Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2020/02342

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: 0 тоотод байрлах, Э-Э т ХХК /РД:2674602/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: 0 С г ХХК /РД:2651629/-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8,694,015 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2016 оноос эхлэн С г ХХК-д хүнсний өргөн хэрэглээний болон нарийн ногоо бэлтгэн нийлүүлж ирсэн. Тус компани нь бүтээгдэхүүн хүлээн авч худалдаж авсан нарийн ногоо бусад төрлийн ногооны үлдэгдэл үнийг төлөхгүй байсан учир манай компанийн зүгээс 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 19/140 дугаартай албан бичгийг хүргүүлж үүссэн өр төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахыг мэдэгдэж байсан.

Мөн С г" ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 19/197 дугаартай бичгээр үүссэн өглөгийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр бүрэн барагдуулах талаар мэдэгдсэн. Албан бичгийн хариуг бичгээр өгөх талаар дурдсан. Манайд ямар нэгэн хариу өгөөгүй. С г ХХК-ийн нягтлан бодогч П.Атай манай компанийн нягтлан бодогч Г.З 2019 оны 05 дугаар сарын 13, 2019 оны 10 дугаар сарын 15-нд тус тус Тооцооны үлдэгдлийн баталгаа нийлж үлдэгдэл 9.694.015 төгрөг гарсныг харилцан баталж гарын үсэг зурж баталгаажуулсан. Ингэж баталгаажуулснаас хойш тус компани нь 1,000,000 төгрөгийг төлсөн.

Иймд С г ХХК-иас бараа нийлүүлэлтийн үлдэгдэл 8.694.015 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллагын санхүүгийн баримтыг зарим хэсэг нь алдагдсан. Мөн бүтцийн томоохон өөрчлөлт гарч, санхүүгийн баримтуудыг дахин шалгах асуудалтай байгаа. Манай байгууллагад өмнө нь ажиллаж байсан нягтлан бодогч болон бусад холбогдох ажилтанууд ажлаасаа гарсан ба нэхэмжлэгч компанитай холбоотой баримтыг хадгалаагүй байсан. Нэхэмжлэгч компанид тодорхой хэмжээний өр төлбөртэй болохыг хүлээн зөвшөөрч байгаа боловч манай ажилтнуудын буруутайгаас шалтгаалан яг хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаархи баримт олдохгүй байгаа юм. Иймд нэхэмжлэгч компанийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч Э-Э т ХХК нь хариуцагч С г ХХК холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8,694,015 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

Хариуцагч С г ХХК нь нэхэмжлэгч Э-Э т ХХК-иас хүнсний өргөн хэрэглээний болон нарийн ногоог 2016 оноос хойш худалдан авч, тухай бүрт үнийг төлдөг байсан үйл баримтын талаар талууд маргаагүй, хэн аль нь тайлбарлаж байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагагүй тул талууд уг гэрээг амаар байгуулах эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтад зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлж, С г ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авсан барааны үнэ 8,694,015 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг тодорхойлж, уг баримтад Э-Э т ХХК-ийн нягтлан бодогч Г.З, С г ХХК-ийн нягтлан бодогч П.А нар гарын үсэг зурж, тус бүр компанийн санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан байна. /хх-ийн 8 дугаар тал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх тооцоо нийлсэн баримтыг үгүйсгэж маргаагүй. Харин өөрийн компанийн дотоод үйл ажиллагаатай холбоотойгоор дээрх тооцоо нийлсэн актын хувь тус компанийн санхүүгийн баримтад байхгүй байгаа үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа нь гэрээний үүрэг биелүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй юм.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан.

Талуудын тооцоо нийлсэн баримтад төлбөрийг хэзээ төлөх хугацааг заагаагүй байх боловч Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар худалдагч Э-Э т ХХК-иас гэрээний үүргийг шаардсан үед худалдан авагч С г ХХК нь зохих ёсоор төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч С г ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон тул тус компаниас 8,694,015 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С г ХХК-иас 8,694,015 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э-Э т ХХК-д олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 154,054 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ