Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2017/01145

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2017/01145

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г и ХХК-д холбогдох,

 

Барилгын материал нийлүүлэх гэрээний үүрэгт 139.108.543 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...Н т ХХК-ийн Номин стандарт салбар нь Г г ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ST/15/40 тоот Барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу нийлүүлсэн барааны үнэ болох 218.238.000 төгрөгийг Г г ХХК 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусгах байсан боловч үлдэгдэл 94.372.461 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд барааны үнэ болох 92.739.029 төгрөг, ST/15/40+1 гэрээний 2.2.4 заалтын дагуу хугацаа хэтэрсний алданги 46.369.514 төгрөг, нийт 139.108.543 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай компанийн хэрэгжүүлж буй Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Батлан хамгаалах их сургууль орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний ээлжийн орон сууцны барилгад 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ST/15/40 тоот барилгын материал нийлүүлэх гэрээг Н т ХХК-тай байгуулсан. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 92.739.029 төгрөгийг өнгөрсөн хугацаанд төлж барагдуулаагүйгээс нийлүүлэгч болох Н т ХХК-аас шүүхэд дээрх асуудлаар нэхэмжлэл гаргасан байна. Г г ХХК-ийн хувьд Н т ХХК-тай 2011 оноос хойш тасралтгүй харилцаатай ажилласан бөгөөд манай компанийн бүтээн байгуулсан олон төслүүдэд хамтран ажилласан түнш байгууллагуудын нэг юм. Гэрээний үлдэгдэл төлбөр болох 92.739.029 төгрөгийн төлбөр тооцоог график гарган төлж барагдуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэж, эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н т ХХК нь хариуцагч Г г ХХК-д холбогдуулан барилгын материал нийлүүлэх гэрээний үүрэгт 139.108.543 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Г г ХХК нь барааны үнийн үлдэгдэл 92.739.029 төгрөгийг маргахгүй, алдангийн нэхэмжлэх өгч байгаагүй учир зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Н т ХХК нь хариуцагчид 406.476.001 төгрөгийн үнэ бүхий 22 төрлийн барилгын материал нийлүүлэх, хариуцагч Г г ХХК нь барилгын материалын үнийн 50 хувийг бэлнээр, 50 хувийг орон сууцаар төлөхөөр тус тус харилцан тохиролцсон ба гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээ байгуулагдсан талаар талуудын маргаангүй байна /хх-5-7/. Мөн талууд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт гэрээ байгуулжээ /хх-8/.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээнд заасан барилгын материалыг бүрэн шилжүүлсэн, мөн хариуцагч хүлээн авсан барааны үнээс 92.739.029 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон ба маргаангүй байна.

 

Харин хариуцагч алдангийн нэхэмжлэх, хүсэлт манайд ирүүлж байгаагүй, алдангийн тооцоог зөв гаргахгүй байна гэж маргажээ.

 

Барилгын материал нийлүүлэх гэрээний 4.2.7 дахь хэсэгт захиалагч тал тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй, орон сууцыг хугацаандаа ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор тохиролцсон, мөн нэмэлт гэрээгээр алдангийн хэмжээг 0.1 хувь болгон багасгасан байх ба эдгээр нөхцөл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч гэрээний нөхцлийн дагуу хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

 

Нэмэлт гэрээний 2.2.2 дахь хэсэгт гэрээний үлдэгдэл төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон ба нэхэмжлэгч алдангийг уг хугацаанаас эхлэн нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож, үндсэн төлбөрийн 50 хувиар 46.369.514 төгрөг нэхэмжилж байна.

 

Хариуцагч нь дээрх төлбөр төлөх хугацаанаас эхлэн нэхэмжлэл гаргах хүртэл нийт 396 хоногийн хугацаа хэтрүүлсэн байх ба нэг хоногт 92.739 төгрөг /92.739.029*0.1%/, нийт 36.724.644 төгрөг /396*92.739/ тооцогдох үндэстэй.

 

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Г г ХХК-аас барааны үнийн үлдэгдэл 92.739.029 төгрөг, алданги 36.724.644 төгрөг төгрөг, нийт 129.463.673 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н т ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г г ХХК-аас 129.463.673 /нэг зуун хорин есөн сая дөрвөн зуун жаран гурван мянга зургаан зуун далан гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.644.870 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 853.493 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн тоот данснаас илүү төлсөн 507 төгрөг, хариуцагч Г г ХХК-аас 805.268 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н т ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА