Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон

Улсын яллагч Ө.Манзушир

Хохирогч С.М/цахимаар/

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Б- холбогдох 2416000000300 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ажилтай, ам бүл ******** Говь-Алтай аймгийн ********* оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ******** регистрийн дугаартай, Ж овогт Г--ын Б.

          Холбогдсон хэргийн талаар: Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б- Говь-Алтай аймгийн Халиун сумын төвд  2024 оны 11 дүгээр  сарын 06-ны оройн 20 цаг 30 минутын үед **-**ГАҮ улсын дугаартай Toyota prius-20 загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоциклтой мөргөлдөж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, Замын хөдөлгөөний дүрмийн 12-р  бүлгийн “Тээврийн хэрэгслийн хурд, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.5. Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, Д/ Хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км/ц, 7. Жолоочид дараах зүйлийн хориглоно. А/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Б.М, С.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  тус тус учруулсан  гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Б нь Говь-Алтай аймгийн Халиун сумын төвд  2024 оны 11 дүгээр  сарын 06-ны оройн 20 цаг 30 минутын үед **-**ГАҮ улсын дугаартай Toyota prius-20 загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож улмаар  улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоциклтой мөргөлдөж уг  жолоодож явсан Б.М, уг мотоциклийн араар сууж явсан С.М нарын эрүүл мэндэд тус бүрд нь хүндэвтэр хохирол  учруулсан  үйл баримт тогтоогдлоо.

Дээрх үйл баримтын улмаас С.М-ын биед зүүн дунд чөмөгт ясны  хоёрлосон зөрөөтэй хугарал, зүүн бугалга, зүүн гуя, зүүн гарын 3,4-р хуруунд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл, хохирогч Б.М-гийн биед зүүн шаант ясны дээд төгсгөлийн хугарал, дух, хүйсний дээд хэсэг, баруун зүүн өвдөг, зүүн ташаан толгойн дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий  хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж,  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Б гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч С.Мын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “Би аваарт орсон цагаас хойш Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орсон. Хагалгаа хийлгээд 2 сар аймагт хэвтээд шарх бүрэн эдгэрсэн. Эдгэрээд дахиад зургаа авхуулахад ерөөсөө хагалгаа ямар ч амжилтгүй болсон байсан. Би өөрийнхөө зардлаар Улаанбаатар хотод очоод гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлээд дахин гэмтлийн эмнэлэгт 01 дүгээр сарын 15-нд хагалгаанд орсон. 2 дахь хагалгаа маш хүнд хагалгаа байсан. Би 6 цаг хагалгаанд орсон. Өөрийнхөө зардлаар хагалгаанд ороод 11 хоноод эмнэлгээс гараад гадуур10 хоног боолтын сувилагчаар боолтоо хийлгэж байгаад 02 дугаар сарын 06-ны онгоцоор гэр бүлийнхээ хүнтэй хамт ирсэн. Би хүний асрамжид өдөрт хааяа нэг тэргэнцэр дээр сууж байна. Байнгын хэвтээ байдалд л байж байдаг. Миний биеийн байдал иймэрхүү л байна. Тэгээд яс авсан газраас шүүс гараад байгаа. Аймагт үзүүлээд зургаа авхуулаад хотын эмчтэйгээ ярихад хотын эмч бактериологийн шинжилгээний хариугаа над руу явуулаад тэгээд болохгүй бол ирж хотод эмчлүүл ясны яст мэлхий гээд үрэвсэл үүснэ болохгүй гэж хэлсэн. Хиймэл яс хийсэн хэсэг чинь ингээд байгаа юм байна гэсэн. Миний шинжилгээний хариу өнөөдөр гарч байгаа. Хариугаа харж байж муу гарвал дахин хот явна. Гэр бүлийн хүнийг маань бас дахин дурангийн хагалгаанд ор гэсэн. Бид хоёрыг хотод байхад хагалгаанд ор гэсэн. Тэгээд охиноо аваад явсан бид хоёр зэрэг асрамжлах хүн байхгүй байсан. Тэгээд ээлжилж оръё гэж хэлээд таван сард дурангийн хагалгаанд орохоор болоод гэр бүлийн хүн маань буцаад хүрээд ирсэн... 11 дүгээр сарын 06-аас хойших баримтууд баймаар юм даа. Миний охин бид хоёрыг сахиад л яг хажууд байсан. Би 2 сар хэвтэж 2 сар өвчин намдаах тариа хийлгэж байгаад хот явсан. Миний яс хэвдээ ороогүй байсан. Би цалин хөлсөө нэхэмжлээгүй. Миний цалин бараг 2 сая манай нөхрийн цалин 1 сая гаруй байдаг. Аваарт орсон цагаас хойш 6-7 хонь худалдаж авснаа нэхэмжлээгүй. Би зөвхөн эм тариатай холбоотой хохирлоо нэхэмжилсэн. Эрүүл мэндийн байгууллагад би 35-36 жил ажиллаж байгаа. Эм тариа худлаа хэлж авах санаа бодол байхгүй. Өвчин намдаах эм хоёрыг давхарлаж хэрэглэж байгаа гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн орой 19 цагийн үед нөхөр Б.М-гийн хамт Говь-Алтай аймгийн Халиун сумын төвд байх гэрээсээ мотоциклтой би араар нь суугаад манай нөхөр мотоцикл жолоодоод Мөнхбаяр гэх айлд очсон. Тухайн үед Мөнхбаяр нь гэртээ байхгүй хөдөө явчихсан байсан. Бид хоёр үхрээ янзалж, хоол хийе гээд Мөнхбаярынхаас 20 цаг өнгөрч байхад мотоциклтой гэр рүүгээ явсан. Тухайн үед харуй бүрий болчихсон байсан учраас манай нөхөр мотоциклийн гэрлийг асаагаад хөдөлсөн. Хуучин халуун усны дээгүүр гарах гээд явж байхад өмнөөс машин ирж байсан. Тэгэхэд манай нөхөр энэ чинь согтуу юм уу хаашаа юм гэж хэлэхээр нь би юм дуугараагүй. Удалгүй машины дуу гараад юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг ухаан ороход би газарт хэвтэж байсан. Манай хүн нэг их давхидаггүй юм. Тэгж хурдтай яваагүй. Би бодохдоо Б- андуураад хаазаа гишгэсэн байх гэж бодож байгаа. Машин их муухай дуугарсан.... гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-р тал/

Хохирогч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын төвд Мөнхбаяр гэх айлд 19 цагийн үед байх цагийг нь сайн мэдэхгүй байна. Эхнэр Мядагбадамын хамт мотоциклоор очсон. Мөнхбаярынд хоол идчихээд 30-40 орчим минут болоод Мөнхбаярынхаас эхнэрийн хамт мотоциклтой гэр рүүгээ явсан. Хуучин халуун усны дээгүүр гарах гээд явж байтал хойноос их хурдтай машин ирж байхаар нь би эхнэртээ энэ согтуу юм биш үү гэж хэлээд замаа жаахан чөлөөлсхийгээд явсан чинь шууд өмнөөс ирээд мөргөсөн. Би тухайн үедээ зөөлөн явж байсан. Би өөрөө мотоцикл дээгүүр шидэгдсэн юм. Тэгээд тэр машин урагшаа яваад өгсөн. Би тэгээд өөрөө босох гэсэн чинь босож чадаагүй. Би тэгээд дайрчхаад яваад өглөө ш дээ гэж хэлсэн. Эхнэрийн дуу гараад хаана байгааг хараагүй. Би нэг их хурдтай явж байгаагүй 20-30 км/цагийн хурдтай явж байсан байх. Сүүлд эмнэлэгт үзүүлэхэд зүүн өвдөгний үеийн яс цуурсан, булуу ясны бөөрөнхий хэсэг нь бяцралттай гэж байсан. Эхнэр Мядагбадамын зүүн хөлийн дунд чөмгийг хоёр хугарсан гэж байсан... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39-р хуудас/

 

Гэрч М.О “....Б бид хоёр Халиун согоот гэх дэлгүүр рүү орж 0.5 литрийн 2 ширхэг пиво авсан. Бид хоёр тэгээд сумын зүүн талд байх хуучин бензин колонкийн тэнд очоод бид хоёр нөгөө авсан пиво нэг нэг уусан. Тэгэхэд У руу Б нь мессеж бичээд бас бүжгэнд явах болсон ба тэр газраасаа шууд Уын гадаа очсон. У нь гэрээсээ ганцаараа гарч ирээд машинд суусан. Бид гурав машинтай хойшоо соёлын төв рүү явсан. Соёлын төвийн үүдэн дээр ирэхэд 2-3 машин ирчихсэн хүнгүй байсан. У нь гурван хүүхдэдээ юм авах гэсэн юм гээд дэлгүүр рүү орсон. У нь дэлгүүрээс гарч ирээд машинд суугаад урагшаа Уынх руу явсан. Тэгээд бид нар машинтай урагшаа яваад юм яриад явж байсан чинь өмнөөс гэнэт гэрэл тусахаар нь би хүүе мотоцикл гэж хэлсэн. Их тод цагаан гэрэл тусаж орж ирсэн. Би тэр мотоциклийг өнгөрөөд явчих шиг болсон. Хүүе хүн орилох шиг боллоо гэж хэлээд машинаас буугаад ирэхэд Мөнхдалай ах мотоциклоо түшчихсэн. Хүн дайраад хаячихлаа ш дээ гээд байж байсан. Хажууд нь газарт Мядагмаа эгч газарт хэвтчихсэн орилж байсан. Жолоочийн хажуу урд талд би суусан. Арын суудал У суусан байсан. Тээврийн хэрэгслийг Б жолоодоод явж байсан. Би хэр хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Өмнөөс хурц цагаан өнгийн гэрэл гараад машинтай зөрөөд явчих шиг болсон. Би машинтай мөргөлдсөн талаар мэдээгүй. Би өмнө нь гэрээсээ огт гараагүй байж байгаад орой гарсан. Б бид хоёр нэг нэг шил пиво уусан. Өөр нэмж пиво уугаагүй. У нь пиво уугаагүй...” гэх мэдүүлэг, / хх-ийн 50-51-р хуудас/,

Гэрч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн орой би гэртээ байж байсан юм. Тэгэхэд Б нь саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй О эгчийн хамт ирсэн байсан. Бид гурав машинд уулзаад Б нь соёлын төвд бүжигтэй гэж байна гэж хэлэхээр нь явахаар болсон. Соёлын төвийн гадаа ирэхэд машин байхгүй болохоор нь би хүүхдүүддээ юм авахаар болоод соёлын төвийн хажууд байх дэлгүүр рүү орж, дэлгүүрээс хүүхдүүдээ юм авсан. Би дэлгүүрээс гараад Бын машинд суугаад урагшаа гэр рүүгээ явсан. Гэр рүү явж байхдаа би машины арын суудалд дээр суучихсан утсаа оролдоод явж байсан юм. Гэнэт машины урдуур гэрэл орж ирээд харахад машин мотоцикл мөргөсөн Бид нар машинаас буугаад очиход Мөнхдалай ах мотоциклоо налаад суучихсан,  М эгч жаахан зайдуухан газарт хэвтэж байсан. Намайг машинд суухад Б, О эгч хоёр нэг нэг пиво уусан гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг, / хх-ийн 53-54-р тал/,

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай цагдаагийн ахмад М.Ган-Эрдэнийн “ 1.1 улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоцикл жолоодож явсан Баарангийн Мөнхдалай нь: жолоодох эрхийн В, С ангиллын 379243 дугаарын хүчинтэй жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. Мотоцикл жолоодох А ангиллын эрхийн үнэмлэхгүй байна.

1.2 **-**ГАҮ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Гантулга Б нь:

1. Нийтлэг үндэслэл

1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 

   Замын хөдөлгөөний дүрмийн 12-р  бүлгийн “Тээврийн хэрэгслийн хурд”:

12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

12.5. Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна:

Д/ Хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км/ц

7. Жолоочид дараах зүйлийн хориглоно.

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, / жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

Хэргийн материалд авагдсан нотлох баримтаар Гантулга Б нь жолоодох эрхийн “В” ангиллын үнэмлэхтэй байна.

4. Хавтас хэргийн материалтай танилцахад тээврийн хэрэгслийн үзэгдэх орчин чөлөөтэй нь харагдаж байна.

5. **-**ГАҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г Б /РД:ДК97092007/ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлэг, 1.3, 12-р  бүлгийн 12.3, болон 7 дугаар бүлгийн А-д заасан дүрмийн заалтыг зөрчсөн байна.....” гэх магадалгаа, /хх-ийн 92-93-р хуудас/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 301 дугаартай “...1. 2. С.М-ын биед зүүн дунд чөмөгт ясны  хоёрлосон зөрөөтэй хугарал, зүүн бугалга, зүүн гуя, зүүн гарын 3,4-р хуруунд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо..  3. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.  5. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоолоо. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 82-84-р тал/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 302 дугаартай “...1. 2. Б.М-гийн биед зүүн шаант ясны дээд төгсгөлийн хугарал, дух, хүйсний дээд хэсэг, баруун зүүн өвдөг, зүүн ташаан толгойн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  3. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.  5. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоолоо. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 88-89-р хуудас/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 139 дугаартай “ 1. Г.Б-йн гэх цусанд 0.8% промиллийн спирт илэрч байна. 2. Цусанд илэрч байгаа 0.8% промиллийн спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх химийн шинжилгээний дүгнэлт, /хх-ийн 69-70-р хуудас/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 140 дугаартай “...Б.Мн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх химийн шинжилгээний дүгнэлт, /хх-ийн 74-75-р хуудас/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 300 дугаартай “ 1.2.3.4.5. Г.Б-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” Гэх дүгнэлт, /хх-ийн 78-р хуудас/,

2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр цагдаагийн ахмад П.Буянтогтохын хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,/хх-ийн 2-9-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн үед Халиун сумын төвд **-**ГАҮ улсын дугаартай toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Б.М, С.М нарын биед хүндэвтэр хохирол учирлуулсан. Зам тээврийн тухай хууль тогтоомж зөрчсөн энэ үйл баримт нь хавтаст хэргээр тогтоогдож байна. Хохирогч нарын хувьд хүндэвтэр гэмтэл авч удаа дараа Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотод гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг эмнэлгүүдэд эмчлүүлээд ирсэн байдаг. Шүүх шинжилгээний тухай хууль болон Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268 сэтгэцэд учирсан хор уршиг уршгийн зэрэглэл тогтоох журмаар 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдох журмын хавсралт болох хүснэгтээр дөрөвдүгээр зэрэглэл гэж тогтоосон байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд гэмтлийн зэргийн хувьд авч үзээд байх шиг байна. 27.10 дугаар зүйлээс бусад гэмт хэргүүдийн тухайд учирсан гэмтлийн зэргийг зэрэглэлээр нь ерөнхийдөө журамлаж авч байгаа хэдий ч хүнд гэмтэл учирснаас бусад нь дандаа шүүх шинжилгээний үндэсний төвөөр тогтоогддог. Авто аваарын хэргүүд болох замын хөдөлгөөний хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой хэргүүдийн хувьд хүснэгтээр тогтоосон. Замын хөдөлгөөний журмын холбогдох хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотойгоор хүнд гэмтэл учирсан нь тавдугаар зэрэглэлээр тогтоохоор тухайн хүснэгтээр тогтоогоод өгчихсөн байдаг. Харин хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу 2.1, 2.2-т заасныг дөрөвдүгээр зэрэглэл, 2.3-т заасныг тавдугаар зэрэглэл гэж тус тус тухайн хүснэгтээр тогтоосон байдаг. Зам тээврийн хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой гэмтлийг яагаад ингэж хуульчлаад тусад нь ялгаж салгасан юм бол гээд харахаар ерөнхийдөө тухайн гэмтлүүд маш хүнд хор уршигтай, удаан хугацааны турш эдгэдэг гэмтлүүд байдаг гэдэг үндэслэлээр ингэж хүндрүүлж өгсөн юм болов уу гэж харагдахаар байдаг. Энэ холбогдох журмаараа 23-45,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээний нийт нөхөн төлбөрийг тогтоож болохоор журамлаад өгчихсөн. Хохирогч нарын тухайд хамгийн доод хэмжээгээрээ нэхэмжилж байгаа. Мөн эмчилгээ сувилгааны цаашид гарах зардлыг нээлттэй үлдээж өгөөч гэж хүсэж байна. С.М-ын тухайд одоо болтол эдгэрээгүй, хөл дээрээ босоогүй ийм нөхцөл байдалтай байгаа. Эмчилгээ сувилгаа замын зардлуудыг Ж.Мөнхнасан өмгөөлөгчийн тухайд дэлгэрэнгүй тайлбарлаж хэлнэ. Тэгэхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэм буруутайд тооцох, мөн холбогдох хохирлуудыг шүүх дотоод итгэлээр үнэлээд гаргаж өгөхийг хүсэж хүсэж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Г.Б-йн гэм буруутай үйлдлээс хохирогч Б.М, С.М нарт гэмтэл учирсан байгаа. Хавтаст хэргийн материалын 20-23 дугаар хуудсанд Б.М-ийн 598,550 төгрөг, С.М-ын 1,676,200 төгрөгийн баримт нийт 2,274,750 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байдаг. Шинээр эм тариа, Замын зардал, бензин тосны мөнгөтэй холбоотой баримт гаргаж өгсөн 6,736,568 төгрөгийн баримт байгаа. Эдгээр баримтууд нь тухайн үед энэ хоёр хүмүүс наашаа цаашаа явсан Говь-Алтай аймгийн эмнэлгээс гараад нөхөр нь сум руу явах, Улаанбаатар хот явах гэж ачаа тээшээ бэлдэж ирсэн зардлууд, Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд нь хоол цай зөөж байсан зардлууд нь байгаа юм. Мөн охин М.С-ийн ээжийгээ асарч байсан цалин гэж нэхсэн байгаа. Энэ нь байгууллагынх нь тодорхойлолт дээр гар дээрээ 1 сая төгрөгийн цалин авдаг гэсэн тодорхойлолт байгаа боловч нийгмийн даатгалын сангаас нийгмийн даатгалыг 670,000 төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлж явсан баримт байгаа. Мөнхдалай овогтой Соёл-Эрдэнэ нь ээжийгээ асрах зайлшгүй шаардлагатай гэсэн комиссын дүгнэлтийг үндэслээд 11 дүгээр сарын 06-аас 02 дугаар сарын 01 хүртэлх гурван сарын цалинг нэмж гаргасан. 670,000 төгрөгөөр 2,010,000 төгрөгийн цалин хөлсийг нэхэмжилж байгаа юм. С.М-ын тухайд 04 сарын хугацаанд хэвтэрт байнгын хүний асаргаанд орсон өөрөө босоод бие засах, аяга цайгаа уух боломжгүй хүний асаргаанд орчихсон байгаа учраас охин нь 03 сарын хугацаанд ээжийгээ эмнэлэгт хэвтэж байх хугацаанд нь асарсан гэдэг байдлаар нэхэмжилж байгаа. Нийтдээ 11,177,318 төгрөг болж байгаа. Үүн дээр охиных нь Улаанбаатар хот явсан, ирсэн зардал бас нэмэгдэж байгаа юм. Мөн Г.Б-ийн тухайд 11 дүгээр сарын 28-нд 500,000 төгрөг, 01 дүгээр сарын 08-нд төгрөг, 12 дугаар сарын 29-нд 500,000 төгрөг, 01 дүгээр сарын 19-нд 700,000 төгрөг, 12 дугаар сарын 30-нд 2,300,000 төгрөг нийт долоон сая төгрөг өгсөн гэж байгаа. Хохирогч нарын зүгээс 7 сая төгрөг авсан гэдэг дээр маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байгаа. 2 үйлчлүүлэгчийн минь тухайд одоог хүртэл хөл дээрээ босоогүй гэмт хэргийн улмаас удаан хугацаанд эмчлүүлж байгаа, үргэлжлэн эмчлүүлэх боломжтой. Эрүүл саруул болоод яс нь эргээд сэргэх боломжтой болчихсон юм байхгүй. Хойшид гарах эмчилгээний хохирлыг төлүүлэх эрхийг энэ 2 хүнд хоёуланд нь нээлттэй үлдээж өгнө үү? гэсэн саналтай байгаа. Б.М-н тухайд Улаанбаатар хотод очиж өвдөгний үений дурангийн хагалгаанд орох учраас хоёр зэрэг хагалгаанд орох боломжгүй байсан учраас нөхөр Б.М нь таван сард орно гэдэг байдлаар буцаж ирсэн гэдгийг хохирогч С.М-ын тухайд хэлсэн. Иймд энэ хоёр хүний хойшид эмчлүүлэх зардлыг төлүүлэхийг нээлттэй үлдээж өгөөч ээ гэсэн дүгнэлттэй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг сонслоо. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2.1 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналыг оруулж байгаа. Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэл дээр маргаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа болгон шүүхийн хэлэлцүүлэг, прокурорын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч явсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой өмгөөлөгчийн хувьд дараах дүгнэлтийг хууль зүйн хувьд хэлмээр байна. Шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээ сувилгаа болон сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгчийн хувьд өрх толгойлсон эмэгтэй, бага насны хүүхдийнхээ хамт амьдардаг. Уурхайд ажиллаж байсан хугацаандаа авч байсан цалингаасаа  7 сая төгрөгийг хохиролд нөхөн төлсөн байгаа. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн улмаас нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.6-д хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож уг хүснэгт нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршиг зэрэглэл хүснэгтээр тогтоож уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан байдаг. Энэ хүснэгтийн нэгдүгээр хүснэгтэд нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал гээд шүүх хууль хэрэглээний хувьд энэ гэмтлийн зэргээр тухайн хохирлыг гаргаж байгаа гэж өмгөөлөгчийн хувьд ойлгоод явж байгаа. Гэмтлийн зэргээрээ бол хүндэвтэр зэргийн хохирол учирсан байдаг. Хүндэвтэр зэргийн хохиролд гуравдугаар зэрэглэл гэж тогтоосон байгаа. Үүнд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хүртэл гэж байгааг шүүх бүрэлдэхүүн дүгнэлтээ гаргах байх гэж бодож байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын хохирлоо нэхэмжилсэн баримтыг хохирогч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргаж өгч байна. Үүнд тайлбар хэлэхэд тухайн гэмт хэрэг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш эрүүл мэндэд учирсан энэ хохиролтой холбоотойгоор хохирол болон гэм хорын хохирлыг нэхэмжлэх хууль зүйн боломж нь байгаа. Хохирогч нарыг хүндэвтэр зэргийн гэмтэл авсан гэдгийг үгүйсгээгүй. Шинжээчийн дүгнэлтээс харахад хөдөлмөрийн чадварын тогтмол алдагдалд нөлөөлөхгүй гэж байгаа. Хохирогч хэлсэн манай нөхөр ажлаа хийх гээд явчихсан гэж. Тэгэхээр энэ хоёр хүнийг босож чадахгүй гэдэг байдлаар өмгөөлөгч нь дүгнэлтээ хэлж байна. Гэтэл энэ хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Нөхөр нь одоо өвдөгний хагалгаанд орно гээд юм ярьдаг. Гэтэл өвдгөн дээр ямар нэгэн гэмтэл орсон талаар баруун зүүн өвдөг зүүн зүүн толгойноос зулгаралт гэмтэл тогтоолоо гэсэн болохоос өвдгөнд ямар нэгэн ясны хугарал ч юм уу гэмтэл тогтоолоо талаар шинжээчийн дүгнэлт гараагүй гэдгийг бас дурдах нь зүйтэй байна. С.М болон Б.М нарын биед хөдөлмөрийн чадвар тогтмол алдангид нөлөөгүй гэдэг дүгнэлт гарснаар хөдөлмөрийн чадвар алдагдалд бол байхгүй байна гэж үзэхээр харагдаж байгаа. Эмчилгээ сувилгаатай холбоотой зардал, эмийн зардлыг нэхэмжилсэн байдаг. Эхлээд охиныхоо цалингийн асуудал дээр асаргаа сувилгаа зайлшгүй шаардлагатай гэж яриад байгаа. Асаргаа сувилгаа зайлшгүй шаардлагатай 03 сар асарсан гэдэг байдлаар баримтыг өгдөг. Цалингийн зөрүү эндээс харагдаж байгаа. Нийгмийн даатгал болон цалингийн тодорхойлолтоос энэ хүн хэдэн төгрөгийн цалин авах нь тодорхой бус ийм байдал харагдаж байгаа. Цалин нэхэж байгаа байдлаас харахаар нотлох баримттайгаа бодит байдал нь хэрхэн нийцэж байгаа юм гэдэг дээр дүгнэлт хийхээр ээж, аав нь 01 дүгээр сарын 06-нд хот руу эмчилгээнд яваад 02 дугаар сарын 06-нд ирсэн. Хот руу явсан баримт болон охин нь 01 дүгээр сарын 30-нд автобусанд суугаад явсан баримт байгаа. Энэ үйл баримтаас харахаар сарын хугацаанд охин нь ээж аавыгаа хэрхэн яаж асарч байсан баримт нь ойлгомжгүй ийм нөхцөл байдал харагдаж байгаа гэдгийг бол шүүх хурал дээр харгалзан үзээч гэж хүсэж байна. Энэ материалын товчлол: Эмийн зардалтай холбоотойгоор, эм авсан нь үнэн ч, хэрэглэсэн эмүүдийн тухай тодорхой баримт байхгүй. Эмчилгээний жор, эмчийн үзлэгийн баримт, эмийн сангийн нотолгоо бүрдээгүй. Эмийн агуулга нь ханиад, витамин зэрэг хэрэглээний эмүүд байгааг баримтаас харж болох бөгөөд тухайн гэмтэлтэй холбоотой эмчилгээний баримт биш байна. Мөн бензиний талоны баримт ч тодорхой хэрэг гарахаас өмнөх хугацааны баримт байна. Хэзээ, ямар шаардлагаар бензин авсныг нотлох баримт байхгүй. Хотын эмийн сангаас авсан баримтуудыг шаардлага хангаж байна гэж үзэж байгаа. Аймгийн төвөөс аваад байгаа Монос, бамбайн үндэс эмийн сангуудын эмийн баримтыг харахаар нэг хуудас нь бараг тэр чигтээ гэмт хэрэг гарахаас өмнөх огноотой ийм баримт байсан.  Гаргаж өгөөд байгаа эмийн баримт нотлох баримтын шаардлага, тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлд хэрэглэсэн гэж үзэх нотлох баримт бол биш байна гэж харахаар байна. Шүүх бүрэлдэхүүн бас дотоод үнэлэмжээрээ хохирлыг тооцож шийдвэрлэх байх гэж бодож байна аа гэв.

 

 Шүүгдэгч Г.Б нь уг гэмт хэргийг үйлдэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул түүнийг “авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэгдэх бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч С.М, Б.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтаар хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршиг 4-р зэрэглэлд хамаарч байх бөгөөд нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалаар нөхөн төлбөрийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тооцохоор байна.

Шүүх гэмт хэргийн улмаас нэг гэр бүлийн 2 хүнд хүндэвтэр гэмтэл учирсан, тэдгээрийн биед учирсан гэмтэлд эмчилгээ сувилгаа хийсэн байдал, одоо эдгэрсэн байдал зэргийг харгалзан үзээд хохирогч Б.Мд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 15,180,000 төгрөгөөр, хохирогч С.Мд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 16,500,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлбөр авсан баримтаар Б.М 716,834 төгрөг, С.М 2,841,108 төгрөгийн эмчилгээ авчээ. Уг төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Хохирогч болон хохирогч нарын өмгөөлөгч нараас эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан зардалд нийт 11,177,318 төгрөг нэхэмжилсэн баримтуудыг хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж нэхэмжилж байх бөгөөд шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтуудаас нийт 5046068 төгрөгийг, хавтаст хэрэг байгаа 2,274,750 төгрөгийн нийт 7,320,818 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Харин 385,6500 төгрөгийн баримтууд буюу “Эвийн хүч” ХХК-аас авсан гэх эмийн баримтуудыг шүүх үнэн зөв баримт гэж үнэлэхэд боломжгүй эргэлзээтэй  нөхцөл байдал үүссэн гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хохирогч нарын төрсөн охин М.С нь тухайн Эвийн хүч ХХК-д эмийн санчаар ажилладаг болох нь хавтаст хэрэг байгаа баримтуудаар нотлогдож байна. Мөн тухайн Эвийн хүч ХХК-ны эмийн сангаас өдөрт олон удаа, удаа дараа ойрхон давтамжтайгаар худалдан авалт хийсэн, 1-3 өдөр дараалан ижил төрлийн эмийг тухайлбал парацетамол, цитрамон, меземпорт, ибопрофен гэх эмүүдийг олон тоогоор худалдан авсан баримт хавсаргажээ.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч нарт 7,000,000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул хохирлоос хангаж шийдвэрлэсэн 7,320,818 төгрөгөөс уг 7,000,000 төгрөгийг хасаж шүүгдэгчээс 320,818 төгрөг гаргаж хохирогч нарт олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Г.Ббадиас 16,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Мд, 15,180,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд, 3,557,934 төгрөгийг гаргуулж  эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч нарын нэхэмжилсэн 11,177,318 төгрөгийн нэхэмжлэлээс 7,320,818 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3,856,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Г.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир

Улсын яллагч шүүх хуралдаанд “...Г.Б- ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 7,000,000 төгрөг төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа.  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явах хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх...хохирлын тухайд сэтгэцэд учирсан хор уршгийн хохирогч С.М-д 16,500,000 төгрөг Б.М-д 15,180,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид төлүүлэх, эрүүл мэндийн даатгалын санд 3,557,934 төгрөгийг тус тус төлүүлэх саналыг гаргаж байна гэв.

Шүүх улсын яллагч болон өмгөөлөгч нарын дүгнэлтийг харгалзан үзээд шүүгдэгч Г.Б- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Б- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт мөрдөн шалгах ажиллагааны явцад 7000000 төгрөг, гэм буруугийн шүүхийн шийдвэр гарахад 1,500,000 төгрөг нийт 8,500,000 төгрөгийн хохирол төлж, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогч нарт мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны үед  8,500,000 төгрөгийг төлсөн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж ургийн овогт Г-ын Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Г.Б- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Б- гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Г.Б- мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Шүүгдэгч Г.Б-с 16,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Мд, 15,180,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд, 3,557,934 төгрөгийг гаргуулж  Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч нарын нэхэмжилсэн 11,177,318 төгрөгийн нэхэмжлэлээс 7,320,818 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3,856,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч нарт 8,500,000 төгрөгийн хохирол төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зэргийг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасангаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн 12(арван хоёр) хуудас баримт, шүүгдэгч Г.Б-ас шүүх хуралдаанд гаргаж өгсөн 7 (Долоо) хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

         11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б-  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА