Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2017/04112

 

 

 

 

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2017/04112

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Э-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 18,442,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ү.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Т.А би Ц.Эд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 8,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 0,5 хувийн алдангитай, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 0,5 хувийн алдангитай, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 0,5 хувийн алдангитай тус тус зээлдүүлсэн. Дээрх зээлийн гэрээнүүдийг бүгдийг нь бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл Ц.Э нь өнөөдрийг хүртэл 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 8,000,000 төгрөгнөөс 1,394,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 5,000,000 төгрөгнөөс 2,834,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл болох 10,000,000 төгрөгнөөс 8,612,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Үүнээс зээлийн гэрээний дагуу алданги тооцвол 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 1,394,000 төгрөгийг 112 хоног хугацаа хэтрүүлсэн алданги 780,640 төгрөг болж байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодвол алданги 697,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 97 хоног хугацаа хэтрүүлсэн алданги 1,374,490 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдлийг 82 хоног хугацаа хэтрүүлсэн алданги 3,530,920 төгрөг болж байна. Одоо нэхэмжлэгчийн зүгээс Ц.Эаас 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 1,394,000 төгрөг, алданги 697,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 2,834,000 төгрөг, алданги 1,374,490 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 8,612,000 төгрөг, алданги 3,530,920 төгрөг, нийт 18,442,410 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд Ц.Эаас 2017 оны 04 дүгээр сарын 27, 2017 оны 05 дугаар сарын 13, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрүүдийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл болон алдангид 18,442,410 төгрөгийг гаргуулан Т.А надад олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа боловч тооцооллын хувьд тодруулан олгосон зээл тус бүрээр нь тооцоход 8,000,000 төгрөгөөс хүү ороогүй үлдэгдэл 754,000 төгрөг, хүү 640,000 төгрөг, алданги 377,000 төгрөг байгаа бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 1,771,000 төгрөг, 5,000,000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл 2,194,000 төгрөг, хүү 400,000 төгрөг, алданги 1,180,490 төгрөг байгаа бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 4,014,490 төгрөг, 10,000,000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл 7,812,000 төгрөг, хүү 800,000 төгрөг, алданги 3,202,000 төгрөг байгаа бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 11,814,000 төгрөг байна. Нийт зээлийн үлдэгдлийг нэгтгээд тооцоход үндсэн зээлийн нийт үлдэгдэл 10,760,000 төгрөг, нийт хүү 1,840,000 төгрөг, нийт алданги 4,676,900 төгрөг, эдгээрийн нийт дүн 17,276,900 төгрөг болж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 18,442,410 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Иргэний хуулинд заасан алдангийн заалтанд тулгуурлан тооцоолж үзээд 17,276,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Т.Агаас зээл авахын тулд нотариатаар баталгаажуулан зээлийн барьцаагүй гэрээ хийсэн байдаг. Гэвч Т.А анхны гэрээнийхээ төлөгдөөгүй үнийн дүн дээр дахин зээл, өгсөн мэтээр гэрээ хийж байсан нь хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн үйлдэл байна. Гэрээний гол нөхцөл амаар хэлцэл хийхдээ Ц.Эын үйл ажиллагаа явуулж буй супер маркетад орж буй орлогоос шалтгаалан хүүг багасгах талаар тохиролцсон боловч зээлийн буцаан төлөлтийг үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дэс дарааллаар тооцоогүй, алданги тооцон шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд зээлийн хүү тооцох аргачлалыг шууд зааж тогтоогоогүй байдаг. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээг зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байна гэж үзэж байх тул зээлийн хүүг багасгуулах хүсэлтэй байна. Нэхэмжилсэн 18,442,410 төгрөгөөс 12,840,000 төгрөгийг зөвшөөрч үлдсэн 5,602,410 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Агаас 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 8,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг зээлсэн. Үндсэн зээлэнд юу нь тооцогдсон, хүүнд аль нь тооцогдсон нь тодорхойгүй надаас авсан авсан мөнгөө жагсааж бичээд гарын үсэг зуруулж байсан. Хэрэгт авагдсан баримтаар 13,000,000 төгрөгийн эргэн төлөлт нь 13,490,000 төгрөг төлсөн гэж байгаа. Төлөх ёстой дүнгээс 490,000 төгрөг илүү төлсөн байгаа боловч сөрөг нэхэмжлээгүй болно. 10,000,000 төгрөгийг бол зээлж аваагүй учраас шүүх дүгнээд гаргаад ирэх байх. Нийт 17,276,900 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэсгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны үүргээ төлөх үүрэгтэй гэдэг нь бол зээлийн төлөгдөөгүй хугацаанаас тооцож нөхөн олгохыг ойлгож байна. Харин төлөх хугацаа болон зээлийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан дарааллын дагуу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг нь төлнө, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх бололцоотой гэсэн байдаг. 13,000,000 төгрөгийг л авсан гэдэг, түүнийхээ 12,840,000 төгрөгийг зөвшөөрнө гэдэг нь бол 160,000 төгрөгийг нь Т.А эгчдээ хүү төлөх ёстой гээд авсан байдаг. Тиймээс зөвшөөрөхгүй байгаа, өөрөө авчихаад дунд нь баахан будилаан хутгаад, энэ талаар шүүхэд худал мэдүүлээд байгаа нь ойлгомжгүй байна. Хавтаст хэргийн 33 дугаар хуудаст байгаа 2017 оны 06 сарын 09-нд гаргаж өгсөн баримтанд Ц.Э нь өөрөө талыг нь буюу 7,000,000 төгрөгийг нь 7-10 хоногийн дотор төлнө, үлдсэн талыг нь 07 сарын 14-ны дотор төлж дуусна гэсэн байдаг. Энэ хугацаанаасаа 10,000,000 төгрөг гарч ирсэн. Тэгээд энэ 10 саяын асуудал дээр маргаан болоод зөвшөөрөхгүй гээд шүүхэд хандсан асуудал байдаг. Үндсэн зээлээ бол төлсөн байгаа, илүү төлөлт хийсэн бол хүүндээ тооцно байх гэсэн. 8,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг дээрээ бол хүү тооцуулахад асуудал байхгүй гэдэг. 10 саяын асуудал дээр бол Иргэний хуулийн 282.4-т мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн тохиолдолд зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэсэн байдаг тул энийг хуулийн дагуу шийдэж өгөөч гэж хүсэж байна. 8,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийн зээлээ хүлээн зөвшөөрдөг тул энэ хоёр зээлэндээ нэмэгдүүлсэн хүү, алдангийг бодуулахад татгалзах зүйл байхгүй гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Ц.Эд холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тус тус байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 18,442,410 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагчаас 17,276,900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч Т.Атай байгуулсан гурван зээлийн гэрээ байгаа боловч нийт 13,000,000 төгрөг зээлж, гэрээний үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Т.А, Ц.Э нар нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 8,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлэх, зээлдүүлэх тухай Зээлийн гэрээг тус тус байгуулж, нотариатаар баталгаажуулсан байна. /хх-5-7/

Нэхэмжлэгч Т.А, хариуцагч Ц.Э нарын хооронд мөнгө зээлж, зээлийг эргэн төлөх харилцаа байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ тохиролцоо нь тухайн үед зохигчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийлэл байсан байна. Энэ талаар зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Нэхэмжлэгч Т.А, хариуцагч Ц.Э нар нь мөнгө зээлж, зээлдүүлэхдээ бэлнээр өгч, авсан, зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтийг мөн бэлнээр өгч, авч, тооцоо хийж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 8,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг зээлэх, зээлдүүлэх гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрч байгаа боловч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 8,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг зээлж авсан, 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч мөнгийг аваагүй тул төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

Нэхэмжлэгч Т.А нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 8,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл 754,000 төгрөг, хүү 640,000 төгрөг, алданги 377,000 төгрөг, нийт 1,771,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл 2,194,000 төгрөг, хүү 400,000 төгрөг, алданги 1,180,490 төгрөг, нийт 4,014,490 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл 7,812,000 төгрөг, хүү 800,000 төгрөг, алданги 3,202,000 төгрөг, нийт 11,814,000 төгрөг үлдсэн ба зээлийн үлдэгдлийг нэгтгээд тооцоход үндсэн зээлийн нийт үлдэгдэл 10,760,000 төгрөг, нийт хүү 1,840,000 төгрөг, нийт алданги 4,676,900 төгрөг, нийт 17,276,900 төгрөгийг хариуцагч Ц.Эаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Зохигчид зээлийн гэрээний эргэн төлөлттэй холбоотой Зээл төлөх график гэсэн баримтыг үйлдэн, төлөлтийг дүгнэж байсан байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. Зээл төлөх график Э 4 сарын 25, 4 сарын 27-ны гэрээ гэсэн бичиглэл бүхий баримтанд 5 сарын 01-нд 240,000 төгрөг, 5 сарын 02-нд 66,000 төгрөг, 5 сарын 11, 12-ны өдөр тус бүр 195,000 төгрөг, 5 сарын 13-наас 5 сарын 30-ны өдөр тус бүр 306,000 төгрөг, 6 сарын 01-нээс 6 сарын 08-ны өдөр тус бүр 306,000 төгрөг, нийт 8,652,000 төгрөг төлсөн, Зээл төлөх график Э 5 сарын 10 гэсэн бичиглэл бүхий баримтанд 5 сарын 14-нөөс 5 сарын 25-ны өдөр тус бүр 60,000 төгрөг, 5 сарын 26-наас 5 сарын 30-ны өдөр тус бүр 142,000 төгрөг, 6 сарын 01-нээс 6 сарын 08-ны өдөр тус бүр 142,000 төгрөг, нийт 2,566,000 төгрөг төлсөн, Зээл төлөх график Э 5 сарын 24 гэсэн бичиглэл бүхий баримтанд 5 сарын 29-нд 100,000 төгрөг, 5 сарын 30-нд 168,000 төгрөг, нийт 268,000 төгрөг төлсөн, Зээл төлөх график Э гэсэн бичиглэл бүхий баримтанд 6 сарын 16-нд 200,000 төгрөг, 6 сарын 18-нд 200,000 төгрөг, 6 сарын 19-нд 200,000 төгрөг, 9 сарын 03-нд 154,000 төгрөг, нийт 754,000 төгрөг төлсөн гэж бичигдсэн байна. Төлбөр төлсөн талаарх эдгээр баримтын талаар зохигчид маргаагүй. /хх-34-37/

Зохигчид хүү, анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба зээлсэн мөнгөнд хүү тооцох, хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үндэстэй гэж үзнэ.

Зээлдэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлд 8,000,000 төгрөг, хүү 640,000 төгрөг, нийт 8,640,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлд 5,000,000 төгрөг, хүү 400,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлд 10,000,000 төгрөг, хүү 800,000 төгрөг, нийт 10,800,000 төгрөг үүрэгтэй байх бөгөөд зээлдэгч нь зээлдүүлэгчид нийт 12,240,000 төгрөгийг төлсөн байх тул уг мөнгийг зээлдэгчийн төлөх төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл, хүү, алдангийг тооцсон аргачлалаа төлбөр төлсөн баримтанд тулгуурлан 06 дугаар сараас өмнө өгснийг 8,000,000 төгрөгт тооцон, түүнээс хойш өгснийг нь дараагийн тооцоонд оруулан тооцсон гэх тайлбарыг гаргасан боловч зээлдэгч нь 09 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 154,000 төгрөгөөс бусад төлбөрийг 06 дугаар сард төлсөн байх тул нэхэмжлэгчийн тооцсон аргачлалаар зээлийн эргэн төлөлтийг тооцох үндэслэлгүй байна.

Хариуцагч Ц.Э нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,000,000 төгрөг, хүү 640,000 төгрөг, нийт 8,640,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд авагдсан баримтаар 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 8,652,000 төгрөгийг төлсөн нь /төлсөн 8,652,000 төгрөгөөс төлбөл зохих 8,640,000 төгрөгийг хасахад 12,000 төгрөг илүү төлөгдсөн/ тогтоогдож байх тул уг гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч Ц.Э нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 400,000 төгрөг, нийт 5,400,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд авагдсан баримтаар 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 2,566,000 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байх бөгөөд зээлдэгчийн өмнөх зээлийн төлбөрт төлсөн мөнгөний үлүү төлөлт болох 12,000 төгрөг, мөн хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд авагдсан баримтанд дурдагдсан 754,000 төгрөгийн төлөлтийг оруулан тооцож /2,566,000 төгрөг+12,000 төгрөг+754,000 төгрөг/ нийт 3,332,000 төгрөгийг төлсөн гэж тооцон уг зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл 2,068,000 төгрөг байна.

Хариуцагч Ц.Э нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 800,000 төгрөг, нийт 10,800,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд авагдсан баримтаар 100,000 төгрөг, 168,000 төгрөг, нийт 268,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул уг зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл 10,532,000 төгрөг байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн 3-т зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч Т.А нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар алданги нэхэмжилсэн байх бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл 2,068,000 төгрөгт алданги 1,034,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл 10,532,000 төгрөгт алданги 4,318,120 төгрөг байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ц.Эаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,600,000 төгрөг /2,068,000 төгрөг+10,532,000 төгрөг/, алданги 5,352,120 төгрөг /1,034,000 төгрөг+4,318,120 төгрөг/, нийт 17,952,120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ад олгох үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 17,276,900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,165,510 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Т.А, Ц.Э нарын хооронд хийсэн 10,000,000 төгрөг зээлсэн гэх гэрээг хүчингүй болгож өгнө үү... гэх тайлбарыг гаргасан боловч уг гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаагүй болно. Мөн шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...хүүгийн хэмжээг зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байна гэж үзэж байх тул зээлийн хүүг багасгуулах хүсэлтэй байна... гэх тайлбарыг бичсэн байх боловч шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад уг асуудлаар хүсэлт, тайлбар гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ц.Эаас 17,276,900 /арван долоон сая хоёр зуун далан зургаан мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,165,510 /нэг сая нэг зуун жаран таван мянга таван зуун арван/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 7 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Т.Ад буцаан олгож, хариуцагч Ц.Эаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 244,334 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Хариуцагч Ц.Э шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР