Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0863

 

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0863

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн би, М** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М** ХХК -ийн захирал Ц.Г*****2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...М** ХХК Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан НХААГ/20******* дугаартай Сайжруулсан чулуун зам (Улаанбаатар хот, Ха-Уул дүүрэг, 8, 16 дугаар хороо) ажлыг хийх гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр оролцсон. Гэвч Хан-уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 305 тоот албан бичиг, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр үнэлгээний хорооны дүгнэлтээр тухайн төслийг гүйцэтгэх тендер шалгаруулалтын шаардлагыг хангаагүй гэж үзэж М** ХХК-ийг тендерээс хассан нь манай компанийн хүргүүлсэн тендерийг шударгаар үнэлүүлэх хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулах үнэлгээний хорооноос ирсэн тайлбарт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн төсөвт тодотгол хийгдэж уг Сайжруулсан чулуун зам (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8, 16 дугаар хороо) төсөл арга хэмжээг хасан, хөрөнгө татагдаж уг төсөл хэрэгжихгүй болж хасагдсан байна. Иймд манай компани 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байгаа тул зохих хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

М** ХХК-ийн Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, М** ХХК-ийг Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан НХААГ/20*******/ дугаартай Сайжруулсан чулуун зам /Хан-Уул дүүрэг, 8, 16 дугаар хороо/ ажлыг хийх гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн шаардлагад нийцсэн гэж дүгнэж гэрээ байгуулах эрх олгох, шалгарсан тухай шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компанийн захирал Ц.Г*****нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Энэхүү хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн заалтад хамаарч байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч М** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн нэхэмжлэгч М** ХХК-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М** ХХК-ийн Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, М** ХХК-ийг Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан НХААГ/20*******/ дугаартай Сайжруулсан чулуун зам /Хан-Уул дүүрэг, 8, 16 дугаар хороо/ ажлыг хийх гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн шаардлагад нийцсэн гэж дүгнэж гэрээ байгуулах эрх олгох, шалгарсан тухай шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж М** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох 128/2022/0946/3 индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

         

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ              Н.ДУЛАМСҮРЭН