| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/0022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/45 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Дуламжав, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2436000440369 дугаартай, 319/2025/0022/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 26-ний өдөр Ховд аймгийн аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Транс капитал” ******* ******* ******* ажилтай, Жаргалант сумын Цамбагарав багийн 303-р байр 06 тоотод оршин суух, ******* ургийн овогт Жавзаны Учрал,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн “Мянган Угалзат” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2022 оны түрээсийн орлогоос 2,950,000 төгрөгийг хувьдаа завшиж, хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дугаар хуудас);
1.2 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би мэднэ. Миний өмнө Учрал манай байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би ажлыг нь хүлээн авсан. Жил болгон санхүүгийн аудит орж байгаа.Зөрчлүүд засагдсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Торгуулийг санхүүгийн аудитын дансанд төлдөг. Манай байгууллагад учралтай холбоотой ямар нэгэн өр төлбөр тооцоо одоо байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 124-125 дахь тал),
1.3 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай газрын ажилчид Аймгийн засаг дарга Э.Болормаад хүсэлт гаргасны үндсэн дээр Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Шалгалтын явцад аудитын албанаас шаардсан бүхий л санхүүгийн баримтуудыг өгч байсан. 4 хүний цалин урамшуулалтай холбоотой акт, нягтлан бодогчоор ажиллаж байсан ******* дээр 2 төрлийн акт, ажилчдын амралт зугаалгатай холбоотой 1 акт, ажилчдын нормын хувцастай холбоотой актууд тавигдсан байгаа..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27 дахь тал),
1.4 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Мянган угалзат” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт ажилчдын хүсэлтийн дагуу Аймгийн засаг даргын удирдамжаар “Мянган угалзат” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалтыг хийсэн. Шалгалтаар “Мянган угалзат” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хүүхдийн паркийн билетийн орлого, ахуй үйлчилгээний газрын түрээсийн орлогыг зориулалтын бусаар зарцуулсан Алтай таван богд руу аялахад 2,700,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр агаар салхинд гарахад 481,000 нийт 3,181,000 төгрөгийн акт, ажилчдын хувцас худалдан авахад 2,125,000 төгрөгийн акт, нягтлан бодогч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл өгсөн мөртөө өөртөө 09 дүгээр сард бүтэн цалин олгосон 1,338,884 төгрөгийн акт, анхан шатны баримтгүй, тушаал шийдвэргүй анхан шатны баримтгүй байсан. Нягтлан бодогч *******тай холбоотой “Мянган угалзат” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын байрны түрээсийн орлого 2,950,000 төгрөгийг нярвын тайланд тусгаагүй, кассын тайланд тусгаагүй, дур мэдэн даргын зөвшөөрөлгүй хувьдаа зарцуулсан. Хүүхдийн паркийн билетийн орлогоос хувь хүний орлогын албан татварыг суутган тооцоогүй 1,213,870 төгрөгийн акт, паркийн зохион байгуулагч , нярав , касс , нарийн бичгийн дарга нарт 3 сарын цалингийн нэмэгдлийг анхан шатны баримтгүй хүчин төгөлдөр бус заалтаар олгосон 2,229,665 төгрөгийн актуудыг тогтоосон байсан... 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Төрийн хэмнэлтийн тухай хууль, Төсвийн Тухай хуулийн 6.4-1, 6.4-8, 16.5-5, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14.4, төрийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай засгийн газрын 43 дугаар тогтоол зэргийг зөрчсөн байна.
...Тухайн байгууллагын нийт жилийн түрээсийн орлогын тооцоог нягтлан бодогч ******* гаргах ёстой. Тухайн жилийн нийт түрээсийн орлогоос 2,950,000 төгрөг дутсан. Нягтлан бодогч ******* нь өөрийн хувийн дансаар болон бэлнээр тухайн түрээсийн орлогыг хураан авах эрхгүй. Хэрэв кассын нярав бэлнээр мөнгө авсан бол кассын журмаар 3 хоногийн дотор байгууллагын дансанд тушаах үүрэгтэй. Тийм болохоор ******* нь тухайн жилийн орлого болох 23,720,000 төгрөгөөс 2,950,000 төгрөг дутсан. Тухайн мөнгийг анхан шатны баримтгүй юунд зарцуулсан нь тодорхой бус байсан. Тийм болохоор манай байгууллага акт тогтоосон. ******* нь болохоор тухайн дутсан 2,950,000 төгрөгийг бэлнээр захиран зарцуулсан гэж тухайн үедээ тайлбарлаж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28, 97 дахь тал),
1.5 Ховд аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын ахлах байцаагч 2022 оны 12 дугаар 27-ны өдрийн 35-01/207 дугаартай акт (хх-ийн 20-21 дэх тал),
1.6 “Мянган угалзат” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай “*******ыг ажилд томилох тухай” тушаал (хх-ийн 49 дэх тал),
1.7 “Мянган угалзат” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/57 дугаартай “*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал (хх-ийн 50 дугаар хуудас),
1.8 Шүүгдэгч *******ын Хаан банк дахь дугаарын дансны орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 71-88 дахь тал), дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 65-68 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларчээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
1.9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол... шийтгэнэ” гэж заасан байна.
1.10 Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгохоор тодорхойлсон ба шүүгдэгч ******* нь “Мянган Угалзат” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогчийн албан үүргийг гүйцэтгэдэг, ажил үүргийн хуваарьтай ажилладаг болох нь хэрэгт авагдсан “Мянган Угалзат” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай тушаал, болон гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна.
1.11 Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь тухайн байгууллагын түрээсийн орлогын мөнгийг авч завшсан үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан нөхцөл байдал тогтоогдож, энэ нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” гэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” гэх шинжид хамаарч байх тул зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
1.12 Шүүгдэгч ******* нь түрээсийн орлогын мөнгийг хариуцах явцдаа өөртөө авч ашигласан үйлдэл нь тухайн мөнгийг захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан, шунахайн сэдэлтээр зориуд хор уршигт хүргэсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэгт тооцогдоно.
Шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа сэдэл нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.
1.13 Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******ын хууль бус үйлдлээс “Мянган Угалзат” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2,950,000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Шүүгдэгч ******* нь 2,950,000 төгрөгийг төлж барагдуулсан баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “шүүгдэгч ******* нь манай байгууллагын хохирлыг төлж барагдуулсан. Одоо манай байгууллагад хохирол төлбөргүй, бид нарын зүгээс гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.3 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 92 дугаар хуудас), шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 61-р хуудас) иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 60-р хуудас), зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэлгүй, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, хувийн байгууллагад ажилдаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.4 Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч *******ыг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгчид арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт
2.5 Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгээс: “эрүүгийн хариуцлагын тухай улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Харин торгууль төлөх хугацааг 1 жилээр тогтоож өгнө үү” гэх утга бүхий санал, тайлбарыг тус тус гаргасан болно.
2.6 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, торгуулийн ял төлөх хугацааг 1 жилээр тогтоож өгнө үү” гэж мэдүүлсэн тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн болно.
2.7 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.8 Шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг үндэслэн ял шийтгэл оногдуулсан болно.
2.9 Шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарлаж шийдвэрлэв.
2.10 Эрүүгийн 2436000440369 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт Жавзангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт Жавзангийн арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг 01 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суух харьяаллын дагуу Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Эрүүгийн 2436000440369 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС