| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2018/04100/И |
| Дугаар | 101/ШШ2019/00159 |
| Огноо | 2019-01-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2019/00159
| 2019 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 101/ШШ2019/00159 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин байрлах Н И ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин байрлах З Т ХХК/регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Зээлээр худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 12,717,039 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Новатек ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Новатек ХХК (хуучин нэрээр Н******* ХХК) нь 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн НИ-ЗГ/13-32 тоот Зээлээр бараа худалдах-худалдан авах гэрээ-г хариуцагч З Т ХХК-тай байгуулж ажилласан болно.
Хариуцагчид гэрээгээр 10,148,543 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөдөлгүүрүүдийг зээлээр 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн баримтаар нийлүүлсэн болно. Барааны төлбөрөөс 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2,120,501 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл төлбөр 8,028,042 төгрөг байна.
Гэрээний 2.1-д Зээлээр авсан барааны үнийг 2013.07.01-2013.12.31-ний өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулна гэж, гэрээний 3.2-т Зээлийн сарын хүү 2 хувь байна гэж тус тус заасан.
Үндсэн төлбөр 8,028,042 төгрөг, хүү 674,976.11 төгрөг, нийт 8,703,018.46 төгрөгийг төлөөгүй.
Гэрээний 4.6-д худалдан авагч гэрээгээр тохиролцсон барааны төлбөр 10,148,543 төгрөгийг гэрээнд заасан хүү, алдангийн хамт худалдагч талд эргүүлэн төлнө гэж, мөн гэрээний 4.7-д худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги төлнө гэж заасан байна.
Иргэний хуулийн 232.4-т зааснаар гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги гаргуулна.
Хариуцагч З Т ХХК-иас нийт 12,717,039 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно уу гэв.
Хариуцагч З Тд ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Бид хөдөлгүүрийг худалдаж авсан бөгөөд мөнгийг өгч чадахгүй удаж байгаад уучлал хүсье. Бид ажил олдохгүй хэцүү байгаа тул нэхэмжилсэн хүү, алдангийг өгч чадахгүй байна. Үндсэн үлдэгдэл 8,028,042 төгрөгийг бэлнээр болон эд хөрөнгөөр эсхүл хөдөлгүүрийг тоо ёсоор нь буцааж төлөх хүсэлтэй байна. Шинэ оны дараа ажил олж хийвэл дээрхи мөнгийг өгч нэхэмжлэгчийг хохиролгүй болгоно. Одоо 5-6 сарын хугацаа өгч туслана уу гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н И ХХК нь З Т ХХК-д холбогдуулан, зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 21,808,805 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 12,717,039 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан, 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Н******* ХХК болон З Т ХХК-ийн хооронд байгуулагдсан, НИ-ЗГ/13-32 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, нийт 10,148,543.80 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг цахилгаан хөдөлгүүрийг Н******* ХХК-иас З Т ХХК-д хүлээлгэн өгсөн Зарлагын баримт, Н******* ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Н И ХХК болж нэрээ өөрчлөн улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 001603916 дугаартай лавлагаа, гэрээний үүрэгт 2,120,501.47 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн тухай Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, зохигч талуудын тайлбар зэргээр хариуцагч З Т ХХК нь нийт 12,717,039 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.
Тодруулбал, Зээлээр худалдах-худалдан авах тухай 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн НИ-ЗГ/13-32 дугаартай гэрээний 2.1-д Зээлээр авсан барааны үнийг 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулна., гэрээний 3.1-д энэхүү гэрээгээр хавсралтад заасан барааны нийт үнэ нь 10,148,543.80 төгрөг байх ба энэхүү үнэд НӨАТ орсон болно, гэрээний 3.2-т зээлийн сарын хүү 2 хувь, гэрээний 4.7-д худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн анз /торгууль, алданги/ хүлээнэ гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4-т тус тус заасантай нийцжээ.
Хариуцагч З Т ХХК нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар, нэхэмжлэгч талд хэлэлцэн тохирсон үнийг гэрээнд заасан цаг хугацаанд төлөх, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алданги төлөх үүргийг хүлээнэ.
Нэхэмжлэгч нь нийт 21,808,805 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хүүгийн тооцооллыг залруулсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 12,717,039 төгрөг гаргуулахаар шаардсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 12,717,039 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч З Т ХХК-иас 12,717,039 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н И ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,000 төгрөгийн 266,994 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 6 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас буцаан гаргуулж, хариуцагч З Т ХХК-иас 218,422 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н И ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА