Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0400/З |
Дугаар | 128/ШШ2022/0872 |
Огноо | 2022-11-22 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2022/0872
2022 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 128/ШШ2022/0872 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Х****** ББСБ ХХК /РД:5******/
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хоорондын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******, иргэдийн төлөөлөгч Ц.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч:Х****** ББСБ ББСБХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 205 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Түргэний аманд 1.1 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 2015/186 дугаар гэрчилгээгХ****** ББСБ ББСБХХК-д олгожээ.
Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Х****** ББСБ ББСБХХК ХХК-ийн газар ашиглах эрхийг эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг анх Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 405 дугаар албан бичгээр мэдэж, анх 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. НэхэмжлэгчХ****** ББСБ ББСБХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...1/ Уг газарт аялал жуулчлалын чиглэлээр гадаадын компанитай хамтран үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах зөвшөөрөл авсан боловч дэлхий нийтэд тархсан ковид-19 цар тахлын улмаас тус төлөвлөсөн ажиллагааг явуулах болсон. Гэсэн хэдий ч манай компани гадаадын хуулийн этгээдтэй хамтран аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, газраа зориулалтын дагуу ашиглах сонирхолтой байгаа билээ.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12- ны өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" А/79 дугаар тушаалаарХ****** ББСБ-ын Түргэний аманд байрлах 1,1 га газрын ашиглах зөвшөөрлийг цуцалж, хүчингүй болгосон байх ба энэхүү шийдвэрийг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Х****** ББСБ-д 2021 оны 03 дугаар сарын 24-ний 405 дугаартай "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай" мэдэгдлийг хүргүүлжээ.
Тус мэдэгдлийг хүлээн авахаас өмнө Түргэний аманд байрлах ашиглах зөвшөөрөл бүхий 1,1 га газрын ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгон цуцалсан тухай Байгал орчны яамны сайдын тушаал гарсан талаар огт мэдээгүй ба манай байгууллагад ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй, сонсох ажиллагаа явагдаагүй тул Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулиудын холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
2/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд болохын хувьд тухайн байгууллага, албан тушаалтнаас гарч буй захиргааны үйл ажиллагаа нь хуульд нийцсэн, шаардлагыг бүрэн хангасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан байх шаардлагатай.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.У******* нь Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дугаартай шийдвэр гаргахдаа эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдийг тодорхойлох, сонсох ажиллагаа хийх боломжоор хангах ёстой байсан ба тусгай зөвшөөрөл дуусгавар болох гэж байгаа эсхүл дуусгавар болсон талаар "Х****** ББСБ-д мэдэгдэх ёстой байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 26.1- д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасны дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах заалтыг тус тус үндэслэн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох, энэ тухай бүртгэл хийх тухай шийдвэр гаргахдаа Х****** ББСБ-д мэдэгдэж, түүнийг сонсож, тайлбар мэдүүлэг аваагүй.
Иймд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12- ны өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" А/79 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байх ба тус тушаалыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...1/ Дээрх захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмуудыг тус тус зөрчсөн байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох заалтууд. Х****** ББСБ ХХК нь газар ашиглах эрхийн гэрчилгээг авсан. Өөрөөр хэлбэл эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох заалтыг үндэслээд газар ашиглах эрхийг цуцалсан гэж үзэж байна.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон 40.1.6-д заасан үндэслэлээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь захирамж гарган тухайн газрыг цуцлах үндэслэл байдаг.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хуулиар бүрэн эрх олгоогүй байхад өөрийн эрхээ хэтрүүлэн уг тушаалыг гаргасан байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэж байна.
2/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд тушаал гаргахдаа сонсох ажиллагааны журам зөрчсөн. Учир нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 405 дугаартай мэдэгдлийг Х****** ББСБ ХХК-д ирүүлсэн.
Уг мэдэгдлийг хүлээн авахдаа сайдын тушаал гарч, газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцалж байгаа тухай мэдсэн. Үүнээс өмнө сайдын тушаал гарсан талаар огт мэдээгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд болохын хувьд захиргааны шийдвэр гаргахынхаа өмнө эрх ашиг нь зөрчигдөж буй этгээдэд мэдэгдэх ёстой. Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж тус тус зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам сонсох ажиллагаа хийх ёстой байсан боловч хийгээгүй.
Хэрвээ сонсох ажиллагаа хийсэн бол Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалгаан байсан уу, байгаагүй юу гэдгийг тодруулах боломжтой байсан. Хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулалгүй газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
3/ Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн албан бичиг, Авлигатай тэмцэх газраас 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн 06/10620 албан бичгүүдээр Х****** ББСБ ХХК-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан хэрэг шалгагдаж байгаагүй.
Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаагүй гэдгийг өөрөө мэдэгдэж байна гэсэн холбогдох эрх бүхий байгууллагуудын албан тоот шүүхэд нотлох баримтаар ирсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6.1-т Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана гэж зааснаас үзвэл Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албаны мэдэгдлийг хүлээн аваад сайд газар ашиглах эрхийг хүчингүй болгох эрхгүй байсан.
Харин цуцлах арга хэмжээ авах боломжтой байсан гэж үзэж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд захиргааны шийдвэр гаргахдаа урьдчилсан нөхцөл, сонсох ажиллагааг хангах зарчмуудыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүй байгаа тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А79 дугаар захирамжийн Х****** ББСБ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
Сонсох ажиллагааны гол агуулга нь эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд албан тоотыг хүргүүлэх. Гэтэл албан тоотыг Х****** ББСБ ХХК нь хүлээж аваагүй, нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн тухай баримтыг яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл яамнаас манайд үүнтэй холбоотой бүртгэл байхгүй гэдэг тайлбарыг хэлсэн. Монгол шуудангаас манайд хүргүүлсэн бүртгэл байгаа эсэхийг тодруулахаар шаардахад бүртгэл байхгүй гэх баримт ирсэн. Иймд сонсох ажиллагааг хуулийн дагуу хийсэн гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон шүүхэд өгсөн баримтууд хоорондоо зөрүүтэй байна. Сонсох ажиллагаа хийгээгүй болох нь нотлогдож байна гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М****** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 1/ Нэхэмжлэгч Х****** ББСБ ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А266 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон. 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр газар ашиглах эрх дууссан.
Нэхэмжлэгч компани хуульд заасан хугацаанд Газрын тухай хуульд зааснаар эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө газар ашиглах эрх сунгуулах хүсэлтээ гаргаагүй тул газар ашиглах эрхгүй этгээд гэж үзэж байна.
2015 оны 7 сард газар ашиглах эрх олгосон. Үүнтэй холбоотой Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2001 оны 218 дугаартай тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах түр журам байдаг. Журмын 2 дугаар хавсралтын 3.4-т газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан иргэн аж ахуй нэгж байгууллага гуравласан гэрээг 3 сарын хугацаанд байгуулж, тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраар батлуулсан байна гэж заасан. Уг журам нь нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт.
Уг сайдын тушаал 2022 оны 6 дугаар сард хүчингүй болсон боловч тухайн үед хүчинтэй байсан. Нэхэмжлэгч компани газар ашиглах эрх үүргээ хэрэгжүүлэхээр гуравласан гэрээг байгуулж, байгаль орчны хороогоор батлуулснаар үйл ажиллагаа явуулах эрх нь үүсэх байсан.
Гэтэл Богдхан уулын хамгаалалтын захиргаа болон мөн Хан-Уул дүүргийн Засаг даргатай гуравласан гэрээг байгуулах хүсэлт гаргаж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Гуравласан гэрээг байгуулснаар төлбөр төлөгддөг. Гуравласан гэрээг байгуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа гэрээнд заасны дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх хуулийн шаардлагыг зөрчсөн. Нэхэмжлэгч компани нь 5 жил үйл ажиллагаа явуулаагүй, мөн газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй.
2/ Сайд бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, журамд заасны дагуу тушаал гаргадаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах нэгдсэн удирдлагаар хангах гэж заасан.
3/ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газар эзэмшиж байгаа этгээдийн гэрчилгээг цуцлах асуудал яригдана гэж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан.
4/ Тэгэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан заалтыг үндэслэх эрх нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад байгаа. Сонсох ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалт, бүс нутгийн удирдлагын газрын 2020 оны 11 дүгээр сард 10/7593 албан бичгээр нэхэмжлэгч компанид мэдэгдсэн.
Гэхдээ монгол шуудангаас дээрх баримт бүртгэгдээгүй байна гэх агуулгатай албан бичиг ирсэн. Сонсох ажиллагаа хийсэн боловч нэхэмжлэгч компанийн зөрчил арилахгүй гэж үзэж байна.
Яагаад гэвэл газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, 5 жилийн дараа бөөнд нь төлнө гэсэн асуудал байхгүй. Үйл ажиллагаа явуулаагүй, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа.
5/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.Х****** ББСБ ХХК нь газрын төлбөртэй холбоотой асуудлаар маргахгүй, үйл ажиллагаа явуулаагүй талаараа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
6. Шүүх хуралдаан оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.А******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй, хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол газар ашиглах эрхийг цуцлах нь зөв байх. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч компанийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгч уг тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээ Байгал орчны яамны сайдын тушаал гарсан талаар огт мэдээгүй ба манай байгууллагад ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хуулиар бүрэн эрх олгоогүй байхад өөрийн эрхээ хэтрүүлэн уг тушаалыг гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулаагүй,Х****** ББСБ ХХК-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан хэрэг шалгагдаж байгаагүй.. гэж тодорхойлсныг хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгч компани газраа ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, гурвалсан гэрээ байгуулаагүй, Сайд бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, журамд заасны дагуу тушаал гаргадаг, нэхэмжлэгч, газрын төлбөртэй холбоотой асуудлаар маргаагүй, үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдсон гэж тайлбарлан эс зөвшөөрч маргав.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; 37 дугаар зүйлийн 1-д Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна, 2-т Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана, 2.2-т газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно, мөн зүйлийн 1.1-д Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд Газар эзэмших эрх дуусгавар болох гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж тус тус заасан.
Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох эрх бүхий этгээд болохын хувьд Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлийг үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгох эрхтэй бөгөөд энэ үндэслэлээр ...Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хуулиар бүрэн эрх олгоогүй байхад өөрийн эрхээ хэтрүүлэн уг тушаалыг гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компанид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/266 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний ам нэртэй газар 1.1 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг таван жилийн хугацаатайгаар олгож, улмаар газар ашиглах эрхийн гэрчилгээг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр олгосон байх боловч нэхэмжлэгч нь ийнхүү гэрчилгээ авснаас хойш газар дээрээ тодорхой үйл ажиллагаа явуулаагүй, үйл ажиллагаа явуулахаар төрийн захиргааны байгууллагуудад зохих журмын дагуу хандаж байсан үйл баримт ч тогтоогдохгүй байна.
Мөн шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээс нэхэмжлэгч нь өөрийн ашиглах эрх бүхий тухайн газраа зориулалтын дагуу ашиглахын тулд тус компанийн зүгээс ямар нэг идэвхтэй үйлдэл хийж байгаагүй нь тогтоогдсон бөгөөд энэ нөхцөлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ашиглаж чадаагүй... гэх тайлбар үндэслэлгүй, тухайн тайлбарыг нотлох баримтуудыг шүүхэд ч ирүүлээгүй тул уг тайлбараар нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх хууль зүйн боломжгүй.
Нөгөө талаар нэхэмжлэгч Х****** ББСБ ХХК болон эрх бүхий захиргааны байгууллагуудын хооронд Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч нь гэрээг байгуулах талаар эрх бүхий байгууллагуудад хүсэлт гаргаж байгаагүйн дээр нэхэмжлэгч компани нь газрын төлбөрөө огт төлөөгүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1732 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 16/1468 тоот албан бичгээр тус тус тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид тухайлан үндэслэл дурдаж маргаагүй.
Иймд хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-з/5988 тоот албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргийг үндэслэсэн, уг саналд нэхэмжлэгч байгууллагыг газрын төлбөрөө төлөөгүй, газраа зориулалтын дагуу, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй зөрчилтэй болохыг тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн, Авлигатай тэмцэх газраас 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн 06/10620 дугаар албан бичгүүдээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдан шалгагдаж байгаагүйг тодорхойлсон гэх үндэслэл дурдан маргасан боловч энэ нь тус компанийн газар ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын талаархи захиргааны маргаанд нотолгооны ас холбогдолгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна. гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно, гэж тус тус заасан.
Хэрэгт цугларсан нотлох баримт болох, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 405 тоот албан бичгээр Х****** ББСБ ХХК-д газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт гарсныг, мөн тус яамны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/7593 тоот албан бичгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захиргааны акт гарах гэж байгаа талаар мэдэгдэл гаргасан байх боловч Монгол шуудангийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09/880 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Х****** ББСБ ХХК-д /РД:5******/ хаяглагдсан 10/7593 дугаар албан бичгийг манай байгууллагаар дамжуулан хүргүүлээгүй гэж тодорхойлсон болно.
Үүнээс үзвэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захиргааны акт гарах гэж байгаа талаархи мэдэгдлээ зохих журмын дагуу хүргүүлээгүй, энэ талаар нэхэмжлэгчийн ...Байгал орчны яамны сайдын тушаал гарсан талаар огт мэдээгүй ба манай байгууллагад ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэх тайлбар үндэслэлтэй хэдий ч энэ нөхцөл байдал нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.А*******ээс ...газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй, хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол газар ашиглах эрхийг цуцлах нь зөв гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй, шүүхийн энэ шийдвэрээр хангагдаж байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1-ийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус заасныг баримтланХ****** ББСБ ХХК-иас Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ