Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2019/00172

 

 

 

 

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2019/00172

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоотод оршин суух,  Г******* /регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин байрлах, Э У ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-д холбогдох,

 

2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Намхай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогтохбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Япон улс руу ажилд зуучлуулахаар Э У ХХК-д 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ******* тоот данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлэн мөн өдөр Япон улсад ур чадварын сургалтаар илгээх дадлагажигч иргэнтэй хийх сургалт, зуучлалын гэрээг хийсэн болно.

Гэтэл өдийг хүртэл Япон улс руу яваагүй төдийгүй өгсөн мөнгөө ч буцааж өгөөгүй болно. Иймээс Э У ХХК-иас 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Намхай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э У компаниас 2 сая төгрөг нэхэмжилж байгаа. Япон улсад ажиллахаар гэрээ хийсэн. Гэтэл энэ компани нь Англи Япон хэлний сургалт явуулдаг компани байгаа. Ажил хийхээр Япон улс руу зуучлан ажиллуулах зөвшөөрөл байхгүй. Тиймээс хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч хичээлд 1 сар суусан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 10 дугаар сар хүртэл Багануур дүүргийн Цахилгаан станцад ажилласан байдаг. Хариуцагч талаас 5 сард хичээлд суусан гээд бүртгэл ирүүлсэн байна. Бүртгэлээс үзэх юм бол 8 сарын бүх хичээлээс чөлөө авсан байна. 9-10 сарын хичээлд суугаагүй. 6 сард 14 өдрийн хичээлээс 8 өдөрт нь суусан байдаг. Нийтдээ 5-7 саруудад 23 өдрийн хичээлд суугаад 16 өдрийн хичээл таслалттай байгаа. Үүнээс харах юм бол 3 сар хичээлд суусан гэдэг нь нотлогдохгүй байна. Мөн өдөрт 2 цаг хичээлд суусан байхад бүтэн өдрийн сургалтын төлбөр авах нь үндэслэлгүй. Анх бүртгүүлэхэд 2 сая төгрөг авсан байдаг. Э У ХХК нь гадаад улсад иргэдийг зуучлан ажиллуулах тусгай зөвшөөрөл байхгүй. Гэрээ цуцалсан тохиолдолд 3 сарын сургалтын төлбөр 160.000 төгрөгийг суутгана гэж бичсэн байдаг. Үүнээс үзэх юм бол нэг сарын сургалтын төлбөр нь 53.330 төгрөг болж байна. Эрүүл мэндийн үзлэгт ороогүй, үйл ажиллагааны зардал гаргаагүй учраас бусад зардлын төлбөрт төлсөн гэх мөнгийг буцаан гаргуулах нь үндэслэлтэй. Э У ХХК нь сургалтын байрны зардлын төлбөрт 2.8 сая төгрөг төлсөн гэдэг баримт ирүүлсэн байгаа. Сургалтын байрны асуудлаар Д.Г гэрээ хийгээгүй учраас энэ нь Д.Гд хамааралгүй гэж үзэж байгаа. Шуудангийн зардлыг төлж байсан гэдэг баримт ирсэн. Д.Г нь энэ талаар асуухад тийм зүйл тогтоогдоогүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв. гэв.

 

Хариуцагч Э У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Тогтохбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Г нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Япон улсад ур чадварын сургалтаар илгээх иргэнтэй хийх сургалт зуучлалын гэрээ-г тус компанитай байгуулж, Япон хэлний 3 сарын сургалтад хамрагдсан. Мөн Япон улсын мэргэжлийн хяналт шалгалтын байгууллагаас хариу, ажлын санал ирсэн тохиолдолд тухайн дадлагажигч илгээгдэх журамтай. Д.Г Э У ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах талаар компанийн захиргаанд мэдэгдээгүй ямар нэгэн хүсэлт гаргаагүй байгаа нь дээрх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй. Д.Гас гэрээг цуцлах санал ирүүлсэн тохиолдолд сургалт зуучлалын үйл ажиллагааны төлбөрт шилжүүлсэн 2,000,000 төгрөгөөс 3 сарын сургалтын төлбөр 480,000 төгрөг, орчуулгын зардал 40,000 төгрөг, илгээмжийн төлбөр 40,000 төгрөг, үйл ажиллагааны зардал 200,000 төгрөг, нийт 760,000 төгрөг гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу суутгагдаж 1,240,000 төгрөгийг буцаан авах эрхтэй. Харин компанийн захиргаанд урьдчилан мэдэгдэлгүйгээр 2,000,000 төгрөг нэхэмжилсэн нь дотоод зардал суутгуулахгүйгээр төлбөрөө бүрэн буцааж авах гэсэн гэрээнд заасан үүргээ зөрчсөн үйлдэл болно гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2017 оны 04 сарын 21-ний өдөр Э У ХХК-тай Япон улсад илгээх гэрээ байгуулж 2 сая төгрөгийг манайд шилжүүлсэн. Нэхэмжлэгч сургалтад хамрагдсан. Энэ нь ирцийн бүртгэлээр нотлогдож байгаа. Энэ хүн гэрээг цуцлах тухай хүсэлт өгөөгүй. Бид 2 сая төгрөгийг бүхэлд нь өгөх боломжгүй. Гэрээнд зааснаар бусад зардлыг суутгаж үлдэгдэл төлбөрийг өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэрээнд заасан сургалтад суусан байгаа. 2 сая төгрөгийг бүрэн олгох үндэслэлгүй. Холбогдох баримт бичгийг хэрэгт өгсөн байгаа гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийг дадлагажигчаар илгээх тусгай зөвшөөрөл байхгүй гэж хэлж байна. Хөдөлмөрийн яамнаас авсан тусгай зөвшөөрөл хавтас хэрэгт байгаа. 2017 оны 04 сарын 21-ний өдөр ур чадварын дадлагажигчаар бүртгүүлээд гэрээ байгуулсан байдаг. Гэрээний 3.5-д дадлага эзэмшихэд шаардагдах Япон хэлний мэдлэгтэй байх гэсний дагуу гэрээний 4 дүгээр зүйлд заасан үүргийг Э У ХХК гэрээгээр хүлээсэн байдаг. Д.Г нь 3 сарын Япон хэлний сургалтад хамрагдсан. Шалгалт өгөөд тэнцээгүй бөгөөд дахин нэг сар сургалтад хамрагдаад нийт 4 сар сургалтад хамрагдсан. Гэвч шалгалтад тэнцээгүй. Гэрээний 9-д зааснаар төлбөр тооцоог заасан байгаа. Үүний төлбөрт 2 сая төгрөг авсан. Нэг сарын сургалтын төлбөр 160,000 төгрөг байгаа. Нэг сарын сургалтын төлбөрийг 160,000 гээд хаалтанд хийсэн учраас нэхэмжлэгч тал буруу ойлгосон юм шиг байна. Материал орчуулга гэдэг нь Япон багш хичээл зааж байгаа учраас нэхэмжлэгчийн материалыг орчуулуулах ийм төлбөр багтдаг. Эрүүл мэндийн үзлэгт багтаагүй. Үйл ажиллагааны зардалд 200,000 төгрөг гэдэг нь болохоор дээрх зардлууд орж байгаа. Гэрээний дагуу 4 сарын сургалтын төлбөрт 640,000 төгрөг, материал орчуулгын 40,000 төгрөг, үйл ажиллагааны зардал 200,000 төгрөг, нийт 940,000 төгрөгийг Д.Г*******ын нэхэмжилсэн мөнгөнөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Үлдсэн 1,060,000 төгрөгийг хангах нь зүйтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Э У ХХК-д холбогдуулан, сургалтын төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 1,060,000 төгрөгөөс бусад хэсгийг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Талууд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Япон улсад ур чадварын сургалтаар илгээх дадлагажигч иргэнтэй хийх сургалт зуучлалын гэрээ-г байгуулсан байх бөгөөд Япон улсад ажиллах ур чадвараа дээшлүүлэгч дадлагжигч япон хэлний сургалтад 3 сар суралцах болон япон хэлний ярилцлагад тэнцсэн дадлагажигчийг Япон талын ажлын байрны гэрээ хийгдэх нөхцөл гэрээнд тусгагджээ.

Э У ХХК нь дадлагажигчийг бүртгэхдээ 2,000,000 төгрөгийг үйлчилгээний хураамжид авч ажиллах ба энэхүү 2,000,000 төгрөгт орчуулга, сургалтын төлбөр, Япон улсад зуучлан танилцуулах зардал, Япон талын төлөөлөгчид ирэхэд зарцуулах зардал зэргүүд багтсан болохыг дээрх гэрээний Есдүгээр зүйлийн 9.1-д тусгасан, нэхэмжлэгч Д.Г дээрх 2,000,000 төгрөгийг Э У ХХК-ийн захирал Р.Эрхэмбаярын эзэмшдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банк дахь 2911000381 дугаар дансанд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажлын хөлс утгаар шилжүүлж, төлбөрийг төлсөн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Г*******ыг 3 сар үргэлжлэх сургалтад бүрэн суусан боловч япон хэлний N5 шалгалтад тэнцээгүй, улмаар 1 сарын давтан сургалтад хамрагдаагүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлаж байх боловч Э У ХХК нь англи, япон хэлний түр сургалтын үйл ажиллагаа явуулахаас гадна Япон улс руу ур чадварын сургалтаар илгээх дадлагажигчийг зуучлах үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэхээ нотлоогүй тул ...тус компанийг Япон улс руу зуучилж явуулахад эргэлзээ төрснөөр сургалтыг орхисон гэх нэхэмжлэгч Д.Г*******ын тайлбарыг буруутгах боломжгүй гэж үзлээ.

Э У ХХК нь Япон улс руу ур чадварын сургалтаар илгээх дадлагажигчийг зуучлах үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэхээ нотлоогүйн дээр тус компаниас Япон улс руу илгээмж явуулсан тухай Монгол шуудан ТӨХК-ийн үйлчилгээний төлбөрийн баримтууд хэрэгт авагдсан боловч нэхэмжлэгч Д.Г*******ыг сургасан сургалтын үйл ажиллагаатай холбоотой, зуучлалын үйл ажиллагааны явцад гарсан шуудан илгээмжийн баримт гэж үзэхээргүй байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4-т зааснаар, эрх бүхий этгээд гэрээ цуцлах үндэслэл байгааг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болох ба мөн хуулийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаах үүрэгтэй.

Талуудын байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Япон улсад ур чадварын сургалтаар илгээх дадлагажигч иргэнтэй хийх сургалт зуучлалын гэрээ-ний Есдүгээр зүйлийн 9.1-д Хувийн шалтгаанаар гэрээ цуцлах тохиолдолд төлбөрөөс суутгал хийх талаар зохицуулсан байх боловч нэхэмжлэгч Д.Г хувийн шалтгаанаар гэрээг цуцлаагүй, дээр дурдсанаар гэрээнээс татгалзах үндэслэл тогтоогдсон тул төлбөрөөс суутгал хийх, улмаар 1,060,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох тухай хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Э У ХХК-иас 2,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э У ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Гд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА