг нь харсан гэрчийн мэдүүлэг байхгүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. 10 ширхэг тарвага хаачив гэхээр Г.Б-ыг аваагүй гэх үед тэгвэл Н.С л авсан гэх таамаглалыг дэвшүүлж яллах дүгнэлт үйлдэж байгааг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Н.С--ын тухайд хуульд зааснаар, ажлын байрны тодорхойлолт чиг үүргийн хувьд эрх бүхий албан тушаалтанд нөлөөлөх боломж байхгүй. Тухайн бичгийг 12 дугаар сарын 30-нд хийсэн гэж Г.Б ярьдаг. Г.Б-ы мэдүүлэг Н.С, Р.Н нарын мэдүүлгээс зөрөөд байгааг шүүгч анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Н.С 01 дүгээр сарын хоёрноос гуравны хооронд Р.Н-тай утсаар ярьсан гэдгийг Р.Н өөрөө хүлээн зөвшөөрдөг. Н.С-ын тухайд 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын 30-ийг хүртэл Аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан үйл баримт нь хавтаст хэрэгт тодорхой авагдсан байгаа. Тухайн утсаар ярьсан асуудлыг нийтийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулж ашигласан гэх зүйл ангиар зүйлчлээд байгаа. Гэтэл 01 дүгээр сарын хоёрноос гуравны үед Н.С-ын хувьд ажлаас чөлөөлөгдсөн нийтийн албан тушаалтан гэх энэ хэргийн субъект болохооргүй энгийн иргэн болсон байсан үйл баримт нь тодорхой байгаа. Г.Б-ы тухайд тухайн 10 ширхэг тарвагыг нүдээр үзүүлж, хүлээлгэж өгсөн асуудал байдаггүй гражд байсан гэх асуудлыг хэлдэг. Тухайн үед Мэргэжлийн хяналтын газар татан буугдаж байсан. Өмгөөлөгчийн хувьд харахад тухайн 10 ширхэг тарвагыг үрэгдүүлсэн байж болзошгүй гэж харж байна гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д “ Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, талуудын мэтгэлцээнээр дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Б нь Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын Улсын байцаагчаар ажиллахдаа 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан 04017/070 дугаартай зөрчлийн талаарх мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа иргэн Н.Чинзоригоос хураан авсан 10 ширхэг тарвагыг устгалд оруулаагүй хир нь Мэргэжлийн хяналтын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаартай тушаалын 14 дүгээр хавсралтаар баталсан “Бараа хураах, устгах тухай” актыг үйлдэж уг актанд хөндлөнгийн гэрчээр Т.М-гийн гарын үсгийг хуурамчаар зурж зөрчлийн хэрэгт нотлох баримтаар авсан үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилтай байсан нь хавтаст хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар нотлогдож байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дахь заалтад заасан харьяаллын дагуу Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байжээ. Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн Тайлбар хэсэгт: “Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно.” гэж хуульчилжээ. Хуулийн дээрхи зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч Г.Б нь хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд мөн бөгөөд хууль сахиулагч байна.

Шүүгдэгч Г.Б-ы зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалд байгаа / 1-р ХХ-ийн198-р хуудас/  Мэргэжлийн хяналтын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаартай тушаалын 14 дүгээр хавсралтаар баталсан “Бараа хураах, устгах тухай” актыг зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй байна. Уг нотлох баримтад хөндлөнгийн гэрчээр Т.Мг байлцуулсан гэж гарын үсгийг хуурамчаар зурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгч Г.Б нь уг үйлдлээ хүлээн зөвшөөрчээ.  

Иймд шүүгдэгч Г.Б-ы дээрхи үйлдэл нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтад бусдын гарын үсгийг хуурамчаар зурсан шинжээрээ Эрүүгийн хуулийн хорин нэгдүгээр бүлэгт заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэв. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх бөгөөд улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэв.

 Иймд шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хууль сахиулагч хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Харин яллах дүгнэлтэд “....уг актанд зооноз өвчин судлалын тархвар судлалын их эмч Т.М-гийн гарын үсгийг хуурамчаар зурсан “ гэж дүгнэж бичсэн боловч хавтаст хэрэг байгаа баримт болон хэргийн бодит байдлаас үзэхэд хөндлөнгийн гэрчээр байлцсан гэх хүний гарын үсгийг хуурамчаар зурсан гэж дүгнэх нь зүйтэй гэж үзэв.

 Яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Н.С-т давуу байдал бий болгосон гэх үйлдэл,

Шүүгдэгч Р.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар буюу Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Н.Ст давуу байдал бий болгосон гэх үйлдэл,

Шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгосон гэх үйлдлүүд нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй, энэ талаар дүгнэсэн улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлт нь ойлгомжгүй, утга авцалдаагүй байх тул талуудын мэтгэлцээн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж үзээд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”  бөгөөд уг үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”; 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг хангалттай нотолж тогтоогоогүй байна.  

Тухайлбал: Улсын яллагчийн 2024 оны 12 дугаар арын 16-ны өдрийн 247 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын үйлдлийг дүгнэхдээ ойлгомжгүй, утга найруулгын алдаатай, хоорондоо авцалдаагүй байдлаар дүгнэсэн нь хэргийг яллах дүгнэлтийн хэмжээнд шийдвэрлэх боломжгүй, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

Яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Б-ыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аймгийн цагдаагийн газраас харьяаллын дагуу шилжүүлсэн иргэн Г.Ч-оос хураан авсан 10 ширхэг тарвага болох эд мөрийн баримтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ Шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтан хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн хадгалалт, хамгаалалтыг хариуцна ” гэж заасан үүргээ зориуд биелүүлэхгүйгээр Мэргэжлийн хяналтын газарт үлдээн явж Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Н.С-т давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч уг яллах дүгнэлтийн 9-р хуудас буюу 4-р хавтаст хэргийн 21-р хуудсанд “ Мөн Г.Б нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед хураан авсан эд мөрийн баримт болох 10 ширхэг тарвагыг устгуулахаар Зооноз өвчин судлалын төвд хүргүүлэлгүйгээр өөрөө авч завшиж болох нь гэрч Т.М, Н.С, Ц.Э, Б.Ч, С.Б, Г.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна” гэжээ.  

Өөрөөр хэлбэл улсын яллагч яллах дүгнэлтдээ шүүгдэгч Г.Б-ыг 10 ширхэг тарвагыг устгуулахаар Зооноз өвчин судлалын төвд хүргүүлэлгүйгээр өөртөө авч завшсан гэж,  мөн 10 ширхэг тарвагыг Мэргэжлийн хяналтын газарт үлдээн явж Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Н.С-т давуу байдал бий болгосон гэж хоёр өөр утга агуулгатай яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн өмгөөлөгч нарын дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөн шүүгдэгч Р.Н нь 2022 оны 12 сарын 30-ны өдрийн 124 дугаартай албан бичгийг  аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлж нотлох баримт хуурамчаар үйлдэж Н.С-т давуу байдал бий болгосон гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч хавтаст хэрэгт байгаа нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр уг Мэргэжлийн хяналтын газарт гэсэн  2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 124 дугаартай албан бичгийг тухайн өдөр үйлдсэн эсэх эсхүл 2023 оны 1 сарын эхээр үйлдсэн эсэх, 10 ширхэг тарвагыг Г.Б Н.С-т үлдээж улмаар Н.С нь  өөртөө авсан эсэх,  эсхүл Мэргэжлийн хяналтын газар татан буугдаж нүүдэл хийх явцад үрэгдсэн эсэхийг тогтоогоогүй байна гэж дүгнэв.

Учир нь уг албан бичгийг хэзээ үйлдсэн болох, 10 ширхэгийн тарвагыг хэн авсан болохыг тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байжээ. Шүүгдэгч Р.Н, Н.С, Г.Б нарын мэдүүлгээр Р.Н нь 2023 оны 1 сарын эхээр уг албан бичгийг үйлдсэн гэж мэдүүлж байх бөгөөд давуу байдал бий болгосон гэх Н.С-ыг  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн Б/309 тушаалаар 2022 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болгож үүрэг ажлаас нь чөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.Н-ын 2023 оны 1 сарын эхээр үйлдсэн гэх албан бичиг нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Н.С-т давуу байдал бий болгосон эсэхэд эргэлзээ төрөх нөхцөл байдал  байна гэж үзэхээр байна.

Түүнчлэн яллах дүгнэлтэд “...Р.Н нь нотлох баримт хуурамчаар үйлдэж Н.С-т давуу байдал бий болгосон ” гэж дүгнэж хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон шинжтэй байхаар хуульчилсан байхад нотлох баримт хуурамчаар үйлдэж давуу байдал бий болгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт Р.Н нь хуурамч нотлох баримт үйлдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй байна.

Улсын яллагчийн яллах үндэслэл болсон яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтууд нь шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотлоогүй мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн зөвхөн яллагдагч нарын мэдүүлэгт үндэслэсэн бөгөөд өөр нотлох баримтуудаар нотолж чадаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт мөн өмгөөлөгч нарын дүгнэлтэд үндэслэл бүхий тайлбар өгөөгүй гэж дүгнэв.

Уг хэрэг нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар 2 удаа, давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2 удаа тус тус хянан хэлэлцэгдсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоогоогүй гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж шийдвэрлэсэн боловч хэргийн үйл баримтыг тогтоогоогүй 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн улсын яллагчийн 247 дугаартай яллах дүгнэлт нь ойлгомжгүй, утга найруулгын алдаатай үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн шүүгдэгч Г.Б, Р.Н, Н.С нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй болно.

    2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 53 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Б-ы тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8/найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Бд сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ы цагдан хоригдсон 6 (Зургаа) хоногийн 1 (Нэг) хоногийг 15,000 (Арван таван мянга) төгрөгөөр тооцож, 90,000 (Ерэн мянга) төгрөгийг торгох ялаас хасч тооцох нь зүйтэй байна.

   3.Гэм хор, хохирлын талаар:

   Хохирлын асуудлын тухайд: 10 ширхэг монгол тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ 2,890,000 (Хоёр сая найман зуун ерэн мянга) төгрөг нь энэ хэрэгт хамааралгүй бөгөөд Зөрчлийн хэрэгт тухайн тарвагыг анх агнасан этгээдээс гаргуулах хуулийн зохицуулалттай байна.

   Харин 2316000400083 дугаартай эрүүгийн хэрэгт хохирлын асуудал яригдахгүй бөгөөд 10 ширхэг монгол тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ 2,890,000 (Хоёр сая найман зуун ерэн мянга) төгрөгийг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй тул шүүгдэгч Г.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Н 3 (Гурав) хоног, шүүгдэгч Г.Б 6 (Зургаа) хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч Г.Б бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.Н-ын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 4 (Дөрөв) хуудас эрүүл мэндийн талаарх баримтыг хэрэгт хавсаргах зэргийг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овгийн Р-ийн Н, Б овгийн Н С, Ж овгийн Г-ын Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Ж овгийн Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

3. Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Г.Б-д оногдуулсан 5400 төгрөгөөр торгох ялыг 8/найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногийн хорих ялаар тооцож ял солих болохыг шүүгдэгч Г.Б-д мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ы цагдан хоригдсон 6 (Зургаа) хоногийн 1 (Нэг) хоногийг 15,000 (Арван таван мянга) төгрөгөөр тооцож, 90,000 (Ерэн мянга) төгрөгийг торгох ялаас хасч тооцсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Р.Н, Н.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н, Н.С нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас хохирсон гэж үзвэл холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Н 3 (Гурав) хоног, шүүгдэгч Г.Б 6 (Зургаа) хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч Г.Б бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.Н”ын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 4 (Дөрөв) хуудас баримтыг хэрэгт хавсаргах зэргийг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.МӨНХТУЯА