Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/126

 

 

 

 

 

 

 

2025      03        13                                            2025/ШЦТ/126

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2525000000048 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Х овгийн Д-ийн Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны шөнө 02 цагийн үед Орхон аймгийн Баян-өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Вегас баарны гадна Б.Ш-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь“баруун хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт, нэг шүдний имтэрсэн хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч 3 сая төгрөг нэхэмжилсэн боловч тохиролцоод 1 дүгээр сард 1 сая төгрөг төлсөн. Хохирогч гомдолгүй гэсэн бичиг хийж өгнө гэсэн” гэв.

 

Хохирогч Б.Ш шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.Ш-н “Тэнд байсан хоёр залуу нэлээн согтуу байсан Я-тай  яагаад маргалдсан гэдгийг мэдэхгүй байна. Өндөрдүү хар куртиктэй залуу байсан. Намайг цохьсон залуу нь намхандуу юүдэнтэй хар өнгийн малгайтай цамцтай дээгүүрээ хар мөртлөө улаан оруулгатай куртиктэй байсан санагдаж байна. Намайг яагаад цохьсон гэдгийг ойлгоогүй. Буруу ойлгосон байж магадгүй найзтай нь маргалдаж байна гэж бодоод цохьсон байж магадгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17-р тал/

2. Гэрч М.Я-н  “Ш  бид хоёр Оюутолгой руу хамт ажилд явж байсан сайн танина. Тухайн үед би маргалдаад зогсож байсан болохоор яг сайн анзаараагүй ямар ч байсан тэр намхан залуу цохьсон. Хамар руу нь цохьсон хамарнаас нь нэлээн цус гарсан маргааш нь эмнэлэгт үзүүлсэн хугарсан байна гэж байсан тэгшлүүлсэн гэж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-р тал/

3. Гэрч Д.Г-н  “Тэр цайвар куртиктэй залуу цохиулаад газар унаж байгаа харагдсан хэн цохисныг анзаараагүй тэр газар унасан залуу сандал дээр сууж байгаа харагдсан босож ирээд миний хамар луу цохьдог яасан овоо юм бэ гээд байсан тэр хоёр хүүхэн цагдаа дуудна гээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-р тал/

4. Гэрч Б-ий  “Тухайн үед тэнд байсан хүмүүсийг танихгүй хоёр хүүхэн, нэг залуу байсан. Б  тэр хоёр хүүхнийг зүс таньдаг гэж байсан. Цайвар куртиктэй залууг хэн цохьсон гэдгийг анзаараагүй. Би баарны гадна талын бичлэгийг цагдаагийн алба хаагчтай хамт явж үзсэн. Тэгэхэд Б  тэр цайвар куртиктэй залууг цохиж байгаа дүрс харагдаж байсан. Б  хар өнгийн куртиктэй байгаа харагдсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 24-р тал/

5. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах Вегас баарны камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл. /хх-ийн 26-р тал/

6. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 118 дугаартай “Б.Ш-н биед баруун хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт, нэг шүдний имтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь бус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт. /хх-н 32-33-р тал/

7. Яллагдагч Д.Б ийн “2024 оны 12 сарын 17-ны өдөр амарч байсан бөгөөд гэртээ байж байгаад 20 цагийн үед ганцаараа Вегас бааранд орсон. Би ахын хажуугаар гараа гаргаад нөгөө залууг нүүр лүү нэг л удаа цохьсон. Нөгөө залуу газар унасан. Нөгөө дуудсан залуу надтай барьцалдаж аваад байж байтал хамгаалагч ирээд салгасан. Нөгөө надад цохиулдаг залуу хамраа бариад яваад өгсөн. Би Ш  гэдэг залууг цохьсон. Тэгэхэд хамар нь гэмтсэн юм байна лээ хамраа бариад байсан. Сүүлд сонсоход хамраас нь цус гарсан гэмтсэн гэж байсан. Бид нарыг цагдаа хүлээгээд байж байхад Ш  байхгүй байсан хаашаа явсныг сайн мэдэхгүй байна цусаа цэвэрлэж явсан байж магадгүй гэж бодож байна. Би Ш  гэдэг залууг цохисон асуудлаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 18-ны шөнө 02 цагийн үед Орхон аймгийн Баян-өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Вегас баарны гадна Б.Ш-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь“баруун хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт, нэг шүдний имтэрсэн хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Ш-н “намайг цохисон залуу нь намхандуу юүдэнтэй хар өнгийн малгайтай цамцтай дээгүүрээ хар мөртлөө улаан оруулгатай куртиктэй байсан санагдаж байна. Намайг яагаад цохисон гэдгийг ойлгоогүй буруу ойлгосон байж магадгүй найзтай нь маргалдаж байна гэж бодоод цохисон байж магадгүй” гэх мэдүүлэг, гэрч М.Я-н  “ямар ч байсан тэр намхан залуу цохьсон. Хамар руу нь цохисон хамарнаас нь нэлээн цус гарсан маргааш нь эмнэлэгт үзүүлсэн хугарсан байна гэж байсан тэгшлүүлсэн гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Г-н  “Цайвар куртиктэй залуу цохиулаад газар унаж байгаа харагдсан. Хэн цохисныг анзаараагүй. Тэр газар унасан залуу сандал дээр сууж байгаа харагдсан. Босож ирээд миний хамар луу цохидог яасан овоо юм бэ гээд байсан” гэх мэдүүлэг, гэрч Б-ий  “би баарны гадна талын бичлэгийг цагдаагийн алба хаагчтай хамт явж үзсэн. Тэгэхэд Б  цайвар куртиктэй залууг цохиж байгаа дүрс харагдаж байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах Вегас баарны камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 118 дугаартай дүгнэлт, яллагдагч Д.Б ийн “би Ш  гэдэг залууг цохьсон. Баруун гараараа нэг л удаа цохисон. Ш  гэдэг залуу надад цохиулаад шууд газар унасан юм. Тэгэхэд хамар нь гэмтсэн юм байна лээ хамраа бариад байсан сүүлд сонсоход хамраас нь цус гарсан гэмтсэн гэж байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Б нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны шөнө 02 цагийн үед Орхон аймгийн Баян-өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Вегас баарны бусадтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж,  Б.Ш-н нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь“баруун хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт, нэг шүдний имтэрсэн хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Шүүгдэгч Д.Б нь шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

          Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

          Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ш-н эрүүл мэндэд “баруун хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд цус хуралт, нэг шүдний имтэрсэн хугарал” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гэм хорын хохирол нэхэмжлэнэ гэсэн боловч шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч 1 сая төгрөгийн хохирол төлсөн гэх боловч хэрэгт баримт авагдаагүй байна. Иймд гэм хорын хохирлыг хэлэлцэлгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

          2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

          Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

          Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС