Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар  2025/ШЦТ/127

 

 

 

 

 

 

 

2025      03         13                                           2025/ШЦТ/127

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.У

    Улсын яллагч Ц.Л

    Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-д холбогдох эрүүгийн 2525000000047 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Д-ийн Н

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Н нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /1.11%/ үедээ **-** ОРО улсын дугаартай Honda Civic маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ “Хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл. /хх-н 7-р тал/

2. Цагдаагийн албан хаагчийн “Alcotest 7510 drager багажаар Д.Н-н согтуурлыг шалгахад 1.11% согтууралтай” гэх баримт. /хх-н 8-р тал/

3. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ЗШ/2127 дугаартай “Д.Н-нтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” шийтгэвэр. /хх-н 12-15-р тал/

4. Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-н 20-21-р тал/

5. Гэрч Б.Э-н “Би 2024 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 22 цаг өнгөрч байхад Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу багийн нутаг дэвсгэрт “Эрдэнэс” дэлгүүрийн урд талын авто зам дээр ахлах ахлагч Б.Б-н хамт үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгээд **-** ОРО улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд түүний согтолтыг драйгер багажаар шалгахад 1,11 хувийн согтолттой гарсан бөгөөд тус жолооч ганцаараа явж байсан. Мөн тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихсан байсан юм. Тухайн үйл явдлыг би өөрийн энгэрийн камертаа бичсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25-р тал/

6. Яллагдагч Д.Н-н“Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө ярьсанчлан би 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн барагцаагаар 19 цаг өнгөрч байхад би хуурай эгч Бурмаагийн гэрт ганцаараа өөрийн **-** ОРО улсын дугаартай, саарал өнгийн Хонда Сивик загварын машинтайгаа очсон юм. Тэднийд хуурай эгч нар болох Б, Н, Ц нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан бөгөөд би тэнд 3-4 аяга айраг уусан юм. Тэгээд тэндээс 23 цагийн үед ганцаараа гарч машинаа бариад гэр лүүгээ явсан. Тэгээд намайг хорооллын 17-р сургуулийн орчимд цагдаа зогсоож шалгасан бөгөөд миний согтолтыг багажаар шалгахад 1,11 хувийн согтолттой гарсан юм. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй бөгөөд 2024 оны 11 дүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан юм. Ийм л үйл явдал болсон бөгөөд би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд өрх толгойлсон эмэгтэй бөгөөд насанд хүрээгүй 4 хүүхэдтэй юм. Би халуун усны газарт үйлчлэгчээр ажилладаг бөгөөд нийгмийн даатгал төлөгддөггүй, сардаа багадаа 1,000,000 төгрөгийн цалин авдаг. Цалингаа заримдаа дансаар, заримдаа бэлнээр авдаг бөгөөд надад бага хариуцлага оногдуулахыг хүсэж байна. Хэрвээ надад торгууль оногдуулбал би төлж чадна” гэх мэдүүлэг. /хх-ийн 31-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Н нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /1.11%/ үедээ **-** ОРО улсын дугаартай Honda Civic маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, Цагдаагийн албан хаагчийн “Alcotest 7510 drager багажаар Д.Н-нсогтуурлыг шалгахад 1.11% согтууралтай” гэх баримт, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ЗШ/2127 дугаартай шийтгэвэр, Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Э-н “**-** ОРО улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд түүний согтолтыг драйгер багажаар шалгахад 1,11 хувийн согтолттой гарсан бөгөөд тус жолооч ганцаараа явж байсан. Мөн тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихсан байсан юм” гэх мэдүүлэг, яллагдагч Д.Н-н“би тэнд 3-4 аяга айраг уусан юм. Тэгээд тэндээс 23 цагийн үед ганцаараа гарч машинаа бариад гэр лүүгээ явсан. Тэгээд намайг хорооллын 17-р сургуулийн орчимд цагдаа зогсоож шалгасан бөгөөд миний согтолтыг багажаар шалгахад 1,11 хувийн согтолттой гарсан юм. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй бөгөөд 2024 оны 11 дүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж /1.11%/ **-** ОРО улсын дугаартай Honda Civic маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.

          Шүүгдэгч Д.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Honda Civic маркийн **-** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.11 хувийн согтууралтайгаар жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

          Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Н-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:

          Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан зоричх эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Д-рийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС