| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/03387/и |
| Дугаар | 171 |
| Огноо | 2019-01-21 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 171
МАГАДЛАЛ
2019.01.21 Дугаар 171 Улаанбаатар хот
Г.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,
2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03387 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ч.Н, Н.Б нарт холбогдох,
Хууль бус эзэмшлээс 57, 96 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Б,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: И Ц К ББСБ ХХК нь зээлдэгч Л.Э-тай байгуулсан зээлийн ЗГ/015/06/22 гэрээ, зээлийн гэрээний үүргээ зээлдэгч зөрчсөн тул 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, нийт 174 593 550 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зээлдэгч бүрэн төлж барагдуулахаар тохирсон бөгөөд зээлийн гэрээний үүрэг биелэгдтэл барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205059091, Ү-2205059098 дугааруудад бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москва гудамжны 46/1 байрны 57 тоот, 96 тоот орон сууцуудыг хувьцаа эзэмшигч Г.Б-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. Эвлэрлийн гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа болсон боловч зээлдэгч Л.Э зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөгдөөгүйн улмаас дээрх орон сууцнууд хувьцаа эзэмшигч Г.Б-ийн өмчлөлд хэвээр үлдсэн. Гэтэл Л.Э дээрх хоёр орон сууцнуудад Ч.Н, Н.Б нарыг оруулсан байна. Орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр дээрх хүмүүс эзэмшиж байгаа нь өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул дээрх орон сууцнуудыг хууль бусаар эзэмшиж байгаа Н.Б , Ч.Н нараас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Дээрх орон сууцнууд барьцааны гэрээгээр барьцаалуулсан барьцааны зүйлүүд бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээг Л.Э болон И Ц К ББСБ нар нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан. Л.Э болон И Ц К ББСБ нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “барьцаагаар хангах эрх үүссэн бол зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх зорилгоор барьцааны зүйлийг энэхүү гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу худалдан борлуулах”, 5.3.1-т “барьцааны зүйлийг барьцаалбар үйлдэж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу шүүхийн бус журмаар шууд худалдан борлуулна” гэж тус тус заасан. Мөн талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т “хэрэв эвлэрлийн гэрээний үүрэг хангагдахгүй, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд нэхэмжлэгч тал барьцааны зүйлийг захиран зарцуулах, худалдан борлуулах замаар үүргийг хангуулах бүрэн эрхтэй болно” гэсэн байдаг. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж мөн заажээ. Нэхэмжлэгч талын шаардлагын зүйл болох 2 ширхэг орон сууц нь барьцааны зүйл тул нэхэмжлэгч тал шууд өөрийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэн авах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргах эрхгүй, энэ нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад худалдан борлуулахыг шаардах, улмаар худалдах буюу бусад хэлбэрээр борлуулах замаар өөрийн шаардлагаа хангах ёстой байтал энэхүү ажиллагааг хийлгүйгээр шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцыг албадан чөлөөлүүлэх гэж тодорхойлсон нь хууль болон бодит нөхцөл байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Г.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Манай байгууллага болон Л.Э нарын хооронд байгуулагдсан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн ЗГ/015/06/22, барьцааны БГ/015/06/22, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн ЗГ/015/07/01 тоот гэрээнүүд байгуулагдсан. Зээлдэгч Л.Э гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас И Ц К ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн АТ/016/12/06-1 тоот тогтоолоор зээлийг төлүүлэх зорилгоор зээлдэгчтэй эвлэрлийн байгуулах эрхийг хувьцаа эзэмшигч Ч.О-д олгож, эвлэрлийн гэрээгээр зээлдэгч 174 593 550 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлөх, зээл төлж дуусах хүртэл зээлдэгч нь барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205059091,Ү-2205059098 дугааруудад бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москва гудамжны 46/1 байрны 57 тоот, 96 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг хувьцаа эзэмшигч Г.Б-ийн өмчлөлд түр шилжүүлэхээр зөвшөөрч, тохиролцсон, эвлэрлийн гэрээг хоёр тал байлцан нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор биелүүлээгүйн улмаас ББСБ мөнгөн хөрөнгөө эргэлтэнд оруулж чадахгүй, эдийн засгийн хохирол учирч байсан учраас үл хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулах журмаар И Ц К ББСБ ХХК-ийг зээлдэгчийн нэрийн өмнөөс хохиролгүй болгохыг Г.Б-т даалгаж, И Ц К ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар 06-ны өдрийн АТ/017/07/03 тогтоол гарсан. Манай байгууллагаас тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг Г.Б-ийн өмчлөлд шилжүүлэх, захиран зарцуулах, хохиролгүй болгох бүх эрхийг олгосон учраас Г.Б нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас эдгээр орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй юм. Иймд Г.Б-ийн гаргасан шаардлага болох улсын бүртгэлийн Ү-2205059091, Ү-2205059098 дугааруудад бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Москва гудамжны 46/1 байрны 57 тоот, 96 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг Н.Б , Ч.Н нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, 46/1 байрны 57 тоот орон сууцыг хариуцагч Ч.Н-н , 96 тоот орон сууцыг хариуцагч Г.Б-ын эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас тус бүр 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч тал өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Л.Э болон И Ц К ББСБ-тай 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/015/06/22 тоот зээлийн гэрээ, мөн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 317015/07/01 тоот зээлийн гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Барьцааны гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Эвлэрлийн гэрээг тус тус үндэслэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч талын шаардлагын зүйл болох 2 ширхэг орон сууц нь Барьцааны зүйл богоод нэхэмжлэгч тал шууд өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авах, нөгөөтэйгүүр албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргах эрхгүй бөгөөд эдгээр нь хууль зөрчсөн эрх зүйн үйл явдал юм. Үүргийн гүйцэтгэлийг ямар замаар, хэрхэн хангуулах талаар тодорхой хуульчлан өгсөн байхад яагаад хууль зөрчсөн үйлдэл хийгээд байгааг ойлгохгүйн зэрэгцээ нэхэмжлэгч талын энэхүү үйлдэл нь хууль, шударга ёсыг умартсан хэрэг гэж үзэж байна. Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу худалдан борлуулахыг шаардах, улмаар худалдах буюу бусад хэлбэрээр борлуулах замаар өөрийн шаардлагаа хангах ёстой атал энэхүү ажиллагааг хийлгүйгээр шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаа орон суун албадан чөлөөлүүлэх гэж тодорхойлсон нь хууль болон бодит нөхцөл байдалд нийцээгүй хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Г.Б нь Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, 46/1 байрны 57 тоот орон сууцыг хариуцагч Ч.Н-н , 96 тоот орон сууцыг хариуцагч Н.Б ын эзэмшлээс чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Л.Э-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий 57 тоот орон сууцанд Ч.Нэргүй, 96 тоот орон сууцанд Н.Б оршин сууж байгаа үндэслэлээр хариуцагч Л.Э-ыг хариуцагч Ч.Н, Н.Б нараар солих хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэж, хариуцагчаар Ч.Н, Н.Б нарыг оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт нийцжээ.
Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Ч.Н, Н.Б нар нь Л.Э-аас авах авлагатаа тохиролцож, тооцон Ч.Н, Н.Б нарт өөрийн өгөх өглөгтөө уг орон сууцанд оршин суухаар Л.Э-тай тохиролцон 57 тоотод хариуцагч Ч.Н эцэг, эхийгээ оруулсан, 96 тоотод хариуцагч Н.Б гэр бүлээрээ амьдарч байгаа болох нь тогтоогдож байна.
Л.Э нь “И Ц К ББСБ” ХХК-тай 2015 оны 06, 07 сард зээлийн 2 гэрээ байгуулан, тус бүр 50 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүрэгт БНХАУ-ын иргэн W Y-оос авсан 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэлийн дагуу Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, 46/1 байрны 57, 96 тоот дахь түүний өмчлөлийн орон сууцнуудыг барьцаалах гэрээг барьцаалуулагчийг төлөөлөн хийжээ. Л.Э зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “И Ц К ББСБ” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулан, зээлийн барьцааны хөрөнгүүдийг өөрийн хүсэлтээр зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэх, төлбөр дууссан тохиолдолд нэхэмжлэгч Г.Б-өөс орон сууцнуудыг буцаан авах, зээлийн гэрээний үүрэгт 174 593 550 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлөх, энэ үүргээ эс биелүүлбэл орон сууцыг чөлөөлж өгөхөөр тохиролцсон байна.
Дээрх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Эвлэрлийн гэрээний дагуу зээлдүүлэгч “И Ц К ББСБ” ХХК нь барьцааны зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй, орон сууцыг өмчлөлдөө авах эрхийг нэхэмжлэгч Г.Б-т Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлжээ.
Ч.Н, Н.Б нар нь хэрэгт цугларсан баримтаар маргаан бүхий орон сууцыг хууль буюу гэрээний дагуу эзэмших эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгч нь орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Анхан шатны шүүх хариуцагч Ч.Н, Н.Б нарын хууль бус эзэмшлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхдээ эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийн талаар Иргэний хуулийн гэрээний эрх зүйн болон өмчлөх эрхийн зохицуулалтыг зөв тайлбарласан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
М.НАРАНЦЭЦЭГ