Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/14

 

П.Б-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор Л.Солонго

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Д

          Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч П.Б-д холбогдох 2028002730193 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Д-ий давж заалдах гомдлоор 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн эрэгтэй, 56 настай, тусгай дунд боловсролтой, өрөмдөгч, худгийн моторчин, угсрагч, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр. 3 хүүхдийн хамт оршин суух, урьд нь Өмнөговь аймгийн 1 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1990 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1\18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 67 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял эдэлж байсан, П.Б.

Шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум 3 дугаар багт байх иргэн С.С-ийн мужааны үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч 1 ширхэг молдок, 1 ширхэг гриндер зэрэг эд зүйлсийг хулгайлж, 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.С нь П.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “П.Б-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.Б-д 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-аас 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С /Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг оршин суух /-д олгож, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Д давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр гарсны дараа П.Б-ын ар гэрийн зүгээс хохирол төлбөрийг бүрэн төлж, хохирогч С.С нь гомдол саналгүйгээ илэрхийлж тодорхойлолт гаргаж өгсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно" гэж заасны дагуу П.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар П.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хохирогч С.С давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...миний бие Бадрахаас хохирлын 450 000 хүлээн авч хохиролгүй болсноо үүгээр мэдэгдэж байна. Миний бие гомдолгүй болсон” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч П.Б-ын өмгөөлөгч Э.Д-ий гомдлыг үндэслэн шүүгдэгч П.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар давж заалдах гомдолд  заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийтгэх тогтоол нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ. Үүнд:

1. Прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2028002730193 дугаартай тогтоолоор П.Б-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр иргэн С.Сгийн мужааны үйл ажиллагаа явуулдаг байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлж, 450000 төгрөгийн хохирол учруулсан, П.Б нь хаана байгаа газар нь тус тус тогтоогдсон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. /хэргийн 01 дүгээр хуудас/

Уг тогтоолд тогтоолыг П.Б-д даруй танилцуулахыг мөрдөгч М.С-т даалгасугай гэж заажээ. Энэ тогтоолын прокурорын гарын үсэг зурж баталгажуулсан хэсгийн доод талд “танилцсан П.Б” гэж  бичигдсэн хэсэгт “Б” гэх гарын үсэг зурагдсан байх боловч тэрээр хэзээ, хэрхэн танилцсан нь тодорхойгүйгээс гадна мөрдөгч М.С уг тогтоолыг танилцуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2, 31.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсны дараа мөн хуулийн долоодугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг тайлбарлан өгч, тэмдэглэл үйлдэн улмаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулах ёстой байтал энэ талаар ажиллагаа явуулсан тухай нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Харин эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гарахаас өмнө П.Б-аас 2020 оны 9-р сарын 18-ны өдөр яллагдагчаар авсан мэдүүлгийг  мөрдөгч, прокурор, шүүгч нь шийдвэрийнхээ үндэслэл болгожээ. / хэргийн 29 дүгээр хуудас/

 Шүүгч, прокурор, мөрдөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих үүрэгтэй тул хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан уг мэдүүлгийг мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй.

Иймд мөрдөн байцаалтын явцад П.Б-ын яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхийг зөрчсөнөөс гадна өөрийг нь буруутгаж буй нотлох баримттай танилцсанаар өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ бодитой хэрэгжүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасны дагуу шинээр баримт сэлт гаргаж өгөх, өөрийг нь буруутгаж буй нотлох баримтыг шалгуулах, нэмж тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, яллах талын баримтыг няцаан үгүйсгэж мэтгэлцэх, эсхүл энэ хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан гэж үзнэ.

2. Хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэгт сэжиг таамгаар бус, гагцхүү гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал болон яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа  нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжсэн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байх нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэл болно.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тодорхойлох хэсгээс үзвэл / “олсон нь” гэж бичжээ/ хохирогч С.С, гэрч П.Б, С.Б нарын мэдүүлэг, алдагдсан гэх эд зүйлсийн үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтад тусгагдсан мэдээлэлд үндэслэн П.Б-ыг яллагдагчаар татсан байна. /хэргийн 01 дүгээр хуудас/

Гэтэл тухайн гэмт хэргийг П.Б үйлдсэн гэх үйл баримтын талаар мэдээлэл нь түүний гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгээс өөр баримтаар тогтоогдоогүй байна.

Тухайн гэмт хэрэгт буруутгагдаж буй П.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгохдоо энэ ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүйгээс гадна мөрдөгч нь гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа явуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэх ба энэ нь яллагдагчийн эрхийг ноцтой зөрчиж, “мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэн”-д тооцох үндэслэл болохыг шүүх, прокурор анхаараагүй байна.  

П.Б-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үндэслэхгүйгээр бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл тогтоогдох боломжтой ч өөр нотлох баримт хэрэгт байхгүй тул мөрдөгч, прокурорыг  хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

3. Мөрдөгч нь эд зүйлсийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр “Х.Ү” ХХК-ийг томилсон байх тул мөрдөгчийг Шүүхийн шинжилгээний байгууллагаас өөр этгээдийг шинжээчээр томилох шаардлагатай гэж үзсэн гэж үзнэ. /хэргийн 22 дугаар хуудас/

Мөрдөгч нь шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тохиолдолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадварыг шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах ёстой боловч энэ ажиллагаа хэрхэн хийгдсэн нь тодорхойгүй байна.

Мөн хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үнэлгээчин болон үйлчлүүлэгч харилцан тохиролцсон, хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр хийх бөгөөд үнэлгээ нь гэрээний үндсэн дээр хийгдвэл “үнэлгээний тайлан” гарна. Харин эрх бүхий этгээдийн шийдвэрээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчээр томилогдож үнэлгээ хийвэл 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх эдэлж, “шинжээчийн дүгнэлт” гаргана.

Эдгээр нь үр дагавар, хариуцлагын хувьд хоорондоо ялгаатай бөгөөд эрүүгийн хэрэгт шинжилгээ хийх үндэслэл, журам, зарим төрлийн шинжилгээний онцлог болон шүүхийн шинжилгээний байгууллагын тогтолцоо, шинжээчийн эрх зүйн байдлыг Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан заасныг шүүх, прокурор, мөрдөгч анхаараагүй байна.

Шинжээчээр томилогдсон гэх “Х.Ү” ХХК нь Шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлыг тусгасан шинжээчийн дүгнэлт гаргаагүй төдийгүй  “үнэлгээний тайлан” ч биш “үнэлгээ” гэсэн баримт бичиг үйлдэж, түүнд  Л.Н, Э.Д нар гарын үсэг зурсан байна. /хэргийн 23 дугаар хуудас/

Мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын “танилцсан шинжээч” гэх хэсэгт ‘’Х.Ү ХХК’’-ийн Өмнөговь аймаг дахь төлөөлөгчийн газар гэсэн тэмдэг дарагдсан ба Л.Н, А.М гэх хүмүүс гарын үсэг зурсан, үүний доод талын “шинжээч” гэсэн хэсэгт Э.Д гэх хүн гарын үсэг зурсан байна. /хэргийн 22 дугаар хуудас/

Иймээс энэ үнэлгээг эрх бүхий этгээдийн шийдвэрээр  хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдээс өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичиг буюу шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй байна.

4. Яллах дүгнэлтэд хүний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж гэмт хэргийн талаар дүгнэсэн нь ойлгомжгүйгээс гадна шүүх үйл ажиллагаа явуулах байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэхдээ ямар аргаар хэрхэн хийсэн үйлдлийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзснээ, гэмт хэрэг гарсан хугацааг тодруулж тус тус бичээгүй байна. Дээр дурдсан үндэслэлүүд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудал нотлогдоогүй гэж үзэж улмаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Харин уг ажиллагааг анхан шатны шүүх хуралдааны явцад нотлох боломжгүй тул хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Давж заалдах шатны шүүхээс П.Б-ын гэм буруугийн талаар дүгнэлт хийгээгүй тул өмгөөлөгч Э.Д-ий давж заалдах гомдолд заасан үндэслэлд дүгнэлт хийгээгүйг дурдаж, мөн хэргийг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Б-д холбогдох 2028002730193 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч П.Б-д урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй

               

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.НАСАНЖАРГАЛ                                       

                                                ШҮҮГЧИД                                             Х.ГЭРЭЛМАА                                                                         

                                                                                                              Г.ТЭГШСУУРЬ