| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/03253/И |
| Дугаар | 101/ШШ2018/03498 |
| Огноо | 2018-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2018/03498
2018 оны 11 сарын 19 өдөр Дугаар 101/ШШ2018/03498 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,769,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Д.Б нь манай байгууллагаас 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай, №А/203 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан авсан. Тухайн гэрээний үүргийн зохих хувийг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай сунгасан. Мөн дахин тухайн гэрээний үүргээ 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл №А/474 тоот гэрээг тус тус байгуулан, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр төлбөр төлөх график гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг 1,802,400 төгрөг болгон багасгаж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна.
Хариуцагчийн анхны байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ нь 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээний 1.5-д зааснаар 0.5 хувийн алдангитай байхаар тохиролцсон. Ингээд анхны гэрээнээс хариуцагчид үндсэн зээл 1,500,000 төгрөг, түүний сарын хүү 120,000 төгрөгийн 6 сар нь 720,000 төгрөг, нийт 2,220,000 төгрөгийн гэрээний үүрэг үүссэн. Үүнээс хариуцагч нь 1,120,000 төгрөгийг төлсөн. Анхны гэрээнээс хариуцагчид 1,100,000 төгрөгийн үүрэг үлдсэн. Хариуцагч гэрээгээ сунгахгүй явсаар байгаад 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ирж гэрээгээ сунгасан. 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс гэрээ сунгасан 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 70 хоногийн алданги 385,000 төгрөг болсон. Анхны гэрээнээс үндсэн төлбөр 1,100,000 төгрөг үлдсэн, алданги 385,000 төгрөг үлдсэн,
Хариуцагч Д.Б нь анхны гэрээний сунгалтыг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Анхны гэрээний үндсэн төлбөр 1,100,000 төгрөг болсон учир үүний 1 сарын 8 хувийн хүү 88,000 төгрөгийг 6 сараар 528,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс дахин гэрээ сунгасан 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 34 хоногийн алданги 137,360 төгрөг болсон. Ингээд 2 дахь гэрээнээс хүү болон алдангид 665,360 төгрөг болсон. Үүнээс хариуцагч нь 820,000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн. Хоёр дахь сунгалтын гэрээнээс үндсэн төлбөр 808,000 төгрөг, алданги 137,360 төгрөг үлдсэн,
Хариуцагч нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр 2 дахь удаагаа зээлийн гэрээг сунгасан. Ингээд 808,000 төгрөгийн сарын 8 хувийн хүү 64,160 төгрөгийг 6 сараар 387,840 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш 100 хоног гэж үзэж алданги 404,000 төгрөг үлдсэн. Нийт үлдсэн мөнгө 808,000 төгрөг, гурав дахь гэрээний хүү 387,840 төгрөг, анхны гэрээний алданги 385,000 төгрөг, хоёр дахь гэрээний алданги 137,360 төгрөг, гурав дахь гэрээний алданги 404,000 төгрөг, нийт гэрээний үүрэгт 2,122,200 төгрөг болсноос 390,000 төгрөг өгч, 1,732,200 төгрөг болсон.
Иймд гэрээний үүрэгт 1,732,200 төгрөг, мөн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01228 тоот шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 1,802,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлд 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,770,000 төгрөгт сунгалтын гэрээ байгуулсан гэжээ. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/02698 тоот захирамжид Нэхэмжлэгч хариуцагч нараас үндсэн зээл болох 1,800,400 төгрөг .... гэсэн нь 1,770,000 төгрөгөө нэхэмжилсэн байдаг. Яагаад гэвэл сунгалтын гэрээг хуурамчаар үйлдэхдээ мөн л 1,770,000 төгрөгийг сунгалаа гэж 100,000 төгрөг авсан байдаг. Энэ шийдвэрээр 1,800,400 төгрөг болон бүгд нэхэмжилсэн 3,672,836 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл 1,770,000 төгрөгийн сунгалтын гэрээнд Д.Бг гарын үсэг зуруулснаа ашиглан 10 сарын дараа мартагнуулан эрэн сурвалжлуулсан гэж зохиомол материал бүрдүүлэн шүүхэд хандсаныг танай шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь хууль ноцтой зөрчжээ. 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн сунгалтын гэрээ хийснээс хойш нийт 820,000 төгрөгийг хэсэгчлэн хувааж төлсөн гэжээ. Нэгэнт машин барьцаалсан гэрээ дээрх сунгалтын гэрээнүүд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар хүчингүй болж дууссан бөгөөд Д.Б 820,000 төгрөгийг төлсөнөө өөрсдөө нэхэмжлэлдээ бичиж байгаагаар харин Д.Б 420,000 төгрөг дээр 100,000 төгрөг, анхан давах шатанд өмгөөлөгч мөн одоо өмгөөлөгч авч төгрөг илүү төлж сэтгэл санаа эд материалаар хохирсоор байна. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 4 хэсэг гудамж 64-2063 тоот, утас 80909951 байнга хэвээр байсаар байтал Д.Бд өөрт нь мэдэгдэлгүй Баянгол дүүргийн шүүхийн шүүгчтэй үгсэн хуйвалдаж, эрэн сурвалжлуулна уу гэсэн шүүхийн шийдвэргүйгээр хууль бус эрэн сурвалжлах захирамж гаргаж Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шүүхээр удаа дараа явуулж, машин үнэмлэхээ барьцаалуулах мэтээр сэтгэл санаа эд материалаар хохирч өмгөөлөгч авах мэтээр хохирсоор байгаа тул 70,200 төгрөгийг төлөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодруулсаныг хүлээн авах боломжгүй. Анхны гэрээ гэгч нь хууль бус гэрээ юм. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ анхан болон давах шатны хурлууд дээр нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ хамаагүй бага төгрөг нэхэмжилж байгаа нь хууль бус мөнгө нэхэж байгаагаа илэрхийлсэн байгаа мэт. Сунгалтын гэрээ болон сүүлд байгуулсан 3 дахь гэрээ нь хууль бус, шүүх шийдсэн тул хүчингүй гэрээнүүдийн дагуу нэхэмжлэл гаргасан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,799,600 төгрөг, алданги 899,800 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 2,769,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 1,732,200 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 1,802,400 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч нь эхний гэрээний дагуу зээлээ бүрэн төлж дууссан, хоёр дахь болон гурав дахь гэрээнүүд нь хууль зөрчиж хийгдсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул эдгээр гэрээнүүдийн дагуу нэхэмжлэх эрхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байна.
Нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч Д.Б нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр А/203 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, 1,500,000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэй, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар, 1,500,000 төгрөгийг Д.Б нь уг гэрээний дагуу Б ХХК-иас хүлээн авсан, гэрээний хугацаанд хариуцагч нь 1,120,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги төлөхөөр харилцан тохирсон байна.
Энэхүү гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 1,500,000 төгрөг, 6 сарын хүү 720,000 /1 сарын 120,000 төгрөг/ төгрөг, нийтдээ 2,220,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд дээрх гэрээний хугацаанд үндсэн зээлд 400,000 төгрөг, хүүд 720,000 төгрөг, нийт 1,120,000 төгрөгийг төлсөн гэж үзэхээр байна.
Учир дээрх гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийн үлдэгдэл нь 1,100,000 төгрөг байсан гэдэг дээр зохигчид маргадаггүй болно.
Үүнээс үзвэл хариуцагч нь гэрээний үндсэн хугацааны хүүгээ төлөх үүргийг биелүүлж, гэрээний хугацаа дуусахад гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь үндсэн зээлийн үлдэгдэл болох 1,100,000 төгрөг байсан байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг тооцвол 550,000 төгрөгийг алдангид төлөх үндэслэлтэй байх ба эхний гэрээний хувьд нийт гүйцэтгэгдээгүй үүрэг нь 1,650,000 төгрөг байна.
Ийнхүү эхний гэрээний үндсэн хугацаа дуусах үед үндсэн зээлийн үлдэгдэл нь 1,100,000 төгрөг байсан байхад 1,770,000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэй, 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөр огноолсон боловч 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр А/203 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээний сунгалт нэртэй гэрээг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулжээ.
Эхний гэрээний дагуу төлөгдөх үндсэн зээлийн үлдэгдэл нь 1,100,000 төгрөг байхад сунгалтын гэрээндээ үндсэн зээлийн хэмжээг 1,770,000 төгрөг гэснээс үзвэл уг хэмжээнд үндсэн зээл + хүү + алданги-ийг нэмж тооцсон, улмаар уг үнийн дүнгээс хүү болон алдангийг дахин тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д заасан зохицуултад нийцэхгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Улмаар зохигчид дахин тооцоо нийлсэний үндсэн дээр 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр А/474 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэй, 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай гэрээг байгуулсан байна.
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д.Б, Д.Буянхишиг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,762,836 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх ба уг хэрэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 5916 УНЕ улсын дугаартай автомашины барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/02698 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн.
Уг шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч Д.Б, Д.Буянхишиг нарын байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/474 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Д.Б, Д.Буянхишиг нараас 3,762,836 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Эдгээрээс үзвэл 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр А/203 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээний сунгалт гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр А/474 дугаартай Зээлийн гэрээ-г шүүхээс хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон хүчин төгөлдөр шийдвэр байх тул эдгээр гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
Хариуцагч Д.Б нь 2015 оны сунгалтын гэрээ хийснээс хойш 820,000 төгрөгийг хэсэгчилэн, 2016 оны зээлийн гэрээ хийснээс хойш 2016 оны 8 дугаар сарын 25, 9 дүгээр сарын 08-ны өдрүүдэд нийт 390,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул эхний 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт төлөх 1,650,000 төгрөгөөс эдгээр төлбөрийг хасч тооцох нь зүйтэй байна.
/1,650,000 820,000 390,000 = 440,000 төгрөг/
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01228 дугаартай шийдвэрээр Д.Бг Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 4 дүгээр хэсэг гудамж, 64-2063 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэл бий болсон тул хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Бг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь дээр дурьдсан хаягийн дагуу ирж, нэхэмжлэлийн хувиа гардан авсан, ийнхүү эрэн сурвалжлуулсантай холбоотой гарсан зардал 70,200 төгрөгийг гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд тооцон хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 440,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Бгээс зээлийн гэрээний үүрэгт 440,000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1,362,400 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 13,850 /арван гурван мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ