Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/39

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Э.Оюусүрэн,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Д.Батлхагва, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Боржигин овогт Доржпүрэвийн Батлхагвад холбогдох эрүүгийн 201708000069 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигин овогт Доржпүрэвийн Батлхагва /РД:ЕЙ80121911/, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1980 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Лүнгийн 26 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллагдагчаар татах тогтоолд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Д.Батлхагва нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг, Зараагийн гудамжинд 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус сумын харъяат Т.Батмөнхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Батлхагва нь согтуугаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг, Зараагийн гудамжинд 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр  Т.Батмөнхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож бие махбодид нь зүүн дээд, доод зовхи, хамрын үзүүрт зулгаралт, зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Д.Батлхагва хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 05 дугаар сарын 13-ны өглөө нэг газарт хамт ажиллаж байсан Батмөнхийн гэрт 07 цаг өнгөрч байхад Батмөнхтэй нэг шил 0,75 литрийн Ерөөл архи авч хоёулаа хувааж уугаад  салаад явсан. Батмөнх гэртээ үлдсэн. Батмөнх бид хоёр гэрт нь хамт архи хувааж уухдаа хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Тухайн өдрөө 13 цагийн орчим би Зараагийн гудамжинд явж байсан чинь Алтанцоож, Батмөнх хоёртой таараад тэндээ нэг шил 0,5 литрийн Ерөөл архи хувааж уугаад сууж байсан чинь Батмөнх над руу агсраад муу пиздаа гэж хэлснээс болж бид 2 хоорондоо маргалдаж байгаад би гэрийнхээ жижиг цагаан өнгийн түлхүүрийг оосорноос нь барьж байгаад Батмөнхийн толгой руу шавхарсан. Батмөнхийн толгойг харсан чинь толгойн орой хэсэгтээ жаахан хагарсан цус гарч байсан. Тухайн үед Батмөнхтэй надаас өөр маргалдаж муудалцсан хүн байхгүй. Батмөнхийн биед надаас өөр гар хүрсэн цохисон зодсон хүн байхгүй. Батмөнх намайг пизда гэж хэлснээс болж бид хоёр маргалдаж байгаад уурандаа түүний толгой руу гартаа барьж байсан гэрийн жижиг түлрүүрээр толгой руу нь 2-3 удаа шавхарснаа санаж байна. Тэгтэл Батмөнх босч ирээд намайг бариад авсан. Тэгээд Батмөнх бид хоёр зууралдаатай газар унахад би Батмөнхийн дээр нь тусч унасан. Тэр үед Алтанцоож Батмөнх бид хоёрыг салгасан. Би Батмөнх, Алтанцоож нараас салаад удалгүй цагдаад баригдаж ирээд согтуурал шалгадаг багажаар шалгуулахад 1,97 гэсэн тоо гарч байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Батмөнхийн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Батмөнх намайг цохисон зодсон асуудал байхгүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Би архи ууснаасаа болж Батмөнхтэй маргалдаж муудалцан түүнийг зодсондоо маш их гэмшиж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33, 36 хуудас/

 

2. Хохирогч Б.Батмөнх хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хамт ажилладаг Батлхагватай нэг шил архи хувааж уугаад салсан. Тэгээд би гэртээ унтаж байгаад сэрсэн чинь хамт ажилладаг Алтанцоож над руу залгаад манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Би Алтанцоожийн гэр лүү очсон чинь Алтанцоож гэртээ нэг найз нь гээд эрэгтэй хүний хамт байж байсан. Тэндээ бид 3 нэг шил Ерөөл нэртэй 0,75 литрийн архи байсныг хувааж уугаад Алтанцоожийн гэрээс гараад дэлгүүр орж би нэг шил 0,75 литрийн Ерөөл архи авч Алтанцоож бид 3 авсан архиа гудамжинд хувааж уусан. Би тэр архийг уугаад согтсон байсан. Батлхагва надад хэлэхдээ намайг газар сууж байсан чинь Батлхагва над руу ирэхээр нь өөдөөс нь пиздаа гэж хараалын үг хэлсэн. Тэгтэл Батлхагва гартаа барьж байсан түлхүүрийн оосорноос нь барьж байгаад миний толгой руу цохисон чинь миний толгойноос цус гарч байхаар нь Алтанцоож намайг манай гэрт хүргэж өгсөн гэж хэлсэн. Би ер нь яг юу болсон юунаас болж Батлхагвад зодуулсан талаараа өөрөө санахгүй байгаа. Бид хоёрт урьд өмнө нь болон тухайн өдөр маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Тухайн үед би согтуудаа Батлхагвад хандан хараалын үг хэлснээс болж бид хоёр маргалсан юм байна лээ. Миний хувьд Батлхагвын өмнөөс цохисон зодсон болон гар хүрсэн асуудал байхгүй байсан гэсэн. Миний хувьд Батлхагвад хандан гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/

 

3. Гэрч С.Алтанцоож хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчим Батмөнх рүү утсаар залгаад манай гэрт хүрээд ир гэж дуудсан чинь Батмөнх ирсэн. Бид хоёр манай гэрт 1 шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уугаад манай гэрээс гараад Зараагийн гудамжинд очоод Батмөнх нэг шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архи аваад тэр архиа бид хоёр Зараагийн гудамжинд уугаад сууж байсан чинь Батлхагва ганцаараа ирээд тэр архийг хувааж уулцсан бөгөөд архи уугаад сууж байхдаа Батмөнх нэлээн согтоод Батлхагва руу муу пиздаа гэж хэлснээс болоод тэр хоёр уулзая гээд надаас жаахан холдоцгоосноо хоорондоо барилцаж аваад газар унасан. Тэр үед Батлхагва Батмөнхийн дээр нь гараад унаж байгаа харагдсан. Би очоод татаад салгасан чинь Батлхагва гартаа жижиг цагаан түлхүүрийн оосорноос нь унжуулаад барьсан байснаараа Батмөнхийн толгой руу 2-3 удаа шавхарсан бөгөөд үүнээс өөр зүйл болоогүй. Батмөнхийн толгойноос цус гарч байхаар нь Батлхагвыг явуулчихаад Батмөнхийг гэр лүү нь хүргэж өгөхөд гэрт нь Батмөнхийн эхнэр байсан. Намайг Батмөнхийг гэрт нь хүргэж өгөхөд эхнэр нь хэнд зодуулсан талаар асуухад би Батлхагватай муудалцсан гэдгийг нь хэлээд гараад явсан. Намайг Батмөнхийг хүргэж өгөөд явснаас хойш түүний эхнэр нь цагдаад дуудлага өгсөн байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/

 

4. Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 188 тоот дүгнэлтэнд: Т.Батмөнхийн биед зүүн дээд, доод зовхи, хамрын үзүүрт зулгаралт, зулайн хуйханд шарх бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /х.х-ийн 24 хуудас/

  

5. Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 197 тоот дүгнэлтэнд: Д.Батлхагвын биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /х.х-ийн 28 хуудас/

 

6. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 12-15 хуудас/

 

7. Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /х.х-ийн 16-19 хуудас/

 

8. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 37 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Д.Батлхагвыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Гэвч хохирогч Б.Батмөнх нь шүүгдэгч Д.Батлхагватай сайн дураар эвлэрч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж эвлэрлийн гэрээг бичгээр үйлдсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасныг журамлан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201708000069 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Батлхагвыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Батлхагва нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн туузан оосортой 1 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284,  286,  294, 295-297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Доржпүрэвийн Батлхагвыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасныг журамлан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201708000069 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Батлхагвыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Батлхагва нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн туузан оосортой 1 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батлхагвад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.БАТТУЛГА