Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 263

 

МАГАДЛАЛ

 

2019.02.11                                                 Дугаар 263                                    Улаанбаатар хот

 

 

 

 

А П И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/03802 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А П И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Б, Д.Н нарт холбогдох,

 

26 871 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 34 608 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч С.Б-ны гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.П,

Хариуцагч: С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Отгонтамир нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: С.Б , түүний эхнэр А П И ХХК-ийн нягтлан бодогч Д.Н нар нь А П И ХХК-ийн нэр, тамга тэмдгийг ашиглан ашиг орлого олсон байдаг. Дээрх үйлдэл нь илэрч С.Б, Д.Н нар нь А П И ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч А.Б нар харилцан тохиролцож 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 009/01 тоот гэрээ байгуулан харилцан үүрэг хүлээсэн. 2017 оны 9 дүгээр сарын 04-нд 15 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-нд 20 000 000 төгрөг, нийт   35 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон бөгөөд 7 000 000 төгрөг, 1 400 000 төгрөг,                3 000 000 төгрөг, нийт 11 400 000 төгрөгийг өгсөн болно. Мөн С.Б, Д.Н нар нь өөрсдийн үйлдлийн улмаас гарсан татвар хураамжийг төлөхөөр тохиролцсон бөгөөд татвар, нийгмийн даатгалд 3 271 000 төгрөгийг А П И ХХК төлөөд байна. Иймд харилцан тохиролцсон 35 000 000 төгрөгийн үлдэгдэл болох 23 600 000 төгрөг, татвар, нийгмийн даатгалд төлсөн 3 271 000 төгрөг, нийт 26 871 000 төгрөгийг С.Б, Д.Н нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: А П И ХХК-ийн нэр дээр 2012 оны 5 дугаар сард тусгай зөвшөөрлийг авсан ба тухайн компани нь ямар нэгэн ажил үйлчилгээ огт хийгээгүй дүрмийн сандаа 20 000 төгрөгийн хөрөнгөтэй байсан. А П И ХХК-ийн захирал А.Б танил тал муутай учир цахилгааны ажил олж хийж чадахгүй мөн намайг тэтгэвэрт гарах дөхсөн цаашид танд ч хэрэгтэй гэдгээр ятгаж, намайг А П И ХХК-ийн нэр дээр ажил олж хийж компаний үйл ажиллагааг жигдрүүлж өгөөч гэж гуйсан. Ингэхдээ миний эхнэр Д.Н-г баланс тооцоо гаргаж бай гэж хэлээд Голомт банк дээр очиж гарын үсгийн баталгааг албан ёсоор өгч байсан. Би 2013 оны 3 дугаар сараас анхны ажлаа олж захирал А.Б-д хэлж, хамт явж захиалагч байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байсан. Анхны ажлаас эхлээд 2014 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд хийсэн ажлуудыг С.Б  би өөрөө бүрэн хариуцаж, туслах ажилчид авч, цалинжуулж албан ёсоор тайлан гаргаж тайлантай холбоотой татвар, нийгмийн даатгалын шимтгэл бусад өр авлагыг бүрэн барагдуулан ажиллаж байсан. А П И ХХК-ийн захирал А.Б нь Эрчим хүчний хөгжлийн төвд хяналтын инженер ажилтай болсон цагаасаа хойш би завгүй ажил ихтэй байна та өөрөө хариуцаад хийж бай гээд тус компаний гэрчилгээ, тусгай зөвшөөрөл тамгыг надад өгсөн. Ингэж ажиллаж байхдаа бид ямар нэгэн гэрээ байгуулаагүй, ажилд авсан тухай тушаал шийдвэр гаргаж цалин өгч, нийгмийн даатгалын шимтгэл ч төлж байгаагүй бид нэг нэгэндээ бүрэн итгэж, хийсэн ажил бүрийн ашгаас би захирал А.Б-д тохирсон, хэлсэн хувийг өгч ирсэн болно. Ер нь бид ярихдаа ашгаа 2 хувааж авч байхаар тохиролцсон. А П И ХХК-ийн нэр дээр хийгдсэн ажлууд, үүнээс захирал А.Б-д өгсөн ашгийн үнийн дүнг тус бүрт нь жагсаавал, 2013 оны 3 дугаар сарын 16-нд Э С Э компаний Америк элчингийн 260 айлын орон сууцны барилгын гадна цахилгааны ажлаас А.Б өөрөө Голомт банкны харилцах данснаас 5 000 000 төгрөг хувьдаа авсан, ажлыг хийж дуусгаад ашгаас нь 10 000 000 төгрөг бэлнээр өгсөн, 2013 оны 9 дүгээр сард Худалдаа хөгжлийн банкны ажлаас 8 000 000 төгрөг бэлнээр өгсөн гэрчлэх хүмүүс байгаа, 2013 оны 12 дугаар сард У Ш ХХК-ийн барилгын гадна цахилгааны ажлаас VОХҮ маркийн найман хүний суудалтай микро автобусыг 11 000 000 төгрөгт тооцож өгсөн, 2014 оны 7 дугаар сарын 24-нд 3 500 000 төгрөг Голомт банкны дансаар баримт байгаа, 2014 оны 9 дүгээр сард 8 500 000 төгрөгийн үнэтэй трансформатор өгсөн өөрөө 3 дугаар хорооллын хашаанаас авч явсан, 2016 оны 01 дүгээр сарын 25-нд 1 000 000 төгрөг Төрийн банкны дансанд нь хийж өгсөн, 2016 оны 10 дугаар сарын 13-нд 700 000 төгрөг А.Б өөрөө Голомт банкны данснаас авч хувьдаа ашигласан, 2017 оны 9 дүгээр сарын 05-нд 7 000 000 төгрөг Голомт банкны А.Б-ын хувийн дансанд нь хийж өгсөн, 2017 оны 9 дүгээр сарын 21-нд өмгөөлөгч Б.П-гийн Хаан банкны хувийн дансанд нь 1 400 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 25-нд өмгөөлөгч Б.П-гийн Хаан банкны хувийн дансанд 3 000 000 төгрөг, нийт 59 100 000 төгрөгийн ашгийг өгсөн ба энэ талаар захирал А.Б маргаагүй болно. 2015 оны 9 дүгээр сараас ажил олдоогүй бөгөөд 2016 оны 01 дүгээр сараас А П И ХХК-ийн тамга гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг хүлээлгэн өгсөн, хамтран ажиллахаас бүрэн татгалзсан. Үүнээс хойш огт холбогдолгүй байж байснаа 2017 оны 8 дугаар сарын 17-нд Баянгол дүүргийн цагдаад А П И ХХК-ийн тамга, гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг ашиглаж, их хэмжээний хохирол учруулж завшсан гэх үндэслэлээр гомдол гаргасан. Тэгээд А П И ХХК-ийн захирал А.Б-тай уулзахад одоо энэ залилангийн хэрэг болж байна эрүүгийн хэрэг үүсгэчихсэн та надад мөнгө өгөх ёстой 35 000 000 төгрөг өгвөл би гомдлоо татаж авлаа гэж хэлсэн. Хэд хоногийн дараа бид хоёрыг уулзая гэж дуудаад таньдаг нотариатч дээрээ дагуулан очиж гэрээ байгуулна, энэ гэрээн дээр гарын үсгээ зур гэж дарамталж, айлган сүрдүүлж байгаад гарын үсэг зуруулсан. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний гэрээн дээр Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өгсөн өргөдлөө татаж авна гэж л байсан. Нотариатаас гарсны дараа та энэ ард нь иргэний үнэмлэхнүүд хуулбарлаж нотариат баталсны доор гарын үсгээ зур регистрийн дугаар, утасны номероо бич гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Одоо шүүхэд ирүүлсэн гэрээний ард 35 000 000 төгрөгийг тэдэнд өгнө гэсэн хуваарь бичсэн байна энэ зүйлийг би мэдэхгүй уншиж байгаагүй өөрсдөө нэмж бичсэн байна. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 5-нд бид гэрээ байгуулж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б, Д.Н нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 9 дүгээр сараас ажил олдоогүй бөгөөд 2016 оны 01 дүгээр сараас А П И ХХК-ийн тамга гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг хүлээлгэн өгсөн, хамтран ажиллахаас бүрэн татгалзсан. Дээрхи ажиллаж байх бүх хугацаанд олсон цэвэр ашиг нь 48 983 000 төгрөг болсон бөгөөд энэ ашгийг 2 тэнцүү хуваахад 24 491 500 төгрөг тус тус авах ёстой ашиг байсан. Гэтэл А.Б нь 59 100 000 төгрөгийг өнөөдрийн байдлаар ашиг гэж авсан ба 34 608 500 төгрөгийг үндэслэлгүйгээр биднээс авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж илүү авсан 34 608 500 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд А П И ХХК-ийн захирал үүсгэн байгуулагч А.Б-аас 34 608 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А П И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн С.Б , А.Б нарын хийсэн гэрээ байдаг. Гэтэл татвараас залгахаар нь анх мөнгө орж ирсэн гэдгийг мэдсэн. Энийг шүүгээд үзэхэд 800 000 000 төгрөгийн асуудал гарсан тул энэ асуудал үүссэн. Хариуцагч нар нь энэ талаар хэлэхгүй, утсаа хаасан байсан тул цагдаад хандсан байдаг. Нотлох баримтаар өгсөн байгаа Худалдаа хөгжлийн банктай байгуулсан гэрээнд дээр А П И ХХК-ийн захирал С.Б  гэж байгаа. Гэтэл А.Б гэх хүнд ямар ч ашиг гэх зүйлийг өгөөгүй. Дансны хуулга дээр байгаа зардал нь дандаа Д.Н-гийн нэрээр гарсан. Тэр хугацаанд А.Б хоёр удаа л мөнгө авсан. Тэгээд энэ талаарх асуудал Худалдаа хөгжлийн банкны гэрээн дээр очих юм бол асуудал нь хүндэрнэ гэсэн. А.Б 15 хувийг зөвшөөрнө гэхэд буулт хийгээч 800 000 000 төгрөгийн борлуулалтаа 700 000 000 төгрөг болгоё. 700 000 000 төгрөгийн 10 хувийг ашиг гэж үзье. Тэгээд л энэ асуудлыг цэгцлье гээд гэрээ байгуулсан. Хариуцагч талын гаргаж өгсөн баримтын ар талд яагаад гарын үсэг зуруулаагүй вэ гэвэл С.Б  өөрөө баталгаажуулсан болохоор зуруулаагүй. Өмнө нь 2013 онд ажил хийгээд, учраа олоод явж байсан. 2017 оны 01 дүгээр сард гэрээнд заасан 6 ажил дууссаны дараа тамгаа хүлээлгэж өгсөн. Тэрийг С.Б  бичээд зурсан байгаа. 700 000 000 төгрөгийн борлуулалт байна. Ийм асуудал үүссэн тул ашгаа хоёр хуваая гэж тохирсон. Уг нь компанийн хувьцаа эзэмшигч биш хүн компанийн ногдол ашгийг хуваах эрх хуулиар байхгүй. Зүгээр 700 000 000 төгрөгийн борлуулалт гарсан юм чинь 208 000 000 төгрөгийн ашиг нь 28 000 000 төгрөг байдаг тул үүний 50 хувийг А.Б-д өгье. Шийдвэр гүйцэтгэх байгууллагатай 300 000 000 төгрөгийн гэрээ хийсний ашиг нь 30 000 000 төгрөг байдаг. 50 хувийг нь А.Б-д өгье. Энэ хугацаанд А.Б ажилд ороод явсан юм шиг л болгоё гэж тохирсон. Хэрэгт авагдсан баримтаас харахад Д.Н-аас шилжүүлсэн мөнгө байхгүй, мөн А.Б компанийн өмнөөс авсан гэх баримт байхгүй. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр э-баримт гарч ирээгүй бол татварт тайлагнах боломж байсан. Гэхдээ бага зардалтай байна уу хамаагүй ашгаа 10 хувиар хуваагаад хэн аль нь гомдолгүй салъя гэж гаргаад цагдаа дээр гэрээгээ байгуулаад энэ хүмүүс мөнгөө шилжүүлээд явсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.Б аас 23 600 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А П И ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3 271 000 төгрөгт болон хариуцагч Д.Н-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.Б, Д.Н нарын А П И ХХК-д холбогдуулан гаргасан үүсгэн байгуулагч А.Б-ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжиж илүү авсан 34 608 500 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 000 төгрөгийг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 275 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А П И ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Б  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхнаасаа А.Б-ын надаас шаардаж буй 26 871 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд харин хууль бус аргаар хүчээр дарамтлан зуруулсан гэрээний үүрэгт 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш А.Б-д өгсөн 11 400 000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан болно.

Иймд энэхүү хэргийг бүх талаас нь буюу анх тохиролцож хамтран ажиллаж эхэлсэн үеэс үйл баримтыг тогтоож, 2017 оны 9 дүгээр сарын 1, 9 дүгээр сарын 5-нд илтэд хууль зөрчиж байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох эсвэл анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А П И ХХК нь хариуцагч С.Б, Д.Н нарт холбогдуулан 26 871 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 34 608 500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нар А П Э ХХК-ийн тамга, тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашиглан ашиг, ордого олсон, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу 35 000 000 төгрөгөөс төлөгдсөн 11 400 000 төгрөгийг хасч, үлдэх 23 600 000 төгрөг, татвар, нийгмийн даатгалд төлсөн       3 271 000 төгрөг, нийт 26 871 000 төгрөгийг гаргуулах...” гэж тайлбарласан.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...А.Б нь компанийн тамга, гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг надад өгөхдөө компанийн нэр дээр ажил олж, хийсэн ажлын хөлснөөс ашиг өгч байгаарай гэснээр 46 000 000 төгрөгийг түүнд өгсөн, 2017 оны 8 дугаар сард намайг цагдаад өгсөн ба “цагдаад өгсөн өргөдлөө буцааж авах” нөхцөлтэйгөөр 35 000 000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зуруулсан, гэрээний учрыг ойлгоогүй, 11 400 000 төгрөг өгснөө буцааж авна...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч С.Б  нь нэхэмжлэгч компанийн захирал А.Б-ын зөвшөөрснөөр бусадтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, ажлын хөлснөөс 59 100 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, компанийн тамга, тэмдгийг 2016 оны 12 дугаар сард нэхэмжлэгчид буцааж өгсөн, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр А.Б , С.Б  нар №009/01 гэрээ байгуулан, хариуцагч нь нэхэмжлэгч компанийн нэрийг өмнөөс байгуулсан гэрээт ажлыг гүйцэтгэж дуусгах, үлдэгдэл төлбөр болон баталгааны мөнгө орж ирэхэд талууд хувь тохирч ашгаа хуваарилах, А.Б нь Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдлөө татаж аваар тохиролцсон байна.

2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээний талаар хэрэгт 2012 оны 5 дугаар сараас талууд хамтран ажиллахаар амаар тохиролцсоноос татгалзаж, компанийн тамга, гэрчилгээг 2017 оны 01 дүгээр сарын 01-нд хүлээлгэн өгсөн, тухайн өдөр 7 000 000 төгрөгийг С.Б  нэхэмжлэгчид өгснөөр А.Б нь цагдаад өгсөн өргөдлөөсөө татгалзаж буцаан авах, 2017 оны 09 дүгээр сарын 11-нд 8 000 000 төгрөг, үлдэгдэл          20 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 25-нд А.Б-д өгснөөр цаашид С.Б аас мөнгө шаардахгүй хууль хяналтын байгууллагад хандан нэхэмжлэл, өргөдөл гаргахгүй гэж тохиролцсон гэх баримт авагдсан байна. /хх 73/

А.Б-ын А П И ХХК-ийн нягтлан бодогч Д.Н , нөхөр С.Б тай бүлэглэн 2013 оноос компанийн тамга, тэмдэг, дансыг ашиглан захирлын зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулан, хувьдаа мөнгө завшсан” гэх гомдлоор үүсгэсэн хэрэг бүртгэлтийн хэргийг Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 534 тоот тогтоолоор “гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэл тогтоогдож байгаа, хохирогч А.Б гомдолгүй гэсэн” үндэслэлээр хаасан зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, зохигчдын мэтгэлцээгүй үндэслэлээр эрх зүйн дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ.

Тодруулбал, шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь дээрх гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, үүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Түүнчлэн даалгавар гүйцэтгэгчийн үүрэг, гүйцэтгэх хугацаа, хөлсний хэмжээ, төлөх журам зэрэг зүйлийг гэрээгээр тохиролцдог ба тодорхой үйлдэл хийснээс олсон орлого, ашгийг даалгавар өгөгчид бүрэн шилжүүлдэг тул зохигчдын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Харин талууд хамтран ажиллахаар амаар тохиролцсон гэх үйл баримтад маргаагүй ба гэрээний дагуу ажил гүйцэтгэж олсон ашгийг хуваах талаар шаардан маргасан агуулгагатай мэтгэлцээн явагдсан байна. Хэрэв талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бол гэрээнд оролцогчдын хураамж, хувь, хамтын үйл ажиллагаа, ашиг хуваах болон хариуцлагын хэмжээг шүүх тодруулах шаардлагатай байжээ.

Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзвэл тухайн гэрээний хүчин төгөлдөр байдлаас хамааран шаардах эрх, гүйцэтгэх үүрэг үүснэ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 01, 05-ны өдрүүдэд байгуулагдсан гэрээнд үндэслэгдсэн байх ба эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргаж байна. Тухайлбал, А.Б-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийг буцаалгах зорилгоор 35 000 000 төгрөгийн төлбөрийн гэрээ байгуулагдсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Дээрх 2 гэрээний агуулгаас үзвэл хариуцагч нь 35 000 000 төгрөг төлөх үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу үүсгэсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Тодруулбал, хариуцагчид холбогдуулан цагдаад А.Б-ын гаргасан гомдлыг буцаалган, цаашид ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргахгүй үндэслэлийг гэрээндээ заасан нь хэлцлийн агуулгад хамаарах эсэхийг шүүх дүгнэх учиртай.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх дүгнээгүй байна. Түүнчлэн, шүүх хэлцлийн агуулгыг тодруулаагүй ба талуудын хооронд ямар эрх зүйн харилцаанд хамаарах хэлцэл хийгдсэн, уг хэлцлээр хэнд ямар, эрх үүрэг үүссэн талаар, хэрэв хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх заалтын зохицуулалт хэрэглэгдэх эсэхийг дүгнэх шаардлагатай байжээ.

Дээрх байдлаас дүгнэвэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заагаагүй, талууд мэтгэлцээгүй үндэслэлээр дүгнэлт хийсэн нь буруу гэж үзнэ. Иймд давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/03802 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 275 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                               М.НАРАНЦЭЦЭГ