| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0079/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/88 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч М.Өлзийбаатар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа
Иргэний нэхэмжлэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уран
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Өлзийбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000450 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үйлдвэрийн механикч мэргэжилтэй, ******* ХХК-д ээлжийн борлуулагч ажилтай, ам бүл 5, найз охин, хадам эгч, түүний хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах Ташгайт зочид буудлын баруун хойд талын засмал замд Hyundai Sonata-6 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйл “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, зам тээврийн осол гаргасан буюу “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би 4,000,000 төгрөг бэлэн өгч, дээрээс нь машинаа 5,000,000 төгрөгөөр үнэлж өгсөн. Би цаашид шүүхийн шийдвэр гарсны дараа хохирогчид өгөх ёстой хохиролтой холбоотой зардлыг төлж барагдуулна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний ээж 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр осолд орсон. Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хөдөө ажилдаа явах байсан. Ээж осолд орж 6 хоног сэхээнд хэвтсэн учраас ажилдаа явж чадаагүй. Ээжийн биеийн байдал муу байсан учраас эмнэлгийн машинаар Улаанбаатар хот авч явж хагалгаанд оруулсан. Улаанбаатар хот руу очих зардал 1,500,000 төгрөг, дахин шинжилгээ хийлгэхээр явахад 500,000 төгрөгийн зардал гарсан. Ээж осолд ороод 5-6 сарын хугацаа өнгөрсөн байна. нь Дорнод аймагт байх хугацаанд надтай уулзаж ээжийн биеийн байдлыг асууж байсан. ин Улаанбаатарт байхад хүн чанар гаргаад сайн дураараа нэг ч удаа холбогдоогүй. Миний ээжийн биеийн байдал одоо ч хүнд байна. Ослоос өмнө биеийн байдал нь арай ч ийм байгаагүй, ослын дараа уур уцаартай, шөнө нойр муутай хонодог болсон. Ээжтэй ярилцаж, яагаад унтаж чадахгүй, ууртай байгааг нь асуухаар өөдөөс уурлаж, уцаарладаг болсон. Энэ байдлаас болоод гэрт байнга хэрүүлтэй, бүгд тайван байхаа больсон. Ерөнхийдөө ослоос хойш сэтгэл санаа нь тогтворгүй, байнга ядарсан байдалтай яваад байсан учраас эмнэлэгт хэвтүүлсэн. Би шүүгдэгчээс сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Эмчилгээний зардалд нэхэмжилсэн төлбөрийг бүрэн авсан. шүүх хурлын тов гарсны дараа машинаа хохиролд тооцож өгсөн. Машины үнэлгээг гаргуулна...” гэв.
Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би үсчин хийдэг бөгөөд 2024 оны 10, 11 дүгээр сард хадам ээжийгээ асраад ажлаа хийж чадаагүй. Би сард дунджаар 4 сая гаран төгрөгийн орлого олдог. Тиймээс 10, 11 сарын дундаж орлого 9,842,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би болсон асуудлын талаар санахгүй байна. Ослоос хойш 6 хоногийн дараа ухаан орсон. Миний хувьд гомдолтой байна. Эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Би хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувийн группт байдаг. Сэтгэцийн өвчингүй, гэхдээ сэтгэцийн хяналтад оюуны хөнгөн хомсдол гэсэн оношоор орсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд 2024 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 09-10 цагийн үед гэрээсээ гараад хадмынхаа гэрийг нүүлгэчхээд 19 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд манай ээж гэрт байгаагүй. Эхнэр түүнийг асуусан чинь Тана апартмент хотхонд оршин суух ах руу үсний сам авахаар явсан гэж хэлсэн. Тэгээд ээжийг ирэхгүй болохоор нь гадуур хайсан боловч хамаатан садныхан руугаа ерөөсөө очоогүй байсан. Ээж маань утсаа гэрт орхисон байсан бөгөөд оройн 22 цаг өнгөрч байх үед түүний гар утас руу цагдаагаас залгаад осолд орсон талаар нь хэлсэн. Миний төрсөн ээж нь төрөхийн хүндрэлээс болоод оюуны хөнгөн хомсдолтой болсон. Одоогоор хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувийн групп тогтоолгосон, уншиж бичиж чадахгүй, тоо мэдэхгүй хэдий ч 5000, 10000, 20000 гээд бүх мөнгөн дэвсгэртийг хараад ялгаж мэддэг, цаг мэддэг. Мөн ганцаараа гадуур явж чаддаг, эмнэлгээр өөрийгөө үзүүлдэг, дэлгүүр ордог, хамаатан садангийнхнаараа орж гараад явдаг, замын хөдөлгөөнд оролцохдоо байнга гарцаар гардаг, гэрлэн дохиог ялгаж чаддаг. Ээж ослын талаар санахгүй байгаа хэдий ч өмнөх цаг хугацаанд өнгөрсөн асуудлуудыг асуухаар 1-2 хоногийн өмнөх асуудлыг цаг минуттай хэлэх чадвартай. Уг ослын улмаас БОЭТ-ийн сэхээн амьдруулах тасагт 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд хэвтэн эмчлүүлж байгаад Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн. ...Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд зарим нэг эргэлзээтэй асуудал байна. Жишээ нь Гэмтэл согог үндэсний төвд дүрс оношилгоонд ороход Гантулга гэх эмч ээжийн цээжний зургийг надад харуулаад "баруун талын 4 хавирга хугаралттай байна, цээжний хөндий цус болон 2.4 мл хэмжээтэй шингэн агууламжтай байна" гэж оношилж байсан. Уг гэмтлүүдийг шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй байгаа учир шинжээч эмчээс тодруулж өгнө үү. Миний хувьд Тун гуан майнз ХХК-нд ажилладаг бөгөөд бүтэн 1 сар ээжийгээ асраад ажил хийж чадаагүй. Би сарын 1,800,000-3,551,535 төгрөгийн цалинтай. Мөн миний эхнэр нь хувиараа үсчин хийдэг бөгөөд осол болсноос хойш одоог хүртэл ажлаа хийж чадахгүй байгаа. Түүний хувьд сардаа дунджаар 2,400,000 төгрөгийн цалинтай. Эрүүл мэнд эмчилгээний зардалдаа яг хэчнээн төгрөг зарцуулсан эсэхийг мэдэхгүй байна. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн тайлангаа прокурор, шүүхийн шатанд баримтуудаа цэгцлээд гаргаж өгье. Миний хувьд гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...Хохирогч ийн асаргаа сувилалд гарсан зардалд 2,539,480 төгрөг, замын зардал 846,500 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2,153,117 төгрөг, эхнэр ийн өвчтөн асарсан хугацааны олбол зохих орлого 9,842,000 төгрөг, ганданд засал хийлгэсэн 3,000 төгрөг, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилнэ. Үүн дээр нэмээд сэтгэцэд учирсан гэм хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу явсан зардал, Улаанбаатарт очиж эмчилгээ хийлгэх үед эмч нарт зарцуулсан зардлын баримтуудыг нэмж гаргаж өгнө...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 20-21, 94-95/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүгийн 2421000000450 дугаартай хэргийн хохирогч ийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Хохирогч ийн эмчилгээний зардалд 4,404,273 төгрөг зарцуулсан байна. Иймд Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс иргэн хохирогчийн биед гэмтэл учруулсан буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/
Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Миний хувьд Хэрлэн сумын 6-р багт үйл ажиллагаа явуулах 22 дугаар байрны " " салонд үсчин ажилтай бөгөөд 2024 оны 10 болон 11 дүгээр сард хадам ээж ийг асарсан. Би сард дунджаар 4,921,000 төгрөгийн орлоготой бөгөөд өвчтөн асарсан хугацааны олбол зохих орлого болох 9,842,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 171/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед найз залуу ын эзэмшлийн Hyundai Sonata 6 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талд суугаад түүнтэй хамт Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын тоотоос Хэрлэн сумын 8-р багт үйл ажиллагаа явуулах дэлгүүрээс баллонтой ус худалдан авахаар хөдөлсөн. Тэгээд 19 цаг 30 минутын үед Хэрлэн сумын 6-р багт үйл ажиллагаа явуулах Ташгайт зочид буудлын баруун хойд талын замаар баруунаас зүүн зүгт чиглэлтэй 2 дугаар эгнээгээр явж байсан чинь тухайн газарт байсан явган хүний гарцын баруун талын хэсгээр нэг хүн явж байгаа харагдсан. Манай найз залуу энэ үед уг хүнийг анзааралгүй мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед ...хэдэн км/ц хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Тэгээд бид 2 машинаасаа буугаад харахад тэр эмэгтэй хүн хөдөлгөөнгүй, юм ярихгүй хэвтээд байсан. Тэгээд цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. Хажуугаар өнгөрч байсан машинууд "аваараа тат" гэхээр нь машин руугаа очоод аваараа татахад нь би тухайн эгчтэй хамт үлдсэн бөгөөд тэр эгч сэргээд өндийх гээд байхаар нь би "эгчээ битгий хөдлөөрэй" гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг цагдаа нар ар араасаа ирцгээсэн. архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний харснаар гэх хүний толгой нь хавдаад цус гарч байсан. Өөр ямар гэмтэл учирсан эсэхийг эмнэлгийн байгууллагын ажилчид мэдэх байх...” гэх мэдүүлэг / хх-ийн 30-31/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын тоотод найз охин хамтаар оршин суудаг. Миний хувьд Hyundai Sonata-6 маркийн улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг 2023 онд 5,000,000 төгрөгөөр гэх хүнээс худалдан авсан хэдий ч гэрчилгээгээ хараахан солиулж чадаагүй байна. ...2024 оны 10 дугаар сарын 06-ны орой 19 цаг өнгөрч байх үед өөрийн эзэмшлийн машинаа жолоодон найз охин хажуудаа суулгаад Хэрлэн сумын 10-р баг Ялалтын тоотоос Хэрлэн сумын 8 дугаар баг Төмөр зам руу чиглэлтэй хөдөлсөн. Тэгээд 19 цаг 30 минутын үед Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах Ташгайт зочид буудлын баруун хойд талын асфальтан замаар баруунаас зүүн зүгт чиглэлтэй 2 дугаар эгнээгээр зорчиж байхад явган хүний гарцын баруун талд хойноос урд зүгт чиглэлтэй согтуу эмэгтэй хүн алхаж байсан бөгөөд би тухайн хүнийг тэр зуур анзааралгүй машины урд хэсгээрээ мөргөж зам тээврийн осол гаргасан. Тэгээд ...тэр даруй эмнэлэг, цагдаа дуудаж дуудлага өгсөн. Мөн тухайн хүн рүү очиход тэр хүн хөдөлж байсан хэдий ч юм ярьж чадахгүй, бас нэлээн согтсон бололтой архи үнэртэж байсан. Хэсэг хугацааны дараа эмнэлэг ирээд тухайн хүнийг аваад явсан. Би ойролцоогоор 40 орчим км/ц хурдтай явж айсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. ...Миний хувьд сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлээ хэлсэн учраас дахин мэдүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Би хохирогч т 1,500,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Тухайн дүгнэлтүүдтэй санал нийлж байна. Уг хэргийн зүйлчлэл нь сэтгэцэд учирсан гэм хор уршгийн 5 дугаар зэрэглэлд хамаарч байна. Уг жагсаалттай санал нийлэхгүй байна. Миний хувьд сарын 1,000,000 төгрөгийн орлоготой. Өөр ямар нэгэн орлого байхгүй...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 61-62, 65-68/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 300 тоот дүгнэлтэд:
Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 69 тоот дүгнэлтэд:
1. Хохирогч Т. нь сэтгэцийн хувьд оюуны хомсдол, гэмтлийн шалтгаант өмнөх ба хойдох ойгүйдэл хэмээх эмгэгүүдтэй байна.
2. Хохирогч Т. нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна.
3. Хохирогч Т. нь өөрийгөө бүрэн илэрхийлж ярих, ойлгуулах чадваргүй байна гэжээ. /хх-ийн 46-47/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 577 тоот дүгнэлтэд:
1. биед баруун талд умдаг ясны дээд хэсэг, суудал ясны хугарал, давсагны урд хананы урагдсан шарх, баруун шаант тахилзуур ясны хугарал, нүүр, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Тогтоогдсон давсагны урд хананы урагдсан шарх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Умдаг суудал ясны хугарал, баруун шаант тахилзуур ясны хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Нүүр, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 50-53/
Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 167 тоот дүгнэлтэд:
1. /РД: /-ийн сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна.
2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна.
3. Цаашид сэтгэцийн эмчийн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна гэжээ. /хх-ийн 97-99/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн шүүх шинжилгээний 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2 тоот дүгнэлтэд:
1. Шинжээч эмч Н.Уянгын 577 дугаартай шинжээчийн дүгнэлтийн эрүүл мэндийн хохирлын зэрэг нь үндэслэлтэй байна.
2. Хохирогч эмнэлгийн бичиг баримттай танилцахад 2024.10.10-ны өдрийн цээжний КТГ-ын шинжилгээгээр зүүн 4-р хавирганы зөрөөгүй хугарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Шинжээчийн 577 дугаартай дүгнэлт гаргах үед дээрх хавирганы гэмтэл нь тогтоогдоогүй байна.
3. 2024.10.10-ны өдрийн цээжний КТГ шинжилгээгээр цээжний хөндийн шингэн нь хуучин байх бөгөөд 2024.10.06-ны өдрийн зам тээврийн осолтой холбоогүй байна.
4. Ирүүлсэн эмнэлгийн бичиг баримттай танилцахад сэртэн ясны хугарал тогтоогдсонгүй.
5. Хохирогч биед их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд няцрал, баруун зулайд аалзан хальсан доорх цус харвалт, зүүн 4-р хавирганы зөрөөгүй хугарал, зүүн өвдөгт шарх бүхий гэмтлүүд шинээр тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэжээ. /хх-ийн 101-109/
Хөдөлгөөний соёл ТББ-ын шинжээч авто ашиглалтын инженер Б.Түмэнжаргалын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 34 тоот дүгнэлт:
1. улсын дугаартай Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 16.1-д Явган хүний зохицуулдаггүй гарцад ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалт байдаг боловч уг осол явган хүний гарц дээр үйлдэгдээгүй байна.
2. Явган зорчигч Т. нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна., 5.12а-д Үзэгдэх хүрээнд гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно. 27.26-д Өөрийн үйлдлийг хянах чадваргүй сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх гэсэн заалт зөрчсөн байна.
3. Жолооч ******* нь хүн байхыг харсан боловч анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас болж 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна заалт зөрчсөн нь тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүйгээс болж зам тээврийн осол гарах шалтгаан болжээ. /хх-ийн 120-121/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 08-10/
- Замын цагдаагийн тасгийн зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 12/
- Зам тээврийн осолд холбогдсон Hyundai Sonata маркийн дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13/
- Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 37/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/
- *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 70-74/
- Шүүгдэгч *******оос хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 77-78/
- Хохирогч шинжилгээний хариу, эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 110-117/
- Хохирогч хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 126-130/
- Иргэний нэхэмжлэгч *******ийн Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 131-134, 139-157/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн Тун гуан майнз ХХК-д ажилладаг талаарх ажил байдлын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 135-136/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр хохирол төлбөр төлсөн баримт, шүүгдэгчийн ажил байдлын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт нийт 5 хуудас /задгай/ баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах Ташгайт зочид буудлын баруун хойд талын засмал замд Hyundai Sonata-6 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйл “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч , ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал, замын цагдаагийн тасгийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн осолд холбогдсон Hyundai Sonata маркийн дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 300 тоот “*******” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 577 тоот “... биед баруун талд умдаг ясны дээд хэсэг, суудал ясны хугарал, давсагны урд хананы урагдсан шарх, баруун шаант тахилзуур ясны хугарал, нүүр, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тогтоогдсон давсагны урд хананы урагдсан шарх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Умдаг суудал ясны хугарал, баруун шаант тахилзуур ясны хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Нүүр, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн шүүх шинжилгээний 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2 тоот дүгнэлт, Хөдөлгөөний соёл ТББ-ын шинжээч авто ашиглалтын инженер Б.Түмэнжаргалын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 34 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байх бөгөөд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Уран нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч *******од холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал зэргийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ******* овогт ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь эмчилгээний зардалд 2,539,480 төгрөг, замын зардалд 846,500 төгрөг, ажилгүй байсан хугацааны хөлс 2,153,117 төгрөг, сэтгэл санааны хохирол, иргэний нэхэмжлэгч ******* нь ажилгүй байсан хугацааны олох байсан орлого 9,842,000 төгрөгийг тус тус нэхэмжилж холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 4,000,000 төгрөг төлсөн болох нь хохирол төлсөн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгч ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь 4,000,000 төгрөгөөс гадна өөрийн
эзэмшлийн Hyundai Sonata маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ 5,000,000 төгрөгт тооцож өгсөн гэж мэдүүлж байгаа боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь “...уг машины зах зээлийн үнэлгээ нь ямар гарахыг мэдэхгүй байна. Шүүх хурлаас өмнө үнэлгээг гаргуулах гэсэн боловч ******* ирж уулзаагүй учир чадаагүй. Иймд уг машины үнэлгээг гаргуулсны дараа хохиролд тооцно...” гэж мэдүүлж байх тул тухайн автомашиныг хохирлын үнэлгээнд тооцох боломжгүй байна. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, иргэний нэхэмжлэгч ******* нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой зардлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэхэд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь ажилгүй байсан хугацааны цалин, олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг дөрөвдүгээр зэрэглэлтэй гэж Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 34 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, шүүгдэгч *******оос хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 22,440,000 /660,000x34=22,400,000/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Үүнээс гадна хохирогч Т. нь уг гэмтлийн улмаас Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 4,404,273 төгрөгийг зарцуулсан болох нь Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, зардлын төлбөр мэдээллийн баримт /хх-ийн 22-23/-аар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******оос 4,404,273 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******од тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******од мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 22,440,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгосугай.
7. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос даатгуулагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 4,404,273 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
8. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, иргэний нэхэмжлэгч ******* нар нь ажилгүй байсан хугацааны цалин, олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА