| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/0039/Э/206/2025/0010 |
| Дугаар | 2025/ШЦТ/55 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2436004780377 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1994 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл-5, эцэг, эгч, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багт оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж байсан, ******* овогт ******* *******,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр согтуурсан үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт Тоёота приус-30 загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч ******* амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт машин шон мөргөж хүн нас барсан осол гаргасан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
1.2. Ховд аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхжав осол хэрэг гарсан газар дээрх хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг (хавтаст хэргийн 4-13 дахь тал),
1.3. Ховд аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхжавын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-18 дахь тал),
1.4. Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Р.Мөнхбуяны Осол гарсан байдлын бүдүүвч зураг, дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
1.5. Амь хохирогч ******* өмсөж явсан хувцсанд, 4 замын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-37 дахь тал),
1.6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гомдолтой байна. ******* гэх залуу архи уучхаад машин бариад эхнэрийг минь осолд оруулж амь насыг хохироож 2 хүүхдийг минь өнчрүүлсэнд гомдолтой байна. Би хуулийн дагуу баримтаа гаргаж өгч бүх зүйлээ нэхэмжилнэ” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 97 дахь тал),
1.7. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манай найз болох Хөшөөт рүү надтай хамт явах гээд манайд ирсэн. Тэр ирээд 2 уулаа 2,2 пиво уучих уу эгч нь өчигдөр жаахан уусан гэхээр хамт гарч 4 лааз пиво аваад уусан. Тэр үед манай дүү ******* гадаа найзтайгаа машиндаа сууж байсан. Тэгэхдээ найзтайгаа архи уусан байсан. Оройхон найз аваад ирье гэхэд тэгвэл хоёулаа хамт яваад ирий гээд гэрээс гараад явсан.”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),
1.8. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 24-нд гэртээ байж байтал 11 цагийн орчимд ******* яриад дүү нь эхнэртэйгээ маргалдаад сэтгэл санаа жаахан тийм байна манайд хүрээд ир ганц нэг юм ууч гэхээр яваад очсон. Намайг очиход ******* машин дотроо нэг шил Хараа архи тавьсан байсан. Бид хоёр юм яриад дахин нэг шил архи уугаад 14-15 цагийн үед би гэр лүүгээ харьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),
1.9. Ховд аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 158 дугаартай “...******* цус шинжилгээнд тэнцэнэ цусанд 1.3 промилли спиртийн агууламж илэрсэн.Согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт(хавтаст хэргийн 68 дахь тал),
1.10. Ховд аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 156 дугаартай “...*******ийн цус шинжилгээнд тэнцэнэ. Цусанд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн.Согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт(хавтаст хэргийн 68 дахь тал),
1.11. Ховд аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаартай “...******* цогцост хамар хацар, эрүү, хүзүүний хэсэгт зулгаралт, цээжний хэсэгт цус хуралт өвдөг, шилбэ, хэсэгт зулгаралт, зүүн талын 6-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. ... нь зүрхний тампонадын улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байна.” гэх дүгнэлт(хавтаст хэргийн 57 дахь тал),
1.12. Мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 86 дахь тал) зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.
1.13. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр согтуурсан үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт Тоёота приус-30 загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” мөн дүрмийн 3.7а-д “... тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, ... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэх заалтыг зөрчиж замын гэрлэн дохионы шон мөргөж зам тээврийн осол гаргаж, зорчигч ******* амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон байна.
Б/ Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
1.14. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “...тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, ... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасан ба хэрэг болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус-30 (Toyota prius-30) загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Цагдаагийн машинаас зугтаж яваад шон мөргөсөн байна. Тодруулбал шүүгдэгч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3-т заасныг зөрчсөний улмаас буюу шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарчээ.
1.15. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо объектив болон субьектив шинжүүдээс гадна учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалздаг. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон түүнээс дээш хэмжээний хохирол учруулснаар уг гэмт хэргийн үндсэн шинж хангагддаг.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол” “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан.
1.16. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
В/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1.17. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 17,246,196 төгрөгийн зардлыг, мөн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
1.18. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн дансанд 2,000,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны баримт (хх-ийн 1 дэх тал), Үл хөдлөх эд хөрөнгийн буюу , дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын 10-р баг Тахилтын 14 гудамж, 25 тоот 700мкв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг *******д шилжүүлсэн тухай гэрээг нотариатчаар батлуулсан баримтыг ирүүлсэн байна.
1.19. Талууд уг газар болон 2 сая төгрөгийн баримтад тулгуурлан хохиролд тооцохыг харилцан тохиролцож зөвшилцсөний үндэслэн дээрх мөнгөн дүн буюу газрын үнэ 40,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг нэхэмжилсэн үнийн дүнгээс хасаж тооцсон болно. Харин өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
1.20. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгч *******оос 71,246,896 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгуулах нь зүйтэй.
2/Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.3. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 145,193 дахь тал), шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гаргасан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 185-186 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.4. Шүүгдэгч нь гэм буруугийн холимог хэлбэрээр хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Энэхүү үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
2.5. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 10 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар тогтоох” гэх санал;
2.6. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ ...Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Улсын яллагчийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү ...” гэх санал тус тус гаргасан болно.
2.7. Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байна.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, мөн хуулийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.5, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хүлээлгэсэн үүргийг зөрчсөн мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй тул прокурорын ялын саналыг хүлээн аваагүй болно.
Харин дээрх хуулийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал харгалзан түүний албадлагын арга хэмжээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул дүгнэлт хийгээгүй болно.
2.8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болно.
2.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгч *******оос 71,246,896 /далан нэгэн сая хоёр зуун дөчин зургаан мянга найман зуун ерөн зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгуулсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох 8 /найм/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС